Н.Батчимэг нь хуульч мэргэжилтэй, тэр дундаа байгууллагын хууль, гэрээний хуулиар дагнаж ажиллаж байсан. Тэр бээр сүүлийн арван жил иогоор хичээллэж, АНУ-д хүүхдийн иог болон эмчилгээний иогийн заах аргазүйгээр мэргэшин суралцсан байна.
Та хуульч мэргэжилтэй цаашлаад өмгөөлөгч, байгууллагын хуулиар амжилттай өсөж хөгжиж байхдаа иог руу хөрвөж, одоо энэ чиглэлээрээ бусадтай мэдлэгээ хуваалцаж амьдарч байна. Юу таныг ийшээ хөтөлсөн юм бэ?
Аливаа зүйлс заавал нэг том зорилгоос эхлэх албагүй. Өөртөө анхаарч, жаахан цаг зарцуулах замаар зөв дадал олж авъя гэж иогоор хичээллэж эхэлсэн ч, нэг л мэдэхэд арван жил өнгөрч энэ миний амьдралын хэв маяг болчхож. Бусадтай хуваалцах хэмжээний багахан туршлагатай болсон ч үргэлжлүүлэн суралцсаар байна. Хүний мөн чанар ерөөсөө л сайн сайхан руу тэмүүлэх байдаг. Муу, муухай амьдрах хүсэлтэй хүн гэж байхгүй шүү дээ. Гэтэл тэр хүсэж тэмүүлээд байгаа сайн бөгөөд сайхан гэдэг нь яг юу юм бэ гэдэгт хариулт олсон салбар бол энэ “Well-being” тодруулбал, иог, бясалгал юм.
Иог, бясалгал, алхалт, гүйлт, авиралт гэх мэт өөрийгөө сонсох ойлгох арга замууд олон хүний амьдралын хэв маяг болж байгаа нь нүдэнд илт харагдаж байна. Ингэж хурдацтай хүч түрж байгаагийн цаана хүмүүсийн ямар асуудал буглаж, оршиж байна вэ?
Дээр дурдсанчлан нөгөө л сайн сайханд тэмүүлэх мөн чанараас эхлэлтэй гэж харж байна. Өөртөө таалагдахуйц хүн байя гэж. Нөгөө талаас эрүүл мэнд бол амжилтын суурь юм гэдгийг ухамсарласан хүмүүс спортын олон төрөл, дасгал хөдөлгөөнд цагаа зарцуулж, тэдгээрээс өөрийн амьдралын хэв маяг, биеийн онцлог, энергийн түвшиндээ тохируулан сонголтоо хийдэг. Дэлхий нийтийн чиг хандлага болоод байгаа нь хүмүүс өөрийн бие сэтгэлийг ойлгох хэрэгцээ нэмэгдсэнээс үүдэлтэй болов уу. Хэт их эмх замбараагүй мэдээлэл , байгаль дэлхийгээс улам холдож унаган мөн чанараасаа алсраад ирэхээр бие мах бодийн гэхээсээ илүүтэй сэтгэл ба сэтгэцийн өөрчлөлтөд хөтөлсөн өвчлөлд илүү өртөж байгаа.
Дэлхий даяар байгууллагууд хүмүүсийнхээ бие сэтгэцийн эрүүл мэндийн байдалд хүчтэй анхаарч байгаа учраас #wellbeing гэдэг салбар хүч түрж байна. Жил тутмын урьдчилсан оношилгооноос гадна байгууллагууд сэтгэлзүйн эрүүл мэндийг сахихад тогтмол юу хийх хэрэгтэй вэ. Үүнд удирдлагууд ямар үүрэг гүйцэтгэвэл зохилтой вэ?
Судалгаанаас харахад хүнийхээ эрүүл мэндэд анхаарсан байгууллагууд илүү амжилттайгаар дунд ба урт хугацаанд тэлж өсөж байна. Эрүүл мэнд гэдэг нь орчин үед бие ба сэтгэл зүйн эрүүл мэнд гэсэн хоёр хэсгээс бүрдэхийн сацуу дан ганц бие махбодийн өвчлөлийг шинжилгээ болон урьдчилан сэргийлэх үзлэг төдийхнөөр аргацаах нь хангалтгүй болоод байгаа юм. Учир нь тэдгээрээр илрэхгүй өвчний цаад учир, урхаг нь сэтгэл ба сэтгэцэд нь оршоод байна. Нийгэм, ажил, гэр бүлийн стрессийг нарийвчилбал, хором тутамдаа нүүр тулж буй асуудлуудыг хэрхэн давах аргаа мэдэхгүй хүн эхлээд өөртөө, гэр бүлдээ дараа нь хамт олон, нийгэмдээ хортой зан авир халдаан амьдарч байдаг. Өөрөөр хэлбэл, өвчтэй хүн болсон байдаг.
Байгууллага гэдэг чинь хүмүүс хоорондын л харилцаа, тэр харилцаа хортой болоод ирвэл хохиролтой байх нь мэдээж. Удирдлагууд зардал гарна гэдэг өнцгөөс харж, гар татвал илүү хохирол амсана. Хамгийн чухал нь эрүүл байх, бараг зардалгүй энгийн аргуудаас удирдлагууд өөрсдөө суралцаж нөлөөлөх хэрэгтэй. Байгууллагуудын хүрээнд хийсэн сургалтаас харахад тоо баримт хий хоосон үгсээр дүүрэн нүүрүүд харуулж, залхтал ярьж өгөх биш өөрсдөө хийж бас оролцуулан хийлгэх нь илүү бодит үр дүнг бий болгож байсан нь ажиглагдсан.
Өсвөр насны хоёр хүүхэд тутмын нэг нь сэтгэл гутралтай гэж энэ онд хийсэн Оптимал Эн Макс байгууллагын судалгаа харуулж байна. Та зуны хөтөлбөрөөр хүүхдүүдэд хичээл заасан багшийн хувьд ямар асуудлуудыг олж харсан бэ?
Энэ сэдэв бол үнэхээр хүчтэй, анхаарал татсан асуудал болж байгаа. Хүүхдүүдийг ирээдүй гэх том зургаар харж, төр засаг бүх шатны боловсролын байгууллага арга хэмжээ авч эхлэхгүй бол оройтлоо гэдгийг эцэг эх багш нар хэлж байна. Үнэндээ, эцэг эх, багш юу хийхээ мэдэхгүй байна “Энэ хүүхдийн ааш зан олдохгүй юм, яасан юм бол” гэдэг асуулт гэр бүл бүрд байна. Яасныг нь мэдэх гэж учир аргаа олохгүй явсаар, цаашлаад хүүхэд тусламж авч чадахгүй байсаар сэтгэцийн өвчин рүү орчхож байгаа жишээ олон. Гэтэл дэлхий даяар хүчтэй институтууд энэ асуудлыг цаг алдалгүй барьж аваад, шалтгааныг нь онилж бүх шатанд арга хэмжээ аваад эхэлсэн.
Үнэндээ, эцэг эх, багш юу хийхээ мэдэхгүй байна “Энэ хүүхдийн ааш зан олдохгүй юм, яасан юм бол” гэдэг асуулт гэр бүл бүрд байна.
Бидэнд тулгарч л байдаг хөнгөн шийдчих асуудал хүүхдийн хувьд бие сэтгэлийн хувьд асар их дарамт үзүүлж байх нь бий. Том асуудал шиг санагдаж, улмаар даван туулж шийдэл олох нь бүр хэцүү санагдах нь хүүхдийн сэтгэхүйн онцлог байдаг. Жишээ нь, найзтайгаа муудалцаад, өнөө найз нь өөр хүүхдүүдтэй найзлах үед, ганцаардсандаа сургуульдаа ч явах хүсэлгүй болох, цаашлаад ганцаардлаа шийдэх гэж буруу алхам сонгох нь энүүхэнд. Гэтэл томчуудын хувьд энэ бол тийм ч том асуудал шиг санагдахгүй байж мэднэ. Энэ мэтчилэн хувь хүний хөгжил, насны онцлог, туршлагаас хамаарсан үе хоорондын ялгаатай сэтгэхүйн асуудлууд эцэг эх, хүүхдүүдэд гардаг. Хоорондоо энэ бүгдээс үүдэн үл ойлголцдог гэдгийг томчууд ойлгох хэрэгтэй байна.
Ингээд л өсвөр үеийнхэнд иогийн хичээл орох үед арван хүүхэд тутмын найм нь буруу амьсгалдаг. Иймээс сэтгэл санаагаар унасан үеэ хянаж чадахгүй явсаар сөрөг мэдрэмжүүддээ живчихдэг. Өдөр тутмын жижиг хүндрэлүүдийг даван туулахад зөв амьсгалдаг хүн бол мэдрэмжүүдээ ойлгох хянах, удирдан эерүүлэх боломжтой байдаг. Нэг төрлийн богинохон бясалгал л гэсэн үг. Нөгөө талаас арван хүүхэд тутмын тав нь биеийн хөгжил дорой эсвэл буруу байна. Жишээ нь дэлгэцийн хамаарал, олон цагийн суултаас үүдэн нурууны хазайлт, мурийлттай байх нь түгээмэл болж байна. Үүнийг идэвхтэй амьдралын хэв маяг, өдөр тутмын дадлаар засаж болно. Эрүүл байхыг цаг мөнгө зарцуулж олж авдаг юм шиг хүндрүүлж ойлгохоос илүүтэй энгийн дадлуудаараа олж авахад оршино гэдгийг ойлгох хэрэгтэй.