Капитрон банк харилцагчдад улам ойртохын тулд дижитал банкны үйлчилгээгээ сайжруулж, үйлчилгээний нэр төрлөө нэмэгдүүлсэн. Тэд ийнхүү дэвшилтэт технологийн шийдлүүд буюу машин сургалт, хиймэл оюуныг ашигласнаар харилцагчдын мэдээллийг бүхий л өнцгөөс нь хамгаалах боломж бүрдэх юм.
Капитрон банк харилцагчдадаа үйлчилгээгээ ойроос, илүү хялбар аргаар хүргэхийн тулд Капитрон дижитал банкаа шинэчилж, үйлчилгээнийхээ нэр төрлийг нэмэгдүүлээд байна. Технологийн дэвшил хүмүүсийн амьдралын хэв маягт хүчтэй нөлөөлөх болсонтой холбогдуулан банк, санхүүгийн салбарт гарч буй өөрчлөлтүүдийн талаар Дижитал шилжилтийн газрын захирал Н.Мөнхжаргалтай ярилцлаа.
Тэрбээр ОХУ-ын Москвагийн Харилцаа холбоо, мэдээлэл зүйн техникийн их сургуульд E-business чиглэлээр бакалаврын зэргээ дүүргэсэн бол өдгөө Швейцарь улсын Бизнесийн их сургуульд олон улсын банк санхүүгийн мэргэжлээр магистрын зэргээ хамгаалахаар суралцаж байна. Ажлын гараагаа Мобиком корпорацид Mobile commerce төслийн мэргэжилтнээр эхлүүлж, 2016 оноос Sumitomo Corporation, KDDI Corporation-д зөвлөхөөр ажилласны зэрэгцээ Мьянмар улсын хамгийн том үүрэн телефоны оператор болох Myanmar Posts & Telecommunications компанид Mobile money, Digital financial service төсөлд ажиллаж олон улсын туршлага хуримтлуулжээ.
Технологийн дэвшил хүмүүсийн амьдралын хэв маягт хүчтэй нөлөөлөх болсон. Үүнтэй холбоотой банк, санхүүгийн салбарт ямар өөрчлөлтүүд гарч байна вэ?
Дэлхий дахинд хэрэглэгчийн хэв маяг өөрчлөгдөж байна. Зөвхөн банк гэлтгүй бизнесийн бүхий л салбарт энэ байдал ажиглагдах болсон. Үүнд, олон хүчин зүйл нөлөөлж байгааг хэлэх нь зүйтэй. Бизнесийн байгууллагууд хэрэглэгчдийн энэ хэв маягт тохируулан технологид суурилсан шинэлэг шийдлүүдийг нэвтрүүлж, үйл ажиллагаагаа улам сайжруулсаар байна. Үүний үр дүнд хэрэглэгчдэд хүрэх үйлчилгээ илүү хялбар, хурдан, хүртээмжтэй болсоор байна. Манай улсын тухайд банк, санхүүгийн салбарынхан дэлхий дахины энэ өөрчлөлтөд идэвхтэйгээр хамтран шилжиж байна. Бусад секторын тухайд ч мөн адил технологийн дэвшлийг ашиглан бүтээгдэхүүн үйлчилгээгээ хэрэглэгчдэд хүргэсээр байгаа нь сайшаалтай. Энэхүү шилжилт эрчимжсэнээр хэрэглэгчид санхүүгийн үйлчилгээг дэлхийн аль ч цэгээс аппликейшнээр авч, цагаа хэмнэх боломж бүрдэх юм. Манай Капитрон банк ч энэ хэв маяг, өөрчлөлтөд түүчээлэн оролцож, хөгжил, шинэчлэлийн алхмуудаа хэрэгжүүлсээр байна.
Танай банк уламжлалтаас дижитал руу хэрхэн шилжиж байна вэ. Одоогоор ямар бүтээгдэхүүн, үйлчилгээгээ дижитал болгоод байгаа вэ?
Капитрон банк нь өнгөрсөн жилүүдэд техник, технологийн шинэчлэлтийг явуулж, цахим бүтээгдэхүүн, үйлчилгээгээ хөгжүүлж сайжруулсаар ирсэн. Гэвч тухайн үеийн технологийн хүчин чадал, хууль, эрх зүйн орчноос шалтгаалан үзүүлэх үйлчилгээ хязгаарлагдмал байсан. Харин сүүлийн үед технологийн дэвшил, хүмүүсийн амьдралын хэв маягаас шалтгаалан бүхий л зүйл дижитал руу чиглэж байна. Тиймээс бид цаг үетэйгээ хөл нийлүүлэн, дижитал шинэчлэлээ улам сайжруулан хэрэглэгчдэд ойртуулахаар ажиллаж байна. Үүний эхний үе шат болох дижитал банкныхаа суурь дэд бүтцийг шинэчилж, хиймэл оюунд суурилсан банкны шинэчилсэн хувилбарыг гуравдугаар сарын эхээр зах зээлд амжилттай нэвтрүүллээ. Манай банк харилцагчдадаа салбарт биечлэн ирэлгүйгээр хүссэн үедээ бүтээгдэхүүн, үйлчилгээ авах боломж бүрдүүлээд зогсохгүй үүнийгээ илүү хүртээмжтэй болгож, уламжлалт сувгуудын үйлчилгээ болох депозит, зээл, картын бүтээгдэхүүн, төлбөр тооцоо зэрэг өдөр тутмын хэрэглээг бүрэн дижиталчилсан. Тухайлбал, бүх төрлийн харилцах болон хадгаламжийн дансаа онлайнаар нээх, нийгмийн даатгалын шимтгэл төлдөг болон хувиараа хөдөлмөр эрхэлдэг зэрэг бүхий л иргэнд хэрэглээний зээлийг шимтгэлгүй, бага хүүтэйгээр гар утаснаасаа хормын дотор авах, гадаад шилжүүлэг хийх зэрэг бололцоог олгож буйгаараа онцлогтой. Капитрон банк нь 200 мянга орчим харилцагчийнхаа хамт энэхүү шинэчлэлийн шилжилтийг хийж эхэлсэн. Өөрөөр хэлбэл, customer experience буюу хэрэглээ талаас шинэчлэгдсэн дижитал бүтээгдэхүүн, үйлчилгээтэй харилцах харилцааг төвөггүй, шинэчлэлтэд дасан зохицоход хялбар байдлаар шийдэж өгсөн. Ялангуяа харилцагчдын технологийн хэрэглээний туршлага, түвшин ялгаатай тул олныг хамарсан шийдлүүдийг тусгахын тулд тэдэнд нийтлэг тулгардаг техник, үйлчилгээний асуудлыг шийдвэрлэхийг зорьсон.
Капитрон банк харилцагчдын санхүүгийн хэрэгцээг хангахын тулд НДШ төлдөг болон хувиараа хөдөлмөр эрхлэгчдэд богино хугацаат онлайн бичил зээлийн үйлчилгээг нэвтрүүлсэн.
Банкны дижитал шилжилтийг харилцагчид хэрхэн хүлээн авч байна вэ. Энэ удаагийн шинэчлэлээр та бүхэн санхүүгийн үйлчилгээнийхээ хүртээмжийг хэрхэн нэмэгдүүлсэн гэж үзэж байна вэ?
Мэдээж харилцагчдын цагийг хэмнэж, зардлыг бууруулсан энэхүү үйлчилгээгээрээ тэдэнд илүү ойртож байгаа учир сайшаалыг хүлээж байгаа. Бид “Ирээдүйд шилж” уриатайгаар ажиллаж харилцагчдад хялбар, хурдан, хүртээмжтэй үйлчилгээгээ үзүүлж байна. Харилцагчдынхаа санхүүгийн хэрэгцээг хангахын тулд сая хэлсэнчлэн нийгмийн даатгалын шимтгэл төлдөг болон хувиараа хөдөлмөр эрхэлдэг хүмүүст богино хугацаат онлайн бичил зээлийн үйлчилгээг нэвтрүүлсэн. Товчхондоо бол харилцагчдад тулгарсан санхүүгийн гэнэтийн хэрэгцээг хангах гарцыг бичил зээлээрээ шийдэж өгөх юм. Зээлийн хэмжээ 5.000.000 төгрөг хүртэл байх бөгөөд 60 хүртэлх хоногоор, 1.7-3.0 хувийн хүүтэй олгоно. Энэ нь банкны салбарын хэмжээнд шинэлэг үйлчилгээ бөгөөд илүү уян хатан, хялбар, эрсдэлгүй гэдгээрээ харилцагчдын таашаалд нийцэж байна. Мөн хадгаламж барьцаалсан зээлийг хаанаас ч, хэзээ ч авах боломжийг бүрдүүлсэн. Шинэчилсэн дижитал банк нь харилцагчдад сая дурдсан боломж, шинэ үйлчилгээг үзүүлэхээс гадна харилцагчдын мэдээллийн аюулгүй байдлын хамгаалалтыг илүү сайжруулж, найдвартай болгосон.
Хурдтай өөрчлөгдөж буй дижитал шилжилтийн үед харилцагчийн хөрөнгийн болоод бусад мэдээллийн аюулгүй байдлыг хангахад та бүхэн хэрхэн анхаарч байна вэ?
Дата аюулгүй байдлыг хамгаалахын тулд 360 градусын арга барилаар ажиллаж байна. Өөрөөр хэлбэл, банкны үйл ажиллагааны бүх түвшинд дата аюулгүй байдлыг хянан, тогтмол сайжруулахын сацуу гадаад, дотоод мэргэжлийн байгууллагуудын туршлага, know-how болон дэвшилтэт технологийн шийдлүүд буюу машин сургалт, хиймэл оюуныг ашигласнаар харилцагчдын мэдээллийг хамгаалах бүхий л өнцгөөс нь шийдвэрлэж өгсөн гэсэн үг.
Хэрэглэгчдэд улам ойртон ажиллахын тулд дижитал шинэчлэлээ сайжруулж, хиймэл оюун ухаанд суурилсан үйлчилгээг нэвтрүүлж байна.
Капитрон банкны хэрэгжүүлэх дараагийн өөрчлөлт, шинэчлэл юу байх вэ?
Манай банкны үйл ажиллагааны үзүүлэлтүүд сүүлийн жилүүдэд тогтмол нэмэгдэж байна. Активын өсөлт 2016 оноос хойш жил бүр 20-50 хувь өсөж, 1.9 их наяд төгрөгт хүрлээ. Энэ хэрээр бид технологийн өөрчлөлтүүдийг хийж, бүтээгдэхүүн, үйлчилгээгээ сайжруулсаар байна. Манай банк дунд болон урт хугацаанд хэд хэдэн стратегийн төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэхээр төлөвлөсөн. Мөн бусад банк, финтек болон гуравдагч секторын байгууллагуудтай нээлттэй хамтын ажиллагааг өргөжүүлнэ. Дижитал банкны экосистемээр дамжуулан харилцагчдад зориулсан дараа дараагийн шинэлэг бүтээгдэхүүн үйлчилгээ, нэмэлт боломжуудыг үе шаттайгаар нэвтрүүлэхээр зориод байна. Мөн цаашид бид технологийн дэвшлийг үйл ажиллагаандаа тогтмол хэрэгжүүлж, хиймэл оюун болон машин сургалт зэрэг технологийн дэвшлийг ашиглан банкны бүхий л бүтээгдэхүүн, үйлчилгээг зорилтот харилцагчийн хэрэгцээ, шаардлагад нийцүүлэхээр ажиллаж байна. Түүнчлэн банкны тогтвортой хөгжлийн хүртээмжийг нэмэгдүүлэх бодлогын хүрээнд ногоон зээл болон эмэгтэйчүүдэд зориулсан шинэчлэгдсэн бүтээгдэхүүн, үйлчилгээний боломжуудыг дижитал банкны сувгаар дамжуулан илүү хялбар байдлаар үзүүлэх болно.
Мэдээллийн аюулгүй байдал дээрээ хамгийн муу банк