Сүүлийн үед Капитрон банк ямар чиглэлд илүү төвлөрч ажиллаж байна вэ?
Энэ онд манай банк стратеги зорилтын хүрээнд гурван зүйлд төвлөрч ажиллахаар төлөвлөж байна. Нэгдүгээрт, дижитал банкны үйлчилгээг илүү хүртээмжтэй болгоно. Cүүлийн жилүүдэд банк, санхүүгийн байгууллагууд санхүүгийн үйлчилгээг гар утсаараа авах дэд бүтэц, боломжуудыг бүрдүүлж байна. Шинэчлэгдсэн “Капитрон – Дижитал банк” нь харилцагчдын заавал салбарт ирж авдаг байсан үйлчилгээнүүдийг гар утаснаасаа авах боломжийг илүү хялбар болгож өгөхөөр зорьж байна. Дижиталаар цогц санхүүгийн үйлчилгээ үзүүлж эхэлснээр хэрэглэгчийн цагийг хэмнэхээс гадна, уламжлалт банкны үйл ажиллагаанд тулгардаг асуудлуудыг илүү хялбараар шийдэх бололцоог бий болгох юм.
Капитрон банкны хувьд зөвхөн харилцагчдад үзүүлэх үйлчилгээнээс гадна банкны бүх мэдээллийн урсгал, дотоод процесс, үйл ажиллагааг цахимжуулж, цаасгүй болгохыг зорьж ажиллаж байна. Мөн цаг алдалгүй технологи болон бодлогын шинэчлэлүүдийг хэрэгжүүлэхээр Дижитал шилжилтийн газрыг байгуулсан.
Энэ бол ирээдүйн чиг хандлага. Жишээлбэл, бизнесүүд инновацын шинэчлэлийг хангалттай хэрэгжүүлж чадаагүйгээс зах зээлд байр сууриа алдсан тод жишээг Финландын Нокиа болон Канадын Blackberry брэндүүд хэрхэн iPhone болон Samsung-д хэрэглэгчдээ алдсанаас харж болно. Ийнхүү технологи хурдацтай хөгжиж буй эринд инновацлаг байх нь өөрөө бизнесийн орчинд хэмнэл болчихсон нөхцөлд шаргуу ажиллаж, хурдан хугацаанд шинэ зүйлд дасан зохицоход компаниуд зайлшгүй суралцах хэрэгтэй байна.
Хоёрдугаарт, жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдийг дэмжинэ. ЖДҮ-ийг дэмжих нь манай улсын ирээдүйд ямар чухал ач холбогдолтойг Монголын эдийн засгийн төвлөрлөөс харж болно. Тухайлбал, ТОП-100 аж ахуйн нэгж орлогоороо ДНБ-ий 80 хувийг бүрдүүлдэг ч ажиллах хүчний 8-9 хувийг эзэлдэг ба үлдсэн 90 орчим хувийг бусад аж ахуйн нэгжүүдийн ажиллах хүч бүрдүүлж байна. Манай банк урт хугацаатай санхүүжилтийг гадаадын зах зээлээс татаж, эргээд дотоодын жижиг, дунд аж ахуйн нэгжүүддээ бага хүүтэй зээл олгохоос гадна бусад бодлогоор дэмжиж ажилладаг.
2022 онд Капитрон банк 27 тэрбум төгрөгийн ашигтай ажилласан нь банкны түүхэн дэх хамгийн өндөр үзүүлэлт болсон.
Гуравдугаарт, ногоон санхүүжилтийн стратегийг ерөнхий чиглэлдээ оруулсан. Монголын эдийн засагт гадаадын хөрөнгө оруулалт татах нэн чухал зэмсэг нь хог хаягдлыг багасгах, дулааны алдагдлыг бууруулах, цахилгаан хэмнэх гэх мэт байгальд ээлтэй төсөл хэрэгжүүлэх аж ахуйн нэгжүүдийг санхүүжүүлэх гарцыг гаргаж өгөх юм. Аж ахуйн нэгж бүр байгальд ээлтэй шийдлийг үйл ажиллагаандаа шингээх хэрэгтэй. Өнөөдөр манай нийслэлийн агаар, хөрсний бохирдол ямар түвшинд байгааг ямагт тооцоолон үзэж төсөл хөтөлбөрүүдийг боловсруулах шаардлагатай. Мөн манай эрчим хүчний систем хүн амын хэрэглээг хангаж чадахгүй байна. Эдийн засгийн инженерүүд нийслэлийн барилгууд, дулаан дамжуулах хоолойг эрчим хүчний алдагдалгүй болговол V цахилгаан станцыг барих хэмжээний эрчим хүчийг хэмнэнэ гэх судалгааг гаргасан байдаг. Капитрон банкны ногоон зээлийн бодлого нь дээрх асуудлуудыг шийдэж буй харилцагчид руу чиглэх болно.
Ногоон зээлийн бодлогын талаар тодруулбал яг ямар байдлаар хэрэгжүүлж байна вэ?
2022 оны гуравдугаар сард Засгийн газраас Ногоон хөгжлийн дээд хэмжээний форумыг зохион байгуулахаас өмнө бид ногоон бондын эх үүсвэр босгох ажлаа эхлүүлсэн байсан. Хэдийгээр бидний хувьд анхны бөгөөд их цаг хугацаа шаардсан ажил боловч эцсийн шатандаа явж байна. Мөн дэлхийн эдийн засгийн нөхцөл байдал, Opoc, Украины дайн, АНУ-ын Төв банк бодлогын хүүгээ өсгөсөн болон бусад нөхцөл байдлын улмаас жил хагасын өмнө хийсэн тооцоолол өөрчлөгдөж хугацаа хойшилсон. Бид ногоон бонд босгоод Сингапурын Хөрөнгийн бирж дээр 30 сая хүртэлх ам.доллар босгох ёстой ба эхний ээлжид 10 сая ам.долларыг босгоод байна. Дахин таван сая ам.доллар босгохын тулд манай банкны барьж буй стратегийн бодлого, удирдлагуудын туршлага болон засаглалын тогтолцоо, санхүүгийн тайлан мэдээллүүдэд дүн шинжилгээ хийгээд гэрээнд гарын үсэг зурах буюу эцсийн шатандаа явж байна. Мөн бид Нидерландын PCAF буюу Нүүрстөрөгчийн нягтлан бодох бүртгэлийн санхүүгийн түншлэлд Монгол Улсаас гишүүнээр элссэн нь ногоон зээлд тавигддаг олон улсын шаардлагыг бодлого журамдаа тусгах хөшүүрэг болсон. Ийнхүү зээлийн тооцоо, судалгааг өөрсдөө хийхээс илүү мэргэжилтнүүдтэй хамтарч ажиллах байдлаар ногоон зээлийн бодлогоо боловсронгуй болгон олон улсын шаардлагад нийцэх ногоон зээлийн бодлоготой болсноор гадаадын байгууллагуудаас санхүүжилт татахад улам дөхөм болох юм.
Өнгөрсөн онд Капитрон банкны ашигт ажиллагаа өссөн үзүүлэлттэй гарсан байсан. Үүний гол хөшүүрэг юу байна вэ?
2022 онд Капитрон банк 27 тэрбум төгрөгийн ашигтай ажилласан нь банкны түүхэнд хамгийн өндөр ашигтай ажилласан жил болсон. Олон улсад болон дотоодод эдийн засгийн нөхцөл хүнд байсан ч бид хүндрэлтэй зээлүүдийнхээ асуудлыг оновчтой төлөвлөж чадсан. Өөрөөр хэлбэл, өнгөрсөн хугацаанд тодорхой хүндрэлд ороод байсан зээлүүдээ төлүүлж чадсанаас гадна бусад зээлийн багцыг оновчтой бүрдүүлснээр хамтран ажиллаж буй аж ахуйн нэгжүүд зээлийн хүүг цаг тухайд нь төлж байна. Мөн эрсдэлийг тооцох санхүүгийн хэрэгслүүдийг сайтар ашиглан арилжаануудыг хийсэн ба Монгол банк дэлхийн зах зээлийн ханшаас таван хувиар өндөр үнээр алт худалдан авч байсан нь ашигт ажиллагаанд нөлөөлсөн. Орос, Украины дайн эхэлсэнтэй холбоотой төлбөр тооцооны асуудал хүндрэлтэй болсон ч гадаадын корреспондент банкнуудтайгаа нягт хамтран ажиллаж рублийн болон ам.долларын гуйвуулга, төлбөр тооцоог саадгүй хийж чадсан нь манай банкны харилцагчид бидэнд итгэх бас нэг үндэслэл болсон. Цааш дурдвал цахим үйлчилгээ, ПОС-ын орлого, картын үйлчилгээ гэх мэт олон хүчин зүйл банкны ашигт ажиллагаанд нөлөөлсөн.
Капитрон банкны саяхан хийсэн стратегийн шинэчлэлийн гол үр дүн гэвэл юуг онцлох вэ?
2021 онд батлагдсан Банкны тухай хуулиар Монголын хөрөнгийн биржид “Хязгаарлагдмал хувьцаат компани”-аас “Хувьцаат компани” болж бүртгэгдсэнээр хууль эрх зүйн орчин өөрчлөгдсөн. Банк бол Монголбанкны хараа хяналтан дор ажиллаж, холбогдох журмыг бүрэн хэрэгжүүлж ажилладаг, англиар бол heavily regulated байгууллага юм.
Капитрон банк бол Монголын зургаа дахь том банк. Цаашдын өсөлт хөгжлийг бий болгохын тулд бид стратегийн шинэчлэлийг 2022 онд дахин баталсан учир ажилтнууд болон хамтрагч байгууллагууддаа мэдээ мэдээллийг түргэн шуурхай, тодорхой хүргэх үүднээс олон ажил зохион байгуулж байна. Бидний стратегийн үндсэн чиглэлүүд маань “Дижитал шилжилт”, “Хамтын ажиллагаа”, “Тогтвортой хөгжил”, “Харилцагчийн замналд суурилсан бүтээгдэхүүн, үйлчилгээ” ба эдгээр үндсэн чиглэл маань өөр хоорондоо мөн нягт уялдаатай юм. Үүнээс гадна, онцолж хэлэхэд, манайд итгэж хамтарч ажилладаг, хадгаламжаа байршуулдаг харилцагчдын итгэлийг хариуцлагатайгаар үүрч, тэдэнд өгсөн амлалтаа биелүүлж ажиллах нь бидний хамгийн том зорилго. Харилцагчдын итгэлийг даахаас гадна бид ажилтнуудынхаа итгэлийг даасан, шилдэг олгогч болохыг зорьж байна. Саяхан бид ажилтнуудынхаа цалинг 33 хүртэлх хувиар нэмлээ. Ажилтнуудынхаа нийгмийн байдалд анхаарч, орон сууцны зээлд хамруулахын тулд хөнгөлөлттэй зээлүүдийг нэмэгдүүлсэн нь бидний үндсэн стратегитай нийцэж буй бөгөөд алсдаа амьдралын баталгаатай чадварлаг хүний нөөц бүрдүүлэхийг зорьж байна.
Капитрон банкны харилцагчдын хамрах хүрээ одоо ямар болсон бэ?
Бид 10 мянга орчим зээлдэгч, 160 мянга гаруй харилцагч, хадгаламж эзэмшигч, нийт банканд бүртгэлтэй 185 мянга орчим харилцагчид үйлчилгээ үзүүлж байна. Сүүлийн зургаан жилийн банкны статистикийг харвал, 2016 онд банкны актив 200 гаруй тэрбум байснаас 2022 онд 1.97 их наяд төгрөг болж өссөн. Өөрөөр хэлбэл, банкны актив найм дахин өссөн. ЖДҮ болон том аж ахуйн нэгж байгууллагуудад зээлийн багцуудыг жигд олгох стратеги баримталснаар уг өсөлтийг үзүүлсэн.
Танай банк гаднын санхүүгийн байгууллагуудаас ямар санхүүжилтүүд татсан бэ?
“Frontera Capital Group Limited” олон улсын санхүүгийн байгууллагаас өртөг багатай төгрөгийн эх үүсвэрийг амжилттай татаад зогсохгүй бусад олон улсын санхүүгийн байгууллагуудтай хамтарч ажиллан ам.долларын эх үүсвэрүүдийг татсан. Гадаадын банкнуудын худалдааны санхүүжилтийн зээлийн шугамуудыг ашиглан харилцагчдадаа уян хатан зээл олгон ажиллаж байна. Олон улсын хамтын ажиллагаагаа илүү өргөжүүлэх зорилгоор манай банкны төлөөлөл, удирдлагууд саяхан Тайланд улсад зохиогдсон Азийн орнуудын санхүүгийн байгууллагуудын уулзалтуудад банкаа төлөөлөн оролцсоноор цаашдын хамтын ажиллагааны олон боломжуудыг нээсэн. Ийнхүү гаднын байгууллагуудаас татах эх үүсвэрээ улам нэмэгдүүлнэ гэсэн хүлээлттэй байгаа. Хамтын ажиллагааны хүрээ улам тэлж байгаа ч гэсэн дотоодын улс төр, эдийн засгийн тодорхойгүй байдал нь зарим хөрөнгө оруулалтын шийдвэр гарахад саад болж болзошгүй байна.
Харилцагчдын санхүүгийн боловсрол, хариуцлагын мэдрэмжийг дээшлүүлэх тухайд ямар бодолтой явдаг вэ?
Зээлийн үр ашигтай байдалд нөлөөлдөг гол хүчин зүйлсийн нэг нь зээлдэгчийн санхүүгийн боловсрол юм. Харилцагчдын санхүүгийн боловсролыг дээшлүүлэхийн тулд бид мэргэжлийн холбоо, байгууллагуудтай хамтарсаар ирсэн. Зарим жижиг, дунд бизнес эрхлэгчид толгой дотроо бүх зүйлээ хадгалаад байхаас цаасан дээр систем, процесс болгож бизнесээ буулгадаггүй тул бизнесийн талаарх тооцоо, судалгааг гадна, дотнын хөрөнгө оруулагчдад үзүүлж дүн шинжилгээ хийх бололцоо бага байдаг.
Нөгөө талаар, зээл авч буй бол өндөр хариуцлагатай байх ёстой. Зээл аваад банканд мэдэгдэлгүй машин авдаг, эсвэл бизнес нь жаахан тогтвортой болмогц үр ашиггүй тансаг хэрэглээний зарцуулалтаа нэмэх зэргээр санхүүгийн сахилга бат, хариуцлага нь алдагддаг тохиолдол цөөнгүй. Мөн бизнесээ өргөжүүлэхээр гаднаас эх үүсвэр болгон зээл аваад бизнестээ биш хувьдаа хэрэглээд эргэлтийн хөрөнгөгүй болдог сөрөг жишээнүүд бий. Түүнчлэн санхүүгийн тайлан мэдээллийг байгууллагын биш хувийн нэр, данс дээр хийх нь маш их хүндрэл учруулдаг. Алсыг харж, бизнесээ өргөжүүлье гэж бодож байгаа бол санхүүгийн сахилга бат зайлшгүй байх ёстой. Тиймээс бид бизнес эрхлэх тодорхой түвшний мэдлэгтэй, бэлтгэгдсэн зээлдэгч нартай харилцахыг илүүд үздэг. Уг ажлын хүрээнд 2022 оны сүүлчээр Нийслэлийн жижиг, дунд үйлдвэрлэлийн газартай хамтран ажиллах гэрээ байгуулснаар олон улсын санхүүжилттэйгээр бизнес эрхлэгчдэд сургалт хийн Капитрон банкаар дамжуулан сургалтын сертификат авсан хүмүүстээ зээл олгож байна.
Инновацлаг байх нь өөрөө бизнесийн орчинд хэмнэл болчихсон нөхцөлд шаргуу ажиллаж, хурдан хугацаанд шинэ зүйлд дасан зохицоход компаниуд зайлшгүй суралцах хэрэгтэй байна.
Зээл олгохдоо дээрх маягаар тодорхой сургалтын платформуудтай хамтран ажиллах нь харилцагчийг таних, судлахад их зардал, цаг хугацаа хэмнэдэг. Мөн банк дэргэдээ инкубатор төв ажиллуулахгүйгээр найдвартай зээлдэгч олж, чанаргүй зээлийн хэмжээг бууруулахад тусалдаг.
Нэмж хэлэхэд, бид Азийн хөгжлийн банкны санхүүжилттэй, Зээлийн батлан даалтын сантай хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурсан. Зээлийн батлан даалтын сан нь орон сууц худалдан авах хүсэлтэй боловч урьдчилгаа төлбөрийн дутагдалтай иргэдэд 60 хувь хүртэлх дүнд батлан даалтыг гаргах боломжтой болсноор Капитрон банкны ипотекийн зургаан хувийн хүүтэй зээлийг авах боломж нээгдэж байна.
Одоо таны талаар асуумаар байна. Энэ салбартай анх холбогдсон түүхээ бидэнтэй хуваалцана уу?
2002 онд Санхүү, эдийн засгийн дээд сургуульд банк, санхүүгийн ангийг сонгон суралцсан ба энэ салбарт ажиллахад найз нөхөд, багш эрдэмтэд гээд олон хүн нөлөөлсөн. Онцгойлон дурдвал МУИС-ийг улаан дипломтой төгсөөд СЭЗДС-д Эдийн засгийн онол гэдэг хичээл зааж байсан П.Авралт-Од багш маань надад мэргэжлийн хувьд төлөвшихөд чухал нөлөө үзүүлсэн. Их сургуулиа төгсөөд ажлын гараагаа 2006 онд Улаанбаатар хотын банкнаас эхэлж, 2007-2016 онд Чингис хаан банканд ажилласан. 2016 онд Капитрон банканд бизнес хариуцсан дэд захирлаар ажиллаж эхлээд, 2021 оноос гүйцэтгэх захирлын албанд томилогдон ажиллах хугацаанд банкны салбарын олон туршлагатай удирдлагууд зөвлөж дэмжсээр ирсэнд ихэд талархдаг.
Гүйцэтгэх захирлын ажил амаргүй. Маш олон оролцогчийн дунд холбон тоглогч хийдэг. Тэгвэл таны хувьд ямар арга барилаар ажилладаг вэ?
Би хүмүүсээс төгс зүйл хүсдэггүй. Банк санхүүгийн байгууллага нь хууль, журмын хүрээнд чандлан ажилладаг учир уг орон зайдаа аль болох чөлөөтэй тоглохыг илүүд үздэг. Аливаа бүтээгдэхүүн, үйлчилгээг нэвтрүүлэхдээ шаардлагатай сайжруулалт, хөгжүүлэлтийг ямагт боловсруулдаг арга барилтай. Уг бүтээгдэхүүн манай харилцагч, үйлчлүүлэгчдэд нийцэж байгаа эсэхэд дүн шинжилгээ хийн хурдан хугацаанд өөрчилж, шинэчлээд явах нь чухал гэж үздэг.
Ажлын тань хамгийн таалагддаг зүйл юу вэ?
Банк, санхүүгийн байгууллага нь хүмүүсийн хадгаламжийг өсгөхийн сацуу санхүүгийн хэрэгцээ үүсээд буй хүмүүст дамжуулж өгдөг зуучлалын үйл ажиллагаа эрхэлдэг. Манай банкнаас зээл авсан хүмүүс, ажил олгогчид баялаг бүтээж байна. Жишээлбэл, манай зарим харилцагч Сэлэнгэ, Дархан, Эрдэнэтэд газар тариалан эрхэлдэг. Тэдний дундаас Монгол Улсын есөн удаагийн ургацын аварга болсон, нэг га талбайгаас 68 цн ургац хурааж авсан бизнес эрхлэгч байна. Бид харилцагчдад хэрэгцээт санхүүгийн үйлчилгээг хүргэж, тэд маань зөв зүйтэй ашиглаж, ажлын байраа нэмэгдүүлээд зогсохгүй бүтээмжээ сайжруулан шинэ технологи, инновац нэвтрүүлдэг. Энэ хүмүүсээр бид бахархдаг.
Монголын банкны системийн нийт актив 45.9 их наяд төгрөг бөгөөд эдийн засаг банкны системээс ихээхэн хамаарч байна. Эдийн засгийн гол хөдөлгүүр болж буй банкны салбарт ажилладаг бүх хүн Монгол Улсын эдийн засагт төдийгүй мянга мянган хүний ажлын байрыг хангахад өөр өөрийн хувь нэмрээ оруулж байгаа нь бидний бахархал юм.
Тодорхой төсөвтэй, хугацаатай ажил хийж байгаа бол түүнийгээ үр дүнтэй хаадаг, дүгнэдэг байх хэрэгтэй.
Та тухайн хүний ямар чанарыг нь илүүд үзэж ажилд авах шийдвэр гаргадаг вэ?
Ажилтан бүр харилцан адилгүй. Гол нь ажлаа хийж чаддагаас гадна хамт олны уур амьсгал, шинэ өөрчлөлтийг хурдан хүлээж авдаг байвал тун сайн. Мөн шинийг эрэлхийлэх эрмэлзэл чухал ч зарим тохиолдолд шинэ зүйл санаачлахаас илүүтэй урдах ажлаа сайн, хурдтай гүйцэтгэдэг байхад хангалттай. Тухайлбал, теллер цаг хугацаандаа хурдан шуурхай үйлчлэх ёстой бол Бизнес хөгжлийн газрын ажилтнууд шинийг санаачилж, бүтээлч байх хэрэгтэй. Эрсдэлийн удирдлагын багийнхан эрсдэлээс хамгаалах ажилд илүү төвлөрдөг гэх мэтчилэн багийнхны хийх ажил, хүлээх үүрэг өөр. Гагцхүү хувь хүний хандлага их чухал.
Капитрон банкны хүний нөөцийн стратегийн талаар багахан дэлгэрүүлбэл?
Ажилтнуудынхаа ажиллах орчин, цалин хөлс, орон сууцны зээлд хамрагдах боломжуудыг тодорхой болгоод, нөгөө талаас тавих шаардлагуудаа ойлгомжтой байлгахыг зорьдог. Ийнхүү тухайн хүний цаашдаа өсөн дэвжих процессыг тодорхой болгосноор, ажилтан өөрийгөө сэдэлжүүлээд явчихдаг.
Гэхдээ монголчуудад нэг онцлог бий. Бусад Азийн орныг харахаар банканд харьцангуй настай хүмүүс ажилладаг. Харин манай улсын хувьд залуу боловсон хүчинтэй, тэдгээр нь маш хурдан хугацаанд захирал болж тушаал дэвших хүсэл эрмэлзэлтэй байдаг. Би захирлын албанд томилогдох хүртлээ 10 гаруй жил эдийн засагчаас авхуулаад өөр түвшний албан тушаалуудад ажиллаж байсан хэдий ч тодорхойгүй нөхцөл байдалтай тулгарч байсан тул одоо ажилтнууддаа уг процессыг тодорхой болгохыг эрмэлздэг.
Энэ байгууллагад хоргодож ажиллах шалтгаан гэвэл та юу хэлэх вэ?
Бид салбартаа хамгийн хурдацтай өсөж яваа банк санхүүгийн байгууллага. Манай байгууллагад ажилд ороод өөрийн ур чадвар, мэдлэгээ нэмэгдүүлээд зогсохгүй туршлага хуримтлуулан нийгмийн секторуудад бодитоор хувь нэмрээ оруулан тусалж байна. Нэг өгүүлбэрээр “Бид хүнд тусалдаг ажил хийдэг”. Манай ажилтнууд ч үүнийг сайн ойлгодог. Мөн тухайн хүн өөрөө давхар хөгжихийн зэрэгцээ хувь хүний карьераа ч хөгжүүлж, цалин хөлс, хангамжаа ч сайжруулах ёстой. Энэ бол Капитрон банканд ажиллах гол шалтгаан гэж үздэг.
Багийн бүтээмжээ сайжруулах өөрийн арга барилаасаа хуваалцвал?
Тодорхой төсөвтэй, хугацаатай ажил хийж байгаа бол түүнийгээ үр дүнтэй хаадаг, дүгнэдэг байх хэрэгтэй. Өөрөөр хэлбэл, тодорхойгүй нөхцөл үүсгэхгүй байна гэдэг нь өндөр бүтээмжийг бий болгох үндэс юм. Мэдээж бүтээмжийн талаар судалдаг, сургалт явуулдаг гадна, дотнын байгууллагуудтай хамтарч ажиллаж байна.
Таны ажилд хамгийн их тусалдаг зуршил, дадал?
Шийдвэр гаргахдаа хоёроос гурван хувилбар боловсруулж, давуу, сул талуудыг нь харьцуулж байж шийддэг. Гэхдээ аль болох хурдан хугацаанд зөв шийдвэр гаргахыг чухалчилдаг.
Чөлөөт цагаа хэрхэн өнгөрүүлдэг вэ?
Шатар тоглодог. Сүүлийн үед байт харваагаар хичээллэж байна. Банкны удирдлагуудын хооронд болдог байт харвааны тэмцээнд хоёр удаа түрүүлсэн. Дартс сонирхож байна. Сагс үздэг байсан ч одоо насны намар ирээд арай барахгүй болсон /инээв/.
Таны хамгийн том мөрөөдөл юу вэ?
Би 2016 онд Тайваний Шинжлэх ухаан, технологийн их сургуульд мастер хамгаалах өргөдлөө бичихдээ том мөрөөдлөө илүү сайн тодорхойлсон гэж хэлж болно. Монголын түгжигдмэл үл хөдлөх хөрөнгүүдийг эдийн засгийн эргэлтэд оруулж, тулгарч буй мөнгөний эргэлтийн асуудлыг шийдвэрлэхийг хүсдэг. Уг мөрөөдлийнхөө мөрөөр олон улсын тогтолцоог Монголдоо хэрэгжүүлэх талаар судалж байна.