Бизнес санааг амжилттай бизнес болгон хөгжүүлж чадахуйц сайн бизнес төлөвлөгөө бичих тухайд олон заавар, аргачлал байдаг. Бизнес төлөвлөгөө хийхэд маш их цаг хугацаа, тэвчээр шаардлагатай болдог ба хамгийн зөв хувилбарыг олж, зөв төлөвлөхийн тулд олон дахин засвар хийх шаардлагатай болдог. Харамсалтай нь ихэнх хүн бизнес эхлүүлэх аж ахуйн олон ажлуудад цагаа зарцуулж, хурдан эхлүүлэхэд илүү анхаарч, төлөвлөлтийг орхигдуулдаг.
Содура консалтинг ХХК үйл ажиллагаа эрхэлснээс хойш маш олон бизнес эрхлэгчдийн стратегийн болон бизнесийн төлөвлөлт дээр хамтран ажиллаж, заавар зөвлөгөө өгч ажиллаж байгаа ба нийтлэг дараах алдаануудыг та бүхэнд онцлон хүргүүлж байна.
- Амьдралд хэрэгжих боломжгүй санхүүгийн төсөөлөл
Амьдралд хэрэгжих боломжгүй хэт өөдрөг буюу бодит бус санхүүгийн төсөөлөл нь бизнес төлөвлөлтийн хамгийн нийтлэг алдаа юм. Зээлдүүлэгчид, хөрөнгө оруулагчид таны бизнес одоо хаана байгаа, ирээдүйд хаана хүрэхийг зорьж байгаа бодит дүр зургийг харахыг хүсдэг. Гэтэл таны төлөвлөлт хэт өөдрөг төсөөлөлтэй, хэтийн төлөвийг тайлбарлаагүй бол хөрөнгө оруулагч нар, зээлдүүлэгчид хүлээж авахгүй. Ялангуяа, дараах нийтлэг алдаанууд гардаг:
- Орлогыг хэт өндрөөр төлөвлөх– Бүтээгдэхүүний үнэ болон үйлдвэрлэл, үйлчилгээний тоо хэмжээ, борлуулалтын тоо хэмжээг хэт өөдрөгөөр төлөвлөх,
- Зардлыг хэт доогуур төлөвлөх– Өртгийг бүтээх төрлүүдийн үнэ хийгээд үйл ажиллагаа, борлуулалт, маркетингийн зардлыг хэт багаар тооцох,
- Цаг хугацааг хэт өөдрөгөөр төсөөлөх – ажил хэрэгжих цаг хугацааг маш богиноор төлөвлөж, болзошгүй эрсдэлүүдийг тооцдоггүй.
- Зорилтот хэрэглэгчдээ тодорхойлохгүй байх
Бүх зах зээлд эсвэл хүн бүрд тохирох бүтээгдэхүүн, үйлчилгээ гэж байхгүй. Тиймээс та бүхэн зорилтот зах зээлээ тодорхойлж, таамаглалуудыг гаргаж, бүтээгдэхүүн үйлчилгээгээ тэдний эрэлт, хэрэгцээнд тохируулах шаардлагатай.
Сегмент бүрээр үнэ цэний зураглал гаргадаггүй – Зах зээлийн сегмент бүрээр эрэлт хэрэгцээг тодорхойлж, харилцагчийн файлыг бүрдүүлдэггүй.
- Муу судалгаанд үндэслэсэн, харилцан уялдаагүй
Менежментийн олон судалгааны аргачлал байгаа ч олон, удаан, хамрах хүрээ ихтэй, хэт их мэдээлэлтэй байхдаа гол биш оновчтой, зөв, шинэлэг, үндэслэлтэй мэдээлэл, судалгаанд суурилан хийх нь чухал юм.
Бизнес төлөвлөлтийг өөр өөр нэгжүүд, хүмүүс хэсэгчлэн хийх нь цаг хугацаа, нөөцийн хувьд харилцан уялдаагүй болгодог.
Бүх судалгааг жил бүр ижилхэн хийдэг– Судалгаанаас юуг, ямар санаа, мэдээллийг авах эсэхээ мэддэггүй, боловсруулалт муутай мэдээллийн бөөгнөрөл үүсгэдэг.
Хэт өргөн цар хүрээгээр хийдэг– Их өргөн цар хүрээгээр, маш их ажил удаж, олон хуудастай, цаг хугацаа их зарцуулж хийдэг.
- Өрсөлдөөнд анхаарлаа хандуулдаггүй
Ихэнх бизнес эрхлэгч өрсөлдөөнийг үл тоомсорлодог. Таны бизнес хамгийн өвөрмөц үнэ цэний саналыг хэрэглэгчид санал болгодог, та тэрхүү саналыг бусдаас илүү сайн бүтээж чаддаг гэж бодож байвал та өөртөө дараах асуултыг тавиарай:
Таны бизнес байхгүй байхад үйлчлүүлэгчид хэрэгцээгээ хаанаас хангах байсан бэ?
Хариулт нь: Таны өрсөлдөгчдөөс
Тиймээс та төлөвлөлтөө хийхдээ өөрийн салбарт анхаарлаа төвлөрүүлж, та өрсөлдөгчдөөс юугаараа ялгаатай, зах зээлд хэрхэн өрсөлдөхөөр төлөвлөж байгаа бөгөөд энэ салбар одоо ямар байгаа, ирээдүйд хаашаа явахыг хэрхэн төсөөлж буйгаа тодорхойлох хэрэгтэй.
Салбарын дүр төрх, өрсөлдөөнийг урьдчилан харж чаддаггүй– Өөрийн салбарын дүр зургийг урьдчилан харж ирэх өөрчлөлтүүдэд бэлэн байж, өвөрмөц байдлаа хадгалахаас илүү өнөөдрийн үнэ цэнд хэт анхаардаг.
- Өөрийн сул талаа нуух
Сул талаа бүү нуу, гэхдээ хэт их онцолж болохгүй. Бизнес болгонд өөрийн гэсэн сул тал бий. Гэхдээ тэдгээрийг нуух эсвэл хэт их онцлох нь хөрөнгө оруулагчдыг өөрөөсөө түлхэхэд хүргэнэ. Сул талуудыг арилгах цорын ганц арга зам бол эдгээр асуудлыг хэрхэн шийдвэрлэх талаар нарийвчилсан төлөвлөлтийг оруулах явдал юм.
Нөөцүүдийн сул талуудыг нуух-Ур чадвар, чадамжийн дутагдлуудыг нуух, өр төлбөр ихтэй байгаа, санхүүгийн нөөцүүд дутагдалтай байгааг нуух
- Түгээх сувгаа мэдэхгүй байх
Зорилтот хэрэглэгчдэд зориулан бүтээсэн үнэ цэнээ хэрхэн тэдэнд хүргэхээ тодорхой биш, зөвхөн тойм байдлаар тодорхойлсон байдаг. Хэрэв таны бизнес шинэ бол сегмент бүрийн зорилтот хэрэглэгч нарт хүргэх сувгуудыг тестэлж үзсэн байх, хэрэв хуучин бизнес бол гүйцэтгэлийн алдааг тодорхойлж, сайжруулахаар тусгасан байвал зохино.
6. Сегмент бүрд тохирох сувгийг тодорхойлдоггүй
– Тухайлбал гэртээ хүүхдээ харж байгаа ээжүүдэд яаж танай хүүхдийн дархлааны витамин хүргэх вэ, гүний уурхайд олон цагаар ажилладаг уурхайчинд яаж Д витамин хүргэх вэ?
Утас: 99117125,
Имэйл хаяг: Soduraconsulting@gmail.com,
Цахим хуудас: soduraconsulting.com
Ц.Алтангэрэл. Менежментийн зөвлөх үйлчилгээний “Содура Консалтинг” компанийн гүйцэтгэх захирал, олон улсын менежментийн мэргэшсэн зөвлөх