Товчхон
- Монгол Улсын эдийн засгийг тогтвортой түвшинд барих их хэцүү. Уул уурхайн түүхий эдээс бүрэн хамааралтай. Монгол Улсын уул уурхайн компаниуд жилд 40-50 сая тонн нүүрс гаргаж чадна гэж ам бардам ярьж байна. Нэгдүгээрт, ийм хэмжээний нүүрс гаргах дэд бүтэц алга. Хоёрдугаарт, гаргалаа гэхэд худалдаж авах эсэхийг БНХАУ л шийднэ.
- Үнэхээр Монгол Улсын эдийн засаг 7.9 хувьд хүрч өссөн бол энэ үед цалин тэтгэвэр, халамжийг нэмэгдүүлэх нь инфляц өсөх зовлонг бий болгоно. Монгол Улсын сангийн бодлогод мөчлөг сөрсөн биш мөчлөг дагасан бодлого явуулснаар эдийн засгийг улам бүр ороо бусгаа болгож байна. Үнэхээр эдийн засаг өсөлттэй байгаа бол бид илүү гарсан мөнгөө хадгалж, хуримтлуулах ёстой.
- Эцэст нь, бүх хүүхдэд хүүхдийн мөнгө өгч, цалин тэтгэвэрийг 10 хувь нэмэх тохироог ард түмэнтэй хийж, УИХ-д 126 гишүүн суухаар болж байна.
Цалин, тэтгэвэр, тэтгэмж нэмэгдэх нь…Бөөн баяр аа
- Талх 2600, сүү 5000, мах 20000 хүрсэн энэ цаг үед цалин, тэтгэвэр, тэтгэмж нэмэгдэнэ гэхэд баярлахгүй хэн байх билээ. Хүн бүр чадлынхаа хэрээр хөдөлмөрлөсөн ч анхдагч хэрэгцээнээсээ илүү гарч чадахгүй, амь тэмцсээр…
- АИ-92 2400, доллар 3400, орон сууц м.кв нь 3 сая хүрсэн энэ цаг үед цалин, тэтгэвэр, тэтгэмж нэмэгдэнэ гэхэд баярлахгүй хэн байх билээ. Гэсэн ч гэр хороололд амьдарч буй 200 мянган өрхийн тавлаг орон сууцанд амьдрах мөрөөдөл тэднээс улам алсарсаар…
- Номын сан, хийморийн сан, эмийн сан гурваас бусдыг улстөрчид цөлмөсөн ч цалин, тэтгэвэр, тэтгэмж нэмэгдэх сургаар бөөн баяр болж, бүхнийг мартсан. Энэ бүхний дараа инфляци хэдэн хувьд хүрч, эрх баригчид хэдүүлээ болж, нүүрсний экспортод ямар сорилт тулгарах бол?
Төсвийн тодотголоор орж ирэх 1.8 их наяд төгрөгт нэг сая иргэн шууд хамрагдана
Төсвийн тодотголыг дараах таван эдийн засгийн ангилалд зориулж байна.
Нэгдүгээрт, төрийн албан хаагчийн суурь цалинг нэмэгдүүлнэ. Үүн дээр 986.6 тэрбум төгрөг зарцуулах бөгөөд 217.7 мянган төрийн албан хаагч хамрагдана.
Хоёрдугаарт, тэтгэврийн зөрүүг итгэлцүүрээр арилгаж үнийн өсөлттэй уялдуулж 10 хувиар нэмэгдүүлнэ. Үүнд зориулж 394.6 тэрбум төгрөг зарцуулах бөгөөд 496.3 мянган тэтгэвэр авагч хамрагдана
Гуравдугаарт, Хүүхдийн мөнгөн тэтгэмжийг хүсэлт гаргасан хүүхэд бүрт олгоно. Өнгөрсөн зургаан сарын хугацааг нөхөж олгоход 167.2 тэрбум төгрөг олгох бөгөөд 142.4 мянган хүүхэд хамрагдана.
Дөрөвдүгээрт, Зорилтот халамжийн тэтгэвэр, тэтгэмжийг 90 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлнэ. Үүнд 144.4 мянган хүн хамрагдана.
Тавдугаарт, Өнгөрсөн жил Улаанбаатар хотод 420 тэрбум төгрөг тавьсан хэдий ч гүйцэтгэл тэр бүр хангалттай яваагүйн улмаас 187 тэрбум төгрөгийн санхүүжилт дутсаныг нэмж оруулж өгнө. Тийм учраас томоохон төслүүд гацахгүй явна гэсэн үг. Гол ажил нь хотын дундах замуудын хоорондын холбоос замыг гүйцээх төсвүүд байна. Ийм таван зүйлд гол анхаарал хандуулж төсвийн тодотгол хийнэ.
Сангийн сайд С.Жавхлангийн сарын зайтай хийсэн хоёр өөр мэдэгдэл
2023.04.12. Б.Жавхлан: Төсвийн тодотгол ярихад арай эрт байна
Энэ оны эхний улиралд эдийн засаг 7.6 хувийн өсөлттэй гарч, төсөвт нэг их наядын илүү орлого нэмэгдсэн. Тиймээс төсөвт тодотгол хийж цалин, тэтгэвэр нэмэх тухай Ерөнхий сайд мэдэгдсэн байдаг. Гэвч сангийн сайд энэ асуудалд сарын өмнө эсрэг байр суурьтай байсан юм. Тэрбээр, “Төсвийн тодотгол ярихад арай эрт байна. Ингэж яримгүй байгаа юм. Учир нь улсын эдийн засаг эхний хагас жил, дараагийн хагас жил гэсэн хоёр мөчлөгтэй байдаг. Олон жилийн дунджаас харахад эхний хагас жил орлого цөмөрдөг. Энэ жилийн хувьд өмнөх жилийн хэмжээндээ хадгалагдаж байна. Зарим сард 2019 оны үеийнхээс давж байгаа ч тохиолдол байна. Тэр хэмжээгээр манай орлого нэмэгдэж байгаа. Энэ хугацаанд санхүүжүүлэх ёстой бүх төрийн үйлчилгээгээ сааталгүй санхүүжүүлээд явж байна.
Ер нь манай төсвийн суурь хууль тодотгол хийхийг маш сайн хааж өгсөн байдаг. Энэ нь төсвийн сахилга баттай явж ирэхэд эерэг нөлөө үзүүлдэг. Төсвийн орлого тасраад төрийн үйлчилгээгээ санхүүжүүлж чадахгүй болсон тохиолдолд зардлаа эргэж харъя гэдэг үүднээс төсөвт тодотгол хийдэг. Тэгэхээр орлого нэмэгдсэн ч юм уу, тодорхой хуримтлал бий болсон тохиолдолд зардлаа нэмэх нь Төсвийн хуулиар ч, Төсвийн тогтвортой байдлын тухай хуулиар ч хязгаарлагдмал” хэмээн ярицлага өгч байжээ.
2023.05.30. Б.Жавхлан: Тэтгэврийн зөрүүг арилгаж, халамжийн тэтгэврийг 325 мянга болгоно
Засгийн газраас гол гол экспортуудаа нэмэгдүүлэх гадаад валютын нөөцөө нэмэгдүүлэх, төсвийн алдагдлаа бууруулах, гадаадын өрийн тогтвортой байдлаа хангах зорилгоор шат дараатай арга хэмжээ авсны үр дүнд өнгөрсөн оны сүүлээр Монгол Улсын эдийн засаг харьцангуй тогтворжиж, улмаар энэ оны нэгдүгээр улиралд энэ байдал хадгалагдаж гадаад валютын нөөц 3.8 тэрбум долларт хүрлээ. Өнгөрсөн жил төсвийн алдагдлаа 1.5 их наяд төгрөгөөр бууруулж зардлаа өсгөхгүйгээр мөнгөний бодлоготойгоо яв цав нийцүүлж төсвийн зардлаа хумих бодлого барьж ирсний үр дүнд өнөөдрийн эдийн засгийн өсөлт гарах, тогтворжих нөхцөл бүрдсэн. Өнгөрсөн хугацаанд дэлхий нийтээрээ цалин тэтгэвэр нэмбэл инфляцыг хэрхэн тогтвортой байлгах вэ гэсэн том сорилтын өмнө тулж ирсэн.
Гэсэн хэдий ч бид эдийн засгийн боломж гарсан хамгийн эхний цаг хугацаан дээр хувь хүний орлогын дэмжлэг болгож төсвийн зарцуулалт хийх зайлшгүй шаардлага тулж байна. Зарим хүмүүс сонгууль тулчихсан шоу хийж байна гэсэн хардлагатай байна. Бидэнд боломж гарсан хамгийн эхний цаг хугацаа. Бид энэ боломжийг ашиглаж цалин, тэтгэвэр тэтгэмж зорилтот бүлгийн халамж, нийслэлийн түгжрэл гэх мэт тулчихсан асуудлуудаа шийдэхээр төсвийн тодотгол хийж байна. Хойшлох, сонгууль руу дөхөх тусмаа хардлага дагуулж, янз бүрээр хэлэгдэх байх. Энэ цаг хугацаанд хийж байгаа нь цаг үеэ олсон зайлшгүй тулсан боломжоо зориулж байна гэж ойлгоорой. Энэ төсвийн орлогоо нэмэгдүүлэх бүх боломжоо дайчилж ажиллана. Энэ жил 50 сая тонн нүүрс экспортлох зорилт тавьж ажиллана.
Монгол Улс 2024 онд 50 сая тонн нүүрс экспортолж чадах уу?
Эдийн засагч Н.Энхбаяр: Монгол Улсын эдийн засгийг тогтвортой түвшинд барих их хэцүү. Уул уурхайн түүхий эдээс бүрэн хамааралтай. БНХАУ-д манайхаас өөр сонголт хийх боломж олон бий. Манайхаас жилд экспортлодог 30 сая тонн нүүрс, нэг сая тонн зэсийн баяжмалыг БНХАУ-ын Өвөрмонголын өөртөө засах орон авдаг. Монгол Улс импорт талдаа БНХАУ-ын өөр мужуудтай харилцдаг хэдий ч экспорт талдаа бид Өвөрмонголоос өөр мужтай худалдаа хийдэггүй. Өвөрмонголын хэдэн уул уурхайн компани Бугат орчмын төмөрлөгийн үйлдвэрүүд гангийн үйлдвэрт Монгол Улс төмрийн хүдэр, нүүрсээ нийлүүлдэг. Хэдийгээр гадаад худалдааны гэрээ хэлэлцээн дээрээ Монгол Улс, БНХАУ-ын хоорондын худалдаа мэтээр бичиж, яриад байдаг боловч бодит байдлыг аваад үзвэл Өвөрмонгол, Монгол Улсын хоорондын л худалдаа өрнөж байгаа.
БНХАУ-ын 18 тэрбум ам.долларын эдийн засгаас манайд нөлөөлж байгаа нь маш бага. Үнэндээ Гуанжоу, Шанхайд юу ч болж байсан манайд огт нөлөөлөхгүй. Нөхцөл байдал ийм байхад Монгол Улсын эдийн засгийг Төв банк, Сангийн яам жолоодох магадлал маш бага. Монгол Улсын уул уурхайн компаниуд жилд 40-50 сая тонн нүүрс гаргаж чадна гэж ам бардам ярьж байна. Нэгдүгээрт, ийм хэмжээний нүүрс гаргах дэд бүтэц алга. Хоёрдугаарт, гаргалаа гэхэд худалдаж авах эсэхийг БНХАУ л шийднэ.
Цалин, тэтгэвэр, тэтгэмж нэмэх нь инфляцид хэрхэн нөлөөлөх вэ?
МУИС-ийн эдийн засгийн тэнхимийн дэд профессор С.Дөлбадрах: Улс мөнгөгүй болохоороо зээл тавьдаг, жаахан мөнгөний бараа харахаараа баруун, зүүнгүй цацдаг байж болохгүй л дээ. Төсвийн тодотгол хийхдээ тооцоололгүй,санамсаргүй байдалтай хийж байна. Монгол Улсад хуулиас их юм алга. Хамгийн гол нь түүнийгээ дагаж мөрддөггүй. Дундаас нь өөрчилдөг, монголчилдог түүний нэг жишээ. Үнэхээр төсвийн тодотгол хийснээр сангийн бодлого үр ашигтай болж нөөцийг оновчтой дахин хуваарилах зорилгодоо хүрч байгаа бол буруутгах аргагүй. Гэтэл бодит байдал дээр үүний эсрэг байна.
ДНБ-ний хэмжээ тогтмол өсч байгаа нь үнэн. Гэхдээ макро эдийн засгийн бодлого өсөлт, бууралтын мөчлөгийн хэлбэлзлийг бууруулахын тулд чиглэж байх ёстой. Эдийн засаг тодорхой хэмжээнд сэргэж, өсөлт өндөр байх үед татвараа нэмэгдүүлж, халамжийн бодлогоо танах нь эдийн засгийн хэт халалтыг дарж өгдөг. Харин эдийн засаг хямрах үед төсвийн зардлаа нэмэгдүүлж, халамжаа тэлэх бодлого барих ёстой. Засгийн газраас баримталж байгаа ийм бодлогын үр дүнд эдийн засгийн хэт савлагаа үүсэхгүй байх нөхцөл бүрддэг. Гэтэл одоогийн Засгийн газраас авч хэрэгжүүлж байгаа бодлого үүний эсрэг явж байна.
Үнэхээр Монгол Улсын эдийн засаг 7.9 хувьд хүрч өссөн бол энэ үед цалин тэтгэвэр, халамжийг нэмэгдүүлэх нь инфляц өсөх зовлонг бий болгоно. Монгол Улсын сангийн бодлогод мөчлөг сөрсөн биш мөчлөг дагасан бодлого явуулснаар эдийн засгийг улам бүр ороо бусгаа болгож байна. Үнэхээр эдийн засаг өсөлттэй байгаа бол бид илүү гарсан мөнгөө хадгалж, хуримтлуулах ёстой.
Цаашлаад эдийн засгийн эрсдэл үүсвэл хурааж хуримтлуулсан зүйлгүй улс алдагдлаа хаанаас нөхөх вэ. Татвараа өсгөх юм уу эсвэл зээл авахаас өөр сонголтгүй болно. Зээл авна гэвэл өр тавихаас өөр сонголтгүй болно. Хөрөнгө оруулагч нарт макро эдийн засгийн тогтвортой байдал хамгийн чухал байдаг. Гэтэл Монгол Улсын төсөв, сангийн бодлогод тогтвортой зүйл огт ажиглагдахгүй байна. Сангийн яам болоод бусад холбогдох хүмүүс төсөвт тодотгол хийх нь буруу гэдгийг надаар хэлүүлэлтгүй мэдэж байгаа. Харамсалтай нь улстөрдөө дийлдэж эдийн засгаа хорлох алхам хийж байна.
УИХ 126 гишүүнтэй болохын тулд цалин, тэтгэвэрийг 10 хувь нэмсэн үү?
МАН-ын бүлгийн хуралдаанаар цалин тэтгэвэрийг нэмэх шийдвэр 2023.05.30-ны өдөр гарсан бол УИХ-ын гишүүний тоог 126 байх шийдвэр маргааш нь дэмжигдсэн юм.
Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулж, УИХ-ын гишүүдийн тоог 150 болгох тухай асуудал өнгөрсөн намраас хойш яригдаж эхэлсэн билээ. Гэхдээ яг батлагдахдаа 126 болсон. Энд мөн л танил технологи явсан гэхэд болно. Энгийн жишээ татахад, автобусны мөнгийг 500 төгрөг болгоно гэж байгаад 300 төгрөг болгож нэмдэгтэй адил гэсэн үг. Өөрөөр хэлбэл олон нийтийн сэтгэлзүйг бэлдэж байгаа юм. Гишүүдийн тоог нэмэх асуудлыг олон нийт төдийлөн дэмжихгүй байсан. Гэвч явцын дунд “гишүүд олуулаа болвол нэг нэгэндээ тавих хяналт сайжирч, хулгай хийх нь багасна” гэх гэнэн тайлбарт ард түмэн бараг итгэсэн. Үүнд боловсролын зээлийн сангийн хулгай зэрэг сенсааци мэдээллүүд ч тодорхой үүрэг гүйцэтгэсэн нь дамжиггүй. Эцэст нь, бүх хүүхдэд хүүхдийн мөнгө өгч, цалин тэтгэвэрийг 10 хувь нэмэх тохироог ард түмэнтэй хийж, УИХ-д 126 гишүүн суухаар болж байна.