Дотоодын аялал жуулчлал сэргэж амралт, чөлөөт цагаараа хөдөө орон нутгийг зоригсдын тоо нэмэгдсээр байна. Үүнийг даган зам харилцаа ч хөгжсөөр байгаа бөгөөд саяхан бүх аймгийг нийслэлтэй хатуу хучилттай авто замаар холбосон тухай зарласан. Гэхдээ аялагчдын очих дуртай байгалийн үзэсгэлэнтэй олон газар замын бартаа ихтэй, дэд бүтэцгүй, алслагдмал байршилд байдаг учраас автомашинд тавигдах шаардлага нэмэгдэнэ. Хамгийн гол нь холын аялалд олон төрлийн аяллын хэрэгцээт бараа авч явах шаардлагатай байдгаас автомашины ачаа хэтрэх, их ачаанаас болж зорчигчдын тав тух алдагдах асуудал гардаг. Тэгвэл энэ асуудлыг шийдэж, Монголын нөхцөлд зориулан аяллын чиргүүл зохион бүтээсэн хүмүүс бол Ц.Бямбацэрэн, Ө.Байгалмаа нарын гэр бүл юм.
Аялал бол тэдний амьдралын хэв маягийн салшгүй хэсэг гэж болно. Нөхөр Ц.Бямбацэрэн техникт хорхойтой, ан авд явах, гараар юм бүтээх дуртай. Тэд гэр бүл болсон цагаасаа л зөвхөн зун гэлтгүй өвөл ч бас Монгол орноороо аялж, эх орныхоо байгаль, хүн ардын амьдралтай танилцана. Харин хоёр хүүхэд ойрхон төрж бүл нэмсний дараа хөдөө гадаа явахад машинд багтаах ачаа эрс нэмэгдлээ. Бага насны хүүхдүүдтэй болохоор зам зуур зогсож, ачаанаасаа хүүхдийн хувцас, живх мэтийг авах хэрэгтэй болно. Тэр болгонд арай гэж багтаасан ачаагаа буулгахаас өөр аргагүй. Ачаа ихтэй учраас машиндаа тав тухтай явахад ч хүндрэлтэй болов.
Тиймээс тэд 2012 онд чиргүүлтэй болохоор шийдэв. Хаанаас чиргүүл авах талаар интернэтээр нэлээд судалгаа хийж үзээд Америкаас 10 мянган ам.доллароор худалдаж авахаар болжээ. 2013 онд Ц.Бямбацэрэн чиргүүлтэй болохоор АНУ-ыг зорьсон ч 10 мянган ам.доллароор зөвхөн стандарт чиргүүл л авч болохоор байлаа. Тоноглолуудаа авбал бараг 19 мянга болж, бас тээврийн зардал нэмэгдэхээр байв. Худалдаж авлаа гэхэд дөнгөж зургаадугаар сард ачигдахаар байсан нь тэдний төлөвлөгөөнд огт нийцэхгүй байж.
Энэ нь Ц.Бямбацэрэнг өөрөө чиргүүл хийх шийдвэрт хүргэв. 2014-2015 оны өвөл, хавар нь шаардлагатай багаж хэрэгсэл, тоног төхөөрөмж, материалаа бэлдэн чиргүүл хийв. Тэр зундаа хийсэн чиргүүлээ чирээд явж байхад харсан хүмүүс “Ямар аятайхан эд вэ?” гэцгээх болов. Өөрсдөө хийсэн гэхийг нь сонсоод чиргүүл хийлгэе гэсэн хүсэлт тавьдаг болжээ.
Эндээс Ц.Бямбацэрэнгийн гэр бүлийн шийдэл бизнес болох эхлэл тавигдаж, “Хами чиргүүл” гэж нэрлэсэн бүтээгдэхүүнээ хөгжүүлэв. Түүнээс хойш найман жилийн хугацаанд чиргүүлийн хэрэглэгчдийн тоо тасралтгүй нэмэгдсээр байгаа аж. Энэ хооронд Ц.Бямбацэрэн өвөл, зуны улиралд, цаг агаар болон замын төрөл бүрийн нөхцөлд чирч үзсэн хэрэглэгчдийн болон өөрсдийн аяллын туршлага дээр үндэслэн чиргүүлээ хийц, чанарын хувьд улам сайжруулсаар байна. Чиргүүл нэн түрүүнд Монголын нөхцөлд зохицсон, удаан эдэлгээтэй, гэхдээ хөнгөхөн байх ёстой байлаа. Ц.Бямбацэрэн чиргүүлийнхээ үндсэн материалаар хөнгөн цагаан ашигладаг нь бат бөхийн зэрэгцээ зэвэрдэггүй давуу талтай.
24 цаг хүнс хадгалах аяны хөргөгч, цэвэр усны нөөцийн сав болон нарны дэлгэц суурилуулах, эндээс хуримтлагдсан цахилгаан эрчим хүчийг ашиглан шүршүүрт орох боломжтойгоор хийгддэг.
Аялал бүрийн дараа чиргүүлээ сайжруулах талаар шинэ санаа төрдөг байв. Чиргүүл өөрөө 240- хөн кг жинтэй ч, 700 кг хүртэл ачаа тээвэрлэх хүчин чадалтай болов. Энэ нь чиргүүлд зориулсан нэмэлт тоормозны систем шаардахгүй, жолооч жолооны ангилал нэмэхгүйгээр В ангиллын үнэмлэхтэй байхад хангалттай гэсэн үг. Ингэснээр машинд ачаалал өгөхгүй, тэнцвэрт нь нөлөөлөхгүй, машиныхаа ард ачаа овоолж зорчигчдын тав тух алдагдахгүй гэх мэт аяллын явцад тохиолддог үндсэн асуудлыг шийдэж чадав. Удалгүй Хами чиргүүл 24 цаг хүнс хадгалах аяны хөргөгч, нарны дэлгэц суурилуулах боломжтойгоор хийв. Мөн нөөц шатахуун болон цэвэр усны саваар ч тоноглох бололцоотой боллоо. Тэр ч байтугай аялагч шүршүүрт орж болно.
Ц.Бямбацэрэн өөрөө олон жил чирч туршсан учраас Монголын бартаат замд хамгийн удаан эдлэгдэхээр тооцож, төрөл бүрийн деталиуд нэмсээр байлаа.
Эдүгээ түүний чиргүүлийг голдуу Ланд-200, Лексус-570 машинтай хүмүүс сайн мэддэг, аялалдаа хэрэглэх дуртай. Ялангуяа Монголын аймаг, сумдыг тойрч, эх орноо хэдэн мянган км хөндлөн гулд туулдаг аяллын төслүүдийн хувьд нэн тохирсон, “Ачаагаа яаж багтаах вэ?” гэсэн хамгийн том асуудлыг нь шийдэж өгсөн бүтээгдэхүүн болжээ.
Ийнхүү “Хами чиргүүл” нь явах эд анги нь удаан эдэлгээтэй, Монгол орны замгүй нөхцөлд бодит амьдралаар туршигдсан нэгэн ёсны нөү-хау болж, зах зээлээ олсон үйлдвэрлэлийн бизнес болж өргөжжээ.
Сүүлийн үед цар тахлын хязгаарлалт суларснаар монголчуудын аялах хэрэгцээ улам өсөж, чиргүүл захиалагчдын тоо ч нэмэгдсээр байгаа тухай Ц.Бямбацэрэн ярьж байлаа.
Facepook page: Хами аяллын чиргүүл