Та бизнес эрхэлдэг ч бай, үгүй ч бай шинээр ямар нэгэн бизнес эхлүүлэх хүсэлтэй явдаг бол эдгээр гайхалтай бизнес санаанууд танд олон боломжийг харуулна.
- Жижиг бизнесийн шилдэг санаануудын ихэнх нь онлайн бизнесийн загварыг агуулдаг.
- Хангалттай мэддэг, хүсэж дурладаг зүйлээ бизнес санаа болгон боловсруулж, бизнес төлөвлөгөөгөө нарийн боловсруул.
- Бизнесээ эхлүүлэхийн өмнө таны үзүүлэхийг хүсэж буй бүтээгдэхүүн, үйлчилгээний эрэлт байгаа эсэхийг тодорхойл.
- Энэхүү нийтлэл нь бизнес эхлүүлэх урам зориг хайж буй хэн бүхэнд зориулагдсан болно.
Хэрэв та бизнес эхлүүлэхээр төлөвлөж байгаа бол таны санаа хүмүүсийн амьдралын хэв маягт эсвэл ажлаа хэрхэн хийхэд нь тус хүргэж байгаа эсэхийг анхаарах хэрэгтэй. Хэрэв та хангагдаагүй хэрэгцээ, зорилтот зах зээлээ тодорхойлж чадвал бизнес санаа чинь “хөлтэй” гэсэн үг юм. Гэхдээ эхлээд яаж сайн санаа гаргаж авах вэ?
Жижиг бизнесийн 26 гайхалтай санаа
Энэхүү 26 гайхалтай бизнес санааны жагсаалт нь бизнес эрхлэх аяллыг тань амжилттай эхлүүлэх бөгөөд ихэнх нь хөрөнгө оруулалтыг харьцангуй бага байлгах боломжтой гэдгийг анхаарна уу. Мөн зээлийн карттай байх шаардлагатай.
- Онлайнаар дахин борлуулах
Хэрэв та хувцас зарах бизнес сонирхож байгаа бол онлайн борлуулагчийн бизнес эхлүүлэх талаар бодож болно. Хэдийгээр энэ нь цаг хугацаа, хичээл зүтгэл, загварын мэдрэмж шаардах ч гэсэн та бизнесээ ажлын хажуугаараа эхлүүлж, аажмаар бүтэн цагийн дахин борлуулалтын бизнес болгон хувиргаж болно. Poshmark, Mercari гэх мэт онлайн дэлгүүрийн вебсайтуудыг ашиглан хүсээгүй хувцас, эд зүйлсээ зарж болдог ба дараа нь өөрийн дахин борлуулах веб сайтаа илүү өргөжүүлж болно.
Хямд зардлаар үл хөдлөх хөрөнгө, нуугдмал, үнэ цэнэ бүхий эд зүйлсийг хайж олоод дараа нь онлайнаар ашиг олох боломжтой. Хэрэв та зөв газраа хичээнгүйлэн хайж чадвал маш бага зардал гаргаж, сайтар хадгалагдсан сайн эд зүйлсийн ихээхэн нөөцийг цуглуулах боломжтой.
- Гэрийн тэжээвэр амьтдыг асрах үйлчилгээ
Гэртээ нохой, муур болон бусад амьтан тэжээдэг гэр бүлүүд удаан хугацаагаар явах болоход тэжээвэр амьтдыг харж асарч өгдөг таны жижиг бизнес тэдэнд их тус болно. Та үйлчлүүлэгчдийнхээ нохой, муур эсвэл бусад тэжээвэр амьтдыг гэрт нь харах ба таны ажил бол тэднийг тэжээх, ус өгөх, тэдэнтэй тоглох, (нохой, муур) салхилуулах. Үйлчлүүлэгчдийн сэтгэл ханамжийг хадгалахын тулд та гэрийн тэжээвэр амьтдынх нь талаар тогтмол мэдээлэх ёстой.
Хэрэв та интернэт холболт, зөөврийн компьютерээс хамаардаг орлогын эх үүсвэртэй бол гэрийн тэжээвэр амьтдыг харж өгөх нь жижиг бизнесийн хамгийн тохиромжтой санаа байж магад. Бараг бүх эзэд таныг гэрийн тэжээвэр амьтдыг нь харангаа зөөврийн компьютер дээрээ ажиллахыг тань зөвшөөрөхдөө баяртай байх болно, энэ нь та орлогын хоёр урсгалыг нэгэн зэрэг ажиллуулах боломжтой гэсэн үг юм.
- Футболк хэвлэх
Хэрэв та загварын (эсвэл хошин шогийн) мэдрэмжтэй бол футболк хэвлэх бизнес эрхлэх нь маш зугаатай. Та мөн хэн нэгний зураг загварыг лицензжүүлж, хоосон цамц дээр хэвлэх боломжтой. Аль ч тохиолдолд, хэрэв танд футболк хэвлэх зай талбай байгаа бол эхлэхэд шаардлагатай хэрэгслийг хялбархан олж авах боломжтой.
Та мэдэх үү?
Футболк хэвлэх нь цахим худалдааны гайхалтай бизнес байж болно. Та үйлчлүүлэгчдэдээ онлайн захиалга өгөх, футболкийг бөөнөөр нь зарах боломжийг бүрдүүлж болно. Ингэснээр та улс орон даяар, тэр ч байтугай дэлхийн өнцөг булан бүрд байгаа үйлчлүүлэгчдэд зарах боломжтой.
- Цэвэрлэгээний бизнес
Хэрэв та амархан цэвэрлэх аргыг мэддэг бол үүнийг хялбархан бизнес болгож чадна. Төрөл бүрийн цэвэрлэгээний багаж хэрэгсэл, унаатай бол та цөөн хэдэн ажилтан авч, орон сууцны хороолол, хувийн байшин, худалдааны төвүүдэд цэвэрлэх үйлчилгээг санал болгож болно. Талбайн хэмжээ, эсвэл цагийн хөлсөөр үнэлгээ тогтооно. Цэвэрлэгээний үйлчилгээ нь харьцангуй бага зардал шаарддаг энгийн бизнес юм. Та үйлчлүүлэгчдийг татахын тулд хичээл зүтгэлтэй байж, төлөвлөлт, маркетинг хийх хэрэгтэй.
Хэрэв та бусад цэвэрлэгээний үйлчилгээнээс ялгарах гэж байгаа бол шалны өнгөлгөө эсвэл гадна талбайд шахуургатай усаар хийх цэвэрлэгээ гэх мэт нэмэлт төлбөр төлдөг дээд ангиллын сонголтуудыг нэмж оруулаарай.
- Онлайн сургалт
Онлайн боловсролын эрэлт хэрэгцээ нь бизнес эрхлэгчдэд боломжуудыг нээж өгч байна. Энэ бол онлайн бизнес тул та өөрийн мэддэг ямар ч хичээлээ сонгож, байршлаас үл хамааран хичээл заах боломжтой. Хэрэв та ямар нэгэн сэдвээр ахисан түвшний мэдлэггүй бол гадаадын оюутнууд болон бусад сурахыг хүсэж байгаа хүмүүст эх хэлээ онлайнаар гадаад хэл болгон заах талаар бодож үзээрэй.
- Онлайн нягтлан бодох бүртгэл хөтлөх
Технологи нь нягтлан бодох бүртгэлийн олон үйлчилгээг онлайнаар гүйцэтгэх боломжийг олгож байна. Хэрэв та нягтлан бодогч бөгөөд өөрийн бизнес эрхлэх эрх чөлөөтэй, бие даасан байхыг хүсэж байгаа бол орчин үеийн технологийн давуу талыг ашиглан өөрийн онлайн нягтлан бодох бүртгэлийн үйлчилгээг эхлүүлээрэй.
- Зөвлөх бизнес
Хэрэв та тодорхой сэдвээр (бизнес, сошиал медиа, маркетинг, хүний нөөц, манлайлал эсвэл харилцаа холбоо гэх мэт) мэдлэгтэй, хүсэл сонирхолтой бол зөвлөгөө өгөх нь ашигтай сонголт байж болно. Та зөвлөхийн бизнесээ бие даан эхлүүлж, дараа нь бизнесээ өргөжүүлж, цаг хугацааны явцад бусад зөвлөхүүдийг ажилд авах боломжтой.
- Эмнэлгийн хүргэх үйлчилгээ
Хэрэв та найдвартай тээврийн хэрэгсэлтэй, цагийг зөв удирдах чадвартай бол өөрийн хүргэх үйлчилгээг, ялангуяа эмнэлгийн хүргэх үйлчилгээг бий болгох талаар бодож үзээрэй. Та лабораторийн сорьц, жороор олгодог эм, тоног төхөөрөмж зэрэг эмнэлгийн эд зүйлсийг тээвэрлэн хүргэх үүрэгтэй. Түүнчлэн та хүргэлтийн бизнесээ өөрөө эхлүүлэх эсвэл өөр жолооч нарыг ажилд авах боломжтой.
Та мэдэх үү?
Эрүүл мэндийн халамжлах үйлчилгээний салбар өргөжин тэлж байгаа нь эмнэлгийн хүргэлтийн үйлчилгээний ажил тогтвортой өснө гэсэн үг юм. Танай бизнест эмнэлэг, асрамжийн газар, лаборатори, хувийн эмнэлэг зэрэг олон төрлийн үйлчлүүлэгчийн бүлгүүд байх болно.
- Аппликэйшн хөгжүүлэлт
Хэрэв та технологийн талаар мэдлэгтэй, туршлагатай бол программ хөгжүүлэх чиглэлээр карьераа бодож үзэж болно. Ухаалаг гар утас нь гар утасны программын эрэлтийг нэмэгдүүлсэн. Үүний нэгэн адил виртуал бодит байдлын программ хангамж сүүлийн жилүүдэд түгээмэл болж байгаа тул VR программыг хөгжүүлэх эрэлт хэрэгцээ бас бий.
- Транскрипцийн үйлчилгээ
Хэрэв та сайн сонсгол, хурдан бичиж чаддаг бол хуулбарлах үйлчилгээ нь уян хатан хуваарийн дагуу гэрээсээ ажиллах боломжийг олгоно. Хэдий дуу хоолой таних технологи өргөн тархаж байгаа ч, ялангуяа эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэгчдэд эмнэлгийн транскрипцийн үйлчилгээ шаардлагатай байсаар байна.
Зөвлөгөө
Шаардлагатай биш ч гэсэн эмнэлгийн транскрипцийн лиценз нь таны бизнесийн өрсөлдөх давуу талыг нэмэгдүүлэхийн зэрэгцээ томоохон компаниудыг хамарсан харилцагчийн баазыг тань өргөжүүлнэ. Зарим үйлчилгээ үзүүлэгчид транскрипцийн мэргэжилтнүүдээ баталгаажуулсан хөтөлбөрөөр сургалтад хамруулахыг илүүд үздэг.
- Мэргэжлийн цэгцлэх үйлчилгээ
Хүнд баяр баясгалан авчирдаг ямар нэг бизнесийн санаа хайж байгаа юм биш биз? Мари Кондо гэх мэт эмх цэгцээр мэргэжсэн хүмүүс олон хүнд эмх замбараагүй байдлаас гарахад нь тусалдаг. Энэ хэт хэрэглээний эрин зуунд олон хүн эд хөрөнгөө цомхотгож, хяналтдаа авахыг эрмэлздэг. Минимализмийн тухай ойлголт их түгж байгаа ч хүмүүс удаан хугацааны турш эдэлж хэрэглэж дассан зүйлээсээ салахад хэцүү байдаг. Мэргэжлийн цэгцлэгчийн ажлын нэг хэсэг нь үйлчлүүлэгчдэд эд зүйлсээ цомхотгох системийг боловсруулахад нь тусалдаг.
Хэрэв та орон зай, эд хогшлыг эмх цэгцтэй зохион байгуулж, хэрэгцээтэй бөгөөд тухтай байдлыг цогцлуулж чаддаг бяцхан авьяас чадвартай хүн бол та бусдыг ч мөн адил зүйлд сургаж чадна. Хүмүүс өөрсдийн хэрэггүй эд зүйлсээ багасгах, эмхэлж цэгцэлсэн орон зайг хэвээр нь хадгалах аргыг сурч авахын тулд танд мөнгө төлөх болно. Үйлчлүүлэгчдээсээ гэр оронд нь зохион байгуулалт хийж өгсөн хэсгийнхээ өмнөх болон дараах зургийг авахыг зөвшөөрөх эсэхийг асуу. Хэрэв тийм бол та тэдгээр зургаа ашиглан олон нийтийн мэдээллийн хэрэгсэлд түгээж илүү олон үйлчлүүлэгчдийг татаж болно.
- Чөлөөт хуулбар эсвэл контент бичих
Хэрэв та маркетингийн бага сага мэдлэг, төрөлхийн бичих авьяастай бол өөрийгөө бие даасан хуулбар зохиогч /copywriter/ эсвэл контент зохиогч /content writer/-оор тодорхойлж болно. Та блог хөтлөх юм уу, веб контент эсвэл хэвлэлийн мэдээ алиныг нь ч бичдэг байсан энэ нь одоо үед компаниудад улам хэрэгцээтэй болж буй маш сайн бизнес юм. Компаниудад зорилтот хэрэглэгчдийнх нь онлайн хайлтад ашиглаж байгаа тодорхой түлхүүр үгсийн талаар стратеги боловсруулахад нь туслах боломжтой. Энэ нь SEO мэдлэг шаардах ч таны үнэ цэнийг нэмэгдүүлдэг.
Фрийланс хуулбар бичигч нь интернэтийн холболттой л бол ажиллах боломжтой тул гэрээсээ, эсвэл аялж байхдаа ч ажлаа хийж болдог. Хэрэв та хангалттай сүлжээтэй болж, үйлчлүүлэгчдээс сэтгэл ханамжийн лавлагаа хангалттай авсан бол бүтэн цагийн ажил болгон хийх ч боломжтой.
- Гэрээр асрах үйлчилгээ
Асаргаа сувилгаа, эелдэг харилцааны талаарх мэргэжлийн суурь мэдлэг нь гэрийн асаргаа шаардлагатай ахмад настнуудад маш их тус дэм болдог. Энэ нь эрэлт нь өсөх хандлагатай үйлчилгээ юм. Америкт л гэхэд хүн амын лавлах товчооны мэдээлснээр 2020-2060 онд 85 ба түүнээс дээш насны хүн ам 6.7 саяас 19 сая болж гурав дахин өсөх төлөвтэй байна. Дэлхий даяар зуун настны (100-аас дээш насныхан) тоо бараг 600 мянгад хүрээд байна. Өндөр настнуудад гэрт нь үзүүлэх анхаарал халамж, тусламж хэрэгтэй болж байна.
Ахмад настнуудад тусалж, амжилттай бизнес эрхлэхийн тулд , аз болоход, хэдийгээр эрүүл мэндийн үйлчилгээний ур чадвар нь эрэлт хэрэгцээтэй ч, энэ чиглэлээр заавал суралцсан байх шаардлагагүй. Олон ахмад настнуудад гэрийн ажил, нүүх суух, засвар, эд хогшлоо хадгалуулах гэх мэт төрөл бүрийн тусламж хэрэгтэй байдаг.
Санаа авахад илүүлэхгүй
Ахмад настны гэрийн асаргаа хурдацтай хөгжиж буй салбар юм. Та ахмад настнуудад өдөр тутмын амьдралд нь туслах, зөвлөх өндөр ангиллын халамжийн үйлчилгээ санал болгож энэ зах зээлд нэвтэрч болно.
- Орчуулгын үйлчилгээ
IBISWorld /АНУ, зах зээлийн нарийвчилсан судалгааны компани/-ийн судалгаагаар орчуулгын үйлчилгээний салбар нь бусад олон үйлдвэрлэлийн нэгэн адил 2020 онд уналтад орсон. Гэсэн хэдий ч IBISWorld ирэх таван жилийн хугацаанд энэ салбарт “их өсөлт” гарна гэж таамаглаж байна. Интернэт нь бусад орны бизнес эрхлэгчдийг англи хэлээр ярьдаг зах зээлд нээж өгсөн тул энэ өсөлт нь гайхмаар зүйл биш юм.
Энэхүү чиг хандлага нь олон хэлээр ярьдаг хүмүүст баримт бичгийн орчуулга, веб сайтын мэдээллийг өөр шинэ зах зээл дэх хэл рүү орчуулах гэх мэт үйлчилгээг санал болгох боломжийг бий болгосон. Хэрэв та олон хэлээр чөлөөтэй хөрвүүлж чаддаг бол орчуулгын үйлчилгээний салбарт амжилттай ажиллаж чадна.
- Дижитал маркетинг
Интернэтийн ач холбогдол өдөр ирэх тусам нэмэгдэж байгаа ч бизнес эрхлэгчдэд онлайн эмх замбараагүй байдлаас ангижрах, өөрсдийгөө зөв зах зээлд гаргах нь улам хэцүү болж байна. Дижитал маркетингийн үйлчилгээ үргэлж эрэлт хэрэгцээтэй байдаг. Гэсэн хэдий ч олон жижиг, дунд компаниуд өндөр өртөгтэй багийг бий болгохоос аутсорсинг хийхийг илүүд үздэг. Хэрэв та SEO, агуулгын маркетинг, товшилтоор төлөх зар сурталчилгаа, веб хөгжүүлэлт эсвэл сошиал медиа менежментийн чиглэлээр мэргэшсэн бол гэрээсээ ажиллах эрх чөлөөг олгодог бизнесийн энэ боломжийг шүүрээд авч болно.
Дижитал маркетинг нь аливаа брэндийн чухал хэсэг тул та үйлчлүүлэгчдийнхээ маркетингийн стратегийн өөрчлөлтөд хариу үзүүлэх шаардлагатай болно. Сошиал медиа менежмент нь зөвхөн нийтлээд л орхичихдог сэтгэлгээгээр хийгддэг нийтлэлүүдийг төлөвлөх байршуулах төдий хэрэг биш, сэтгэгдэл, зурвасуудыг 24 цагийн турш үзэхийг шаарддаг. Хэрэв танд маркетингийн төлөвлөгөөг нарийн нягт боловсруулж, түүнийгээ хэрэгжүүлэх дур сонирхол байдаг бол дижитал маркетинг нь танд тохирсон бизнес байж болох юм. Та мөн дижитал маркетингийн өөр нэг хэлбэр болох түнш маркетер болох талаар бодож үзэж болно.
- Явуулын хоолны машин /фуудтрак/-тай байх
Явуулын хоолны машинууд нь янз бүрийн хэлбэр, хэмжээтэй байдаг бөгөөд олон төрлийн хөнгөн зууш, хоолоор үйлчилдэг. Та хоол хийх дур сонирхолтой нэгэн бол энэ нь өөрийн дуртай орон зайдаа хүссэн зүйлээ хийж, ижил сонирхолтой хүмүүстэй холбогдох боломж юм. Явуулын хоолны машины бизнес эхлүүлэх нь дасаагүй зүйл мэт сонсогдож магадгүй ч энэ салбар хөгжиж байна. Ачааны машины зардал, засвар үйлчилгээ нь рестораныхаас хамаагүй бага бөгөөд та хөдөлгөөнтэй байх нэмэлт давуу талтай.
Зөвлөгөө
Фуудтракийн бизнес эхлүүлэх нь ашигтай байж чадна. Явуулын хоолны машин худалдаж авах, холбогдох дүрэм журамд нийцүүлэн өөрчлөх гэх мэт эхлэлийн зардлыг анхаарч үзэх хэрэгтэй. Хэрэв та хоолны машинаар инээмсэглэл бэлэглэх сонирхолтой бол эхлээд бага зэрэг судалгаа хийгээрэй.
- Зүлэг, мод арчлах үйлчилгээ
Олон хүний хувьд зүлэг, мод арчлан ургуулах нь амаргүй, уйтгартай ч ажил байж мэднэ.
Зүлэг, мод арчилгааны үйлчилгээ нь танаас үндсэн тоног төхөөрөмж, багаж, чиргүүл гэх мэт магадгүй ажилчидтай байхаас илүү зүйл шаарддаг. Илүү дээд зэрэглэлийн үйлчилгээг санал болгосноор та жижиг зүлэг, мод арчилгааны үйлчилгээг бүрэн тохижилтын компани болгон өргөжүүлэх боломжтой. Хэрэв та сайхан орчин, гоёмсог ландшафт бүтээх дуртай бол энэ нь таны хувьд нэгэн сайн бизнес байж болох юм.
- Райдшэйр жолооч
Хэрэв хувийн бизнесээ эхлүүлэх нь төвөгтэй юм уу эрсдэлтэй гэж санагдаж байвал та машинаа ашиглан райдшэйр /зам хуваалцах/ жолооч болох боломжтой. Компанийг удирдахад шаардагдах зардал, үүрэг хариуцлага нь rideshare үйлчилгээнд ногддог бөгөөд таны хувьд хүссэнээрээ их эсвэл бага ажиллах эрх чөлөөтэй байна. Uber, Lyft /Монголд UB Cab/ зэрэг Rideshare программууд нь хүмүүсийг зорьсон газар руу нь хүргэж өгөх, хааяа найрсаг яриа өрнүүлэхэд бэлэн байхаас өөр зүйл шаарддаггүй сайн цалинтай ажил эхлүүлэх боломжийг хүмүүст олгодог.
Райдшэйрийн жолооч нар хөшигний арын логистикийг удирдахад шаардагдах их ачаалалгүй, жижиг бизнес эрхлэгчийн бие даасан байдалтай байдаг. Хэрэв бизнесийн бусад санаануудын аль нэг нь хэт их хүчин чармайлт эсвэл урьдчилгаа хөрөнгө шаарддаг мэт санагдаж байвал зам хуваалцах нь бизнесийн ертөнцөд хөлийнхөө үзүүрийг дүрэх арга зам байж магад.
- Үл хөдлөх хөрөнгө
Олонх хүмүүсийн хувьд орон сууцны зах зээл дээр ямар нэг хөдөлгөөн хийх нь амаргүй хэрэг байдаг. Үл хөдлөх хөрөнгийн зуучлагчийн хувьд та хүмүүст мөрөөдлийн байшингаа төсөвтөө тохирсон үнээр олоход нь тусалж чадна. Үл хөдлөх хөрөнгийн зуучлагчийн шалгуурыг хангахын тулд хэдхэн сарын хичээлд сууж, шалгалт өгөхөд л хангалттай. Сертификат авсан ч гэсэн танд харилцааны өндөр ур чадвар хэрэгтэй болно гэдгийг санаарай, тиймээс хэрэв та олон дунд байхдаа дуртай төрлийн хүн биш бол энэ нь танд тохирох зам биш байж ч мэднэ.
- График дизайн
Корпорацууд, жижиг бизнес эрхлэгчид, хувиараа бизнес эрхлэгчдэд бүгдэд нь л анхаарал татахуйц сурталчилгааны материал хэрэгтэй байдаг ч хүн бүрд тийм зүйлийг хийх “нүд” байдаггүй. Хэрэв та урлагийн бүтээлч сэтгэхүйтэй, агуулгыг хэрхэн нүдэнд өртөхөөр зохиомжилж мэддэг бол сурталчилгааны хуудас, дижитал зар сурталчилгаа, зурагт хуудас зэрэг олон сонирхолтой харах материал бэлддэг график дизайны бизнесийг эхлүүлээрэй. График дизайн хийхэд зөөврийн компьютер, ширээнээс гадна цөөн тооны физик хэрэгсэл шаардагдана.
- Шууд хүргэлтийн тээвэр /Dropshipping/
Бараа зардаг бүх компаниуд бараагаа өөрийн газар дээрээ хадгалдаггүй. Цахим худалдааны сайт ажиллуулдаг хүмүүс бүх захиалгыг биелүүлэхийн тулд гуравдагч этгээд рүү буюу бөөний жижиглэнгийн худалдаа эсвэл агуулах, тээвэрлэлтийн үйл ажиллагаа эрхэлдэг бусад байгууллагад ханддаг. Орон зай болон нэмэлт зардалд санаа зовохгүй эхлэхэд хамгийн бага нөөц, хэрэгсэл шаардагдах энэ бизнес нь старт-ап бизнесийн маш сайн санаа юм.
- Хувийн дасгалжуулагч
Хэрэв та фитнесийн заалнаас салдаггүй нэгэн бол бусдад өөрийн туршлагаасаа хуваалцаж, тэднийг зорилгодоо хүрэхэд нь туслах ажлыг бизнес болгон хувиргаж болно. Хувийн дасгалжуулагчийн хувьд та үйлчлүүлэгч бүрийн биеийн чадавхид нийцсэн гэртээ хийх дасгалын багцыг санал болгож, фитнесийн зорилгод нь нийцүүлэн хоол тэжээл, хоолны дэглэмээ өөртөө тохируулан сонгоход нь тусалж болно.
Хувийн дасгалжуулагч нар үйлчлүүлэгчээ олж авахдаа олон нийтийн мэдээллийн хэрэгслээр gym-д өнгөрүүлсэн туршлагынхаа талаар тодорхой өгүүлж, урам зориг өгөх эшлэлүүдийг багтаасан хуудас удирдан авч явдаг. Мэргэжлийн сертификат нь таны үйлчлүүлэгчдийн баазыг өргөжүүлэхэд туслах ч энэ төрлийн бизнесийг эхлүүлэхийн тулд та ямар нэгэн тусгай сургалтад хамрагдсан байх албагүй.
- Хураангуй түүх бичих
Хүмүүс байнга л карьераа солих юм уу илүү цалинтай ажилд орох эсвэл ажлын орчноо өөрчлөх гэж ажилд орох хүсэлтээ гаргадаг. Мэдээжийн хэрэг, ихэнх ажилд орох өргөдөл ажил горилогчдоос мэргэжлийн суурийнхаа талаар дэлгэрэнгүй мэдээлэхийг шаарддаг. Резюме бичигчийн хувьд та ажил горилогчдын анкетыг өрсөлдөгчдөөсөө ялгарахад нь туслах юм. Мөн та үйлчлүүлэгчдэдээ ажлынхаа хамгийн сайн үр дүн, амжилтыг харуулсан нүүр хуудас, портфолио үүсгэхэд нь туслах болно. Нэмж дурдахад, анкет бичихийн тулд танд тусгай сургалт хэрэггүй зүгээр л баримтыг зохион байгуулах, найруулан засварлах үндсэн ур чадвар байхад болно. Хэрэв та анкетыг хэрхэн мэргэжлийн харагдуулах, ажил олгогчдын нүдэнд хэрхэн торохоор болгодгийг мэдэж байгаа бол та аль хэдийн гайхалтай эхлэлийг тавьсан байна.
- Подкаст хөтлөх
Подкаст их алдартай болж байна. Зөвхөн АНУ-д гэхэд 100 сая гаруй идэвхтэй подкаст сонсогчтой. Хамгийн сайхан нь, та бизнесээс эхлээд түүх, поп урлаг гэх мэт өөрт сонирхолтой ямар ч сэдвээр подкаст эхлүүлэх боломжтой. Подкаст эхлүүлэхийн тулд тууштай хичээл зүтгэл, өөрийгөө зориулах чадвар, түүнчлэн аудио засварлах (захиалагч олохын тулд YouTube суваг зэрэгцүүлэн нээхийг хүсвэл видео засварлах) үндсэн ойлголттой байх шаардлагатай.
Подкаст тань олон тооны дагагчтай болсны дараа та сурталчилгаа хүсэгчдэд цагаа зарах эсвэл танд орлого оруулдаг компаниудтай түншлэх боломжтой. Танай брэнд улам өргөжин тэлэхийн хэрээр та арга хэмжээнүүдэд үг хэлэх эсвэл подкастынхаа голчлон анхаардаг сэдвээр мэргэжилтнүүдийн хэсгийг удирдахдаа /moderate panel/ үнэ төлбөр авдаг болох боломжтой юм. Мэдээжийн хэрэг, ийм түвшинд хүрэхийн тулд та өөрийн сонирхож дурладаг, өндөр мэдлэг хуримтлуулсан зүйлийнхээ талаар өөрийн санаа оноотой, байр суурьтай болсны дараа зорилтот зах зээлтэйгээ холбогдож чадна.
- Мэдээллийн шуудан ажиллуулах
Хэрэв подкаст нь танд зориулагдсан зүйл биш санагдсан ч олон тооны дагагч, захиалагчтай болж, дараа нь сурталчилгаа хүссэн талууд болон түншүүдэд цаг, орон зай зарах санаа танд таалагдаж байвал цахим мэдээллийн шуудан үүсгэх талаар бодож үзээрэй. Америкчуудын 90 гаруй хувь нь цахим мэдээллийн шууданд бүртгүүлдэг. Энэ нь та үзэгч сонсогчдын анхаарлыг татаж чадвал олон тооны дагагчдыг бий болгож, түүнээсээ мөнгө олох боломжтой гэсэн үг юм.
Үүнийг хийхдээ эхлээд урт удаан хугацаанд үргэлжлүүлж болох малгай сэдвийн дор бичиж эхэлсний дараа брэндийн нүүр царай, эрхэм зорилгыг гаргаж ирдэг. Захиалагчдын жагсаалт болон и мэйл илгээлтийг удирдахад тань туслах хамгийн шилдэг цахим шуудангийн маркетингийн программ хангамжийг судалж олох хэрэгтэй. Үзэгчдэдээ хүссэн зүйлийг нь илүү, хүсээгүй зүйлийг нь бага байлгахын тулд явцын дунд үзэгчдээсээ санал хүсэлт аваарай. Эцэст нь тэдний таны мэдээллийн шуудантай тогтмол харилцах явдал нь амжилттай бизнес байгуулахад тань туслах болно.
- Арга хэмжээний хоол
Та хоолны урлагт сонирхолтой юу? Хэрэв тийм бол арга хэмжээний хоол хийх нь танд гайхалтай бизнесийн санаа болж магад. Үдэшлэг, хурим, хандивын арга хэмжээ, гэр бүлийн уулзалт гэх мэтчилэн хүмүүсийн зочдоо амттай хоолоор дайлах гэсэн хэрэгцээ дуусашгүй байдаг. Хэрэв та хоол болон нарийн боов хийх авьяастай, дур сонирхолтой бол арга хэмжээний хоол хийх нь ашигтай бизнес юм.
Эхлэхийн тулд та хоолны цэс, үнийн саналаа тохируулахаас гадна шаардлагатай бүх зөвшөөрөл, лицензийг авах хэрэгтэй. Катеринг үйлчилгээг бага багаар эхэл, яваандаа таны өмнөөс таны хийсэн хоол өөрөө ярих бөгөөд зөвхөн ам дамжсан яриагаар л таны бизнес үсрэнгүй хөгжихөд хүрнэ.
Сайхан санаанууд байна.Баярлалаа надад 11,13,16,17,20,21,23 таалагдлаа бас бүгд л боломжтой юм.Амжилт таньд
сайн байн уу.1-р санаа дажигүй санагдаж байна.
Сайн байна уу,
Над 5, 7, 12, 14, 24 сонин байна.