Та өөрийгөө манай сэтгүүлийн уншигчдад товч танилцуулна уу?
Намайг Д.Дэлгэрдалай гэдэг. Одоо мэдээлэл технологийн чиглэлээр АНУ болон Монголд хэд хэдэн гарааны бизнес эрхэлж байна. Нэлээн их ялгаатай салбаруудад технологи ашиглан бизнес хийж, янз бүрийн асуудалтай тулгарч байсан учраас энэ талаараа яиьвал сонирхолтой байх болов уу.
Боловсрол мэргэжлийн хувьд онолын физикээр сурч байгаад мэдээллийн технологи руу орсон. Математик болон программчлалыг нэлээн гүнзгий судалдаг учраас физик нэлээн хөрвөх чадвартай мэргэжил. WWW буюу вебийг анх бүтээсэн Тим Бернерс-Ли ч физикээр сурч байсан, бас Wallstreet-ээр дүүрэн физикчид хөрөнгө оруулалтын чиглэлээр ажиллаж байна.
Оюутан байхаасаа л өөрийн бизнесийг бүтээх гэж янз бүрийн санаануудаа туршиж эхэлсэн. Харин хамгийн анхны амжилттай төсөл маань хулгайлагдсан банкны картаар худалдан авалт хийх оролдлогыг илрүүлэхэд чиглэсэн төсөл байсан юм. Уг төсөл маань картын луйврын хэд хэдэн төрлийг зогсооход хэрэгтэй байсан учраас АНУ-ын нэг технологийн компани худалдан авах санал тавьж, улмаар тус компанидаа нэг жил орчим ажилласан.
Хамгийн анхны амжилттай төсөл маань хулгайлагдсан банкны картаар худалдан авалт хийх оролдлогыг илрүүлэхэд чиглэсэн төсөл байсан юм.
Дараа нь 2014 онд ажлын маань нэг залуу Candy Crush-тай төстэй гар утасны тоглоом бүтээсэн нь маш амжилттай болсон бөгөөд тэр үеэс эхлээд гар утасны аппликейшны чиглэлээр амжилтад хүрч болох юм байна гэсэн сэдэл төрч, ажлынхаа хоёр залуутай хамт компани байгуулж байсан түүхтэй. Түүнээс хойш өөрийнхөө эхлүүлсэн гарааны бизнесүүдийг удирдаад явж байгаа гэхэд болно.
Та кредит картын луйврыг илрүүлэхэд чиглэгдсэн төслийнхөө талаар танилцуулж болох уу?
Бусдын картын мэдээллийг ашиглан худалдан авалт хийх замаар луйвар хийх явдал маш их гардаг бөгөөд ийм аргаар зөвхөн Америкт л гэхэд жилдээ 30 орчим тэрбум ам.долларын хохирол учирдаг. Хэдийгээр иймэрхүү төрлийн луйврыг илрүүлэх технологи хөгжиж байгаа ч бүрмөсөн зогсоож чадахгүй хэвээр л байгаа. Манай улсад ч бас онлайн дэлгүүрийн тоо ихсэж байгаа учраас ийм төрлийн асуудлууд нэлээн гарч эхэлж байгаа бололтой.
Банкны картын урд талын 16 оронтой тоо, хүчинтэй хугацаа, ард талын гурван оронтой кодыг мэдэж байхад хэн ч онлайнаар худалдан авалт хийх боломжтой. Мэдээж бусдын картыг ашиглан худалдаж авсан бараа, бүтээгдэхүүнээ өөрсдийн хаяг руу явуулахгүй нь ойлгомжтой. Хүлээж авдаг хүмүүс нь дахин өөр хаяг руу барааг нь илгээнэ эсвэл бусад дэлгүүрт хямдхан зараад ашгаа хувааж авах жишээтэй.
Уг луйврын гол хохирогчид нь онлайн дэлгүүрүүд болдог. Харин картын эзэн нь картыг нь өөр хүн ашигласан гэж банкандаа мэдэгдэхэд ихэнх тохиолдолд банк нь онлайн дэлгүүрээс мөнгийг нь буцаагаад татчихдаг. Харин дэлгүүр нь нэгэнт явуулчихсан бараагаа буцаагаад авах боломжгүй учраас хохироод үлддэг. Гэхдээ луйвар хийж буй хүмүүс тийм ч олон хүргэлтийн хаягтай байдаггүй. Хэрвээ онлайн дэлгүүрүүд хоорондоо уг мэдээллийг хуваалцах боломжтой байсан бол иймэрхүү халдлагаас хамгаалахад амархан. Харамсалтай нь хувь хүний мэдээллийг бусад дэлгүүртэй хуваалцах нь хуулийн хүрээнд зөвшөөрөгдөхгүй тул халдлагаас сэргийлэхэд бэрхшээл тулгардаг. Харин миний санаачилсан төсөл нь хувийн мэдээллийг криптографын hash function гэдэг аргыг ашиглан, тайлагдахааргүй код хэлбэрт шилжүүлсний дараа уг кодуудынхаа мэдээллийн санг үүсгэх замаар энэ асуудлыг шийдсэн юм. Тухайлбал, Улаанбаатарын Баянзүрх дүүргийн нэгдүгээр хорооны нэгдүгээр байрны нэг тоот гэсэн хаягийг abc гэсэн код болгоно. Тус abc кодыг эргүүлээд хаяг болгон унших боломжгүй. Ингэж хувиргах аргыг hash function гэдэг. Энэхүү аргаар дундын мэдээллийн сан үүсгэснээрээ бараа бүтээгдэхүүнээ явуулах гэж буй хаяг тань өөр дэлгүүрт луйвар хийсэн гэж бүртгэгдэж байсан эсэхийг хувийн мэдээллийг нь задруулахгүйгээр шалгачхаж болно гэсэн үг юм. Мөн дээрх hash function нь бид бүхний мэдэх биткойн, криптовалютын технологийн гол цөм нь юм.
Та анх ямар төрлийн гар утасны тоглоом хийж байсан бэ?
Бид анх боловсролын чиглэлээр тоглоом хийхээр шийдэн ажилласан боловч туршлагагүй, бас цаг нь арай эрт байснаас ч юм уу амжилтгүй болсон. Ер нь бүгд л өөрийнхөө санааг сая сая хүнд хүрч болохуйц санаа гэж бодоод л эхэлдэг. Гэвч өөрсдийнхөө зорилтот хэрэглэгч, зах зээл дээрээ туршиж үзэхээр тийм эсэх нь бодитой харагддаг.
Эцэг эхчүүдийн хүүхдэдээ өгдөг халаасны мөнгийг бага багаар урамшуулал болгон өгдөг аппликейшн (апп) бүтээсэн юм.
Харин дараа нь эцэг эхчүүдийн хүүхдэдээ өгдөг халаасны мөнгийг бага багаар урамшуулал болгон өгдөг аппликейшн (апп) бүтээсэн юм. Манай аппликэйшн рүү эцэг эхчүүд хүүхдийнхээ халаасны мөнгийг шилжүүлнэ. Харин хүүхдүүд нь сургалтын материал, тест зэргээ хийж дуусгаад бага багаар уг мөнгөнөөсөө урамшуулал болгон авах зориулалттай гэсэн үг. Бид Нью-Жерси мужид байдаг хоёр ахлах сургууль дээр бараг хоёр улирал орчим туршилт хийсэн. Амжилттайгаар хөрөнгө оруулалт татан ажиллаж байсан ч цаашид ямархуу аргаар хөгжүүлэх вэ гэдэг дээр хамтрагчид болон хөрөнгө оруулагчидтайгаа санал нийлж чадаагүй тул өөрийн хувийг зараад гарсан.
Өөрийн бизнес санаагаа туршихдаа юун дээр анхаарах хэрэгтэй вэ?
Эхлээд найз нөхөд, гэр бүлийн гишүүд дээрээ санаагаа турших нь буруу гэж боддог. Үүний нэг шалтгаан нь бидний ойр дотнын хүмүүс бидний сэтгэлийг бодоод шүүмжлэлтэй хандаж чадахгүй. Эсвэл таньдаг учраас миний бизнес санаа аятайхан санагдаж ч болно. Харин эсрэгээрээ танихгүй хүнээс сэтгэгдлийг нь асуух юм бол тэд жинхэнэ шүүмжлэлтэй ханддаг. Тиймээс таны анхны хэрэглэгчид танихгүй хүмүүс байх нь зүйтэй.
Бусад үүсгэн байгуулагч болон хөрөнгө оруулагчтайгаа үл ойлголцох, санал зөрөлдөх үе мэдээж гарна. Тэгвэл энэ үед яах ёстой вэ? Ер нь хамтран үүсгэн байгуулагч болон хөрөнгө оруулагчаа сонгохдоо юун дээр анхаарах ёстой вэ?
Хамтран үүсгэн байгуулагчаар урьд нь хамтдаа юм хийж үзсэн хүнээ сонговол зүгээр санагдсан. Хэчнээн сайн найзууд байлаа гээд хамтарч ажиллах нь хамт хоолонд орох, тоглоом тоглоод суухаас тэс өөр зүйл. Мөн эхнээсээ л нэг нэгнийхээ үүрэг хариуцлага, хийх зүйлс, яаж шийдвэр гаргах вэ гэдгээ тодорхой болгох хэрэгтэй.
Хөрөнгө оруулагчдын хувьд Монголд яг яаж ажилладаг талаар сайн мэдэхгүй юм. АНУ-ын хувьд бол хөрөнгө оруулагч, венчур компаниуд олон жилийн туршлагатай, мэргэжлийн хүмүүс байдаг. Аливаа гарааны бизнест хөрөнгө оруулалт хийхээсээ өмнө хөрөнгө оруулагчид тухайн санаа нь олон хүнд тулгардаг асуудлыг шийдэж, хурдацтай өргөжиж чадах уу гэдэгт анхаардаг. Хоёрдугаарт, уг санаагаа хэрэгжүүлж чадаж байна уу, бодит амьдрал дээр буулгаж чадаж байна уу гэдгийг нь танай гарааны бизнесийн тоон мэдээллээс харах боломжтой. Гуравдугаарт, танай баг хамт олон хоорондоо сайн ойлголцож, үүрэг хариуцлагатай ажиллаж чадаж байна уу гэдэг бас чухал. Мөн гарааны бизнесийн ачаалал энгийн бизнесээс илүү өндөртэй байдаг тул бүтэн цагаар ажилладаг үүсгэн байгуулагчтай байх зэрэгт анхаардаг.
Та нэг ярилцлагынхаа үеэр “Биткойны хөөсрөлтийн үеэр олон хүнийг их хэмжээний мөнгөө алдахаас сэргийлж чадсан” гэж дурдаж байсан. Энэ тухай бидэнд дэлгэрэнгүй тайлбарлаж өгч болох уу?
Би криптограф буюу мэдээллийн нууцлалын талаар ихээхэн сонирхдог байсан учраас 2012 оноос хойш биткойнтой холбоотой төслүүд дээр хааяа сонирхлоороо ажилладаг байв. Тэр үед биткойн гэхээр мэддэг хүн бараг байдаггүй байлаа. 2015 оны сүүлээр криптовалюттай холбоотой нэг вебсайт эхлүүлээд бараг мартчихсан байсан чинь 2016 оны сүүлээр хүмүүс гэнэт хэрэглээд эхэлсэн. Тухайн үед би жуулчдад зориулсан өөр нэг онлайн бизнес эрхэлж байсан юм л даа. Жуулчид дэлгүүр хэсэж цагаа үрж байхын оронд онлайнаар хувцас захиалаад, буудалдаа ирэхэд нь худалдан авсан зүйлс нь хүлээгээд байж байна. Тухайн хувцсаа өмсөж үзээд, таалагдвал худалдаж аваад, таалагдахгүй бол буудалдаа үлдээгээд явчихдаг апп байсан юм. Нью-Иорк мэтийн том хотуудад жуулчид маш их худалдан авалт хийдэг бөгөөд ялангуяа цаг багатай бизнес аялагчдад зориулсан үйлчилгээ л дээ. Эхний хагас жилд нэг сая орчим ам.долларын борлуулалт хийгээд нэлээн амжилттай явж байлаа. Гэтэл зүгээр хийгээд орхичихсон байсан вебсайт маань миний өдөр шөнөгүй ажиллаж байсан апп-наас маань илүү амжилттай яваад эхэлсэн.
Ингээд криптовалютын зах зээл рүү илүү идэвхтэй орж, 2017 оны эхээр Coinseed компаниа байгуулсан юм. Үнийн савлагаа маш ихтэй, эрсдэлтэй хөрөнгө оруулалтын бүтээгдэхүүн учраас хөрөнгө оруулахад нэлээн төвөгтэй байдаг. Харин манай апп-ыг ашиглаад тогтмол, бага хэмжээгээр хөрөнгө оруулж, өндөр эрсдэлээс нь өөрийгөө хамгаалахаас гадна өгөөжийг нь хүртэх боломжийг олгож байв. Coinseed маань 2017-2021 он хүртэл амжилттай үйл ажиллагаа явуулж, Америкт 40 мянга гаруй хэрэглэгчтэй болж, энэ чиглэлийн хамгийн том компани болсон байлаа. 2018-2019 оны хооронд биткойны үнэ огцом буурахад, манай хэрэглэгчид бага хэмжээний мөнгөөр төрөлжсөн багцад хөрөнгө оруулалт хийж байсан учир их хэмжээний мөнгө алдаагүй, харин буцаад сэргэхэд нь дундаж хэрэглэгч найм дахин ашигтай байсан юм. Манай хэрэглэгчдийн тоо тогтмол өсөж, ашиг орлого ч өндөр байсан учир нэлээд хэдэн газраас худалдаж авах санал авч байв. Жишээ нь, крипто зах зээл маш уналттай байсан 2018 онд Kraken гэдэг хамгийн том биржүүдийн нэг нь биднийг зургаан сая ам.доллароор худалдан авах санал тавьж байсан бөгөөд бид хэд хэдэн удаа амжилттай хөрөнгө оруулалт татан 2020 оны сүүлээр гэхэд 40 сая орчим ам.долларын үнэлгээтэй компани болоод байсан юм.
Та Coinseed компанийнхаа үйл ажиллагааг хэзээ зогсоосон бэ? Үүний гол шалтгаан юу байсан бэ?
Бид 2017 онд хөрөнгө оруулалт босгох үүднээс Initial Coin Offering (ICO) хийж, нэг сая орчим ам.долларын хөрөнгө оруулалт босгосон бөгөөд нийтдээ 60 сая орчим ам.долларын криптовалютыг удирдаж байлаа. Бид гадаадад койн гаргасан анхны монгол хүмүүс байсан байх.
Бид тухайн үед Нью-Иорк хотод амьдарч байв. Харамсалтай нь, 2021 онд зөвхөн Нью-Иорк мужид байдаг Martin Act гэх хуулийн хүрээнд биднийг шүүхэд дуудсан юм. Ерөнхийдөө, уг хууль нь Wall Street дэх том компаниудын үнэт цаасны арилжааг зохицуулсан хууль бөгөөд ямар ч гомдол, хохирогчгүй байсан ч прокурорын газраас шалгах, торгох эрх мэдлийг өгдөг хууль юм. Уг нь тухайн хууль нь зөвхөн үнэт цаасанд хамаатай боловч прокурорын газраас манай койныг үнэт цаас гэж үзэн, биднийг бүртгэлгүйгээр үнэт цаас гаргасан гэж үзсэн юм. Америкийн хуулийн тогтолцооны нэг онцлог нь шинэ төрлийн хэрэг дээр шүүх жишиг тогтоосноор дараагийн төстэй хэргүүдийг шийддэг бөгөөд манай компани нь энэ хуулийг криптовалютын компани дээр хэрэглэсэн анхны жишээ нь болсон юм. Манайхтай хамт iFinex буюу Tether гэдэг ам.доллароор баталгаажсан койныг гаргасан компанийн толгой компанийг бас шалгаж байсан бөгөөд тус компани 18 сая ам.доллар төлөөд уг маргаанаа хаасан байдаг. Бид ч бас манай койн үнэт цаас биш хэмээн прокурорын эсрэг шүүхэд зарга үүсгэсэн боловч шүүхээр 1-2 жил явахаас гадна, хуулийн компанийн зардал нь таван сая орчим ам.доллар болж, торгууль төлснөөс хэд дахин их зардал гарах гээд байсан учраас, компаниа хаахаар шийдсэн юм. Мэдээж маш хэцүү байсан. Гэхдээ юм хийж байгаа хүнд юу эс тохиолдохыг тэр гэхэв дээ. “Юу ч тохиолдохгүй бол чи юу ч хийхгүй байна гэсэн үг” гээд нэг зүйр үг байдаг даа.
Та Монголд Coinseed-тэй ижил төрлийн компани байгуулах төлөвлөгөө бий юу?
Бид “Telexa – Автомат хөрөнгө оруулалт” гээд дэлхийн шилдэг компаниудын хувьцаанд бага багаар, тогтмол хөрөнгө оруулалт хийх боломжийг олгодог апп гаргаад жил орчим болж байна. Та манай апп-ыг ашиглан олон төрлийн хөрөнгө оруулалтын бүтээгдэхүүнээс сонгон, бага мөнгөн дүнгээр хөрөнгө оруулалт хийх бололцоотой. Бүх төрлийн хөрөнгө оруулалт тодорхой эрсдэлтэй байдаг. Харин хөрөнгө оруулалт хийх стратегиа зөв сонгосноор энэ эрсдэлийг багасган, ашгаа нэмэгдүүлэх боломжтой. Ийм аргуудын нэг нь Dollar Cost Averaging буюу бага хэмжээгээр тогтмол хөрөнгө оруулах арга юм. Ихэнх хүмүүс сэтгэлийн хөөрөлдөө автан нэг дор их хэмжээгээр хөрөнгө оруулалт хийн, их хэмжээгээр хохирох тохиолдол гардаг. Мэдээж ашиг олох тохиолдол байгаа ч энэ нь яг л мөрийтэй тоглоом шиг таахын аргагүй. Харин Dollar Cost Averaging буюу бага хэмжээгээр тогтмол хөрөнгө оруулснаар иймэрхүү эрсдэлээс сэргийлэх бөгөөд үнийн өсөлт, уналтаас үл хамааран, урт хугацаандаа ашиг олох боломжтой байдаг. Жишээ нь, Apple компанийн хувьцаа уналттай байх үе зөндөө байдаг ч сүүлийн 10 жилд төгрөгийн эсрэг 20 дахин өссөн байна. Доллараар бол найм дахин өссөн ч, энэ хугацаанд ам.доллар нь төгрөгийн эсрэг 2.5 дахин өсжээ. Хэрэв та өсөлт уналтаас үл хамааран бага багаар тогтмол хувьцаа авч байсан бол дээрх хэмжээний ашиг олох байсан гэсэн үг.
Автомат хөрөнгө оруулалт нь манайд л шинэлэг болохоос биш Америкт бол маш амжилттай хөгжсөн үйлчилгээ юм. Жишээ нь, та өдөр бүр 5000 төгрөгийн 50 хувийг нь Apple-д, 50 хувийг нь Amazon-д хөрөнгө оруулалт хийнэ гэж тохируулаад, банкны картаа баталгаажуулчихвал таны тохиргооны дагуу автоматаар хөрөнгө оруулалт хийгдээд явна. Та заавал их хэмжээний мөнгөтэй байх огт шаардлагагүй. Нэг удаадаа бага боловч урт хугацаандаа хангалттай их болох боломжтой.
-Цаашдаа Telexa аппликейшнаа бусад орны зах зээл дээр туршиж үзэх бодолтой байгаа юу?
-Тун удахгүй бид Вьетнам улсад тус апп-аа гаргахад бэлэн болоод байгаа бөгөөд дөнгөж саяхан хөрөнгө оруулалтын болон бизнесийн зөвшөөрлүүдээ аваад байна. Тус улс нь 100 сая орчим хүн амтай маш том зах зээл төдийгүй иймэрхүү төрлийн платформын эрэлт хэрэгцээ маш өндөртэй. Ирээдүйд Малайз, Индонез гэх мэт Зүүн Өмнөд Азийн улсуудын зах зээл рүү нэвтрэх бодолтой байгаа. Манай бусад технологийн компани ч бас илүү том зах зээл дээр өөрсдийгөө туршиж үзээсэй, боломж маш их байгаа шүү гэж хэлмээр байна.
-Та Монголд өөр ямар төрлийн апп гаргасан бэ?
-Надад хамгийн таалагддаг нь TeleDoc гэдэг онлайнаар мэргэжлийн эмч, сэтгэл зүйчээс зөвлөгөө авдаг апп маань. Тухайн үед Coinseed компанийнхаа шүүхийн асуудлаас болоод сэтгэл зүйчид хандахаар шийдсэн ч, яг ковидын хөл хорионы үе байсан учраас сэтгэл зүйчтэй уулзах боломжгүй байсан юм. Facebook ашиглаж ярилцдаг хувь хүмүүс байсан байх. Гэхдээ энэ нь хувийн мэдээлэл, аюулгүй байдлын үүднээс асуудалтай. Нөгөө талаас, яг мэргэжлийн сэтгэл зүйч үү үгүй юу гэдэг ч эргэлзээтэй. Тэгээд бусад хүмүүст ч гэсэн ийм төрлийн үйлчилгээ хэрэгтэй юм байна гэдгийг ойлгоод TeleDoc-ыг бүтээсэн түүхтэй. TeleDoc-оор маань дамжуулан зөвхөн сэтгэл зүйч төдийгүй бүх төрлийн мэргэжлийн эмчийн зөвлөгөөг авах болох боломжтой. Өнөөдрийг хүртэл TeleDoc апп-аар дамжуулан нийт 10 мянга орчим зөвлөгөө өгсний 2100 орчим нь сэтгүүл зүйн зөвлөгөө байв.
Апп маань ашиглахад маш хялбархан. Та эхлээд онлайнаар уулзалт хийх цагаа товлоод, ямар асуудлаар хандаж байгаагаа товчхон бичнэ. Товлосон цагтаа эмч, сэтгэл зүйчтэйгээ видео уулзалт хийнэ. Миний бодлоор биеэрээ гэхээс илүү онлайнаар сэтгэл зүйн зөвлөгөө авах нь чөлөөтэй бөгөөд нээлттэй ярилцахад дөхөм юм шиг санагдсан. Ялангуяа сургууль, албан байгууллагууд ашиглахад маш тохиромжтой. Учир нь сэтгэл зүйч тухайн сургууль эсвэл байгууллагууд дээр байсан ч бид биеэрээ очоод зөвлөгөө авахаас эмээдэг эсвэл ичих хандлагатай байдаг. Байгууллагууд ажилчдынхаа бүтээмжийг нэмэгдүүлье гэвэл ажилчдынхаа сэтгэл зүйд ач холбогдол өгөх нь маш чухал гэдгийг барууны орнуудын жишээнээс харж болно. Хувь хүний ар гэр, амьдралд болж буй зүйлс ажлын бүтээмжид шууд нөлөөлөх нь ойлгомжтой. Хэдийгээр том байгууллагууд, хувийн сургуулиуд сэтгэл зүйч ажиллуулдаг ч барагтай бол хүмүүс зөвлөгөө авдаггүй. Учир нь хэн ч хамгийн нууц хувийн мэдээллээ бусдад алдахаас эмээнэ, хэдийгээр сэтгэл зүйч ч гэлээ хамт ажилладаг хүн эсвэл сургуулийн ажилтан гэдэг төсөөлөл нь салахгүй. Харин TeleDoc-ын хувьд та өөрийн нэрээ ч, царайгаа ч нууцлан, зөвлөгөө авах боломжтой.
Сүүлийн үед бүх зүйлс цахим хэлбэрт шилжиж байхад яагаад шашны үйлчилгээ бас цахимжиж болохгүй гэж. Гадаад улсад суугаа монголчууд маань цахимаар ном уншуулах, засал хийлгэх тохиолдол багагүй байдаг.
Түүнчлэн TeleDoc апп-тай төстэйгөөр TeleLaw буюу хуулийн зөвлөгөөг онлайнаар авдаг апп-ыг мөн гаргаад байна. Хуулийн зөвлөгөө авахад ч гэсэн заавал биеэрээ түгжрэн байж очоод байх шаардлагагүй. Бүгдийг нь онлайнаар хийх боломжтой. Хэрэв бичиг баримт явуулах шаардлагатай бол апп-аараа дамжуулаад явуулж болно. Мэдээж мэргэжлийн хуульч нар тантай онлайнаар ярилцан зөвлөгөө өгнө. Үнэ хөлсний хувьд ч харьцангуй боломжийн. Одоогоор мянга гаруй хуулийн зөвлөгөө өгөөд байгаа.
-Та Telexa-гийн адилаар бусад апп-уудаа гадаадын зах зээл рүү гаргах санаа бий юу?
-Бидний гаргаж буй апп-ууд нь эх орноосоо өөр улсад амьдарч буй хүмүүст илүү хэрэгтэй мэт санагддаг. Тухайлбал, АНУ эсвэл Солонгост хараар ажиллаж буй хүмүүс эрүүл мэнд, сэтгэл зүйн асуудалтай тулгарлаа гэхэд эрүүл мэндийн даатгалгүйгээр үйлчилгээ авахад бэрхшээлтэй, бас их үнэтэй болдог. Эмнэлгийн төлбөрөөс айж гүрийж явсаар, өвчнөө бүр хүндрүүлдэг тохиолдлууд их байдаг шүү дээ. Тэгвэл манай апп-уудаар дамжуулан өөрийн төрөлх хэлээрээ мэргэжлийн эмч, сэтгэл зүйчдээс зөвлөгөө авч, ядаж л цаашид ямар төрлийн шинжилгээ өгөх, ямар төрлийн нарийн мэргэжлийн эмчид хандах, анхан шатанд хэрхэх зэрэг ойлголттой болоод авах нь маш чухал, бас мөнгө ч хэмнэнэ. Сэтгэл зүйн зөвлөгөөний хувьд бол эх орон, хайртай хүмүүсээсээ хол, хүнд хүчир ажил хийж байгаа хүмүүст өөрийн эх хэлээрээ мэргэжлийн сэтгэл зүйчтэй ярилцах нь үнэхээр хэрэгтэй гэдэг нь ойлгомжтой байх.
Хуулийн үйлчилгээ ч ялгаагүй. Гадаадад амьдарч, ажиллаж буй хүмүүст виз, оршин суух зөвшөөрөл, ажлын байран дээрх асуудал, гэр бүлийн асуудал гээд хуулийн зөвлөгөө хэрэгтэй тохиолдол маш олон байдаг.
Эдгээр асуудлууд нь зөвхөн гадаадад буй монголчуудад л тохиолддог зүйл биш, бүх л үндэстний хүмүүст тохиолддог нийтлэг асуудлууд. Дэлхий даяар 280 сая орчим хүмүүс өөрийн улсаас өөр улсад ажиллаж амьдардаг бөгөөд би үүнийг маш том зах зээл гэж харж буй. Иймд цаашид энэ чиглэлээр илүү ажиллахаар төлөвлөж байгаа гэхэд болно. Гадаадад буй монголчууд төдийгүй бусад үндэстний хүмүүст ч бас ийм үйлчилгээг хүргэхийг зорьж ажиллах хүсэлтэй байгаа гэсэн үг юм.
Та TeleLaw, TeleClass, TeleDoc, Telexa гэх мэт мэргэжлийн үйлчилгээг хэрэглэгчдэд ойртуулсан аппликейшнууд гаргасан. Харин дараагийн аппликейшн тань аль салбар луу чиглэгдэх вэ? Та энэ онд онлайн сургалтын TeleClass аппликейшнээ гаргасан. Дараагийн ээлжид ямар төрлийн салбарт аппликейшн гаргах вэ?
Бид гурван төрлийн шинэ апп гаргахаар зэхэж буй. Эхнийх нь MiniHome гэдэг нэртэй үл хөдлөхтэй холбоотой апп. Ерөнхийдөө ихэнх хүмүүст үл хөдлөхөд хөрөнгө оруулах боломж хомс байдаг. Тэгвэл манай апп нь бага мөнгөөр олуулаа нийлж байр аваад, тухайн байрны түрээсийн ашгийг хувааж хүртэх боломжийг бүрдүүлэх юм. Ингэснээр та бага мөнгөөр ч үл хөдлөхийн зах зээлд оролцон, тогтмол түрээсийн ашгаас гадна байрны үнийн өсөлтөөс ашиг олох боломжтой болно. Түүнчлэн өөрийн хувийг бусдад зарах, бусдаас хувийг нь худалдан авах нь нээлттэй байх юм.
Хоёрдугаарт нь нарийн мэргэжлийн хүмүүсээс онлайнаар зөвлөгөө авдаг менторинг апп. Жишээ нь, төгсөх ангийн сурагчид гадаадад суралцах талаар эсвэл мэргэжлээ сонгох талаар тухайн салбарын нарийн мэргэжилтнүүдтэй ганцаарчилсан онлайн уулзалт хийн, зөвлөгөө авах боломжтой болно.
Гуравдугаарт онлайнаар шашны үйлчилгээ авдаг апп. Сүүлийн үед бүх зүйлс цахим хэлбэрт шилжиж байхад яагаад шашны үйлчилгээ бас цахимжиж болохгүй гэж. Гадаад улсад суугаа монголчууд маань цахимаар ном уншуулах, засал хийлгэх тохиолдол багагүй байдаг. Үүнийг эхлүүлсэн шалтгаан нь гадаад буй монголчуудаас иймэрхүү төрлийн үйлчилгээ хэрэгтэй байна гэсэн санал хүсэлт сонсож байсантай холбоотой.
Энэ хүрээд ярилцлага маань өндөрлөж байна. Та манай уншигчдад хандаж хэлэх зүйл байгаа болов уу?
Би та бүхэнд ямар нэгэн шинэ бизнес оролдож, хийж үзээсэй гэж хэлмээр байна. Учир нь өөрийн хийж үзэхийг хүссэн зүйлээ эхлүүлбэл та мөнгө олох боломжтойгоос гадна олон шинэ зүйлсийг сурч мэдэх боломжтой. Мөн ямар нэг зүйл хийж буй үед янз бүрийн асуудлууд байнга л гарч байдаг. Тэр болгоныг даван гарч чадвал та сэтгэл зүйн хувьд маш их дархлаатай болох болно. Та бүхэнд амжилт хүсье.
Хөрөнгө оруулагчид ямар баталгаа өгөх нь ойлгомжгүй байна. Монголд үйл ажиллагаа явуулдаг найдвартай компани эсэх нь эргэлзээтэй. Мөн СЗХ зэрэг байгууллагаас зөвшөөрөл авсан талаарх ямар ч мэдээлэл вебсайт, цахим хуудсанд нь ч алга. Өмнөх компани шигээ асуудал үүсвэл ямар байдлаар хөрөнгийг маань хамгаалах вэ? Ийм нөхцөлд шууд хөрөнгө оруулалт хийж, банкны картаа холбох итгэл төрөхөөргүй байна.
Багтаа маркетингийн хүн аваасай, хийгээд орхичихсон байхад болно гэдэг хандлагатай юмаа.