Б.Болор
Бизнесийнхээ үнэ цэнийг Г.Чимэдзаяа “Сэтгэл ханамж” гэх хоёрхон үгээр тодорхойллоо. Үнэхээр ч үйлчилгээний бизнес гэдэг хүн хоорондын харилцаанд л тулгуурлаж өрнөдөг билээ. Харилцаа бол итгэлцэл, сэтгэл ханамж. Нэмэх нь хүлээлт.
Shoe’s love гэх нэр их хотынхны хувьд хэдийнэ танил болсон. Нийслэлийн энд тэнд хаяг нь цөөнгүй үзэгдэх уг бизнес үүсгэн байгуулагч Г.Чимэдзаяагийн хэлсэнчлэн үйлчлүүлэгчдийнхээ сэтгэл ханамжаар урамшин урагшилж, тав тухыг бүхий л хэлбэрээр илэрхийлэн оршдог. Учир нь үйлчлүүлэгчийн сэтгэл ханамж бол Shoe’s love -ийн нэр хүнд, орлого, өсөлт төдийгүй ажилтнуудын урам, эрч хүч юм.
Хонгконгоос гаралтай энэхүү бизнесийг Г.Чимэдзаяа 2007 оноос Монголд нутагшуулж, гутлын цэвэрлэгээ, тэр дундаа, гутлын салоны үйлчилгээг дотоодын зах зээлд анх нэвтрүүлсэн байна. Өдгөө энэ чиглэлээр компанийн системээр ажиллаж буй Монголын цорын ганц газар юм.Монгол улс зах зээлд шилжсэн үеэс ахуй үйлчилгээний салбар хувьчлагдаж, бараг устсантай адил болсон,мөн гутал засвар гэдгийг гутланд өлмий, өсгий наах төдийхнөөр ойлгож явсаар ирсэн. Харин Г.Чимэдзаяа нь гутлыг цэвэрлэж, арчилж өмсөж болдог гэдгийг хүмүүст таниулахаас эхлээд чийглэг, дулаан уур амьсгалтай газрын бизнесийг хүйтэн, эрс тэс уур амьсгалтай эх орондоо нутагшуулахад олон бэрхшээлтэй тулгарсан талаараа тэрбээр хуваалцаж байна. Гэвч нэгэнт зорьсон ажил, эхлүүлсэн бизнес тул урагшлахаас өөр зам байгаагүй гэдгээ ч CSL компанийн ерөнхий захирал тайлбарлаж байна.
Shoe’s love -ийнхон жилд 80 мянган гутал засаж, цэвэрлэж, үйлчлүүлэгчийнхээ тав тухыг хангаж, бизнес нь жилээс жилд өргөжин тэлж, хоёр оронтой тоогоор хэмжигдэх болсон байна.
Shoe’s love –ийн үйл ажиллагааг эхлүүлэхэд хамгийн түрүүнд хүмүүст таниулах, энэ соёлыг нэвтрүүлэх нь чухал байв. Тиймээс хүмүүст үйлчилгээ, бүтээгдэхүүнийхээ нэрийг хоногшуулах, нөлөөллийн ажлаас түүний бизнесийн түүх эхэлсэн байдаг. Харин өнөөдөр Shoe’s love нийслэлд үйл ажиллагаа явуулж буй 20 салбараараа дамжуулан захиалга авч, 70 орчим хүнийг ажлын байраар хангаж, ахуйн үйлчилгээг айл бүрд хүргэхээр зорин ажиллаж байна. Үндсэн үйлчилгээ нь гутал засвар, цэвэрлэгээ. Үүний зэрэгцээ завгүй амьдралын хэв маягтай их хотынхонд зориулан хувцас, цүнх, хэтэвч, хивс цэвэрлэгээ гэх зэрэг 300 гаруй нэр төрлийн цогц үйлчилгээ үзүүлж, үйлчилгээний шинэ стандарт тогтоож чаджээ. Shoe’s love -ийнхон энэ 15 жилд 80 мянган ширхэг гутал засаж, цэвэрлэж, үйлчлүүлэгчийнхээ тав тухыг ханган, бизнес нь жилээс жилд өргөжин тэлж байна.
Манай улсын мэргэжлийн боловсролын тогтолцоонд гутал засварын чиглэлээр мэргэжилтэй боловсон хүчин бэлддэггүй учир бизнесээ эхлүүлэхэд хүний нөөцөө бэлдэх нь том сорилт байсныг тэр хэлж байна. Учир нь гутал цэвэрлэгээ,засвар гэдэг гар ажиллагаагаар бүрэн хийгддэг тул нарийн ур чадвар, туршлага шаарддаг аж. Иймээс компанийнхаа дэргэд байгуулсан мэргэжлийн сургалтын төвдөө мэргэжилтэн бэлтгэж байна. Хуучин эд зүйлс сэргээн засварлах ажил нь шинэ бүтээгдэхүүн үйлдвэрлэхээс ялгаатай бөгөөд онцлог нь 100 үйлчилгээ хийхэд 100 өөр урагдал, гэмтэлтэй учир 100 өөр засвар шаарддаг нь Shoe’s love –ийн ажилтнуудыг мэргэжлийн байхыг эрхгүй шаарддаг. Гутлын материал хүртэл гуталчдын ур чадварыг сорьдог эмзэг салбар гэдгийг тодотголоо. Энэ тухайгаа “Хувцаснаас ялгаатай нь хүн гутлыг нэлээд мөнгө зарж авдаг. Тиймээс ч тухайн гутлыг сайн засаж, янзлах хэрэгтэй болдог. Энэ үүднээс манай бизнест мэргэжилтэй ажилтан ихээхэн хэрэгцээтэй. Арьсаа таньж, судлаад ямар арчилгаа, оёдол, засвар хийвэл тохирох вэ зэргийг мэдэж туршлагажихад дор хаяж хоёр жил шаардагдана. Маш олон төрлийн гутал байдаг учраас түүнийгээ дагаад засварт ирж буй гутлын асуудал ч олон” гэлээ.
Shoe’s love нь хэрэглэгчдийнхээ хэрэгцээ шаардлагад тулгуурлан үйлчилгээний хугацааг аль болох богино болгосон. Ер нь багадаа 14 хоногийн хугацаанд үйлчилгээ авах ёстой гэсэн дэлхийн стандартаар үйлчилдэг.
Үйлчилгээний бизнес эрхлэгчдийн өмнө тулгардаг бас нэгэн сорилт нь үйлчлүүлэгч, хэрэглэгчийн хүлээлт, хандлага байдаг. Мэдээж хүний хүлээлт гэдэг хязгааргүй. Харин тэр хязгааргүйд хүрнэ гэдэг бизнес эрхлэгчдийн хувьд маш том сорилт. “Үйлчилгээний тухайд хэрэглэгчийн зан төлөв хатуухан байдаг ч бизнесээ эхлүүлж байсан үеийг бодвол одоо харьцангуй өөрчлөгдсөн. Үйлчлүүлэгчдийн маань нас ч залуужсан. Таван жилийн өмнө үйлчлүүлэгчдийн дийлэнх нь 35 -аас дээш насныхан байсан бол одоо залуужаад 18 аас дээш насныхан байна. Үүнийгээ дагаад хэрэглэгчийн зан төлөв өөрчлөгдсөн” гэв.
Shoe’s love үйлчилгээнийхээ үнийг нийгмийн уур амьсгал, хүмүүсийн орлого, амьжиргааны түвшин, худалдан авах чадвар зэрэгт тулгуурлан тогтоосон байдаг. Энэ талаар Г.Чимэдзаяа “Манай үйлчилгээ өөр улсад нэлээд үнэтэй байдаг.Жишээ нь. Хятадад нэг гутлаа цэвэрлүүлэх доод үнэ 200 юаньас эхэлсэн байдаг. Гэтэл Монголд 100 мянган төгрөгөөр гутлаа цэвэрлүүлэхээсээ шинэ гутал авсан нь дээр гэж үздэг хүмүүс дийлэнх нь байдаг” гэлээ. Харин үйлчилгээгээ яагаад ингэж үнэлсэн шалтгаанаа арчилгааны материалын өртөг, мэргэжилтэй ажилтны хөдөлмөрийн хөлсний үнэлэмжтэй холбон тайлбарласан юм. Мөн гараар хийдэг аливаа ажиллагаа бүр үнэ цэнтэйг нэмж хэлсэн нь түүний ажил хийгээд хамт олноо хэрхэн үнэлж, хүндэлдэгийг илэрхийлнэ. Түүнээс өртөг өндөртэй үйлчилгээг, бага үнээр үзүүлж буй хэрнээ бизнесээ хэрхэн тогтвортой авч яваа талаар асуухад “Олон жижиг үйлчилгээ үзүүлж, өртгийг нэгээс нөгөө рүү шингээх зэргээр зохицуулдаг” хэмээн хариулсан юм.
Мөн ХБНГУ,ОХУ,БНХАУ аас гутал цэвэрлэгээний өндөр зэрэглэлийн бүтээгдэхүүн импортлохоос гадна өөрсдийн нэрийн “Гялтгануур” брэндийг 2022 онд зах зээлд гаргаад байна. Өөрөөр хэлбэл, тэрбээр Shoe’s love үйлчилгээнээс гадна худалдааны салбарт бизнесээ өргөжүүлж эхэлжээ. Үүнийг гутал цэвэрлэгээг зөвхөн гутлын тос, өнгөлөгчөөр төсөөлдөг цаг ард хоцорсонтой ч холбон тайлбарлаж болно. Энэ хүрээнд Shoe’s love –ийн хамт олон илэг, арьс гээд материал бүрд тохирсон хөөсөн, усан, шүршдэг гэх зэрэг олон нэр төрлийн гутал арчилгааны бүтээгдэхүүнийг үйлчлүүлэгчдээ хүргэж эхэлжээ. “Гутлын тос маш чанартай байх ёстой. Бид нүүрний арьсаа чийгшүүлж тэжээл өгдөг шүү дээ. Түүнтэй адил арьсан эдлэл ч мөн чийглэг байлгаж, арчлахыг шаарддаг. Энэ утгаараа гутлын тос уг шаардлагыг хангахуйц байх ёстой” хэмээн Г.Чимэдзаяа онцоллоо.
20 жилийн өмнө Шанхай хотод сурдаг дүүгийнхээ санал болгосноор энэ бизнесийг франчайзингаар эх орондоо нэвтрүүлж байсан бол одоо тэрбээр өөрийн бизнесийн үйл ажиллагаагаа орон нутагт өргөжүүлж, салбараа нээхээр зорьж буйгаа хэлж байна. Зах зээл хаана байна, тэнд бизнес өргөжих боломжтой. Тиймээс Shoe’s love нэн тэргүүнд хүн ам ихтэй, хотын соёл дэлгэрсэн газруудад үйлчилгээгээ эхлүүлэхээр зэхэж байна. “Одоогоор Эрдэнэт хотод нэг салбар нээгээд байна. Цаашлаад Дархан, Сэлэнгэд салбаруудаа нээхээр төлөвлөсөн. Компанийн үйл ажиллагаа ч тогтворжиж, хамт олон маань туршлага хуримтлуулж байна. Дотооддоо ашигладаг технологи, заавар, систем зэргээ бүгдийг бид бие даан боловсруулсан. Үүндээ тулгуурлан сургалтын төвөөрөө дамжуулан мэргэжилтэй ажилтан ч бэлтгэж байна. Олон жил ажиллаж буй хүмүүс маань нарийн мэргэшиж, заах арга барилаа мэддэг болсон болохоор франчайз хийх бүрэн боломжтой гэж бид үзсэн” хэмээн компанийнхаа зорилтын талаар CSL компанийн ерөнхий захирал хэлж байна. Харин тэд яг одоо үйлчлүүлэгчдэд зориулан үйлчилгээний явцыг харуулах систем хөгжүүлж байгаа аж. Нэг үгээр, үйлчлүүлэгч гутал, хувцсаа цэвэрлүүлэхээр өгсөн цагаас эхлээд хүлээн авах хүртэлх явцаа системээр нэвтрэн харах боломжтой болно гэсэн үг. Ингэснээр үйлчлүүлэгчийн хувьд үйлчилгээний цаг, явц тодорхой болж, сэтгэл ханамж төдий чинээ нэмэгдэнэ гэж Shoe’s love –ийн хамт олон үзэж байна.
Г.Чимэдзаяа бизнесээ өргөжүүлж, бүтээгдэхүүнээ хөгжүүлэхдээ баримталдаг гол зарчмаа үйлчлүүлэгчийн тав тух хэмээн давтан тодорхойлсон юм. “Бизнесийн маань зорилго хүмүүст тав тух мэдрүүлэх. Ямар ч хүний гутал хувцсыг засаад, янзлаад, цэвэрлээд өгөхөд тухайн хүнд маш таатай сэтгэгдэл төрдөг болов уу. “Өө, миний хайртай гутлыг ямар гоё болгоо вэ” гэх үйлчлүүлэгчийн сэтгэгдэл бидэнд маш их урам зориг өгдөг. Бизнесийн минь сайхан тал ч энэ. Нөгөө талаар, хуучин гутлыг засаж янзлан, дахин өмсөх боломжтой болгосноор хог хаягдлыг ч тодорхой хэмжээнд бууруулж байна. Мөн цэвэрхэн гутал нь хөлний эрүүл ахуйг дэмжиж, бидний эрүүл явахад хамгийн чухал үүрэгтэй гэдгээрээ үнэт зүйл бүтээж байгаа гэж боддог. Ер нь манай хамт олон уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг бага ч болов хувь нэмэр оруулж буйдаа баяртай байдаг” хэмээн тэр бахархан ярилаа.
Түүний цаашдын хүсэл бизнесээ илүү олон хүнд хүргэх, таниулах, мөн энэ соёлыг түгээн дэлгэрүүлэх. Зөвхөн бүтээгдэхүүн, үйлчилгээ хүргэх бус хэрэглээ, хэв маяг, зах зээлийг бий болгож буй гэдэг утгаараа тэд бол нэг ёсны соёлын түгээгчид билээ.