Хоцрох нь зөвхөн бүдүүлэг, залхуу назгай зангаас шалтгаалдаггүй, энэ нь илүү гүнзгий учир шалтгаантай
***
Лаура Кларк “Би үргэлж хоцордог хүн. Гэхдээ одоо бол засрах шатандаа явж байна л даа. Яг үнэндээ би энэ нийтлэлийн эцсийн хугацааг удаа дараа, санаа зовмоор байдлаар хойшлуулсан. Би үүнийг сэтгүүлзүйн нэгэн арга юм шигээр өөрийгөө хаацайлах дуртай. Гэхдээ аливаа ажлаас хоцордог хүн надаар дуусахгүй байх” гэжээ. Хоцордог хүмүүсийг бид сайн мэднэ. Үргэлж хоцордог ажилтан, хэдхэн цагийн ажил байсан ч хугацааг нь үргэлж тулгадаг нэгэн, эсвэл ирэх цагийг нь ядаж л 30 минутаар урагшлуулж хэлэх хэрэгтэй болдог найзтай байдаг.
Хэн нэгнийг хүлээж ядахдаа бид уураа барьж яддаг. Гэсэн хэдий ч тэд зөвхөн бүдүүлэг, залхуу, амиа бодсон зангийнхаа улмаас хоцроод байдаггүй гэнэ. Сэтгэл судлаачид хоцордог хүмүүсийн оюун ухаан хэвийн бус ажилладаг байж болзошгүйг тогтоожээ. Энэ занг засахын тулд олон талаас нь ажиллах хэрэгтэй аж. Хожимддог хүн бүхэн бүдүүлэг, залхуу назгай байдаггүй. Цаг барьдаггүй бүх хүмүүст сөрөг хандлага гаргах нь буруу юм. Энэ тухай Лондоны танин мэдэхүйн зан үйлийн эмч, клиникийн сэтгэл зүйч Харриет Меллот “Цаг барьдаггүй хүмүүсийг хувийн зохион байгуулалт муутай, хааш яаж салан назгай, бусдыг үл тоомсорлодог гэж ойлгоход хялбар байдаг” гэж хэлжээ.
Цаг барьдаггүй хүмүүс хоцорсноос үүддэг хохирлыг ухамсарлаж ичиж санаа зовдог
Хэдий цаг сайн барьж чаддаггүй ч тэд өөрсдийн гэсэн сахилга бат, зохион байгуулалттай байдаг. Найз нөхөд, гэр бүл, даргынхаа урмыг хугалахыг хүсдэггүй. Ямар ч тохиолдолд хоцрох нь хүмүүстэй харилцахад болон нэр хүнд, ажил мэргэжил, цаашлаад санхүүд нь ямар хор уршигтай гэдгийг сэтгэл зовнин ухамсарлаж, бас ичдэг. Диана Де Лонзор “Хэзээ ч дахин бүү хоцор” номдоо “Хэвийн хүмүүс хоцрох дургүй байдаг бол эсрэгээрээ бусдыг хүлээлгэх дуртай хүмүүс ч байдаг. Гэхдээ хоцрох нь хэзээд таны дайсан хэвээр байдаг” гэж бичжээ.
Өршөөл, шалтаг
Хаана ч хэн ч байсан бид гэнэтийн өвчин, осол гэх мэт онцгой тохиолдлоос бусад үед хоцрохыг тийм амархан хүлээн зөвшөөрдөггүй шүү дээ. Гэтэл зарим хүмүүс хоцордог шалтгаанаа цаг хугацааны эрхэнд аажуу тайван байх ёстой, элдэв дарамтын доор хамгийн сайнаараа байгаа минь л энэ, эсвэл бид болжмор, шар шувуу биш гэх зэрэгтэй холбон тайлбарладаг. Бүр зарим тохиолдолд цаг товлохдоо ойлголтын зөрүү гарснаас хоцрох нь ч бий. Лондонгийн Жоанна багш “Найз маань намайг долоон цагаас хойш хүссэн үедээ ирээрэй гэдэг. Гэтэл би найм эсвэл түүнээс арай хожуу ирдэг. Тэр болгонд найз маань бухимддаг” гэв. Байнга хоцордог нь тэр хүний буруу биш байж магадгүй. Тийм төрлийн хүн байж болно шүү дээ.
Хоцордог хүмүүс өөдрөг үзэлтэй, өөрийнхөө хянахдаа сул байдаг
Судалгаанаас үзэхэд цаг барихдаа асуудалтай хүмүүс ихэвчлэн өөдрөг үзэлтэй, өөрийгөө хянахдаа сул, сэтгэл нь түгшүүртэй, эсвэл сэтгэлийн гүн хөөрөл эрэлхийлдэг зан чанартай байдаг гэнэ. Хувийн зан чанараас хамаарч цаг хугацааны мэдрэмж мөн ялгаатай байдаг байна. 2001 онд Сан Диего мужийн Их Сургуулийн сэтгэл судлалын профессор Жефф Конте-гийн судалгаа явуулжээ. Судалгаанд оролцогчдыг А төрлийн хүмүүс (амбицлаг, өрсөлдөмтгий) болон В төрлийн (бүтээлч, эргэцүүлэмтгий, эрэлч ) хүмүүс хэмээн ангилж тэднээс нэг минут өнгөрөхийг ямар ч цаг харахгүйгээр мэдрэхийг хүссэн байна. А төрлийн хүмүүс ойролцоогоор 58 секунд өнгөрөхөд нэг минут өнгөрлөө гэж мэдэрсэн бол В төрлийн оролцогчид 77 секундын дараа нэг минут өнгөрсөн гэжээ.
Хоцордог хүмүүс үргэлж өөрийгөө ялах хүсэлтэй байдаг
Удаан аажуу хүмүүс ихэвчлэн “Өөрийгөө ялах этгээд хүсэлтэй байдаг” гэж өөрийгөө удаан гэж тодорхойлсон, TED-ийн илтгэгч Тим Урбан 2015 онд бичжээ. Тэрээр хоцордог хүмүүст ужиг аажуурах өвчтэй хүмүүс /Chronicically Late Insane People/ гэж хүртэл нэр өгсөн. Хоцрох нь маш олон сул талтай ч хамгийн том сул тал нь өөртөө төвөг болох хортой байна. Хоцрох шалтгааны эхлэл бол аливаа зүйлд өндөр шаардлагатай, хүлээлттэй байх эсвэл нарийн ширийн зүйлд хэт их анхаарал хандуулах болдог байна. Жишээ дурдвал Жоанна багшид сургуулийн тайлан бичих нь хамгийн зовлонтой ажил байдаг ажээ. Тэрээр “Би тайлангийн хугацааг үргэлж хоцроодог. Долоо хоногийн турш тайлангийн талаар бодож, хүүхэд нэг бүрийг үнэхээр л үнэнчээр үнэлэхийн тулд маш их санаа тавьж ажилладаг. Гэвч тайланг хугацаанаас нь хоцроох нь хичээж зүтгэсний үр дүнг алдагдуулдаг” гэлээ. Түүнчлэн зарим хүмүүсийн хувьд хожимдох нь “Сэтгэцийн эрүүл мэнд, мэдрэлийн системийн гүн гүнзгий хямрал, гутралын үр дагавар байдаг” гэж Меллотт хэлж байна. Жишээлбэл сэтгэлийн түгшүүртэй хүмүүс ихэвчлэн ямар нэгэн нөхцөл байдлаас зайлсхийдэг, өөрийн үнэлэмж багатай хүмүүс өөрсдийн чадварт шүүмжлэлтэй ханддаг бөгөөд хийсэн ажлаа эргэн шалгаж илүү их цаг зарцуулдаг гэнэ. Мөн үүнтэй холбоотой сэтгэл гутрал нь хүний эрч хүчийг их хэмжээгээр шавхдаг тул цааш ахих сэдэл тэмүүллийг олж авах нь улам бэрх болсоор байдаг байна.
Цагтаа ирэхийн тулд тархины үйл ажиллагаанд засвар хийх хэрэгтэй юү?
Нью-Йорк дахь хувийн сэтгэл зүйч “Дижитал эринд хойшлуулах зуршлаа хэрхэн даван туулах вэ” номын зохиогч, доктор Линда Сападин байнгын хойшлуулдаг зан заримдаа хэт их бодох эмгэгээс үүсдэг гэжээ. Товчхондоо, хойшлуулагч нь хоцорч байгаа үйл явдал эсвэл эцсийн хугацаатай холбоотой айдас дээр анхаарлаа төвлөрүүлсэн байдаг. Айдсаасаа хэрхэн ангижрахаа бодохын оронд айдас нь шалтаг болдог гэнэ. Жишээлбэл “Би тэр уулзалтад цагтаа очно гэж бодсон, гэхдээ наана нь амжуулах ажил байсан. Би нийтлэлээ бичиж эхэлсэн, гэхдээ хамт ажиллагсад маань хангалттай үнэлэхгүй хэмээн эмээж байсан” гэх зэрэг. Сападин “Гэхдээ” гэдэг үг нь дараа болох зүйлийг л тодотгодог гэжээ. “гэхдээ” нь эсрэг байр суурь, хаалттай байдлыг илэрхийлдэг бол “ба” нь холболт, шийдлийг илэрхийлдэг байна.
Хоцорсон тохиолдолд тэдэнтэй хил хязгаараа тогтоох хэрэгтэй
Тантай уулзахаар товлосон хүн хугацаанаасаа хоцорч болно. Та энэ үед уурлаж, бухимдахын оронд байр сууриа илэрхийлж, хил хязгаар тогтоож болно. Нөгөө хүн цагтаа ирэхгүй бол “Арван минутаас илүү хоцрох юм бол орхиод явна гэдгээ хэлээрэй. Хариуцсан тайлангаа хэзээ ч цаг тухайд нь гаргаж өгдөггүй хамт ажилладаг хүнээ дараагийн удаад хүлээхгүй гэж хэлээрэй” гэж доктор Линда Сападин зөвлөж байна. Мөн тэрээр “Миний хувьд насан туршийн хоцрох зуршлаа ухаарч хариуцлага хүлээх, түүний цаана байгаа асуудлаа олж илрүүлэх, шийдвэрлэх замд нэг сайн найз маань хил хязгаар тогтоож тусалсан” гэжээ.
Эцэст нь энэ нийтлэлийг бичих гэж нэлээд хэдэн удаа хойшлуулсан нь хуучин зуршлыг ялахад хэцүү байлаа, сурсан юмыг сураар боож болдоггүй гэж хуучны үг байдгийн тод жишээ болов. Гэхдээ дараагийн удаад би хэн нэгнийг хүлээлгэхээр болбол өөрийнхөө бодолд сэрэмжтэй байж, үйлдлээ бага ч гэсэн өөрчлөхийг хичээх болно.
Орчуулсан С.Лхамсүрэн
Эх сурвалж: ВВС
Хоцрохгүй байхын тулд өөрийнхөө бүтээлч чадварын хугацааг ойлгох хэт их ачаалалал авахгүй байх 1 хийх зүйлд анхаарлаа хандуулж цаг хугацаанд нь гаргах өмнөх өдөр нь түгжрээтэй замаар явах бол эрт гарах хувийн зохион байгуулалтаа сайжруулах жишээлбэл усанд орох асуудлаа 2 өдөрт нэг удаа тогтмол цагт урт биш хугацаагаар байлгаж сурах залхуугүй л хийдэг зуршилтай эрүүл хэв маягтай болох гэж хичээх хэрэгтэй юм билээ шүү хүмүүсээ
Nice