Япон улсад хувьцаат компани байгуулах процесс дараах зургаан үе шаттайгаар явагдана:
- Компани байгуулахад шаардлагатай үндсэн мэдээллийг цэгцэлж шийдэх
- Компанийн тамга авах
- Компанийн дүрмийг бэлтгэх
- Компанийн дүрмийг нотариатаар баталгаажуулах
- Үндсэн хөрөнгийг төлөх
- Компани байгуулахад шаардлагатай бичиг баримтыг бүрдүүлж, Хууль зүйн товчоонд бүртгүүлэх
Үүнд:
1. Компани байгуулахад шаардлагатай үндсэн мэдээллийг цэгцэлж шийдэх
Нэгэнт компани байгуулахаар шийдсэн бол эхний алхам бол доорх үндсэн мэдээллийг тодорхойлох явдал юм. Энэхүү мэдээлэл нь үндсэн дүрэмд тусгагдсан байх ёстой чухал асуудал.
А. Компанийн төрөл
Үүнд (Хувьцаат компани = Кабүшики кайша), (ХХК = Юүгэн кайша), (Хамтарсан компани = Гоодоо кайша) зэрэг үүсгэн байгуулагчдын хариуцлага болон засаглалын бүтцээс шалтгаалж янз янз байна.
Б. Компанийн нэр
В. Бизнесийн зорилго
Дэндүү олон зорилго, чиглэл бичвэл эхэндээ яг юу хийх гээд байгаа нь тодорхойгүй болж, мөн бусдыг төөрөлдүүлсэн сэтгэгдэл төрүүлэх магадлалтай.
Д. Төв оффисын байршил
Та гэр, орон сууцны өрөө эсвэл виртуал оффисыг оффисын байршлаар тогтоох боломжтой боловч байнга солигдоод байвал тусгүй тул аль болох тогтвортой байх байршилд бүртгүүлэх нь зүйтэй.
Е. Үндсэн хөрөнгө
Хуульд зааснаар бол нэг иен болон түүнээс их хөрөнгөтэй компани байгуулах боломжтой. Хөрөнгийн хэмжээ бага бол итгэл үнэмшил багатай, бизнесээ тогтвортой явуулахад хүндрэл учруулах зэрэг сул тал бий.
Ё. Компани байгуулагдсан огноо
Ж. Санхүүгийн жил
Санхүүгийн жилийг компани чөлөөтэй тогтоох боломжтой, гэхдээ Японы ихэнх компани дөрөвдүгээр сарын 1-нээс гуравдугаар сарын 31 хүртэл тогтоосон байдаг. Компанийн үйл ажиллагаа идэвхтэй, ачаалал ихтэй үетэй санхүүгийн жилийн дуусгавар давхацвал ажлаа дийлэхгүй байх тул зөрүүлж тогтоох нь зүгээр.
З. Гүйцэтгэх албан тушаалтан, хувьцаа эзэмшигчдийн бүрэлдэхүүн
2. Компанийн бүртгэлтэй тамга авах
Компанийн бүртгэлтэй тамгыг мэргэжлийн компаниар хийлгэх ёстой. Компанийн гэрчилгээ, тамганы баталгаат гэрчилгээ зэрэг чухал баримт бичигт тамга дарах зэргээр байнга ашиглах тул маш анхааралтай хийх шаардлагатай. Мөн тамга тэмдэг нь Хууль зүйн яамны холбогдох товчоонд бүртгүүлсэн байх ёстой ба тамга бүртгэлийн өргөдөл өгсөн байх шаардлагатай. Гэхдээ сүүлийн үед онлайнаар өгөх боломжтой болсон.
3. Байгууллагын дүрмийг бэлтгэх
Байгууллагын дүрэм нь компанийн зорилго, бизнесийн агуулга, гүйцэтгэх албан тушаалтнуудын бүрэн эрхийн хугацаа гэх мэтийг тусгасан баримт бичиг юм.
Байгууллагын дүрмийн ерөнхий агуулгыг Компанийн тухай хуульд заасан байдаг. Тодруулбал, бизнесийн зорилго, компанийн нэр зэргийг заавал зааж өгөх ёстой бөгөөд хэрэв заагаагүй бол үүсгэн байгуулах дүрэм хүчингүй болно.
4. Компанийн дүрмийг нотариатаар баталгаажуулна
Хувьцаат компани байгуулахдаа дүрмээ нотариатаар гаргаж баталгаажуулсан байна.
Баталгаажуулах журам нь зөвхөн захиалгаар явагддаг бөгөөд компанийн оффисын харьяа бүхий нотариатын албанд хандаж, нотариатчтай уулзах өдөр, цагийг захиалж батлуулах шаардлагатай.
5. Үндсэн хөрөнгийг төлөх
Компанийн дүрмийг баталгаажуулсны дараагийн алхам нь үндсэн хөрөнгийг төлөх явдал юм. Ерөнхийдөө төлбөрийг ихэвчлэн банкны шилжүүлгээр хийдэг бөгөөд заавал төлсөн хүний нэрийг зааж өгөх ёстой.
6. Компани байгуулахад шаардлагатай бичиг баримтыг бүрдүүлж, Хууль зүйн яамны харьяа товчоонд бүртгүүлэх
Дээрх бэлтгэл ажлыг хангасны дараа компани байгуулахад шаардлагатай бичиг баримтыг бүрдүүлж, Хууль зүйн товчоонд бүртгүүлэх хүсэлт гаргана. Бүртгүүлэхийн тулд дараах 10 төрлийн бичиг баримт бүрдүүлэх шаардлагатай. Бүртгүүлэх өргөдөл гаргахад шаардлагатай бичиг баримтууд. Үүнд:
- Бүртгүүлэх өргөдөл
- Бүртгэл, лицензийн татварын орлогын тэмдэгт болох хураамж төлсөн баримтууд
- Компанийн дүрэм
- Үүсгэн байгуулагчийн шийдвэр
- Компанийн ТУЗ-ийг томилсон баримт
- Ерөнхий захирлыг томилсон баримт
- Захирлын тамганы гэрчилгээ
- Үндсэн хөрөнгийг төлсөн баримт
- Тамганы бүртгэлийн маягт
- “Бүртгүүлэх зүйлс”-ийг агуулсан баримт бичиг эсвэл хадгалсан файл
Эх сурвалж: japanguide.mn
9905-7125, 9110-6861, 8010-3508
contact@japanguide.mn