Хятадад ЖДҮ-г хэрхэн тодорхойлдог вэ?
Хятадад ЖДҮ-ийн тодорхойлолт нь нэлээд төвөгтэй бөгөөд бусад улс орнуудад үүнийг нэрлэж ангилдгаас өөр юм. Ихэнх улс орнууд ЖДҮ-д ангилахын тулд ажилчдынх нь тоог хардаг бол Хятад улс ЖДҮ-ийг дэмжих тухай хууль ашиглан тодорхойлдог. Энэ нь үйлдвэрлэл, хөрөнгө, ажиллагсдын тоо, борлуулалтаас хамаарна. Жишээлбэл, жижиглэнгийн худалдааны салбар буюу жижиг компанийн ангилалд 100 хүрэхгүй ажилтантай, 10 сая юаниас бага орлоготой компаниудыг хамруулдаг. Жижиглэнгийн худалдааны компаний ажилчдын тоо 100-гаас давж, жилд 10 сая юанаас дээш орлого олж эхлэхэд түүнийг дунд зэргийн үйлдвэр гэж үздэг.
Түүнчлэн АНУ, ЕХ-ны орнууд зэрэг Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллагад (OECD) харьяалагддаг орнуудад ЖДҮ-үүдийг ажилчдын тоогоор нь ангилдаг. ЖДҮ-ийн дээд хязгаар нь ихэвчлэн 200 ажилтантай байдаг ч энэ нь улс орон бүрт өөр өөр байж болно. Харин АНУ-д ЖДҮ нь 500-аас цөөн ажилтантай фирмүүд байдаг бол ЕХ-ны орнууд энэ тоог 250 хүргэж хязгаарладаг.
ХЯТАД ДАХЬ ЖДҮ-ИЙН ҮҮРЭГ
Хятадын Ерөнхий сайдын орлогч Лю Хэ хэлэхдээ “ЖДҮ бол тус улсын гол тулгуур, ажлын байрны гол эх үүсвэр” гэжээ. 2019 оноос хойш жижиг бизнесүүд төрийн бус ажиллах хүчний 80 хувийг бүрдүүлж байгаа бөгөөд одоогоор Хятадад 300-аас цөөн ажилтантай жижиг фирмүүд эдийн засгийн ихэнх хувийг бүрдүүлдэг. Эдгээр аж ахуйн нэгж нь нийт ажлын байрны бараг 75%, экспортын 68% -ийг бүрдүүлдэг. Түүнчлэн хятадад 2018 онд өдөрт дунджаар 18,000 компани байгуулагдаж шинэ байгууллагуудын тоогоороо амжилт тогтоожээ.
Энэхүү ЖДҮ-ийн өсөлтөд гарсан томоохон үсрэлт нь засгийн газраас худалдаа арилжааны бүртгэлийн тогтолцоог тасралтгүй сайжруулж байгаатай холбоотой.Ажлын байрнаас гадна ЖДҮ нь технологийн салбарын гол тоглогчид юм. Сүүлийн хэдэн жилийн хугацаанд олон зуун мянган технологийн жижиг, дунд үйлдвэрүүд бүртгэгдсэн нь өндөр технологийн үйлдвэрлэлийн салбарын тасралтгүй өсөлтөд хувь нэмэр оруулж байна.
Гэхдээ орон нутгийн ЖДҮ-үүд зах зээлийг эзэлж буй цорын ганц тоглогч биш юм. Гадаадын аж ахуйн нэгжүүд Хятад дахь ЖДҮ-ийн зах зээлийг өсөх өргөн боломж бүхий улам бүр анхаарал татахуйц ирээдүй гэж харж байна. Мөн тэд Хятадын зах зээлд гарах, ЖДҮ үүсгэн байгуулах аливаа арга замыг байнга эрэлхийлдэг. Үүний зэрэгцээ тус улсын “Нэг бүс нэг зам” дэлхийг хамарсан эдийн засгийн стратегийн дагуу томоохон пүүсүүд болон дотоодын ЖДҮ-үүд гадаад зах зээлд гарахад нь дэмжлэг үзүүлэх, гадаадын бизнес эрхлэгчидтэй харилцах, хамтран ажиллахыг эрмэлзэж байна.
Хятад улс ЖДҮ-үүдээ хэрхэн дэмжиж, урамшуулдаг вэ?
ЖДҮ бол Хятадын эдийн засгийн гол тулгуур юм. Иймээс засгийн газар татварыг бууруулах, санхүүгийн дэмжлэг үзүүлэх гэх мэт төрөл бүрийн арга замаар ЖДҮ-үүдийг урамшуулсаар байна. Мэргэшсэн бизнесүүдэд зээлийн эргэн төлөлтийг сунгаж, мөн зээлийн дэмжлэг ч өгдөг байна. Жишээ дурдвал 2020 оны ковидын дэгдэлтийн үеэр засгийн газар ЖДҮ эрхлэгчдэд зээлийн баталгаа гаргаж өгч чадахгүй байсан ч зээл хүсэх боломжтой болгосон.
Цаашлаад ЖДҮ эрхлэгчдийн ачааллыг хөнгөвчлөхийн тулд ажилчдын нийгмийн болон хувь хишгийн даатгалд төлдөг ажил олгогчийн шимтгэлээс татгалзсан бөгөөд энэ нь ЖДҮ эрхлэгчдэд нэлээд хүч өгсөн дэмжлэг болжээ. Үүгээр ч зогсохгүй борлуулалтын сарын татварын босгыг 100,000 юань байсныг 150,000 юань болгон нэмэгдүүлсэн. Энэ нь жижиг хэмжээний татвар төлөгчдийн татварын дарамтыг үр дүнтэй бууруулж, улмаар тэдэнд өсөн тэлэх боломжийг олгосон.
Тэгвэл ЖДҮ-ийг төрөөс дэмжиж буй бусад арга замуудыг дараах урамшууллаас харж болно.
- Орлогын татварын бодлого
ЖДҮ-ийн орлогын албан татварын хэмжээг жилийн 30,000 юаниас бага ашиг орлоготой бол 33%-иас 18% болгон бууруулсан. Харин 30,000-аас дээш юань, гэхдээ 100,000-аас бага бол 27%-ийн татвар ногдуулдаг бөгөөд энэ нь өмнөх норм хэмжээнээс доогуур хэвээр байна.
- Эрэлт хэрэгцээтэй үйлдвэрүүд
Бизнес нь орчин үеийн технологид суурилсан ЖДҮ эрхлэгчид аж ахуйн нэгжийн орлогын албан татвараас хоёр жилийн хугацаанд чөлөөлөгдөнө. Харилцаа холбоо, тээвэр, мэдээллийн технологийн чиглэлээр ажилладаг хүмүүс нэг жилийн татвараас чөлөөлөгдөх боломжтой.
- Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих
Ажилгүй хүмүүсийг ажлын байраар хангадаг мэргэшсэн хөдөлмөрийн агентлагууд гурван жил хүртэлх хугацаанд татвараас чөлөөлөгдөх боломжтой. Хятадын засгийн газар мөн төрийн өмчит банкуудыг зөвхөн ЖДҮ-д дагнан үйлчлэх тусгай хэлтэс байгуулахыг уриалжээ. Түүнчлэн банкууд хөдөө орон нутгийн жижиг бизнесүүдэд үзүүлэх үйлчилгээгээ өргөжүүлэхийн тулд хот дахь салбаруудаа нэмэгдүүлэх шаардлагатай болсон байна.
Өнгөрсөн жилүүдэд зээл олгоход нэмэлт хураамж авч байсан нь зарим ЖДҮ-ийг санхүүжилтийн хүсэлт гаргахад нь саад болж байсан аж. ЖДҮ эрхлэгчдийг зээлийн хүсэлтээ саадгүй гаргах боломжийг бүрдүүлэхийн тулд Хятадын Банкны Зохицуулах Хороо үндэслэлгүй хураамжийг арилгах, үйлчилгээний төлбөрийг стандартчилах, санхүүгийн зөвлөгөө өгөх хураамжид хяналт тавих үүрэг даалгавар өгчээ.
Мөн шинээр орж ирж буй хүмүүст хөрөнгө бүрдүүлэх, зээл авах боломжийг олгох үүднээс ЖДҮ-ийн санхүүжилтийн өөр эх үүсвэрүүдийг нээж өгсөн байна. Хувьцааны санхүүжилт, лизинг, факторинг, сүүдрийн банк зэрэг нь хувийн салбарын санхүүжилтийн түгээмэл сонголт болсон. Нөгөөтээгүүр, онлайн зээл олголт, олон нийтийн санхүүжилт босгох нь өндөр зохицуулалттай хэвээр байгаа нь үйлчлүүлэгчдийн тоо мэдэгдэхүйц буурахад хүргэж байна.
Аж Үйлдвэр, Мэдээллийн Технологийн Яам (ҮХААЯ) ЖДҮ-ийн өрсөлдөөний талбарыг тэгшитгэх, инновацийн чадавхи, мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх, санхүүгийн хүртээмжийг нэмэгдүүлэх замаар ЖДҮ-ийг хөгжүүлэхэд туслах таван жилийн төлөвлөгөөг санал болгож байна. Тус улсад нэг сая ЖДҮ-ийг хөгжүүлэх төлөвтэй байгаа бөгөөд тэдгээрийн аравны нэг нь өндөр зэрэглэлийн тоног төхөөрөмж үйлдвэрлэл, шинэ үеийн мэдээллийн технологи, био анагаах ухаан, ногоон эрчим хүч, шинэ материал зэрэг инновацийн чиглэлээр мэргэшсэн байх юм.
Хятад дахь ЖДҮ-ийн тооны өсөлт
1990-ээд оны үед олон сая ажилчид ЖДҮ-д ажилд орохын тулд төрийн өмчийн бизнес дэх ажлаа орхиж байсан юм. Тухайн үед хувийн өмчит ЖДҮ-ийн тоо нийтдээ нэг сая гаруй байсан ч дараагийн арван жилд энэ тоо хурдацтай өсч, ЖДҮ-ийн өсөлт АНУ болон Европ дахь хөгжлийн үзүүлэлтийг нийлүүлснээс ч давсан байна. Цаашлаад 2004 он гэхэд Хятад дахь ЖДҮ-ийн тоо 40 сая гаруй болж, аажмаар Хятадын эдийн засгийн гол тулгуур болсон. Хятад улсын эдийн засгийн өсөлт удааширч байгаагийн эсрэгээр ЖДҮ нь хөгжсөөр байна. ЖДҮ-ийн хөгжил нь зах зээлийн хүлээлт сэргэж, хөдөлмөр эрхлэлтийн тогтвортой байдлыг нэмэгдүүлсэн, татварын хураамжийг багасгаснаар үйл ажиллагааны зардал буурч, хөрөнгө оруулалтын мэдрэмж сайжирсан зэргээс үүдэлтэй.
ХЯТАДЫН ЖДҮ-ТЭЙ ХАМТРАХ 5 ЧИГ ХАНДЛАГА
1. Аж үйлдвэрийн салбар
Хятад улс үйлдвэрлэлийн экосистемээ сайжруулахад анхаарч, нийлүүлэлтийн сүлжээгээ илүү үр дүнтэй болгох боломжийг үргэлж эрэлхийлсээр байна. Энд машин механизм, робот техник, логистикийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг ЖДҮ-үүд амжилтанд хүрэх өндөр магадлалтай байдаг. Автоматжуулсан үйлдвэрлэлийн технологи, тээвэр, хөдөө аж ахуйн тоног төхөөрөмжийн шинэчлэлийн эрэлт хэрэгцээ ч өндөр байна.
2. Дотоодын хэрэглээ
Тус улсад өсөн нэмэгдэж буй дундаж давхарга нь Европын бүтээгдэхүүн, ялангуяа тансаг хэрэглээний эрэлт хэрэгцээг нэмэгдүүлсэн байна. Европын компаниуд болон бусад олон улсын бизнесүүдийг борлуулалтын сувгуудаар хангах нь цахим худалдааны бизнесийн сонголт байж болох юм.
3. Гадагш чиглэсэн хөрөнгө оруулалт
Хятадын хөрөнгө оруулагчид бусад улс орон болон эдийн засагт хөрөнгө оруулах арга замуудыг хайж байна. Энэ нь ЖДҮ-үүдэд санхүүгийн менежмент, мэргэжлийн зөвлөх үйлчилгээ зэргийг санал болгож байна.
4. Кафе, баар, хоолны газрууд
2020 оноос хойш буюу цар тахлын үеэр уналтад орсон ч баар, паб, кафен бизнес ойрын хэдэн жилд үргэлжлэн өсөх төлөвтэй байна. Дундаж давхаргын хүн амын тасралтгүй өсөлт, амьдралын хэв маягийн хэд хэдэн өөрчлөлт нь эдгээр салбарыг орон нутгийн иргэдийн дунд “эрэлттэй” болгож байна.
5. Эрчим хүчний хэмнэлт
Хятад улс эрчим хүч хэмнэж, ялгаруулалтыг бууруулах журам хэрэгжүүлснээр ногоон эрчим хүчний салбар дахь ЖДҮ хөгжихөд тусалсан. Засгийн газар эрчим хүчний менежментийн (CEM) гэрээт төслүүдэд оролцож буй шинийг санаачлагчдад өгөөмөр татаас хуваарилсаар байгаа тул энэ салбарын бизнесүүд сайжирч, өргөжих төлөвтэй байна.