Э.Ганчимэг нь хөрөнгийн үнэлгээ, байгаль орчны үнэлгээ, хүний эрүүл мэнд, амь насны үнэлгээ болон татварын мэргэшсэн зөвлөгөө, аудит, нягтлан бодох гэх мэтчилэн олон салбар, чиглэлд ажилладаг группийн үйл ажиллагаа удирдаж буйгаараа улс орон болон нийт хамт олон, харилцагчдынхаа өмнө үнэлгээгээр илэрхийлэгдэх “ИТГЭЛ”-ийг өвлөн авчээ.
***
Хүн төрөлхтний бүх цаг үед нийгэм, эдийн засгийн амьдралд нөлөөлж ирсэн хамгийн үнэт “нөөц” бол итгэлцэл байжээ. Ялангуяа мэдээлэл, мэдлэгийн хүртээмж хязгаарлагдмал байсан нийгэмд худалдаа наймаанаас эхлээд бүх түвшний харилцаа итгэлцлийн үндсэн дээр явагддаг байсан.
Өнөөдөр бид мэдээллийн асар их урсгал дунд амьдарч байгаа ч итгэлцлийн хүчин зүйлс улам чухал болсоор байна. Хэдийгээр маш олон хууль, дүрэм, албан хэм хэмжээ үйлчилж буй ч эдийн засагт хямрал арилахгүй байгаа нь бүх төрлийн харилцааны үндэс болдог итгэлцэл суларснаас үүдсэн.
Нөгөө талаар, итгэлцэл сулрах тусам амьдрал илүү өртөгтэй болдог. Монгол Улсын зээлжих зэрэглэл олон улсад буурч байна гэвэл олон улс манай Засгийн газарт итгэхгүй байна гэсэн үг. Төгрөгийн ханш сулраад, барааны үнэ өсөөд буй нь зөвхөн гадаадад төдийгүй иргэд өөрсдөө ч үндэсний мөнгөн тэмдэгтдээ итгэлгүй байгааг харуулна. Энэ мэтээр бидэнд мөнгө гэхээс илүү итгэлцэл хамгийн их хэрэгтэй байгаа.
Тэгвэл олон нийтэд тэр болгон анзаарагдахгүй ч эдийн засгийн амьдралд итгэлцлийн суурь бэхжихэд нөлөөлдөг нэг чухал зүйл бол үнэлгээчдийн үйл ажиллагаа юм. Хөрөнгийн, бизнесийн, байгаль орчны, хүний эрүүл мэнд, амь нас, сэтгэл санааны хохирлын гэх мэт олон төрөл, чиглэлд хуваагддаг үнэлгээчдийн ажлын үнэ цэнийг хэмжихэд бэрх.
Жижигхэн өрөөнөөс эхэлсэн том зорилго
Үнэлгээ өргөн утгаараа үнэлж байгаа бүхий л зүйлийн өртөг, зардал, ашиг орлогыг тооцоолох байдлаар улс орны эдийн засгийн өсөлтийг тодорхойлдог. Өөрөөр хэлбэл, үнэлгээ нь эдийн засгийн хөгжилд цаашдын төлөвийг гаргаж аливаа төсөл, хөтөлбөрт хөрөнгө оруулах нөхцөл нь болдог. Тиймээс үнэлгээчнээс өндөр мэдлэг, туршлага, ур чадвар, ёс зүйн хэм хэмжээ шаарддаг байна.
Нөгөө талаар үнэлгээ гэдэг үг өмч гэсэн үгтэй салшгүй холбоотой яригддаг. Хүмүүс өмч хөрөнгөө худалдах, худалдан авах, барьцаалах, хөрөнгө оруулах, өвлүүлэх, шүүхийн маргаан шийдүүлэх гэх мэт олон зорилгоор үнэлгээг хэрэглэдэг.
Монгол Улс 1991-1996 онд нийтдээ 916 аж ахуй нэгжийн 10.9 тэрбум төгрөгийн хувьцаа, ногдол хувийг цэнхэр тасалбараар худалдаж, 475 хувьцаат компани, 369 бүрэн бус хариуцлагатай компани үүсгэн байгуулж 1.3 сая гаруй иргэнийг хувь нийлүүлэгч болгон өмчийг хувьчилснаар орчин үеийн өмчийн үнэлгээ хөгжиж эхэлжээ.
Үнэлгээ гэж юу болох талаар нийгэмд ямар ч ойлголт төлөвшөөгүй байх тэр жилүүдэд Ө.Эрдэнэбаяр агсан бичгийн машинаа үүрч очоод “Да Хүрээ” захын жижигхэн өрөөнд үнэлгээний бизнесийн гараагаа эхлүүлж байжээ. Түүний өрөө жижиг байсан ч олон арван жилийн цаадхыг харсан зорилго нь том байв. Тэрээр “Бид бүхний итгэлийг хүлээнэ” гэсэн эрхэм зорилготойгоор “Бид зөвхөн шударга үнэнийг эрхэмлэнэ” хэмээх мэргэжлийн үнэлгээчин хүний амин зарчмыг баримталж “Эд энд К” компаниа үүсгэн байгуулж, өнөөдөр зах зээлдээ манлайлагч болсон “Итгэлт Санхүүгийн Групп”-ийн суурийг тавьжээ.
“Аавын маань ажилдаа баримталдаг байсан зарчим өнөөдөр ч манай группийн эрхэм зорилго, жанжин шугам болсоор яваа” хэмээн “Итгэлт Санхүүгийн Групп”-ийн ТУЗ-ийн дарга Э.Ганчимэг дурсав.
Тус компани анх тээврийн хэрэгсэлд ослын улмаас гарсан эвдрэл, хохирлын үнэлгээ хийж эхэлсэн бөгөөд энэ нь явсаар “Даатгалын хохирол үнэлэгч” гэсэн даатгалын мэргэжлийн оролцогч болж, даатгалын хохирлын үнэлгээний эхлэлийг тавьжээ. Үнэлгээний ууган компаниудын нэг болох “Эд энд К” нь эдүгээ “Итгэлт-Эстимэйт” ХХК нэртэйгээр группийнхээ компаниудын нэг болж, Монголын томоохон компаниудын хөрөнгийн үнэлгээ, бизнесийн үнэлгээг хийж гүйцэтгэдэг, үнэлгээний салбарт түүчээлэгч болсон байна. Нөгөө талаар, 2010 онд анх Монголд Хөрөнгийн үнэлгээний тухай хууль батлагдахаас ч өмнө 10-аад жил үйл ажиллагаа явуулж, энэ салбарын хөгжилд түлхүү үүрэгтэй оролцжээ.
Өнөөдөр зах зээл дээр 300 гаруй мэргэжлийн үнэлгээчин, 30 орчим компани үйл ажиллагаа явуулдаг гэсэн тоо байна.
Энэ дундаас “Итгэлт-Эстимэйт” компани нь одоогийн байдлаар үл хөдлөх болон хөдлөх эд хөрөнгө, бизнес, даатгалын хохирол, төслийн хэрэгжилт болон гүйцэтгэл, хүний амь нас, эрүүл мэнд, сэтгэл санааны хохирлыг үнэлж, нийт 500 мянга гаруй үнэлгээний ажлыг хийж гүйцэтгэжээ.
Олон төрлийн хууль тогтоомжтой, нарийн зохицуулалттай үйл ажиллагааны чиглэлээр урт хугацаанд тогтвортой ажиллаж буйгаа Э.Ганчимэг бизнесийнхээ хараат бус байдал, ёс зүйн кодекстой холбон тайлбарлаж байна. Төр хүртэл компанийнх нь үйл ажиллагаанд итгэл хүлээлгэж, шүүх, цагдаа, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын тогтоол, шийдвэр, захирамжийн дагуу хэрэг маргаанд шинжээчээр томилогдон ажилладаг. Тиймээс 2014 онд Монголын анхны үнэлгээний шилдэг компани болжээ. Түүнээс гадна Монголын мэргэшсэн үнэлгээчдийн институтээс зохион байгуулсан “Үл хөдлөх эд хөрөнгө болон биет бус хөрөнгийн үнэлгээний аргачлал” шалгаруулалтад нэгдүгээр байрт орж, үнэлгээний хамгийн шилдэг аргачлал боловсруулсан компани болж байв.
Компанийнхаа хөгжлийн явцад аливаа үнэлгээг хийхдээ хөрөнгөд бус хүнд төвлөрөх хэрэгтэй гэдгийг ойлгосон.
Мөн тус компани хөрөнгийн үнэлгээний чиглэлд судалгаа, шинжилгээний тодорхой бааз суурь бүрдүүлж, арга зүйн зарим хэрэгслийг практикт нэвтрүүлсэн. Тухайлбал, 2004 онд КТМС -ийн багш нараар үнэлгээний программ бүтээлгэж, үүнийгээ 2010 оныг хүртэл дотоод сүлжээнд ашиглаж байгаад мэргэшсэн үнэлгээчин Ч.Манлайбаатарын хүч хөдөлмөрөөр онлайн сүлжээнд ажилладаг программ болгон өргөтгөжээ. Ингэснээр 2011 оноос хойш бүх тээврийн хэрэгслийн зах зээлийн үнэ, сэлбэгийн үнийн мэдээлэл хуримтлагдах болж, цар хүрээгээрээ банкнууд болон иргэний бүртгэлийн дараа орох том мэдээллийн сан бүрджээ. Өнөөдөр сэлбэг хэрэгслийн худалдаачид зах зээлд үнэ тогтоохдоо энэ мэдээллийн сангийн өгөгдөлд үндэслэж байна.
Бизнесийн үнэлгээ ба баялгийн шударга хуваарилалт
Манай улсад өмч хувьчлал, компаниуд олон нийтийн болох үйл явц одоо ч үргэлжилсээр байгаа бөгөөд хөрөнгийн захын хөгжил улам тэлж байна. 2004 онд өмч хувьчлалын түүхэнд нэгэн чухал үйл явдал болсон нь Хаан Банкийг олон улсын тендер зарлан хувьчилсан явдал байв. Энэ нь Монголд бизнесийн үнэлгээ хөгжиж эхэлсэн үетэй давхацсан бөгөөд тэр үед Хаан банкны бизнесийн үнэлгээг хийж хувьчлалын үнийг тогтоох чухал ажлыг “Итгэлт-Эстимэйт” компани гүйцэтгэж байжээ.
“Итгэлт-Эстимэйт” ХХК нь нь Монос хүнс ХК, “Түмэн шувуут” ХК хөрөнгийн зах зээлд IPO гаргахад эдгээр компанийн бизнесийн үнэлгээг хийж тухайн үнэлгээнд тулгуурлан олон нийтэд хувьцаагаа санал болгосон юм.
Дараа нь 2019 оны эхний улиралд Монголын хөрөнгийн зах зээлд төдийгүй манай улсын зах зээлийн түүхэнд хоёр чухал үйл явдал болсон. Нэг нь анхны эрүүл мэндийн салбарын IPO хийсэн “Монос хүнс” ХК, нөгөө нь өндөгний зах зээлийн үндэсний үйлдвэрлэгч “Түмэн шувуут” ХК хөрөнгийн зах зээлд орж ирсэн. “Итгэлт-Эстимэйт” ХХК нь эдгээр компанийн бизнесийн үнэлгээг хийж, тухайн үнэлгээнд тулгуурлан олон нийтэд хувьцаагаа санал болгосон юм. Хоёр компани төлөвлөснөөс илүү хөрөнгө татан төвлөрүүлсэн бөгөөд Монголын хамгийн сайн кейсүүд бүхий IPO болсон тухай Э.Ганчимэг ярилаа.
Энэ үйл явдал нь хэрэглэгчийн хувиар зах зээлд оролцдог байсан Монголын ард түмэн үндэсний үйлдвэрлэгч компаниудынхаа ирээдүйд итгэж хөрөнгө оруулдаг түүхэн үеийн эхлэлийг тавьжээ. Эдийн засагчид хөрөнгийн зах зээлээр дамжуулж баялаг хуваарилах нь тэгш бус байдлыг бууруулах арга замуудын нэг гэж үздэг. Тиймээс ч энэ жагсаалт махны чиглэлийн “Монбийф” ХК, “Улаанбаатар гурил” ХХК гэх мэт үндэсний томоохон компаниудын нэрсээр үргэлжилнэ.
Байгаль орчны “үнэлэгдсэн” үнэлгээчид
Монгол Улс Үндсэн хуульдаа иргэн бүр “Эрүүл, аюулгүй орчинд амьдрах, орчны бохирдол, байгалийн тэнцэл алдагдахаас хамгаалуулах эрхтэй” гэж тунхагласан. Дэлхий даяар уур амьсгалын өөрчлөлт, тогтвортой өөрчлөлтийн үзэл санаа дэлгэрсэн өнөө цагт дээрх заалт болоод байгальд ээлтэй байх хандлага нь бидний амьдралын хэв маяг байх ёстой болжээ. Ялангуяа бизнест “ногоон” байх нь зүгээр нэг лоозон, маркетингийн хэрэгсэл бус тухайн бизнесийн загвар нь болж байна. Харин байгальд ээлтэй байх тэр хэмжүүрийг тогтоодог нь “Байгаль орчны үнэлгээ” хэмээх баримт бичиг юм.
2016 онд байгаль орчны үнэлгээний “Итгэлт төгөл” компани байгуулагдаж, байгаль орчны нарийвчилсан үнэлгээ хийж эхэлжээ. Ямар нэгэн төсөл, хөтөлбөр эхлэхэд газрын хэвлий болон байгалийн нөөцийг ашиглаж л байгаа бол байгаль орчны үнэлгээг заавал хийлгэдэг. Ийм үнэлгээний зорилго нь төслийн үйл ажиллагааны улмаас байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөллийг үнэлэх, түүнийг бууруулах арга хэмжээг төлөвлөн тайлан боловсруулж холбогдох байгууллагаар батлуулдаг.
Байгаль орчны үнэлгээний тайлан нь дор хаяж таван салбарын мэргэжилтнүүд хамтран ажиллаж, маш их хөдөлмөр зарцуулж байж бүтдэг, тун ярвигтай багийн тоглолт юм. Тухайлбал, байгаль орчин, уул уурхай, эрчим хүч, нийгэм, эрүүл мэнд гэх мэт олон салбарын мэргэжилтэн судлаачдын дүгнэлт гарч байж тайлан бий болдог.
“Итгэлт төгөл” ХХК нь аж ахуйн нэгжүүд байгальд ээлтэй үйл ажиллагаа эрхлэх, тэдний үйл ажиллагааны зардлыг бууруулах зорилгоор байгаль орчны үнэлгээ, зөвлөх үйлчилгээг үзүүлдэг. “Ингэхдээ бид оюуны өмчийг дээдэлж, эрдэмтэн судлаачдын судалгааны ажлыг тайландаа тусгахдаа зохих зөвшөөрлийг авч оруулдаг юм. Энэ нь оюуны өмчийн хулгайгаас сэргийлж, мэргэшсэн зөвлөх үйлчилгээний үнэ цэнийг нэмэгдүүлдэг” гэж Э.Ганчимэг захирал онцлон хэллээ.
Байгаль орчны үнэлгээний нэгэн том ач холбогдол нь тухайн компанид болон төсөлд хөрөнгө оруулалт татах том үүд хаалгыг нээдэг. Тухайлбал, байгаль орчны үнэлгээ, зөвлөх үйлчилгээ авснаараа төсөл хэрэгжүүлэгч нь байгаль орчинд ээлтэй, эрчим хүчний хэмнэлттэй, хаягдалгүй үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгч гэсэн статустай болж, дотоод, гадаадын банк, санхүүгийн байгууллага болон олон улсын донор байгууллагаас зээл тусламж, санхүүжилт татах үндсэн нөхцөл болдог байна. Нэг үгээр, энэ үнэлгээг сайн авч чадсан бизнес хөрөнгө оруулалт болоод нэр хүндийн том капитал хуримтлуулдаг.
“Итгэлт төгөл” ХХК нь олон арван төсөл, хөтөлбөр дээр байгаль орчны төрөл бүрийн үнэлгээ хийсний дотор кэйс болохуйц хэд хэдэн тайлан байдаг. Тухайлбал, 2020 онд хийсэн “Хоёрдогч түүхий эд буюу автомашины аккумлятор дахин боловсруулах үйлдвэр”-ийн байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээ нь энэ чиглэлд хийгдсэн маш ховор баримт бичиг байсныг холбогдох яамны удирдлагаас хожим олж мэдсэнээ Э.Ганчимэг захирал ярилаа. Энэ нь автомашины аккумляторыг орчин үеийн технологиор дахин боловсруулж, зах зээлийн эргэлтэд оруулах зорилготой дахин боловсруулах үйлдвэрийн салбарт жишиг болсон төсөл байв.
Үндсэн түүхий эд нь аюултай хог хаягдлын жагсаалтад багтдаг, хоногт 700 кг, жилд 253 мянга орчим кг хар тугалга үйлдвэрлэх хүчин чадалтай тус үйлдвэрийн агаарын чанарт, хөрсөнд, газрын доорх усанд, ургамлын нөмрөгт, амьтны аймагт үзүүлэх нөлөөг үнэлж, сөрөг нөлөөллийг бууруулах арга хэмжээ боловсруулахад ердийнхөөс илүү буюу 1.5 жил зарцуулжээ.
Мөн Улз голыг байнгын урсацтай болгох “Тээгийн шороон боомтын байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээ”-ний тайланг хийсэн нь “Итгэлт төгөл” ХХК-ийн мэргэжилтнүүдийн мэргэжлийн мэдлэг, ур чадвар, компанийн нэр хүндийг илтгэсэн чухал ажил байв. Учир нь энд Монгол Улсын нутаг дэвсгэрээс ОХУ-ны нутаг дэвсгэр рүү урсдаг хилийн усны асуудал хөндөгдөж, үнэлгээний тайлан нь ЮНЕСКО-гийн холбогдох байгууллагаар баталгааждаг байна.
Үүнээс гадна “Петрочайна дачин тамсаг” – “Шинь Шинь” ХХК-ийн “Хог хаягдлын менежмент”-ийн төлөвлөгөөг боловсруулсан, Алтайн хүдэр ХХК-ийн “Таяннуур Бургастайн боомтын 168 орчим км цемент бетон хучилттай зам” төслийг хэрэгжүүлэх явцад байгаль орчинд хохирол учруулсан эсэхэд дүгнэлт хийсэн гэх мэтээр тус компанийн чанартай гүйцэтгэсэн төслүүдийн урт жагсаалт гаргаж болохоор байна.
Монгол хүний үнэ цэний төлөө
Э.Ганчимэг үнэлгээний салбарын тэргүүлэгч компанийг удирдаж буйн хувьд өнөөдөр бизнесийнхээ хөгжлийн хамгийн чухал мөчид ирээд байна. Тодруулбал, тэд монгол хүний үнэ цэнийг буюу амь нас, эрүүл мэнд, сэтгэл санааны хохирлыг олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн шинжлэх ухааны үндэстэй аргачлалаар үнэлэх том санаачилгыг манлайлж байна. Энэ нь “Итгэлт Санхүүгийн Групп”-ийн үүсгэн байгуулагч Ө.Эрдэнэбаяр агсны эхлүүлж, охиндоо өвлүүлж үлдээсэн хамгийн чухал үйл хэрэг юм.
Ямар нэгэн осол, зөрчил гарахад эд хөрөнгөд учирсан хохирлыг үнэлж нөхөн төлүүлдэг ч хүний эрүүл мэнд, амь настай холбоотой хохирол үүсэхэд тухайн хүн эрүүл мэндийн байгууллагаар үйлчлүүлсэн баримтаа сайтар цуглуулж байж хэдэн төгрөг олж авдаг явдал өнөөг хүртэл бараг хэвээр байна. Нэг үгээр, “хүнийг үнэгүйдүүлдэг” ийм тогтолцоог халахын тулд “Итгэлт Санхүүгийн Групп” 2014 оноос энэ чиглэлд олон төрлийн ажил эхлүүлээд байна. Тухайлбал, БНСУ-ын хохирол үнэлгээчидтэй хамтын ажиллагаа эхлүүлж, хүний амь нас, эрүүл мэндийг үнэлэх хэд хэдэн удаагийн сургалт авч, туршлага солилцжээ.
Монгол Улсын хэмжээнд гэвэл 2015 оноос хүний амь нас, сэтгэл санаа, эрүүл мэндийн хохирлыг үнэлдэг болсон гэж үздэг.
Түүнээс хойш өнөөг хүртэл 41 иргэнд учирсан амь нас, сэтгэл санаа, эрүүл мэндийн гэм хорыг үнэлсэн практик байдаг. Харин “Итгэлт-Эстимэйт” ХХК 2017 оноос энэ төрлийн үнэлгээг хийж эхэлсэн. Ихэнхдээ шүүхийн маргаан шийдвэрлэх зорилгоор хүмүүс хийлгэж байсан бөгөөд олонх шүүгч ийм үнэлгээг ашиглах боломжгүй гэж үздэг. Зарим нь үнэлгээнд тулгуурлан шийдвэр гаргахад тодорхой хуулийн заалт байхгүй байгаа нь хүндрэлтэй гэж ярьдаг. Энэ мэт шалтгаанаас үүдэн дээр дурдсан 41 иргэнээс зөвхөн нэг хүн шүүх дээр ялалт байгуулж, хохирлоо бүрэн барагдуулсан тохиолдол байгаа нь 2022 онд Э.Ганчимэгийн багийнхны гүйцэтгэсэн хохирлын үнэлгээ юм. Энэ нь гурилын үйлдвэрийн ажилтны нурууны ясны гэмтэлтэй холбоотой хохирлыг үнэлж, дээд шүүхээс 83 сая төгрөгийн нөхөн төлбөр төлүүлэх шийдвэр гаргуулсан анхны бөгөөд цорын ганц кэйс юм.
“Бид компанийнхаа хөгжлийн явцад аливаа үнэлгээг хийхдээ хөрөнгөд бус хүнд төвлөрөх хэрэгтэй гэдгийг ойлгосон” хэмээн Э.Ганчимэг онцоллоо. Тиймээс түүний аав хүний амь нас, эрүүл мэнд, сэтгэл санааны хохирлыг мөнгөн хэлбэрт оруулан үнэлэхэд тулгамдаж буй эрх зүйн орчныг сайжруулахын тулд олон ажил санаачилсны нэг нь ийм төрлийн үнэлгээний аргачлалыг олон улсын жишигт нийцүүлэн боловсруулсан явдал юм.
“Итгэлт-Эстимэйт” ХХК нь монгол хүний үнэ цэнийг буюу амь нас, эрүүл мэнд, сэтгэл санааны хохирлыг олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн шинжлэх ухааны үндэстэй аргачлалаар үнэлэх том санаачилгыг манлайлж байна.
Хүний амь нас, эрүүл мэнд, сэтгэл санааны хохирлыг үнэлэхэд гурван хүчин зүйл нөлөөлдөг. Нэгдүгээрт, эмчилгээнд шаардагдах болон хойшид гарах зардал, хоёрдугаарт, алдагдсан боломж буюу эрүүл мэндийн асуудлаас шалтгаалан тухайн хүн цаашид хэвийн ажиллах боломжгүй болж, насан туршдаа хөдөлмөрийн чадвар дутуу болох, гуравдугаарт, сэтгэл санааны хохирол юм. Ийм зарчмаар үнэлдэг болбол санамсаргүй нэг тохиолдлоос болж хэсэг бүлэг хүний амьдрал доройтдог байдал багасаж, нийгэмд хүний төлөөх хариуцлагын мэдрэмж бэхжиж, бүх л салбарт хөдөлмөр хамгааллын тогтолцоо сайжрах юм.
Олон улсад хүний амь насны суурь үнийг нэг хүнд ногдох ДНБ-тэй харьцуулан тогтоосон байдаг. Жишээ нь, АНУ-д муж бүрт харилцан адилгүй үнэлдэг бөгөөд хамгийн багадаа 25 мянган ам.доллар, хамгийн ихдээ 450 мянган ам.доллароор хүний амь насыг үнэлдэг. Харин манай улсад хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 200 дахин нэмэгдүүлсэн буюу 104 сая орчим төгрөгөөр хүний амь насны суурь үнийг тогтоожээ.
“Итгэлт Санхүүгийн Групп”-ийн эрхэм зорилгын нэг хэсэг нь монгол хүний үнэ цэнийг дээдлэх, өсгөх гэдгийг Э.Ганчимэг захирал хэлж байв.Үүнийхээ хүрээнд тэр амь нас, эрүүл мэнд, сэтгэл санаагаараа хохирсон хүмүүст туслахын тулд аавынхаа нэрэмжит “Эрдэнэт хүн сан”-г байгуулжээ. Мөн “Хүний амь нас, сэтгэл санааны хохирлын үнэлгээ” гэсэн сэдэвт эрдэм шинжилгээний бага хурал хийж, Төрийн ордонд хэлэлцүүлэг зохион байгуулжээ. “Энэ бүхний үндсэн зорилго нь энэ сэдвийг нийгэмд ойлгуулж, хохирлын тухай хуультай болоход оршино” гэж Э.Ганчимэг онцлон ярилаа.
Итгэл өвөрлөсөн захирал
Эдүгээ аавынх нь анх сургаж бэлдсэн, Э.Ганчимэгийн дэмжин хөгжүүлж буй чадварлаг, мэргэжлийн захирлууд, менежерүүд, үнэлгээчид “Итгэлт Санхүүгийн Групп” гэх том айлын хөгжлийн гол хүч нь болж байна. Э.Ганчимэг өөрөө группийг удирдахаас гадна нийгэмд татварын мэргэшсэн зөвлөх үйлчилгээг хөгжүүлэх, хэвшүүлэхийн төлөө ажилладаг. Тодруулбал, тухайн байгууллага татвараа зөв төлөвлөх, санамсаргүйгээр татварын зөрчил гаргахаас сэргийлэхэд нь харилцагч байгууллагууддаа тусалдаг байна.
Нөгөө талаар, Э.Ганчимэг өнөөдөр үнэлгээний салбарын хамгийн нэр хүндтэй, туршлагатай компанийг удирдаж байна. Анх аав нь түүнийг 2011 онд ОХУ-д нягтлан бодогч, анализ ба аудит мэргэжлээр төгсөөд ирэхэд нь 10 гаруй ажилтантай “Итгэлт такс ТМЗ” компанийг үүсгэн байгуулж өгсөн байна. Хэдийгээр тэр үедээ дурамжхан хүлээж авсан ч өнөөдөр эргээд харахад нийгэмдээ том үнэ цэн бүтээх үйл хэргийг өвлүүлж байжээ. Өөрөөр хэлбэл, Э.Ганчимэг хөрөнгийн үнэлгээ, байгаль орчны үнэлгээ, хүний эрүүл мэнд, амь насны үнэлгээ болон татварын мэргэшсэн зөвлөгөө, аудит, нягтлан бодох гэх мэтчилэн олон салбар, чиглэлд ажилладаг группийн үйл ажиллагаа удирдаж буйгаараа улс орон болон нийт хамт олон, харилцагчдынхаа өмнө үнэлгээгээр илэрхийлэгдэх “ИТГЭЛ”-ийг өвлөн авчээ.