Хамгийн сүүлд ажилд орж, хамгийн эхэнд ажлаас халагдах хүмүүсийн ихэнх нь залуучууд байдаг бол Дэйв Лийгийн баг голдуу Z үеийнхнээс бүрддэг. Монгол Улсын хүн амын гуравны нэг хувь нь залуучууд бөгөөд сүүлийн хэдэн жилд Z үеийнхэн ажиллах хүчний зах зээлд хүчтэй орж ирж байна. Залуу үеийнхэнд олон давуу тал бий боловч маш олон гүйцэтгэх захирал, менежерүүд энэ насны ажилтнуудтай тэр бүр учраа олж ажиллаж чаддаггүй.
Ингээд Z үеийнхнийг манлайлах болон залуу ажилтнуудтай хэрхэн ажилладаг Дэйв Лийгийн туршлагатай танилцъя.
-Та компани болон ажилтнуудаа эхлээд танилцуулна уу?
–Крипто валютын бирж гэдгээрээ Х-Мeta компани олонд танигдсан боловч бид өөрсдийгөө үүнээс илүү өргөн цар хүрээтэй ажилладаг гэж үздэг. Технологид суурилсан компани учраас голдуу технологийн төсөл дээр ажиллаж байна. Бид Санхүүгийн Зохицуулах хорооны дүрэм, журмын хүрээнд үйл ажиллагаа явуулдаг бөгөөд орлого, зарлага, худалдаж авах, зарах, криптовалют арилжаалах зэрэг криптотой холбоотой бүх төрлийн үйлчилгээ үзүүлдэг цөөн хэдэн биржийн нэг нь манайх юм.
Технологид анхаарахаас гадна бид Монголд ихээхэн дутагддаг харилцагчийн үйлчилгээнд маш их ач холбогдол өгдөг. Хэдэн цагт байхаас үл хамаарч хэрэглэгчийн хүсэлтэд 30 минутаас нэг цагийн дотор хариу өгөх боломжийг олгодог автоматжуулсан систем манайд бий. Ийм түвшний үйлчилгээ Монголд ховор, ийм үйлчилгээ хүргэдгээрээ бид их бахархдаг.
Манай онцлох бүтээгдэхүүн бол фиат мөнгийг крипто болгон хувирган үйлчилгээ бөгөөд үүгээрээ бид Сингапураас шагнал авч байсан. Бид дижитал доллароор Монгол дахь хамгийн том хөрвөх чадварын сангийн үйлчилгээ үзүүлэх болсноор Tether дижитал доллар авах, орлого хийх үйл явцыг хялбаршуулсан. Крипто блокчэйний орон зайд фиат болон дижитал валютаар платформ хооронд гүйлгээ хийх нь хэцүү байдаг учраас энэ бол маш том давуу тал юм. Харилцагч нарынхаа гүйлгээг хялбаршуулсан фиатыг крипто болгон хувиргах онцгой үйлчилгээ үзүүлдгээрээ бид их бахархдаг.
Товчхондоо, Х-Meta бол харилцагчийн үйлчилгээнд маш их анхаардаг, крипто чиглэлийн бүхий л үйлчилгээ үзүүлдэг технологи суурьтай компани юм.
-Технологийн мэдлэгтэй, нийгмийн мэдрэмжтэй гэж тодорхойлогддог Z үеийнхнээс бүрдсэн багийг удирдахдаа та ямар арга барилаар ажилладаг вэ?
-Гучаас дээш насны болон Z үеийнхнээс бүрдсэн багийг үр дүнтэй удирдахын тулд тун энгийн гурван алхамт бизнес моделийг дагаж мөрдөх ёстой гэж бодож байна.
Эхний алхам бол компанийнхаа зорилго, алсын хараа, ирээдүйг тодорхойлох юм. Гэхдээ зөвхөн удирдлага нь эдгээрийг мэдэж байвал ямар ч үр дүнгүй. Шинэ үеийнхэн бол авьяастай, чадварлаг ажилтнууд бөгөөд суралцах, дасан зохицох хүсэл тэмүүллээрээ өмнөх үеийнхнээс ялгардаг.
Шинэ үеийг манлайлахын тулд компанийнхаа зорилго, алсын хараа, ирээдүйг хуваалцах нь маш чухал.
Ингэснээр тэдгээр зорилгод хүрэхийн ач холбогдлыг хүн бүр ойлгох юм. Өмнө нь ахимаг насны гүйцэтгэх захирлууд мэдээллийг ангилж, удирдлагын ялгаатай түвшинд ялгаатай мэдээлэл өгдөг байсан. Гэтэл хүн бүр компанийн амжилтад адилхан чухал үүрэгтэй учраас энэ бол буруу арга барил юм.
Ажилтан бүрийг нэг ижил ойлголттой болгохын тулд удирдагчийн анхаарлын 50 хувь нь зорилго, алсын хараагаа ажилтнууддаа заах, маш тодорхой ойлгуулахад чиглэх ёстой. Ингэснээр ажилтан бүр тэдгээр зорилгын ач холбогдол, үүргийг ойлгох, улмаар компани илүү өндөр амжилтад хүрэхэд нөлөөлнө.
Хоёр дахь алхам бол юуг, яагаад хийж байгаа вэ гэдгийг хамт олондоо бүрэн ойлгуулах юм. Удирдагч хүн ажилтнуудаа шаардлагатай бүхий л нөөц боломжоор хангах нь чухал. Өмнөх үеийнхэн, бусад гүйцэтгэх захирлаас миний олж харсан нэг алдаа бол тэд хангалттай хуваалцдаггүй, бүх зүйлээр хангачихсан гэж боддог нь юм. Тэд нар “Би багадаа сургууль руугаа очих гэж 10 миль алхдаг байлаа. Чи үнэхээр азтай” эсвэл “Надад компьютер байгаагүй. Харин чамд байна. Үүнийгээ ашигла” гэж хэлэх нь элбэг. Ийм маягийн сэтгэлгээ өнөөгийн дэлхийд үр дүн авчрахгүй. Зорилго, алсын хараа, мөрөөдөлдөө хүрэхэд шаардлагатай бүх зүйлээр баг, хамт олноо хангах нь удирдагчийн үүрэг. Хэрэв та ажилтан байсан бол мөн л тэдэн шиг зүйлийг хүсэх байсан шүү дээ.
Гурав дахь буюу сүүлийн алхам бол бүх зүйлийг тайлбарлаж, хэрэгтэй бүх зүйлээр хангасныхаа дараа тэдэнд зай тавьж өгөх хэрэгтэй. Удирдагчийн хийх ёстой хамгийн чухал зүйл бол баг хамт олондоо ажил хийх боломжийг олгож, микроменежмент хийхээс зайлсхийх юм. Та энэ багийг бүрдүүлж, компанийн зорилго, алсын хараанд нийцүүлэн ажилтан тус бүрийг өөрөө сонгож авсан. Тиймээс баг чинь ажлаа хийнэ гэдэгт итгэ. Нэг, хоёрдугаар алхмыг байнга дагаж мөрдөх замаар тэднийг дэмж. Танай баг бодит ажлыг хийж байгаа, харин таны үүрэг бол дэмжигчийн байр сууринаас ажиллах юм.
-Ажил-амьдралын тэнцвэр болон өсөж хөгжих боломжийг эрхэмлэдэг Z үеийнхнийг урамшуулж, сэдэлжүүлэхэд ямар стратеги үр дүнтэй вэ?
-Ажилтнуудыг сэдэлжүүлэхэд хамгийн их нөлөөлдөг хүчин зүйл бол эхлээд тухайн зүйлийг харуулах юм. Би Сингапур, Токио, Хонконг, Шанхай гээд Азийн олон хот, улсад ажиллаж байсан. Миний ажигласан хамгийн том саад бол босс их зүйл хийх ёсгүй гэж үздэг Барууны болон хуучны сэтгэлгээ юм. “Би чамд цалин өгч байна, чи ажлаа хийх ёстой” гэсэн эл сэтгэлгээ нь учир дутагдалтай.
Миний бодлоор урам зориг өгдөг хамгийн чухал хүчин зүйл бол үйлдлээр манлайлах, ажилтнуудаа удирдагч болгож хөгжүүлэхийн тулд манлайлагчийн ур чадвар суулгах юм. Ингэвэл ажилтнуудад өдөр бүр урам зориг өгдөг ажлын орчин бий болно. Удирдагч хүн ажилдаа хамгийн эхэнд ирдэг, хамгийн сүүлд явдаг байх хэрэгтэй. Босс учраас хүссэн үедээ ирж болно гэж зарим хүн боддог нь миний бодлоор тун буруу. Өглөө би багийнхандаа очиж байгаа гэсэн мессеж явуулж, секунд, минут хоцролгүйгээр яг хэлсэн цагтаа очихыг хичээдэг.
Удирдагчийн хийх ёстой хамгийн чухал зүйл бол баг хамт олондоо ажил хийх боломжийг олгож, микроменежмент хийхээс зайлсхийх юм.
Ажилтнуудтайгаа итгэлцэл үүсгэх замаар тэднийг сэдэлжүүлж, урамшуулах хэрэгтэй. Үүний тулд та өөрөө үлгэр жишээ болох юм бол тэд урам зоригтойгоор шаргуу ажиллах болно. Таныг хичээн ажиллаж, үлгэр дуурайл болж байгааг ажилтнууд чинь хараад таныг дагаж дуурайх хүсэл эрмэлзэлтэй болно. Ажилтнууддаа итгэснээр та тэднийг манлайлагч болгож сургаж байгаа юм.
Ажилтнууддаа сайн хандахаас гадна ашиглаж, доромжилж байгаа мэт сэтгэгдэл төрүүлэхгүй байх нь тэднийг сэдэлжүүлэх хамгийн чухал хүчин зүйл. Энэ нь багийн ажиллагаа, эрүүл зөв ажлын орчныг бий болгоход тус болдог.
-Z үеийнхэн голлосон ажлын байранд та бүтэц, хариуцлагыг уян хатан байдал, бие даасан чанартай хэрхэн тэнцвэржүүлдэг вэ?
-Багийн ажиллагаа, хамт олны үүрэг ролийн талаарх энэ асуултад хариулахын тулд эхлээд компанийн бүтцийг ойлгох нь чухал гэж бодож байна. Гэхдээ энэ талаар ярихаас өмнө эхлээд удирдагч хүнийг ямар үүрэгтэй гэж үздэгээ тайлбарлая. Гүйцэтгэх захирал, босс, эзэн гээд хэн ч гэж нэрлэсэн гэсэн удирдлагын ажил бол бодит ажил хийх бус харин компанид, ажилтанд тулгарсан асуудлын шийдлийг олох юм. Энэ нь миний ажлыг тун адармаатай болгодог ч асуудлыг шийдэх нь угаас миний гол үүрэг.
Хариуцлага, багийн ажиллагааны тухайд гэвэл над дээр ямар ч асуудал бариад орж ирсэн түүнийг нь шийдэх шийдлийг гаргаж өгнө гэдгийг манай ажилтнууд мэддэг. Алдаа гаргаж, буруу зүйл хийсэн байлаа ч шийдэл хайгаад орж ирэх юм бол тухайн ажилтныг би шийтгэж, шүүмжилдэггүй. Эл арга барил нь намайг 100 хувь хариуцлагатай ажиллахад хүргэдэг бөгөөд манай экосистем ийм байдлаар ажилладаг юм. Шийдэл гаргаж өгсний дараа тухайн шийдлийг яаж гаргасан талаар ажилтандаа зааж, асуудлыг шийдэх шаардлагатай нөөц боломжоор хангаж, шийдлийг хэрэгжүүлэх явцад нь дэмжиж ажилладаг. Гурван алхамт энэ процесс бидний хийдэг бүхнийг хамаардаг.
Чухам эл процессын дагуу хариуцлага, багийн ажиллагааг бид бий болгодог. Асуудал үүсэхэд надтай уулзаад, намайг шийдэл гаргаж өгнө гэдгийг манайхан мэддэг. Ингэх замаар хариуцлага шууд удирдлагад ирэх бөгөөд ажилтнууд маань алдаа гаргасныхаа төлөө шийтгэл хүлээнэ гэж айлгүйгээр ажилдаа төвлөрөх юм.
Оффисын тохижилтын тухайд бүгд нэг дор ажилладаг том нээлттэй орон зайтай. Би багийнхантайгаа үндсэн давхарт, технологи хариуцсан захирал маань технологийн багтайгаа, санхүү хариуцсан захирал санхүүгийн албатайгаа хамт гэх мэтээр суудаг. Хана хүмүүсийг хуваадаг учраас манай оффист хана байдаггүй. Бүх зүйлийг багтайгаа хуваалцдаг учраас надад тэднээс нуух зүйл байхгүй. Ийм хандлага нь ил тод байдлыг дэмжиж, багийн гишүүдийн дунд эв нэгдлийг үүсгэдэг.
Эцэст өгүүлэхэд Z үеийнхний дуртай маш олон технологи, зан чанар бий. Гэхдээ удирдагчийн хувьд миний үүрэг бол хамтын ажиллагаа, хариуцлага, багийн ажиллагааг дэмжсэн ажиллах орчныг бүрдүүлэх юм.
-Z үеийнхэнд нэн чухал сүүлийн үеийн технологи, хэв маягтай хэрхэн хөл нийлүүлж алхдаг вэ? Тэдгээрийг манлайлах арга барилдаа хэрхэн ашиглаж байна вэ?
-Маш энгийн. Манай зорилтот зах зээл бол залуу үе. Таны харж байгаачлан тэдний үеийн 30 гаруй залуус миний ард суугаад ажлаа хийж байна. Би заримдаа зорилтот зах зээлтэйгээ холбоотой зөв хариулт олж чадахгүй бол хүүхдүүдээсээ зөвлөгөө авдаг. Учир нь тэд бол үеийнхнээ хамгийн сайн ойлгох хүмүүс. Хүүхдүүд маань яг л манай зорилтот зах зээлийнхэн шиг сэтгэж, амьдарч байна.
Мөн хэрэглэгчид маань яаж боддог, тэдний амьдрах хэв маяг ямар вэ, тэд юуг хүсдэг вэ гэдгийг ойлгоход 30 гаруй ажилтан маань тусалдаг. Бид шийдвэрээ үүнд үндэслэж гаргадаг бөгөөд зорилтот зах зээлдээ хүрэх хамгийн зөв аргаа олох нэмэлт судалгааг хийдэг юм. Гэхдээ бид иймэрхүү судалгааг компани дотроо ихэвчлэн хийдэг. Учир нь надад хамгийн үнэн, шударга хариулт хэлдэг ажилтнууд маань бий.
-Z үеийнхнийг татах, тэднийг ажилдаа дурлуулах таны стратеги юу вэ?
-Юуны өмнө би сорилтуудыг хүлээж авч, өдөр бүр тав тухын бүсээсээ гарч чаддаг хүмүүсийг эрж хайдаг. Өмнө өгүүлсэнчлэн би ажилтнуудаа өөрөө сонгож авдаг учраас сүүлийн нэг жилд ажилтнуудын маань 99 хувь тогтвор суурьшилтай ажиллаж байна. Тэдний хувийн зан чанар, хэрхэн сэтгэдгийг ойлгох нь нэн чухал. Гадаад улсад амьдрал ямар сайхан байгааг шинэ үеийнхэн хялбархан олж харж байгаа учраас тэдэнд илүү сайжрах маш их боломж бий гэдэгт би итгэдэг.
Мөн байнга сэдэлжүүлж, хөгжих боломж олгох нь чухал. Өдөр бүр хувь хүний болон ажлын талбарт өсөж хөгжих боломжтой бол шинэ үеийнхэн хэзээ ч ажлын байраа орхихгүй. Хувийн болон ажлын асуудлыг нь шийдэх, өдөр бүр улам сайжрахад нь би аль болох туслахыг хичээдэг. Хүн өөрийнхөө хамгийн заналт дайсан хэдий ч хамгийн сайн найз нь болж чадна гэж би ажилтнууддаа үргэлж захидаг. Гол нь асуудлыг юу гэж харахаас л болно. Хэрэв боломж гэж харах юм бол тухайн асуудлыг давж гарч, туршлагажиж, хөгжинө.
Компани нь юунд зорьж буйг, өөрөө тэрхүү үйл хэргийн нэг хэсэг гэдгээ залуу ажилтнууд ойлгосон цагт өдөр бүр өсөж хөгжих хүсэл тэмүүлэлтэй болж, үргэлж хөгжиж суралцаж, дасан зохицож эхэлнэ.
Өдрийн ихэнхийг хамт өнгөрүүлдэг учраас ажилтнуудаа би хүүхдүүдээ гэж бодох дуртай. Аав, эсвэл ах шиг нь хүн учраас би тэднийг дэмжиж, асуудлыг нь шийдэж, сайн хүн болоход нь туслахыг хичээдэг. Үйлдлээр үлгэрлэнэ гэдэг маш чухал. Тэднийг манлайлж, тэдэнд харуулж, тэдэнд нотлох хэрэгтэй. Удирдлага нь магтаал хүртдэг бус дэмжин туслах үүрэг хүлээж, ажилтнуудаа хөгжих, өсөх боломжийг нь олгох ёстой.
Ингэснээр өсөн дэвжих боломжтой юм байна гэсэн ойлголт залуу ажилтнуудад төрж, ажлын орчин маань зөв хэмнэлтэй болж, үр дүнд нь ажлаас гаралт буурна. X-Meta бол үүний бодит гэрч юм.
-Z үеийнхнээс бүрдсэн багийг удирдахдаа та ямар сорилтуудтай тулгарч байв, тэдгээрийг хэрхэн шийддэг вэ?
-Гадаад хүн учраас надад тулгарч буй хамгийн хүнд сорилт нь соёлын ялгаа. Тиймээс миний асуудал, бэрхшээл нь Монголын бусад гүйцэтгэх захирлынхаас бага зэрэг ялгаатай гэж болно. Мөн биднээс ялгаатай боддог, бараг л өөр төрлийн хүмүүс шиг учраас шинэ үеийхэнтэй ажиллахад үе хоорондын ялгаа багагүй мэдрэгддэг. + Харин шинэ үеийнхэн өөрсдийн гэсэн сурах сувгуудтай тэдгээрийн тоонд YouTube, дуу хөгжим зэрэг орж байна. Тэдний тархи ялгаатай ажилладаг, маш мэдрэмжтэй, бүх зүйлийг харж, сонсож, ярьж байж дасан зохицож суралцаж байна. Тийм учраас тэдний ихэнх нь YouTube, Netflix, Cartoon Networks-аас англи хэл сурдаг болжээ.
Өнөөгийн дэлхийд амжилтад хүрэх нэг чухал орц бол шинэ үеийнхэнд тохирсон, цагаа олсон шийдлийг гаргах юм.
Миний хувьд хамгийн том сорилт нь ахмад үе, үлгэр дуурайл бологчид, шилдгүүдийг үл хайхралгүйгээр хорвоогийн шинэ талыг олж харахад нь залуу ажилтнууддаа туслах явдал байсан. Тэдэнд хэлж ярьж, харуулж байсан зүйлээ батлахад надад их олон сар шаардагдсан гэж болно.
Би хаана төрсөн, захирал эсэх ер хамаагүй. Аль болох эрт ирж, хамгийн сүүлд явахыг хичээ. Дадлагажигч, дээд удирдлага, хамт ажиллагчдаа ижилхэн хүндэтгэл үзүүл. Хэн ч ямар ч мэдээлэл, зорилго, алсын хараанаас ангид, тусгаарлагдмал байх ёсгүй. Хийнэ гэсэн бол хэлсэндээ хүрдэг байх ёстой.
Түүнчлэн хийж буй зүйл нь өсөж хөгжихөд нь тусална гэдгийг ойлгуулж, харуулах нь амаргүй сорилт байсан. Энэ сорилтыг би өөрөө эхэлж хийх, харуулах замаар давсан гэж болно. Ямар нэг зорилго тавиад түүндээ хүрэхэд 80 цаг зарцуулна гэж тооцсон бол би 120 цаг зарцуулдаг байсан. Хэрэв ажилтнууд маань 100 цаг ажиллавал би 120, 140 цаг ажилладаг байлаа. Олон улс дахь харилцагчид маань ажлаа цагт нь хийж, бид тэдний хүссэн үйлчилгээг үзүүлж байгааг баталгаажуулах, ажилтнууддаа зааж сургаж, тэднийг шаардлагатай нөөц боломжоор хангахын тулд би эхэндээ гуравхан цаг унтдаг байлаа.
Ийм л байдлаар хүндлэл олж авч, эхэлж ажилтнууддаа итгэх ёстойг харуулсан.
-Дэлхий ертөнц тэр дундаа бизнесийн орчин асар хурдан өөрчлөгдөж байна. Ийм орчинд тэсэж үлдэхийн тулд бүтээлч сэтгэлгээ, инновац хэрэгтэй. Та бүтээлч байдал болон хариуцлагыг багтаа хэрхэн тэнцвэржүүлдэг вэ?
-Бид ямар асуудал шийдэж байна вэ? Ямар инновац гаргахыг хичээж байна вэ? Эдгээр асуултад хариулахын тулд хөгжүүлж буй үйлчилгээ, өмнөө тавьсан зорилго, өөрт буй мөрөөдлөө авч үзэх хэрэгтэй. Үүний шийдэл их амархан гэж бодож байна. Хэрэв бидний хийж буй бүтээгдэхүүн, үйлчилгээ юуг ч шийдэхгүй бол ямар ч хэрэггүй. Тиймээс дэлхий ертөнц хурдтай өөрчлөгдөж буй энэ үед үүсэж байгаа бэрхшээлийг эхлээд олж харах ёстой юм.
Хурдтай өөрчлөлтийн нэг сул тал нь бүх асуудал, бэрхшээлийг шийдэх хангалттай шийдэл байдаггүй нь юм. Тийм учраас зах зээл дэх төгс өнцгийг олох нь маш чухал. Ямарваа нэг асуудлыг шийдэх үйлчилгээг олох хэрэгтэй.
Хариуцлага болон хялбар гүйцэтгэлийн хувьд тухайн талбарт өрсөлдөгч байгаа эсэхийг өөрсдөөсөө асуух хэрэгтэй. Хэрэв өрсөлдөгч байхгүй бол хариуцлагын тухай бодолгүйгээр бүх хүчээрээ ажиллах хэрэгтэй. Ийм үед танд байх ёстой цорын ганц хариуцлага бол хангалттай хурдан ажиллах явдал юм.
Харин зах зээлд танайхтай ижил санал, бүтээгдэхүүн байгаа тохиолдолд хариуцлага маш чухал болж ирнэ. Өрсөлдөгч нараасаа 1000 дахин сайн шийдэл санал болгох замаар тэднээс ялгарах хэрэгтэй. Хэрэв тэгж чадахгүй бол тэрхүү санаагаа бүрмөсөн орхих нь зүйтэй.
Өнөөгийн дэлхийд амжилтад хүрэх нэг чухал орц бол шинэ үеийнхэнд тохирсон, цагаа олсон шийдлийг гаргах юм. Дэлхий асар хурдтай өөрчлөгдөж байгаа бөгөөд компаниуд олон жилийн турш биш ердөө хэрхэн өдөрт тэрбум долларын үнэлгээ, сая хэрэглэгчтэй болж байна. Үүний үр дүнд шинэ үеийнхний сэтгэлгээ, зан чанар нь ч хурдтай болжээ.
Амжилтад хүрэхийн тулд асуудлыг аль болох инновацлаг аргаар тодорхойлж, зөвхөн өөрийн бизнест тохирох шийдлийг олох нь зүйтэй. Өөр ямар ч компани санал болгож чадахгүй үйлчилгээг бий болгоход анхаар. Дараа нь аль болох хурдан тухайн шийдэл, үйлчилгээгээ хэрэгжүүлэх ёстой.
Ийм байдлаар хариуцлагыг инновац, дасан зохицох чадвартай тэнцвэржүүлдэг. Бидний гаргасан бүтээгдэхүүн, үйлчилгээ үгүй бол хариуцлага гэж байхгүй, компани ч гэж байхгүй. Тиймээс өөрчлөгдөж буй дэлхийд амжилттай ажиллахын тулд байнга шинийг санаачилж, тухайн нөхцөлд дасан зохицдог байх хэрэгтэй.
-Бие дааж, зайнаас ажиллахыг эрхэмлэдэг Z үеийнхнийг хэрхэн гар нийлж, багаар хамтран ажиллахыг нь дэмжих ёстой вэ?
-Би бага зэрэг хуучинсаг бодолтой хүн. Миний хүлээн зөвшөөрч чаддаггүй нэг зүйл бол шалтаг тоочих. Нэг бол хий, эсвэл бүү хий. Нэг бол буруугаа хүлээ, эсвэл бүү хүлээ. Бизнесмэн, удирдагч нар байнга урьдчилан мэдэх боломжгүй орчинд ажиллаж байдаг. Ийм үед маш сайн дасан зохицох ёстой. Модны бүдүүн мөчир бөхийдөггүй учраас хар салхинд хугардаг. Харин уян хатан нарийн мөчир нь хар салхинд хугарч нугарахгүй харин ч найгаж байдаг. Удирдагч хүн яг ийм буюу нээлттэй сэтгэдэг байх ёстой юм.
Гэхдээ миний огт бууж өгдөггүй, тохиролцдоггүй зүйл бол итгэл үнэмшил маань. Амьдрал дээрх бүх зүйл бол тохиролцоо юм. Би илүү ихийг авахын тулд бүх зүйлийн төлөө тохиролцоо хийдэг. Гэхдээ миний тохиролцоо хийдэггүй цорын ганц зүйл бол итгэл үнэмшил минь. Энэ бол бидний бий болгосон зорилго, шийдэл, төлөвлөгөө юм. Тийм учраас Ковид, өвчин, замын түгжрэл, цаг агаар, жагсаал, авлига бидэнд огт саад болж чадахгүй. Ажлаа хийх итгэл үнэмшлийг энэ бүхэн яагаад ч зогсоож чадахгүй.
Босс, удирдагчийн хувьд би ажилтнууддаа хувийн амьдралаа ч итгэж ярьж болох ах, эсвэл аав шиг нь нөхөрсөг, зөөлөн аядуу хүн байхыг хичээдэг. Харин ажил, цагийн хуваарь, зорилго, төслийн хувьд надтай тохиролцох хэрэггүйг тэд мэддэг. Хэрэв бид наймд цуглана гэсэн бол найман цагтаа л ирэх ёстой. Хэрэв бид шинэ төсөлд долоо хоногт 100 доллар зарцуулна гэсэн бол яг тэр үнийн дүнгээ зарцуулна. Шалтаг хэлэх шаардлага үгүй.
Итгэл үнэмшилдээ үнэнч байхаас бусад бүх зүйл дээр зөвшилцөж, тохиролцож болно гэдгийг шинэ үеийнхэн ойлгох нь чухал. Амьдралд уян хатан ханд, гэхдээ хийхээр зорьсон зүйлийнхээ төлөөх хүчин чармайлт, зүтгэл дээр яагаад ч тохиролцож, бууж өгч болохгүй.
Ковид, зайнаас ажиллах, бусад хүн юу хийж байна зэрэг гадаад хүчин зүйл огт чухал биш, та ажлаа хийж дуусгах хүртлээ өөрийн итгэл үнэмшлийг орхиж огт болохгүй.
-Z үеийнхний санал шүүмжлэлийг та удирдах арга барилдаа хэрхэн ашигладаг вэ? Тэдгээр санал шүүмжлэлийг цуглуулж, үнэлж цэгнэхийн тулд ямар арга барил хэрэглэдэг вэ?
-Манай компани харилцагчийг дэмжих шилдэг үйлчилгээтэй гэдгээрээ олонд танигдсан. Тиймээс бид бүх санал шүүмжлэлийг эергээр хүлээж авдаг юм. Нийгмийн сүлжээ, онлайн платформ зэрэг цахим ул мөр бүхий орон зай улам бүр нэмэгдэж байгаа учир жинхэнэ санал шүүмжлэлийг тролл, үзэн ядагчдаас ялгах нь хэцүү болж байна. Гэхдээ муу бизнес, эсвэл муу маркетинг гэж зүйл байдаггүйг би бизнесийн сургуулиас сурч авсан. Тийм учраас манайх руу хуурамч мэдээ, сөрөг комментоор дайрах үед би багийнхандаа муу пи ар, маркетинг гэж байдаггүй юм гэдгийг сануулдаг. Харин үүний оронд сөрөг шүүмжийг шүүж, заримыг нь бүтээлч шүүмжлэл гэж авч үзэх хэрэгтэй. Компани, хувь хүн байх эсэхээс үл хамаарч санал шүүмжлэл нь тун хэрэгтэй зүйл юм. Бусдын үзэл бодлыг сонсож, өөрийгөө хөгжүүлэх боломжийг олгодог учраас тэр.
Манай компанид хов живийг тэвчдэггүй, харин эрүүл зөв маргааныг хүлээн зөвшөөрдөг. Хэн нэгэнд асуудал тулгарсан бол түүнийгээ бусдадаа илэрхийлэх таван минутыг өгдөг. Үүний дараа бүгд ажилдаа орж болно. Гаргасан үйлдэлдээ хожим харамсахаас сэргийлэхэд таван минут хангалттай гэж би боддог. Сөрөг санал шүүмж нь хов живтэй адилхан учраас үүнд эерэг сэтгэлгээгээр хандах ёстой юм. Ийм санал шүүмжлэлээс зөвийг нь шүүж аваад цаашид улам сайжрах, бие биенээ дэмжихэд ашиглах хэрэгтэй.
-Сүүлчийн асуулт. Z үеийнхний сайн удирдагч болоход ямар шинж чанарууд чухал вэ?
-Удирдагч хүнд байх эхний ур чадвар бол манлайлал юм. Тийм зүйл үгүй бол бусад хүн таныг дагаж, таныг сонсохгүй. Тэгвэл манлайлал гэж юу вэ? Энэ бол босс байх бус харин ментор байх, коуч хийх, сургахыг хэлж буй юм. Шинэ үеийнхний хувьд би бус харин бид эсвэл тэд гэж ярих нь илүү ач холбогдолтой. Тэд бол Монголын шинэ итгэл найдвар.
Манай үе болон дээд үеийхний цаг дууссан, шинэ үе үнэхээр эрч хүчтэй, итгэл найдвараар дүүрэн байна. Гучин жилийн дараа Монгол Улс ямар болох вэ гэдэгт тэд маш их нөлөө үзүүлж чадна. Өмнөд Солонгосыг авч үзье. Дайны дараа ядуу улс байсан учраас Өмнөд Солонгост Этиоп тусалж байсан. Харин өнөөдөр Их 20-ийн гишүүн улс болжээ. Үнэхээр бахдам амжилт. Монгол Улс Өмнөд Солонгос, Япон, Сингапуртай харьцуулбал мянган дахин их нөөц боломжтой. Үүний тулд бид шинэ үеийнхэндээ сайн манлайлагч болох ёстой.
Шинэ үеийг манлайлахын тулд бид сайн ментор, коуч, дэмжигч нь байх хэрэгтэй. Бид хэлсэн ярьснаа үйлдлээр баталж, чухам юунд зорьж буйгаа өөрөө үлгэрлэн харуулах ёстой.
Бид тэдэнд итгэл найдвар бэлэглэж, үйл хэргээ бодитоор харуулах юм бол бусад бүх зүйл аяндаа бүтнэ. Хэрэв бид эдгээр ур чадварыг эзэмшиж чадах юм бол компаниа улам хөгжүүлж, микроменеж хийлгүйгээр сайн удирдагч болж чадна.
Материал дээр ажилласан Г.Даваадорж, Н.Энхбаяр, Chap GPT
Wow …so super information ….thank you so much