-Инновацын долоо хоногийн хүрээнд “Agri Showcase Tour” арга хэмжээг зохион байгуулах гэж байна. Энэ арга хэмжээний гол ач холбогдлыг та хэрхэн тодорхойлох вэ?
-Засгийн газраас жил бүр зохион байгуулдаг “Инновацын долоо хоног 2023” арга хэмжээ үргэлжилж байна. Хүнс, ХАА, хөнгөн үйлдвэрлэлийн салбарын төлөөллүүд “Хүнсний хувьсгал”, “Тэрбум мод” зэрэг үндэсний хөдөлгөөний хүрээнд энэ жилийн арга хэмжээнд онцгой ач холбогдол өгч оролцож байгаа. Тийм ч учраас ХААИС дээр “Agri Showcase Tour” арга хэмээг маргааш буюу энэ сарын 08-ны өдөр зохион байгуулах гэж байна.
Арга хэмжээний үеэр ХАА-н салбарын эрдэмтэн судлаачдын олон жилийн хөдөлмөр, судалгаа, шинжилгээний үр дүнд бий болсон инновацын шилдэг шийдлүүдийг хөрөнгө оруулагч, бизнес эрхлэгч, үйлдвэрлэгч, хэрэглэгчдэд танилцуулна.
Өөрөөр хэлбэл “Agri Showcase Tour” арга хэмжээ хөдөө аж ахуйн салбарт хөрөнгө оруулах сонирхолтой хөрөнгө оруулагчид болон энэ салбарын бизнес эрхлэгчид, шинийг санаачлагчдын уулзах гол талбар нь байх болно. Мөн ХАА-н салбарын инновацлаг бүтээлүүдтэй танилцахаас гадна судалгааны хүрээлэнгүүдийн лабораторуудаар аялж, бизнес уулзалт хийх боломжтой. Хамгийн гол нь салбарт тулгамдаж буй асуудлуудад шийдэл олох, санал бодлоо хуваалцах чөлөөт индэр нь энэ арга хэмжээ байх болно гэдгийг онцолъё.
-Арга хэмжээний үеэр хэчнээн төсөл танилцуулах вэ? Мөн хамгийн анхаарал татах сонирхолтой төслүүдээс манай уншигчдад танилцуулахгүй юу?
-Инновац чухал гэж бид олон жил ярилаа. Гэтэл бодит амьдрал дээр малын эм, бэлдмэл үйлдвэрлэдэг тоног төхөөрөмжөө л гэхэд 1970-аад оноос сайжруулалгүй өдийг хүрчихсэн байна. Тиймээс бид юу хийж бүтээв гэдгээ эргэн дүгнэх цаг болж. Уул уурхай, технологийн салбарт шинэ санаа “гэрэл” асааж байгаа ч эдийн засгийн гол, суурь салбарын нэг ХАА-н салбарт инновацыг нутагшуулж чадахгүй байна. Монголчууд эртнээс байгаль орчинтойгоо ойр байж, хөдөө аж ахуйд түшиглэн аж төрж ирсэн. Гэхдээ цаг үе өнгөрөх тусам энэ салбар хувьсан өөрчлөгдөж, илүү ухаалаг болж байна. Газар тариалангийн салбарт гэхэд усалгааны систем хөгжүүлэх, органик бордоо үйлдвэрлэх, шинэ үр, сорт гаргах гээд дэлхий дахины өрсөлдөөн улам ширүүсэж байна.
“Agri Showcase Tour” арга хэмжээний үеэр 28 инновацын төсөл танилцуулахаас хэд хэдэн төсөл нь бордооны төсөл байна.
Монголд элбэг байгаа ч хог болж хаягдсаар байгаа хонины ноосоор хүртэл бордоо хийж экспортолж байна. Хонины ноос ус чийгийг газрын хөрсөнд удаан барих чадвартай, элдэв химийн бодисгүй. “Хүнсний хувьсгал”, “Тэрбум мод” хөдөлгөөнд хамгийн ач тусаа өгөх төсөл гэж тодотгож болох юм. Энэ үйлдвэрлэл гэхэд Монголд төдийгүй дэлхийд инновацлаг үйлдвэрлэлд тооцогдож байна.
-Манай улсын мал сүргийн тоо толгой хэдэд хүрээд байна вэ? Мөн малын эм бэлдмэлээ хэр хэмжээнд үйлдвэрлэж чадаж байна вэ?
-Манай улс малын тоо толгойгоороо дэлхийд тэргүүлдэг. Жилд дунджаар 71 сая мал тоолуулж байна. Төлтэйгээ нийлбэл 90 саяд хүрдэг. Малын эм бэлдмэл, вакциныг дотооддоо үйлдвэрлэвэл энэ талбарт маш том зах зээл нээлттэй байна. Гэвч энэ зах зээлд гаднын үйлдвэрлэгчид гол тоглогчид нь байсаар байна. Тухайлбал, Мал эмнэлгийн хүрээлэн дээр төл малд зориулсан “Зэсэл” гэж бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг юм. Жил бүр 18-20 сая мал төллөж байхад хоёр сая хүрэхгүй төлд энэ бэлдмэлийг ашиглаж, үлдсэн хэрэгцээгээ импортоор нөхөж байна. Бусад нэр төрлийн эм бэлдмэл, вакцин дээр ч ийм дүр зураг ажиглагддаг. Хэрэв бид дотооддоо малын эм, бэлдмэл үйлдвэрлэвэл үнийн хувьд ч харьцангуй боломжийн байна. Гаднаас Зэсэлтэй ижил төрлийн бүтээгдэхүүн 15-20 мянган төгрөгөөр орж ирж байхад дотоодын бүтээгдэхүүнийг малчид 10 мянгаар л авах боломжтой.
-Малын эм, бэлдмэл дээр гэхэд маш том зэх зээлд нээлттэй байна гэлээ. Тэгвэл “Agri Showcase Tour” арга хэмжээнд малын эм бэлдмэл, вакцины төслүүд хэр орж байгаа вэ?
-Зах зээл хангалттайгаас гадна цаг үеийн нөхцөл байдал, уур амьсгалын өөрчлөлтийг дагаад малын халдварт өвчин гарсаар байна. “Agri Showcase Tour” арга хэмжээний үеэр малын эм бэлдмэлийн 14 төсөл танилцуулна. Манай улсын хувьд, малын эм бэлдмэлийг дотооддоо байгаа нөөцдөө тулгуурлан үйлдвэрлэж байгаа ч маш бага хэмжээнд байна. 1970-аад оноос хойш Био комбинатад шүлхий, мялзангийн вакциныг бага хэмжээгээр үйлдвэрлэж эхэлсэн. Гэсэн ч дээр хэлсэнчлэн тоног төхөөрөмж нь хуучирсан учраас вакцин, эм бэлдмэлээ сайжруулахад хүндрэлтэй байна. Гэхдээ манай эрдэмтэд шийдэл олж чадсан учраас дэмжлэг, хөрөнгө оруулалт шаардлагатай. Саяхан л гэхэд шүлхийн вакцины хэд хэдэн туршилтыг эхлүүлсэн. Энэ мэт төслүүдээ урагшлуулбал импортын хараат байдлаас гарах боломж бий.
-Газар тариалан болон ХАА-н технологийн төслүүдийн тухайд ямар төслүүдийг онцлох вэ?
-Технологийн таван төсөл бий. Дэлхий дахинд ХАА-н салбарт шинэ технологи нэвтрүүлэхэд онцгойлон анхаарч байна. Саяхан сайдын нэрэмжит грант дээр богино ургамал, модны суулгац үйлдвэрлэх шинэ технологи танилцуулж байсан. Мөн өрхийн хэрэглээнд ашиглаж болох үнээний саалтуурыг Туркуудтэй хамтарч хийсэн байсан нь малчдын ажлыг хөнгөвчлөх тун сонирхолтой шийдэл санагдсан.
Шинэ Зеландын туршлага дээр суурилсан хонь ноослох явуулын төхөөрөмжийн төсөл ч байна. Энэ технологийн тусламжтай дөрвөн монгол залуу Шинэ Зеландад өдөртөө л 1000 хонь ноосолж байна.
Газар тариалангийн тухайд, “Хүнсний хувьсгал” хөдөлгөөний хүрээнд шинэ сортын үр тариа гаргаж авахад онцгойлон анхаарч байна. Энэ жил л гэхэд газар тариаланг дэмжих зорилгоор 10 гаруй нэр төрлийн үрийг тариаланчдад дэмжлэг болгон өгч байгаа. Олон улсын шаардлагад нийцсэн А зэрэглэлийн үрийг оруулж ирж, дотооддоо хэрэглэх, хүлэмжийн үрүүдийг дотооддоо гарган авах боломж нээлттэй байна. “Agri Showcase Tour” арга хэмжээн дээр л гэхэд газар тариалангийн чиглэлийн зургаан төсөл танилцуулна. Энэ чиглэлээр Дарханы Ургамал хамгааллын хүрээлэнгийнхэн нэлээд үр дүнтэй ажиллаж байна.
-ХАА-н салбарын шинийг санаачлагчид болон хөрөнгө оруулагчдын уулзах гол талбар нь “Agri Showcase Tour” арга хэмжээ байх болно гэж тодотгож байна. Тэгвэл ХАА-н салбарт хөрөнгө оруулахын онцлог, давуу талыг та юу гэж тодорхойлох вэ?
-Одоогоор Монгол Улсын ХАА-н салбарт хөрөнгө оруулагчид ийм хэмжээний үр өгөөж хүртэж байна, эхлүүлсэн бизнес нь ийм хэмжээнд хүрч тэлсэн байна гэсэн судалгаа мэдээлэл, өгөгдөл дутмаг байна. Тэгэхээр энэ талын судалгааг хөгжүүлж, хөрөнгө оруулагчдыг итгэлтэйгээр ХАА-н салбарт хөл тавих хөшүүргийг бий болгох шаардлагатай.
Гадаадын шууд хөрөнгө оруулалтын урсгалыг авч үзэхэд, 70 гаруй хувь нь зөвхөн уул уурхайн салбарт чиглэж байна шүү дээ. Тиймээс Монголын ХАА-н салбар ингэж тэлэх боломжтой гэдгийг таниулж сурталчлах шаардлагатай байгаа. Үүний эхлэл нь энэ арга хэмжээ байх болно. Ялангуяа миний бие яаман дээрээ Шинжлэх ухаан, технологийн салбар зөвлөлийг хариуцан ажиллаж байгаагийн хувьд олон жил ярьсан инновацын шийдлүүдийг бодит ажил хэрэг болгохыг маш их хүсэж байна. Саяхан Сайдын нэрэмжит грант олгодог уралдааныг дөрөв дэх жилдээ зохион байгуулсан. Гурван төсөл шалгарсан. Эдгээр бүтээлийг мөн “Agri Showcase Tour” арга хэмжээний үеэр нээлттэй танилцуулна.
Бид сайн туршлага бий болгож, шилдэг төслүүдийг бодит ажил хэрэг болгож чадвал дараа дараагийн шинэ бүтээлүүд төрөн гарч, шинийг санаачлагчид илүү урам зоригтой урагшлах болно. Олон нийтийн анхаарал, оролцоо ч ХАА-н салбарт чиглэнэ.
Энэ салбарт хөрөнгө оруулах нь маш том давуу талтай. Уул уурхай, эрчим хүчний төслүүд тодорхой хугацаанд өндөр өгөөж өгдөг бол ХАА-н төслүүд урт хугацаанд тасралтгүй өгөөж хүртэх боломж олгоно. Нөгөөтээгүүр Монгол Улс бол ХАА-н орон. Тиймээс эх орныхоо үнэт зүйлийг улам тодруулж, дэлхийд өрсөлдөхөд хувь нэмрээ оруулна гэдэг бахархам зүйл. Энэ салбарт хийх зүйл их бий. Хэн түрүүлж алхана тэр бүхэнд боломж нээлттэй байна.
Саяхан Очир дагинас үйлдвэр дээр очиход таван бүтээгдэхүүнээрээ олон улсад өрсөлдөөд ирсэн байхтай нь таарсан юм. Уралдаанд сойсон бүх бүтээгдэхүүн нь шагнал аваад ирсэн байсан. Үнэхээр бахархам. Дээр нь дэлхийн хүн амын 1.6 тэрбум нь Монгол Улсыг тойроод аж төрж байна. Тэгэхээр ХАА-н салбарт тэлэх орон зай хангалттай байна. Гагцхүү том мөрөөдөж бүх шатандаа зөв менежментээр урагшлах шаардлагатай. Тиймээс “Agri Showcase Tour”-д ХАА-н салбарыг сонирхдог хэн бүхнийг урьж байна. Хөрөнгө оруулагчдын бүртгэл хаагдсан ч гэлээ оролцоорой. Үзэсгэлэнг үзээрэй гэж зөвлөе.
-Монгол Улс дэлхийн ноолуурын зах зээл дэх хоёр гол тоглогчийн нэг. Гэвч ээрэх технологийн дутагдалтайгаас дийлэнх ноолуураа түүхийгээр нь гаргаж байна. Энэ чиглэлийн инновацын шийдлүүд байна уу?
-Уул уурхайн бус экспортын хамгийн гол бүтээгдэхүүн нь үндсэндээ ноолуур. Хамгийн нарийн ширхэгтэй, олон өнгөтэй, дээд зэрэглэлийн ноолуурт Монгол ноолуур зүй ёсоор тооцогддог. Харамсалтай нь нэмүү өртөг шингээж чадахгүй түүхийгээр нь гаргаж байна. Бидний түүхийгээр нь гаргаж байгаа ноолуурыг хилийн чанадад өөр улсууд өртөг шингээж боловсруулаад байна шүү дээ. Магадгүй дараа дараагийн арга хэмжээнд ноолуур самнах, ээрэх технологийн төсөл ирэхийг үгүйсгэхгүй. Ямартай ч сүүлийн үед энэ салбарын компаниуд бүгд угаах дамжлагыг нэвтрүүлчхээд байна. Засгийн газрын хувьд, үйлдвэрүүд самнах дамжлагатай болох, тоног төхөөрөмжөө сайжруулахад нь дэмжлэг үзүүлнэ. Энэ үндсэн дээр самнасан ноолуурыг л хилээр нэвтрүүлье гэдэг шийдвэр ч гарсан. Энэ шийдвэр ирэх оны зургаадугаар сараас хэрэгжинэ.
-Тантай ярилцаж байгаагийн хувьд, ХАА-н салбарын бизнес эрхлэгчдэд олгох хөнгөлөлттэй зээлийн талаар тодруулъя. Энэ жил бараг нэг их наяд төгрөгийн зээл олгоно. Одоогоор зээлийн хөтөлбөр хэрхэн үргэлжилж байна вэ?
-Хүнсний хангамжийн аюулгүй байдлыг хангах талаар авах арга хэмжээний тухай 36-р тогтоолыг УИХ өнгөрсөн онд баталсан. Энэ хүрээнд иргэдийн түгээмэл хэрэглэдэг 19 нэр төрлийн бүтээгдэхүүнийг дотооддоо үйлдвэрлэдэг болохоор зорьж байна. Үүнийг бодит ажил хэрэг болгох цорын ганц гарц нь үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх. 2022 онд Монгол Улс хүнсний ногооны дотоодын хэрэгцээнийхээ 70 гаруй хувийг хангаж байсан бол энэ онд 85 хувийг нь хангах төлөвтэй байна. Ирэх жилүүдэд ч үйлдвэрлэлээ нэмэгдүүлэх шаардлагатай.
Тиймээс салбарын үйлдвэр эрхлэгчдэд зориулсан хөнгөлөлттэй зээлийн хөтөлбөрийг таван жилийн турш хэрэгжүүлнэ. МАА, газар тариалан, хүнс үйлдвэрлэл, сав, баглаа бодлын үйлдвэрлэл эрхэлж байгаа ААН-үүд бидэнтэй хамтран ажиллаж байгаа 10 арилжааны банкаар дамжуулан жилийн 5-6 хувийн хүүтэй зээл авах боломжтой. Арилжааны банкнаас бизнесийн болон бусад төрлийн зээл авахад жилд ойролцоогоор 18-19 хувийн хүү төлж байгаа. Тэгэхээр хөнгөлөлттэй зээлийн нөхцөлийг тун боломжийн гэж тодорхойлж болох юм. Мөн зээлийн хугацаа богино байдаг нь бизнес эрхлэгчдэд маш том сорилт дагуулдаг. Тиймээс энэ зээлийг тав хүртэлх жилийн хугацаагаар олгохоор шийдвэрлэсэн.
Энэ оны хувьд хүнс, ХАА, хөнгөн үйлдвэрийн салбарынханд 982 тэрбум төгрөгийн зээл олгоно. Хүүгийн хөнгөлөлтөд нь 127.7 тэрбум төгрөгийг ЗГ-аас татаас хэлбэрээр олгохоор болсон.
Тавдугаар сарын 26-ны өдрийн байдлаар 2190 зээлийн хүсэлт ирээд байгаагаас 892 зээлдэгчийн 106.7 тэрбум төгрөгийн зээлийг олгоод байна. Олгосон зээлийг салбараар нь авч үзвэл тариалангийн үетэй холбоотойгоор газар тариалангийн бизнес эрхлэгчдэд түлхүү зээл олгосон байна. Тодруулбал, 629 зээлдэгчийн 55.5 тэрбум төгрөгийн зээл нь газар тариалангийн салбарт хамаарч байна. Мөн хүнсний ногооны 154 үйлдвэрлэгч 4.3 тэрбум төгрөгийн зээл авсан бол 77 зээлдэгчийн 23.2 тэрбум төгрөгийн зээл нь тоног төхөөрөмжөө сайжруулахаар авсан зээл байна. Банкаар нь авч үзвэл, Хаан банк нэлээд идэвхтэй ажиллаж байна. Нийт олгосон зээлийн 83 хувь нь Хаан банкны олгосон зээл бол ХасБанк 11 хувийг үлдсэнийг нь Голомт банк олгосон байна.
-Зарим бизнесийн онцлогоос хамааран зээл хүсэгчдийн барьцаа хөрөнгө нь хүрэлцэхгүй байх вий гэсэн болгоомжлол байна. Таван жилийн турш хэрэгжих энэ хөтөлбөрт батлан даалтыг ямар байдлаар тусгасан бэ?
-Бизнесээ өргөжүүлэхээр зорьж байгаа бизнес эрхлэгчид зээлийн шалгуураа харьцангуй сайн мэдэж байгаа болов уу. Тэр шалгуурын дагуу банкнууд эрсдэлээ тооцож, зээл олгож байгаа. Мөн Зээлийн батлан даалтын сангаас 50-60 хувь дээр нь батлан даалт гаргаж байгаа. Тэгэхээр тэдний үйл ажиллагаа, нөхцөлүүдтэй танилцах хэрэгтэй гэж зөвлөх байна.
-Урилга хүлээн авч ярилцсанд баярлалаа.
-Баярлалаа.
***
ХАА-н салбар дахь инновацын төслүүдийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл авч, эрдэмтэн судлаачидтай хамтран ажиллахыг хүссэн хэн бүхнийг “Agri Showcase Tour” арга хэмжээнд урьж байна.
ХУГАЦАА: 2023 оны 06-р сарын 08-ны өдөр 09:00-14:00 цагийн хооронд
БАЙРШИЛ: ХААИС-ийн “Хатан туул” танхим
БҮРТГҮҮЛЭХ ХОЛБООС: https://forms.gle/kaLWFptKoUVTQs949
ХОЛБОО БАРИХ УТАС: 9009-1019, 9906-7861