Гоо сайхны мэс заслын чиглэлээр 2018 оноос хойш үйл ажиллагаа явуулж буй U-MED эмнэлгийн үүсгэн байгуулагч Л.Батсолонго болон гоо сайхны мэс засалч Ч.Бэх нартай ярилцлаа.
U-MED эмнэлэг гоо сайхны мэсийн болон мэсийн бус үйлчилгээг чухам хэзээнээс явуулж эхэлсэн бэ. Үйл ажиллагаа эхлүүлсэн түүхээсээ хуваалцахгүй юу?
Л.Б: U-MED эмнэлэг 2018 онд эмч, сувилагч, менежер гэсэн үндсэн бүрэлдэхүүнтэйгээр ажлаа анх эхэлж байлаа. Харин одоо бүх төрлийн гоо сайхны мэс засал хийхээс гадна мэсийн бус гоо сайхны үйлчилгээ үзүүлдэг, статусын хувьд клиник буюу нарийн мэргэжлийн эмнэлэг болон өргөжсөн байна.
U-MED эмнэлгийг үүсгэн байгуулсан түүхээс хуваалцъя. Миний ээж хүүхдийн эмч гэхээр би удам дамжсан эмч юм уу даа. Гэхдээ хүүхдийн эмчээр биш нүдний эмчээр төгсөж, дараа нь нүдний нөхөн сэргээх мэс заслаар нарийн мэргэшсэн. Харин дараа нь зовхины гоо сайхны мэс заслын чиглэлд суурилан plastic surgery буюу гоо сайхны мэс заслын чиглэлээр гүнзгийрүүлэн суралцсан. Эмнэлгээ байгуулах үндсэн санаа үйлчлүүлэгчдээс маань гарсан гэж боддог. БНСУ-д өндөр үнээр гоо сайхны мэс засал хийлгэсэн боловч амжилттай болоогүй тохиолдлыг засварлах олон мэс ажилбар хийдэг байсан. Яг ийм байдлаар олон хүн хохирч байгааг хараад зүгээр л эмчдээ итгэдэг эмнэлэг байгуулъя гэж бодсон.
Танай эмнэлэг гоо засал болон нөхөн сэргээх чиглэлийнхээ аль руу нь илүү төвлөрч ажилладаг вэ?
Л.Б: Нөхөн сэргээх эмчилгээ гэдэг нь бие эрхтний үйл ажиллагааг сайжруулахын зэрэгцээ гоо сайхныг мөн сэргээнэ. Жишээлбэл, манай эмнэлэгт хийгддэг хүзүүний гилжгий засах мэс засал бол нөхөн сэргээх мэс засал. Мэс заслаас өмнө тухайн хүн нэг тал руу татагдсан байдалтай удаан байснаар нүүрний бүтцийн тэгш хэм алдагдан улмаар хувь хүний өөртөө итгэх итгэл буурсан байдаг. Эдгээр хүмүүс уг мэс засалд орж эдгэрснээр тэдэнд цаашид үүсэх байсан гоо сайхны эрсдэл багасаж, амьдралын чанар сайжирдаг. Тэгэхээр гоо сайхан, нөхөн сэргээх хоёр салшгүй холбоотой байгаа биз? Бид аль аль чиглэлээр л адилхан анхаарч ажилладаг даа.
Ч:Б: Гоо сайхан гэж яг үүнийг хэлнэ гэсэн тодорхойлолт байдаггүй. Аливаа улс үндэстний шашин шүтлэг, газарзүйн онцлогоос хамааран биеийн бүтэц, дүр төрх өөр өөр. Тухайлбал, европ хүмүүс өндөр хамар, том алаг нүдтэй байдаг бол ази хүмүүс ерөнхийдөө намхан хамар, онигор нүдтэй байх нь элбэг. Тэгвэл гоо сайхны ойлголт нь дээрх онцлогуудад тулгуурлахгүй, эсрэгээрээ тухайн улс орны хөгжлийг даган өөрчлөгдөж байдаг. Сүүлийн үед Өмнөд Солонгост к-поп, к-драма, гоо сайхны бүтээгдэхүүн, мэс засал үсрэнгүй хөгжиж буйтай холбоотойгоор дэлхий даяар тэдний царай төрхийг дуурайх хандлага ажиглагдах болсон. Монгол Улс маань нийгэм, эдийн засаг, урлаг, спортоо өндөр түвшинд хөгжүүлбэл монгол хүний царай төрх трэнд болох нь тодорхой.
Нэг үеийг бодоход гоо сайхны мэсийн болон мэсийн бус үйлчилгээг хүмүүс багагүй сонирхдог болжээ. Ер нь гоо заслын эмчилгээ, үйлчилгээ гэдгийг юу гэж ойлгох вэ?
Л.Б: Гоо сайхны хэрэгцээ амьдралаас урган гарч байдаг. Жишээлбэл, нас ахихын хэрээр бидний арьс суларч унжин давхраатай байсан нүд давхраагүй болж үзэмжгүй харагдах нь тухайн хүний нүдний харах талбайг багасгахаас гадна нүдний цог золбоог бууруулдаг. Эл байдлыг бидний хийж байгаа үйлчилгээний үр дүн сайжруулан, үүссэн бэрхшээлийг шийдвэрлэж, хүмүүсийн амьдралын чанарыг дээшлүүлэхэд чиглэдэг. Өдөр бүр өөртөө таалагдсан залуу насны төрхөө эерэг мэдрэмжтэйгээр харж, сэтгэл хангалуун амьдрахад гоо заслын эмчилгээ, үйлчилгээ тусалж байгаа хэрэг.
Улаанбаатар хотод гоо сайхны үйл ажиллагаа явуулдаг 70 гаруй эмнэлэг байдаг юм байна. Тэгвэл U-MED эмнэлгийн бусдаас ялгарах онцлог юу вэ?
Л.Б: Бид мэс заслын чиглэлээ тэргүүлэх чиглэл болгон хөгжүүлж байна. Одоо хэлэхэд бага зэрэг эртдэх том зорилго бидний урд бий.
Ч.Б: Нийгмийн хариуцлагын хүрээнд U-MED эмнэлэгт хүзүүний гилжгий засах хагалгааг Монгол Улсын иргэнд үнэ төлбөргүй хийдэг. Одоогоор энэ хагалгааг 120-иод хүнд хийсэн байна. Өнгөрсөн долоо хоногт 16 настай охинд амжилттай хийлээ. Орон нутгаас иргэд их ирж байна. Урьд нь ийм төрлийн хагалгаанд ороод амжилтгүй болоод ирлээ гэсэн хүмүүс ч бий. Холын Өмнөд Солонгос улсаас зорьж ирээд хийлгэсэн хүн ч бас байгаа. Энэ бол манай эмнэлгийн онцлог. Түүнчлэн эх орондоо ид залуу насаа зориулан хөдөлмөрлөж, гавьяаныхаа амралтад гарсан ахмад настнууддаа, эрүүл мэндийн манаанд цаг наргүй зогсогч эмнэлгийн ажилтнууддаа, мөн хөдөлмөрийн чадвараа алдсан иргэддээ нүдний гоо сайхны хагалгаанд 30 хувийн хөнгөлөлт үзүүлдэг. Хүмүүс мэс засалд орсныхоо дараа яахаа мэдэхгүй, эсвэл гүйцэд эмчилгээ авч чадаагүйгээс болж асуудал үүсэж байгаа нь олонтаа харагддаг. Иймд, бид тухайн хүнд хийсэн мэс засал бүрэн эдгэрэх хүртэл санаа тавьж халамжилдаг.
Гоо сайхны мэс заслын орчин үеийн чиг хандлага таны залуу үеийн төрхийг хадгалахад оршиж байна.
Уншигчдад сонирхолтой байх болов уу. Эмнэлгийг зорьж ирж байгаа үйлчлүүлэгчдийн дийлэнх нь ямар төрлийн үйлчилгээ авахаар ирдэг вэ?
Ч.Б: Манайхаар үйлчлүүлж байгаа хүмүүсийн зорилго нь өөртөө илүү таалагддаг болох. Тухайлбал, манайх өөх соруулах болон хэвлий, хөх сойх хагалгаа их хийдэг. Хэт их таргалалттай, хэчнээн жингээ хасаад ч биеэ галбиржуулах боломжгүй хүмүүс байна шүү дээ. Эхчүүдийн хувьд хүүхэд төрүүлснээс шалтгаалж хэвлийн арьс унжиж сулардаг. Тэр дундаа ази эмэгтэйчүүд жижиг биетэй учраас хүүхэд төрүүлсний дараа арьсны язралтууд элбэг үүснэ. Нэгэнт язраад суначихсан арьс буцаад агшдаггүй. Хүүхдээ хөхүүлнэ, тарган байснаа турна, хөхөнд сүү орно, сүү багасаад ирэхээр хөх жижгэрч хөхний булчирхайн эд нь багасаад арьс нь унжина. Энэ олон асуудлыг шийдэхийн тулд дээрх хоёр хагалгааг сонгодог юм.
Л.Б: Үйлчлүүлэгчдийн 70 хувь нь эмэгтэйчүүд, 30 хувь нь эрэгтэйчүүд. Гэхдээ эрэгтэйчүүдийн хандах тоо жил ирэх тутам нэмэгдэж байгаа нь насны хувьд арван настнаас эхлээд 80 гарсан буурлууд маань ч үйлчлүүлдэг. Өмнө жил 82 настай үйлчлүүлэгч ирээд “Би жилийн өмнө танайд үйлчлүүлсэн, дараа жил дахиж ирэхгүй байх гэж бодсон, дахиад ирдэг юм байжээ” гэж хэлээд инээж байсан. Тэгэхээр хүмүүсийн сэтгэхүй цаг үеэ дагаад өөрчлөгдөж байна.
Танайхаас үйлчилгээ аваад амьдралд нь өөрчлөлт гарсан хүмүүсийн сайхан жишээнүүдээс ярьж болох уу?
Ч.Б: Дөрвөн хүүхэд төрүүлсэн ээж хагалгаанд орохын тулд банкнаас мөнгө зээлээд ирсэн байсан. “Одоо би дахиж төрөхгүй. Өөртөө анхаармаар байна. Өмнөх шигээ залуухан туранхай охин биш ч 30 насандаа очмоор байна, эмч ээ. Байгаа мөнгө маань л энэ байна, үлдсэнийг нь би цувруулаад төлье” гээд зогсож байсан нь санаанаас огт гардаггүй юм. Энэ явдлын дараа би “Алдарт эх” гэдэг хөтөлбөр санаачилж одонтой ээжүүдэд хагалгааны үнийн дүнгээс 1-1.5 сая төгрөгийг хөнгөлж өгдөг болсон. Мөн олон улсын судалгаанаас харахад хөхний гоо сайхны хагалгаанд орсон гэр бүлийн харилцаа 70 хувь сэргэдэг байна. Хэдхэн сарын дараа гэр бүлийнхээ хүнтэй эвлэрсэн, хүүхэдтэй болсон гээд ирсэн түүх ч бий.
Танай эмнэлгийн хамгийн өндөр мэдрэмж шаардсан, маш няхуур хийх ёстой гэж үздэг мэс ажилбар юу вэ?
Л.Б: Шат дараалсан бүх л эмчилгээ, үйлчилгээнд мэдрэмж шаарддаг. Бид ямар ч гоо сайхны мэс засал хийхдээ бүх ур чадвар, мэдлэгээ шингээж ажилладаг. Зөвхөн томоохон мэс заслын хагалгаа ч гэлтгүй таныг тухгүй болгодог жижиг асуудлыг ч цогц үйлчилгээ үзүүлж шийдсэнээр сэтгэл хангалуун үлдээхийг хичээдэг.
Ч.Б: U-MED эмнэлэг дээр одоогоор 72 төрлийн мэс засал хийж байна. Бүтэн унтуулгатай хагалгаанууд болох нүүр өргөлт, бүтэн биеийн өөх соруулалт, хэвлий сойх, өөх шилжүүлэн суулгах, мөн дээрх хагалгаануудыг нэг дор хийх тохиолдлуудад мэсийн багийнхны ойлголцол буюу бие биеэ илүү ихээр мэдэрч ажиллахыг шаарддаг. Урт хугацаанд үргэлжилсэн мэс ажилбарууд үнэхээр ядраадаг боловч маргааш нь, нөгөөдөр нь, долоон хоногийн дараа боолтоо хийлгэх гээд царай нь гэрэлтсэн явааг хараад л эрч хүчээр бүрэн цэнэглэгддэг дээ. Бидний хийж байгаа онцлох хагалгаа гэвэл хавиргыг нь авах аргаар бүсэлхийг нарийн болгодог мэс ажилбар байна. Одоогоор Монголд маш цөөн хийгдэж байна. Үүнийг хавирга хадах хагалгаа гэж нэрлэдэг бөгөөд олон улсад түгээмэл байдаг. Удахгүй бусад эмнэлэг ч хийдэг болох биз ээ.
Зарим тохиолдолд үйлчлүүлэгч ямар хэрэгцээтэйгээ мэдэхгүй ирдэг байх. Энэ тохиолдолд яаж ажилладаг вэ?
Ч.Б: Ийм тохиолдол олон. “Эмчээ надад юу хийвэл зүгээр вэ?” гэж асууж ирсэн хүмүүст бид хагалгаа хийдэггүй. Өөртөө зохихгүй гэдгийг мэдэхгүй том хөхний зураг барьж ирээд ийм болгомоор байна гэдэг. Гэтэл ази, европ хүмүүсийн биеийн хэмжээ, харьцаа өөр. Ер нь хагалгаанд орох гэж байгаа эмч болон үйлчлүүлэгч хариуцлагатай, юу хийх гэж байгаагаа мэддэг байх ёстой. Ямар ч судалгаагүй, дутуу зөвлөгөө авсан хүмүүс хагалгаанд орох сэтгэлийн хөөрөлтэй байдаг. Харин орсныхоо дараа “Би ийм болохыг хүсээгүй” гэх мэт маргаан үүсэж, эмч, үйлчлүүлэгч хэн хэн нь сэтгэл санаагаар унадаг юм.
Гоо сайхны хагалгааны хохирогч боллоо гэсэн утгатай мэдээлэл цахим орчинд цөөнгүй. Гоо заслын салбарын маркетинг, зар сурталчилгааны талаар ярихгүй юу. Танай эмнэлэг ямар стандарт баримталж ажилладаг вэ?
Ч.Б: Манай эмнэлгийн үйлчилгээний стандартын тухайд гэвэл ямар ч үйлчлүүлэгч үргэлж цаг авч үйлчлүүлдэг, санамсаргүй байдлаар ороод ирсэн хүн маш ховор. Амнаас ам дамжих, мөн бидний хийсэн маркетингийн үр дүнд ирж буй хүмүүс манай эмнэлгийн талаар тодорхой мэдээлэлтэй байдаг. Нэг ёсондоо, эмнэлэгтээ, эмчдээ бүрэн итгэж ирдгээрээ том давуу талтай.
Энд би нэг зүйлийг зориуд хэлмээр байна. Эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авахаар ирсэн өвчтөнд мэс засал хийх, эв эрүүл мөртөө гоё болохыг хүсэж ирсэн үйлчлүүлэгчид мэс засал хийхийн ялгаа, эмчийн хүлээх хариуцлагын хувьд маш том зөрүүтэй. Үнэхээр өвчинд ялагдаж мэс ажилбар амжилтгүй боллоо гэхэд эмчийг ойлгож болно. Гэтэл эрүүл хүнд хийсэн гоо сайхны мэс засал амжилтгүй болоход эмчийг ойлгохыг хүсэхгүй байх нь олон. Энэ салбарт ажилладаг эмч нарын хувьд энэ бол сэтгэлзүйн хувьд маш их тэсвэр тэвчээр шаарддаг.
Гоо сайхны мэс засал хийлгэхээр шийдсэн бол та хамгийн чухал гурван зүйлийг мэдэх хэрэгтэй:
-
Эмнэлгийн цэвэр ариун орчин
-
Эмч, ажилтнуудын туршлага, ур чадвар
-
Мэс заслын дараах хяналт
Үнэнч үйлчлүүлэгчдээ татах бодлого бий байх. Үйлчлүүлэгчдээ дахин ирүүлэх танай эмнэлгийн гол нууц юу вэ?
Л.Б: Гоо сайхны мэс засал хийлгэхээр шийдсэн бол та хамгийн чухал гурван зүйлийг мэдэх хэрэгтэй. Нэгдүгээрт, эмнэлгийн цэвэр ариун орчин, хоёрдугаарт, эмч, ажилтнуудын туршлага, ур чадвар, гуравдугаарт, мэс заслын дараах хяналт юм. Бид дээрх гурван зарчмыг хэрэгжүүлдэг. Нууцаа хэлчихлээ /инээв/.
Ч.Б: Манай эмч нарын хувьд салбартаа хүлээн зөвшөөрөгдсөн туршлагатай, чадварлаг төдийгүй үйлчлүүлэгчээ хүндэлсэн найрсаг харилцааг эрхэмлэн, таатай мэдрэмж өгөхийг хүсдэг. Тиймээс анх уулзаж зөвлөгөө өгөхөөс эхлээд хүссэн үр дүндээ хүрч, сэтгэл ханамжтай байдлыг бий болгон тэдэнд үйлчилгээ үзүүлэх нь үйлчлүүлэгчээ татах энгийн бөгөөд гол арга гэж ойлгодог. Манайхаар үйлчлүүлсэн ямар ч хэрэглэгч дараа дараагийн үйлчилгээгээ биднээс л авахыг зорьдог.
Олон улсад энэ зах зээлийн хөгжил хаашаа чиглэж байна вэ?
Л.Б: Гоо сайхны мэс заслын хөгжил тухайн хүний залуугийн төрхийг тэр хэвээр нь хадгалахад чиглэж байна. Манай эмнэлэг ч энэ чиглэлд хөгжихийг зорьж байна. Жишээлбэл, нүүрний батга зэрэг гоо сайхны асуудлыг хурдтай эмчлэх химийн гаралтай бүтээгдэхүүн өмнө ихээр хэрэглэдэг байсан бол одоо аль болох эко, хурц үнэр, өнгөгүй байх нь чухал гэж үздэг болсон.
Гоо сайхны мэс заслын бусдаас ялгаатай том онцлог бол үргэлж суралцаж, мэргэжлийн ур чадвараа тасралтгүй хөгжүүлж байх ёстой. Ур чадвар, технологи, тоног төхөөрөмж нь сар жилээр шинэчлэгдэж байдаг. Түүнчлэн мэсийн бус гоо сайханд тоног төхөөрөмж томоохон байр суурь эзэлдэг. Төхөөрөмжүүд нь маш сайн үр дүнтэй, өвдөлтгүй, аюулгүй л байх хэрэгтэй болоод байна.
Монгол Улсад арьс, гоо заслын эмчийн дипломтой 150 гаруй хүн байдаг гэсэн мэдээлэл байна. Эмнэлэг хүний нөөцөө яаж бүрдүүлж байгаа вэ?
Ч.Б: Хүний нөөц бол энэ салбарт хамгийн чухал зүйл. Манай салбарт ч “Би чадна аа” гэж хэлдэг хүн олон. Гэхдээ эмч нь өөрөө мэргэжлийн хүн учраас баг хамт олноо бүрдүүлэхдээ “Би чадна” -чуудыг бий болгохгүй, мэргэжлийн дипломтой, өөрийгөө хөгжүүлдэг, энэ салбарт эргэлт буцалтгүйгээр зүрх сэтгэлээ зориулж чадах хүнийг багтаа авдаг.
Гоо заслын салбар эрх зүйн ямар зохицуулалтаар явж байна вэ?
Ч.Б: Үнэнийг хэлэхэд энэ салбар хаягдсан. Улсаас ямар нэгэн бодлого байхгүй. Эмч нар, бизнесменүүд нийлээд эсвэл эмч нар өөрсдөө энэ салбарыг хөгжүүлэхийн тулд хичээж байна. Удахгүй гоо сайхны мэс заслын эмч бэлтгэх сургалттай болгох байх. Яригдаж л байгаа.
Мэргэжлийн хүний хувьд хамгийн их санаа зовдог зүйл юу вэ?
Л.Б: Энэ салбарт олон эмнэлэг нээгдэж байгаа нь мэдээж хөгжлийнхөө шатанд явж буй дүр зураг. Хамгийн санаа зовоож байгаа асуудал бол мэргэжлийн бус хүмүүс. Гоо сайханчид хүмүүсийн нүүрэнд эмчилгээ, тэр бүү хэл хагалгаа хийж байна. Эрүүл ахуйн шаардлага хангаагүй орчинд нүүр, арьсны эмчилгээ хийх, мөн дотрын болон уламжлалтын эмч нар энэ салбарт ажилладаг асуудал бий.
U-MED эмнэлгийн цаашдын зорилго, алсын хараа юу вэ?
Л.Б: Бидний гол зорилго бол гоо сайхны эмчилгээний аялал жуулчлалыг Монголдоо хөгжүүлэх. Эхний ээлжинд Өвөр Монгол, Халимаг, Тува, Буриадын иргэдийг гоо сайхны аялал жуулчлалд татах зорилготой. Өвөр монголчууд Ар Монголыг зорин ирж үйлчлүүлэх дуртай байдаг. Нэг хэсэг хүмүүс ихэвчлэн Өмнөд Солонгос улс руу явж гоо сайхны үйлчилгээ авдаг байсан. Харин одоо энэ төрлийн үйлчилгээ дотоодод хөгжиж эхэлснээр тэр урсгал жил ирэх тутам багасаж байгаа.
Танай эмнэлгийн уриа үг анхаарал татлаа. Яг юу гэсэн утгыг илэрхийлж байгаа вэ?
Л.Б: Touch-up beauty буюу “Таны гоо үзэсгэлэнд бидний хийх зүйл өчүүхэн бага. Учир нь хүн бүр гоо үзэсгэлэнтэй. Гагцхүү таалагдахгүй байгаа тэр хэсэгт тань бид багахан ажиллахад л та өөрийнхөө гоо сайхныг олж харах болно” гэсэн утгыг илэрхийлэхийг хичээж, үйлчлүүлэгчдэдээ тайлбарлаж явна даа.