Google, Amazon, Huawei, NAVER зэрэг технологийн тэргүүлэгч компанийн төлөөллүүд харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарынхны хамгийн том цугларалт “ICT EXPO”-г зорин манай улсад ирээд байна. Экспо энэ сарын 9-нөөс 11-ний өдрүүдэд болох бол өнөөдөр арга хэмжээг угтсан ICT форумыг зохион байгууллаа. Форумын үеэр уул уурхайгаас хэт хараат эдийн засгаа төрөлжүүлж, авлига, хүнд суртлаас ангид нийгмийг бүтээх гол гарц нь бүх салбарын цахимжилт гэдгийг талууд онцолж байсан юм.
Одоогоос 10-аад жилийн өмнө уул уурхайн салбар үүцээ задалж, гадны хөрөнгө оруулагчид манай улс руу хошуурч байх үед эдийн засаг 17 хувиар өсөж байсан. Гэвч бодит амьдрал дээр дэлхий нийтийг гайхшруулсан энэ өсөлт иргэдийн амьдралд төдийлөн мэдрэгдээгүй. Шалтгаан нь өсөлтийг авчирсан гол зүйл нь технологийн бүтээгдэхүүн биш байсантай холбоотой гэж салбарын төлөөллүүд хэлж байлаа.
Манай улсад уул уурхай давамгайлагч салбар болсныг илтгэх хэд хэдэн тоо баримт бий. Тухайлбал, гадаадын шууд хөрөнгө оруулалтын 70 гаруй хувь нь олборлох салбарт чиглэж байна. Экспортын орлогын 90 гаруй хувь нь эрдэс бүтээгдэхүүнээ зарж олсон орлого байна. Тэрдундаа эрдэс баялгийн экспортын орлогын 60 хувь нь зөвхөн нүүрсний экспортод хамаарч байна. Үүгээр барахгүй шилдэг татвар төлөгчдийн тэргүүн эгнээг Эрдэнэт, Оюутолгой өнгөлж байна. Харин харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбар улс орны эдийн засгийн ачаанаас хэр хүндийг үүрэлцэж байна вэ…
ЦХХХЯ-ны мэдээллээс үзэхэд, өнгөрсөн онд харилцаа холбооны салбар 1.7 их наяд төгрөгийн борлуулалт хийсэн байна. Гэтэл энэ салбарын гол тулгуур баганын нэг болсон мэдээллийн технологийн салбар эдийн засагт хэр нөлөө үзүүлж байгааг тооцоход хүндрэлтэй байгааг тэд хэлж байлаа.
Хэдийгээр бүрэн дүүрэн тооцоолол гаргаж чадахгүй байгаа ч мэдээллийн технологийн салбар ДНБ-ий 0.3 хүрэхтэй үгүйтэй хувийг нь л бүрдүүлж байна гэж салбарын яам барагцаалжээ. Маш чамлалттай үзүүлэлт.
Тиймээс ЦХХХЯ Азийн хөгжлийн банктай хамтран нөхцөл байдлаа илүү нарийн судалж, Мэдээллийн технологийг дэмжих хуультай болохоор төлөвлөж байна. Энэ хууль батлагдвал технологийн компаниудад татварын дэмжлэг үзүүлэхээс гадна хөрөнгө оруулалтын орчин нь илүү сайжирна гэж салбарынхан найдаж байгаа аж.
Мөн өөр нэг асуудал бий. Экосистемийн ерөнхий зураглал, хуул эрхзүй, бодлого, дэмжлэгийг нь тодорхой болгосон ч интернэтийн хурд, хүч, хүртээмж гэх мэт үндсэн дэд бүтцийг сайжруулахгүй бол “Цахим Монгол”-ын тухай бүх яриа “попролт” болж хувирна.
Өнөөдөр форумд оролцогч хэн бүхэн инновац, технологи хөгжиж, бүх салбар цахимжиж байж бүтээмж, ил тод байдал сайжирна, үр дүнд нь эдийн засаг өгөөжтэйгээр тэлнэ гэж онцолж байсан. Тэгвэл олборлолтоос оюун санаа руу чиглэсэн цахим эдийн засгийг хөгжүүлэхэд бидний хүч хүрэх үү гэдэг нь асуулт бас эргэлзээ дагуулна. Тиймээс энэ эргэлзээг арилгаж, итгэл авчрах зүйлсийг төр, хувийн хэвшлийн төлөөллүүдийн хэрхэн төлөвлөж байгаа талаар тодрууллаа.
ЦХХХ-ны сайд Н.Учрал: Ерөнхий сайдын Илон Масктай хийсэн цахим уулзалт эерэг үр дүн авчирна
Цахим эдийн засгийг эрчимжүүлэхийн тулд үндсэн дэд бүтцээ сайжруулах шаардлагатай. Ингэж байж инновац, технологийн хөгжлийг түүчээлж чадна. Саяхан БНФУ-ын Төрийн тэргүүний айлчлалын хүрээнд хоёр тал хамтран сансрын холбооны үндэсний хиймэл дагуул хөөргөхөөр болсон. Энэ дагуу бид ТЭЗҮ-ээ боловсруулах судалгааны ажилдаа ороод байна.
Мөн Ерөнхий Сайд Л.Оюун-Эрдэнэ Тесла компанийн Үүсгэн байгуулагч Илон Масктай цахим уулзалт хийж, хамтын ажиллагааны талаар санал солилцсон. Энэ уулзалтын үр дүнд Старлинкийн ажил хурдасна гэсэн хүлээлт байна.
Старлинк буюу нам орбитын хиймэл дагуулын үйлчилгээ эрхлэгчдэд манай улс илүү нээлттэй хандах шаардлагатай. Тийм ч учраас тэдний баримтлах чиглэлийн талаарх өмнөх сайдын тушаалыг хүчингүй болгосон. Ингэснээр тус байгууллага Монгол Улсын ХХЗХ-ноос зөвшөөрлөө аваад ажиллах боломж нээгдэж байна. Үр дүнд интернэтийн хурд, хүртээмж сайжирна. Мөн 5G давтамжийг энэ онд олгож эхэлнэ. Хурдтай, хүртээмжтэй интернэт бий болсноор боомтуудыг автоматжуулах боломжтой. Мөн түгжрэлийг ч илүү зөв тооцоололтойгоор бууруулж болно. Дэд бүтэц хөгжвөл технологийн бизнесүүд хөгжинө. Төрийн байгууллагууд их өгөгдөлд суурилсан шийдвэр гаргаж, хүний оролцоо багатай, авлигаас ангид, нээлттэй нийгмийг бий болгож чадна. Энэ бүхэн рүү бид төвлөрч ажиллах болно.
“Fibo Cloud” ХХК-ийн Үүсгэн байгуулагч, Гүйцэтгэх захирал П.Пүрэвбазар: Цахиурын хөндий ойртож байна
Манай компанийн хувьд, дата төвүүдэд чиглэсэн үйл ажиллагаа явуулдаг. Инновац, технологи хөгжихийн хэрээр дата маш үнэ цэнтэй баялаг болж байна. Мөн улс орнуудад датагаа хадгалж агуулах хэрэгцээ, шаардлага үүсэж байдаг. Фэйсбүүк хүртэл датагаа зарж байна шүү дээ. Үүнтэй зэрэгцэн мэдээллийн аюулгүй байдлын талаар ч чухлаар ярих боллоо. Манай бүтээгдэхүүнийн хувьд, дата төвүүдэд датагаа аюулгүйгээр хадгалах шийдэл санал болгодог.
Өнгөрсөн жил бид Казахстаны Транстелеком компанитай гэрээ байгуулсан. Ажлууд маш амжилттай байгаа. Одоо Узбекстаны зах зээлд нэвтрэхээр ажиллаж байна. Удахгүй сайн мэдээ дуулгах байх.
Цаашид Өмнөд Америк болон Африкийн зарим орон руу хандаж, маркетинг хийхээр төлөвлөж байна. Мөн монгол компаниуд Цахиурын хөндийд байршиж ажиллах, хууль эрхүйн зөвлөгөө мэдээлэл авах боломж илүү нээлттэй боллоо. Түүнчлэн энэ удаагийн ICT EXPO арга хэмжээ МТХХ-ны салбарынхан бодлогын яамтай болсноос хойш хийж байгаа анх удаагийн экспо гэдэг утгаараа их онцлогтой болж байна. Бид ирээдүйгээ илүү өргөн хүрээнд, бодлогын түвшинд тодорхойлох боломж бүрдсэнд баяртай байна.