ХХI Монголын хөдөө бол хүн дайжиж зугтдаг биш, монгол хүн жаргалтай амьдарч, мөрөөдлөө биелүүлдэг газар байх ёстой. Тиймээс хөдөө орон нутаг бол зөвхөн малын тухай эсвэл бэлчээр, ус уулны тухай яриа ч биш. Орон нутаг бол мал аж ахуй эрхлэн амьдарч байгаа 300 мянган хүн ХХI зуунд яаж тэсэж үлдэх, амьдралаа яаж зохион байгуулах тухай асуудал. Өөрөөр хэлбэл, яаж нэг талаас нүүдлийн соёл иргэншлийн уламжлалаа хадгалж, нөгөө талаас хэрхэн шинэ эринд хангалуун амьдрах вэ гэдэг тухай юм. Тэгэхээр энэ бол үнэндээ мал, газар нутгийн тухай биш, явж явж хүний тухай ойлголт юм.
Яг ийм философийг амьдралынхаа жанжин шугамаа болгон гадаадад ажиллаж, амьдарч асан сэхээтнүүд Монголдоо ирээд тал нутагт малчин болсон сонирхолтой түүх өгүүлэх нэгэн ярилцлагыг хүргэж байна. Энэ хүн бол Дорнод аймгийн Баянтүмэн сум, IV багийн иргэн, “Зүүн хойд Азийн байгаль орчин, хөдөө аж ахуйн судалгааны төв”-ийн гүйцэтгэх захирал Л.Лхагвасүрэн.
Түүнийг Монголын дорно талд мал аж ахуй, сургалт, судалгаа хосолсон фермерийн аж ахуйн инновацлаг шийдэл нэвтрүүлж буйг нь үнэлэн ЭНХИЙН ШАГНАЛ олгосон байна. Энэхүү шагнал нь монголчуудын эв нэгдэл, амар амгалан, тэнцвэртэй байдлын төлөөх, ажил үйлсээрээ өөрийн үлгэрлэлийг үзүүлж, эх орныхоо эзэн гэдгээ нэр төртэй харуулсан эгэл баатруудад олгодог шагнал юм.
Гадаадад олон жил амьдарсан сэхээтэн гэр бүл Монголдоо ирээд Улаанбаатарт биш, харин яагаад хөдөөг зорьж малчин болсон бэ?
Би экологич мэргэжилтэй. Бид унаган Улаанбаатарын хүмүүс. Аав маань их сургуульд 65 жил багшилсан, шинжлэх ухааны гавьяат ажилтан, ардын багш. Ээж маань Монголын бараг бүх байгалийн баялагт спектр анализ хийсэн. Эцэг эх маань хоёул цөмийн физикчид. Аав Дубнайд ажиллаж байсан учраас би тэнд бага сургуульд сурч эхэлсэн юм. Дараа нь Германд ажиллаж байсан.
Би АНУ-ын Денвер, Виржина хотуудад 15 жил амьдраад 2011 онд Монголдоо ирсний дараа 50 насандаа хөдөө гарч малчин болсон. Гэхдээ манай удам, гэр бүлд малчин байсан түүх байхгүй. Хөдөө гарах болтлоо бараг гэрт ч амьдарч үзээгүй байсан хүмүүс шүү дээ. Эх орондоо ирээд эхлээд Улаанбаатарт амьдрах гэж үзсэн юм. Олон жил маш завгүй ажиллаад сурчихсан бидэнд эндхийн ажиллах арга барил, хандлага, сэтгэлгээ огт нийцэхгүй байсан. Ялангуяа худал ярьдаг, хумсалдаг, ямар ч бүтээмжгүй байгаа нь огт таалагдаагүй. Нэг л идээшиж өгөхгүй байсан юм. Тэгээд эндээс бүр хол амьдрахаар шийдсэн.
Хүүхдүүд маань баруунд өндөр боловсрол эзэмшсэн, салбартаа эксперт болсон хүмүүс байдаг. Тэдэнтэйгээ ярилцаж байгаад Дорнод аймгийг сонгож, хөдөө аж ахуй эрхлэхээр шийдсэн юм. Одоо бидний амьдарч буй Баянтүмэн сумын дөрөвдүгээр баг бол Хятадаас 150 орчим, ОХУ-аас 190 орчим км-т оршдог, бидний тодорхойлсноор “Алтан гурвалжин” бүхий байршилтай газар.
Ингэхдээ аавынхаа зөвлөснөөр бусад малчдын адил уламжлалт байдлаар ажиллаж, амьдрахыг хүсээгүй. Харин өнөөгийн Монголын МАА-д юу дутагдаад байгаа, цаашид хэрхэн хөгжүүлж болох талаар судлах зорилгоор “Зүүн хойд Азийн байгаль орчин, хөдөө аж ахуйн судалгааны төв”-ийг 2012 онд байгуулсан. Ингээд л эзгүй талд газар аван төвхнөж эхэлсэн дээ.
Олон жил гадаадад ажиллаж амьдарсан хүмүүс тэр амьдралын хэв маягаасаа хөндийрч хөдөө амьдрахад хэр байв?
Бидэнд тэнд хамаатан садан, найз нөхөд, танилын аль нь ч байгаагүй. Эхэндээ тэндхийн ард иргэд цагаачид ирлээ гэх маягаар хажиглангуй хандаж, бид нутгийн иргэдийн үл ойлголцолтой тулсан. Гэхдээ аажмаар итгэлийг олж авч чадсан.
Нэг хэсэг монгол гэрт амьдарсан. Шөнө нь хүчтэй салхинд өрх дэрвэлзээд тухгүй л санагдаж байсан. Гэрээ тойруулж хашаа бариагүй хэрнээ машинаа тойруулж хашаа барьсан. Яагаад гэвэл шинэ авчраад гадаа хонуултал шөнө нь үхэр шөргөөгөөд юу ч үгүй зурчихсан байсан юм.
Хамгийн түрүүнд канад технологиор байшин барьсан. Учир нь би АНУ-д амьдарч байхдаа ийм байшинг мэргэжлийн түвшинд барьж байсан туршлагатай учраас төвөггүй боссон. Канад технологийн байшин нь Америкийн нутаг дэвсгэрийн хойд хэсэгт болон Канад улсад нэлээд өргөн хэрэглэгддэг, дулаан алдалт багатай, хүйтэн цаг агаарт тохиромжтой модон амины орон сууцны нэг хувилбар юм.
Лего тоглоом эвлүүлж нэмж барьсаар одоо 380 орчим метр квадрат талбайтай, найман өрөөтэй, хурлын заалтай, иж бүрэн гал тогоотой байшин байна. Эхнэр бид хамгийн жижигхэн өрөөнд нь амьдардаг.
Агааржуулалт, гэрэлтүүлэг, эрчим хүч, ус, дулаан зэргийг байгальд ээлтэйгээр шийдсэн. Нар, салхийг жинхэнэ утгаар нь ашиглаж байна. Нам даралтын зуухтай. Зурагт, радио, компьютер гээд хэрэгтэй бүхэн бий. Долоон жил интернэтгүй байж байгаад холбогдсон. Нэг үгээр, хотоос хөдөө гарсан хүн яаж жаргалтай амьдарч болдгийг харуулахыг зорьсон юм.
Эрх баригчид “Хөдөөгийн хөгжил”, “Хөдөөгийн сэргэлт” гэж их ярих боллоо. Таны ажигласнаар яавал хөдөө хөгжиж, сэргэх вэ?
Өнөөдөр Монголын хөдөө эзгүйрч байна. Яг л буурин дээрээс нь хөдөлгөсөн чулуу эргэж тэндээ очдоггүй шиг хүмүүс илүү сайхан амьдралын эрэлд хөдөөгөөс дайжиж байна. Хүнээ хөгжүүлэхгүйгээр хөдөөг хөгжүүлэх тухай яриад ямар ч нэмэргүй. Зах зээлийн харилцаанд шилжсэнээс хойш малын тоогоо өсгөхөд анхаарснаас хүнээ хайхрахгүй орхисон. Хүнээ хөгжүүлэхгүйгээр ямар ч аж ахуй, аж үйлдвэрийн төсөл амьдрал болохгүй.
Тиймээс хөдөө орон нутаг бол зөвхөн малын тухай эсвэл бэлчээр, ус уулны тухай яриа ч биш. Орон нутаг бол мал аж ахуй эрхлэн амьдарч байгаа 300 мянган хүн ХХI зуунд яаж тэсэж үлдэх, амьдралаа яаж зохион байгуулах тухай асуудал.
Тиймээс хөдөө орон нутаг бол зөвхөн малын тухай эсвэл бэлчээр, ус уулны тухай яриа ч биш. Орон нутаг бол мал аж ахуй эрхлэн амьдарч байгаа 300 мянган хүн ХХI зуунд яаж тэсэж үлдэх, амьдралаа яаж зохион байгуулах тухай асуудал. Өөрөөр хэлбэл, яаж нэг талаас нүүдлийн соёл иргэншлийн уламжлалаа хадгалж, нөгөө талаас хэрхэн шинэ эринд хангалуун амьдрах вэ гэдэг тухай юм.
Тэгвэл орон нутагт хүнээ хөгжүүлэх, тэндээ сайхан амьдрахад гол хөшүүрэг нь юу вэ?
10 гаруй жил хөдөөгийн эгэл амьдралд дунд байсны хувьд малчдын асуудал, жаргал, зовлонг илүү ойроос мэдэрч, ойлгосон. Хөдөө дэх хамгийн том асуудал бол боловсрол. Эдүгээ монгол малчны хүүхэд зургаан нас хүрээд сумын төв, аймгийн төв рүү сургуульд явж, эцэг эх нь тусдаа амьдрахаас өөр аргагүй болж байна. Энэ бол малчдын гэр бүлийг задалж буй эмгэнэлтэй үйл явц. Залуу малчин гэрийн эзэн эхнэр, хүүхдээсээ 260 хоног тусдаа амьдрахаас аргагүй нөхцөл байдалд орж байна. Ийм байхаар хоорондын харилцаа, амьдралын хэмнэл, хүний хэрэгцээ хүртэл алдагдана.
Бид зарим нэг судалгаа хийж үзэхэд нэг залуу малчин эхнэр, хүүхдээ бусдаас дутуу амьдруулахгүйн тулд сумын төв, аймгийн төв рүү илгээж, орлогынхоо 80 орчим хувийн тэдэндээ зориулдаг.
Тиймээс малчны хүүхэд эцэг, эхээсээ холдолгүй орчин үеийн боловсрол эзэмших ямар шийдэл байж болох вэ гэдгийг судлахаар шийдсэн юм. Энэ нь сансраас авсан зураг дээр үндэслээд хамгийн бэлчээр сайтай, мал төвлөрсөн газарт багийн бага сургууль байгуулаад, ойрхон фермийн аж ахуй байгуулах санаа юм.
Ингээд бид багачуудыг гурав хоног сургаад, дөрөв хоног гэрт нь амраах сургалтын хөтөлбөр боловсруулсан. Сумын төвөөс хол, алслагдмал газарт байдаг малчдын хүүхдүүдийг хамруулах, аав, ээж, хүүхдийг хамт байлгах зорилготой. Өөрөөр хэлбэл, малчны хүүхэд эцэг, эхээсээ холдолгүй орчин үеийн боловсрол эзэмших хамгийн дөт шийдэл нь багийн бага сургууль байж таарсан.
Нэг багш зургаан хүүхэдтэй ажиллана. Хүүхэд сурч мэдсэн зүйлээ ойр дотнын хүмүүстээ ярьж, давтаж, баталгаажуулж байж илүү сайн ойлгодог. Тэгэхээр ийм сургууль хичээллүүлбэл сурагчид өдөр тутам сурч мэдсэн зүйлээ аав, ээжтэйгээ хуваалцах боломж бүрдэнэ гэсэн үг. Энэ нь малчдын хүүхдүүдэд боловсрол олгохоос гадна тэднийг ойр дотно, нэг амьтай өсгөх зорилготой. Мөн гэр бүлийн хоёр тусдаа амьдрах шаардлага үүсэхгүй. Бид бага сургууль байгуулах санаачилга гаргаад зургаан жил гаруй хөөцөлдөж байна. Одоогоор зөвшөөрлөө авч хараахан чадаагүй л байна. Эцэг, эхчүүд бол энэ санаачилгыг маш их дэмжиж байгаа.
Та өөрийн хүүхдүүдээ ямар арга барилаар сургаж хүмүүжүүлсэн бэ?
Хүүхдийг жаахан учраас юм мэдэхгүй үзэж огт болохгүй. Хэчнээн завгүй байсан ч хүүхдүүдтэйгээ ярилцах нь амьдралын алтан дүрэм байх ёстой гэж боддог. Энэ нь хүүхдийн ирээдүйд маш том хөрөнгө оруулалт болдог.
Ер нь хүүхэдтэйгээ ярилцана гэдэг хоёр тал нэг нэгнээсээ суралцах маш үр дүнтэй арга байдаг. Жишээ нь, эхнэр бид хоёр их ажлын хажуугаар заавал цаг гаргаж хоёр хүүхэдтэйгээ “Залуучуудын нэвтэрхий толь” дэлгэж байгаад уншиж ярилцдаг байсан.
Бид хүүхдүүдтэйгээ 20 гаруй жил ингэж ажилласан. Үүний үр дүнд манай хүүхдүүд гадаадын том сургуулиудад 2.7 тэрбум төгрөгтэй тэнцэхүйц бүрэн тэтгэлгээр суралцаж чадсан.
Та гар утсаа оролдоод байвал таны хүүхэд мөн адил тийм л байна. Гурван үеэрээ эрдэмтэй, хөрөнгөтэй байна гэдэг хэцүү, элит болдог. Манай аав, ээж биднийг эрдэм номтой хүн болгох гэж зүтгэсэн. Өнөөдөр үр хүүхдүүд маань эрдмийн мөр хөөж, том судлаач нар болсон байна.
Манай бага хүү түүхч, антропологич, хуульч мэргэжилтэй. Сингапурт ажиллаж байгаад ирээд энд англи хэлний багшаар ажиллаж байна. Том хүү маань улс төр судлаач, санхүүч хүн. Гэхдээ явсаар байгаад одоо сонгодог хөгжим, сонгодог уран зохиолын багш болсон. Бэр маань Принстенийг суралцаж төгссөн, бас явсаар байгаад дорно дахин судлаач болчихлоо.
Бид хүүхдүүдээ гадаадын том сургууль төгсөөд, өндөр цалин аваад хангалуун амьдрахдаа биш, өөрийн хүсэл мөрөөдөл, үнэт зүйлсийн дагуу амьдрахад сургаж хүмүүжүүлсэн. Манай гэр бүл төрөлхийн судлаач хүмүүс гэж болно. Түүнээс мянгат малчин болох нь бидний зорилго биш.
“Зүүн хойд Азийн байгаль орчин, хөдөө аж ахуйн судалгааны төв”-ийн үйл ажиллагаа одоо ямар түвшинд хүрээд байгаа вэ?
Гэр бүлээрээ гадаад хэл сайтай, олон талын мэдлэгтэй учраас олон улсын байгууллагуудтай харилцаа холбоогоо хурдан хугацаанд хөгжүүлж, судалгааны чиглэлд хамтарч ажиллах болсон. НҮБ-аас эхлээд олон төрлийн байгууллагад данстай боллоо.
2020 онд НҮБ-аас уур амьсгалын өөрчлөлттэй холбоотой олон улсын хөтөлбөр зарлахад манай байгууллага 135 орноос шалгарсан. Үүний хүрээнд орон нутгийн хөгжлийн чиглэлээр төсөл хэрэгжүүлээд дууссан. Мөн Японы “Сүмитомо” корпорацтай гурван жил хамтран ажиллаж, Монголын ховор болон нэн ховор эмийн ургамлыг тарималжуулах тухай судалгааг хийлээ. Австрийн их сургуультай хамтран хүн, мал аль аль нь иддэг ургамлын судалгаа хийлээ. Мөн хөрсний чийг барих туршилтын ажлыг дөрвөн жил хийгээд 2021 онд дууссан. Бас ХААИС-ийн хээрийн судалгаанд оролцож байна. Герман, америк, канад, австри, унгар эрдэмтэдтэй хамтран урт, богино хугацааны олон судалгаа хийлээ. Германчуудтай хамтраад махны чиглэлээр иж бүрэн судалгаа хийж, олон улсад танилцуулсан. Нэг үгээр, бид өнгөрсөн 10 жилд гадаад ертөнцөд сайн танигдсан.
Түүнчлэн бид өрх гэрээрээ судалгаа хийдэг бөгөөд 2015 оноос хувийн цаг уурын станцтай болсон. Сүүлийн долоон жилд гучин минут тутамд долоон үзүүлэлтээр өгөгдөл, мэдээлэл цуглуулж байна.
Ер нь танайхыг зорьсон зочид, ялангуяа гаднын зочид танай талаар хаанаас мэдээлэл авч ирдэг вэ?
Бид өөрсдийгөө цахим орчинд гадаад ертөнцөд “Farm Stay–Dornod” аялал жуулчлалын төв болгож танилцуулдаг. Үүнийгээ бид орон нутагт аялал жуулчлал хөгжүүлэх чухал алхам гэж харж байгаа. Манай талаарх мэдээлэл Booking.com, airbnb.com, tripadvisor.com гээд аялал жуулчлалын томоохон платформууд дээр бий. Гадаадын гэхгүй дотоодын жуулчдыг ч хүлээж авдаг. Манайх өвөл, зунгүй 30 хүн хүлээж авах хүчин чадалтай. Ковидын үед нэг өдөрт 130 хүн ирж рекорд тогтоосон.
Бидний явуулж буй үйл ажиллагаа бол үндсэндээ олон нийт, сонирхлын бүлэгт түшиглэсэн, тогтвортой хөгжил, боловсрол, хөдөө аж ахуйн мэдлэг, мэдээллээр хангахын зэрэгцээ байгалийн сайхныг мэдрэх аялал жуулчлалын хэлбэр юм.
Ер нь том зургаар нь харвал монгол хүний малаа маллаж, ашиг шимийг нь хүртэж, байгаль дэлхийтэйгээ зохицож амьдарч буй уламжлалт арга ухаан, амьдралын философи нь жуулчдыг татах хүчин зүйл. Бид гаднын жуулчныг нэг удаа мөнгийг нь аваад буцаах төдийхнөөр хандаж болохгүй. Урт хугацаанд нөхөрлөх анд нөхрийн сэтгэлээр хандвал аялал жуулчлал бидний байнгын орлого болно.
Та бүхэн “Монгол өрх – Үндэсний загвар аж ахуй”-г боловсруулсан нь сонирхолтой санагдаж байна?
Өнөөдөр хөдөөгийн айлууд нэг нэг жалгаар тарчихсан, айл саахалтаараа, гол усаараа хамтран ажиллах сэтгэлгээ алга. Ерөөсөө дангаараа, тусдаа амьдрах гэсэн хандлага давамгайлдаг. Япончуудын хийсэн судалгаагаар монгол малчдын ашигт үйл ердөө 28% байна. Өөрөөр хэлбэл, 72 хувийн хий эргэлттэй байна. Зэрэгцэж буугаад, хамтдаа үйлдвэрлэл эрхлээд явах шийдэл байх ёстой. Тиймээс бид “Монгол өрх – Үндэсний загвар аж ахуй”-г боловсруулсан юм. Одоогоор энэ ажил маань төслийн түвшинд явж байна.
НҮБ-ын CTCN хэмээх байгууллагын төсөл манай дээр хэрэгжээд дуусаж байна. Энэ нь хөгжиж буй орнуудын хүсэлтээр байгаль ээлтэй, экологийн цэвэр технологийг шилжүүлэн өгөх зорилготой байгууллага юм. Бид хүүхдүүдтэйгээ нийлээд 2020 онд төсөл бичсэн юм. Үр дүнд нь орчин үеийн хонины аж ахуйн техник эдийн засгийн үндэслэл бэлэн боллоо.
Гаднын судлаачид, зөвлөхүүд та нар хамгийн элбэг байгаагаа ашигла гэж хэлдэг. Бидний тооцоолсноор өдөртөө 40 гаран бог, 4-5 бод нядлах жижигхэн махны цех байхад тохиромжтой байна. Тэжээлийн аж ахуй нь махны цехийнхээ дэргэд байна. ТЭЗҮ-гээр ердөө 12 ажилтантай жижиг аж ахуй бий болно. Цаашдаа аж ахуйн энэ загварыг өөр газарт хэрэгжүүлж болно.
Компанийн үйл ажиллагаанаас бий болсон ашгийг ерөөсөө хүүхдүүдийн боловсролд хөрөнгө оруулна. Харин сургууль нь холгүйхэн байх бөгөөд бага ангийн сурагчид гурав хоног байхдаа аж ахуйн ажилд оролцож, мал маллах ухаанд суралцана. Нэг үгээр, энэ бол хувь хүний хөгжил дээр суурилсан хөтөлбөр юм. Сургуульгүйгээр ямар ч аж ахуй байгуулаад үр дүн гарахгүй. Хөдөөг хөгжүүлэхийн тулд ирээдүйдээ, хүүхдүүддээ хөрөнгө оруулах шаардлагатай. Төрсөн нутаг орондоо эргэж ирэх цулбуурыг тэдэнд атгуулах нь чухал.
Ферм гэхээр хүмүүс үхэр, мал гэж ойлгоод байдаг. Гэтэл энд хамгийн чухал нь хүн шүү дээ. Хүн тэндээ жаргалтай амьдрах ёстой.
Бид технологийн тусламжтайгаар малчдын хотонд мэдлэг авчирч, ирээдүйгээ өөдрөгөөр хардаг боловсролтой малчин бий болгох зорилгоор цар тахлын ид үед “Нүүдэлчин монгол-цахим сүлжээ” төсөл хэрэгжүүлж, Ховд аймгийн 17, Дорнодын 14 сумын 2000 орчим иргэнд хүрч ажилласан. Энэ төслийг эхлүүлэхдээ бид малчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэхэд идэвхтэй оролцох сүлжээг бий болгох, малчдын хүүхдийн сурах орчин, боловсролын хүртээмж, мэдээллийн урсгал, сүлжээ сайжрах, төрийн бодлого шийдвэрт малчид өөрсдийн дуу хоолойг хүргэдэг болох, малчид хамтран малын түүхий эд, малын гаралтай бүтээгдэхүүнийг борлуулах сувгийг бий болгох боломжтой гэж харсан.
Фермийн аж ахуйг энэ хэмжээнд хөгжүүлсэн учраас хүнсний ногооны асуудлаа ч бас шийдсэн байх тийм үү?
Байшин барьсныхаа дараа өвөл, зуны хүлэмж барьсан. Эхлээд өргөст хэмх, улаан лооль тарьсан ч дараа нь тарихаа багасгасан. Маш их хэмжээгээр ургадаг, ашиг шим багатай, боловсруулж хадгалахад зардал, цаг хугацаа их ордог ногоо учраас. Ингээд хүний биед хамгийн их эрдэс баялаг өгч чадах, хөлдөөж, боловсруулж хадгалахад зардал, зай талбай бага эзлэх ногоо тарьж эхэлсэн. Нэг мэдэхэд манайх гаднаас зөвхөн гурил, будаа, давсаа л авдаг болсон. Одоо ч бид өөрсдийнхөө тарьж ургуулсан ногоог идэж байна. Усалгааг эхлээд гараар, дараа нь шлангаар хийж байлаа. Сүүлд дуслын системд оруулаад хөдөлмөрийн бүтээмж эрс нэмэгдсэн.
Цаашид өөрийн үйл хэргийг нийгэмд илүү хүртээмжтэй болгохын юу хийх бодолтой байна вэ?
Одоо би Монгол орныхоо 21 аймгаар явж, өөрийн хуримтлуулсан мэдлэг, туршлагаа хуваалцаж яриа лекц хийх бодолтой байна. Саяхан Дорноговь яваад ирлээ. Манай улсад бэлчээр маш их доройтсоныг нүдээрээ хараад үнэхээр харамсаж байна. Монгол малчдын оршихуйн суурь болсон бэлчээрийн доройтол, цөлжилт хүн, малдаа ямархуу их хор хөнөөлтэй хэмжээнд хүрснийг нь ойлгоход бэрх байна. Жинхэнэ удмын малчин биетээр нь авч үлдэх хугацаа дуусаж буйг байгаль эх эелдэг аргаар сануулж байна уудаа гэх бодол төрөх боллоо. Энэ асуудлыг хэлэлцээд суух биш, ханцуйгаа шамлан орох хугацаа л бидэнд үлдсэн гэж харж байна. Үүнийг шийдэхэд гар бие оролцож, ухаан бодлоо уралдуулах хүн болгонтой хамтарч ажиллахад манай гэр бүл бэлэн байгаа.
Таныг бие хүний хувьд өнөөдрийн түвшинд хүрэхэд нөлөөлсөн амьдралын зарчим гэвэл та юу хэлэх вэ?
Ямар ч хүн хүн болж төлөвших гол орчин бол гэр бүл. Манай аав ээж биднийг маш сайн хүмүүжүүлсэн учраас эхнэр бид хоёр ч тэр зарчмаар хүүхдүүдтэй маш сайн, уйгагүй ажиллаж чадсан. Манай аав, ээж биднийг эрдэм номтой хүн болгох гэж зүтгэсэн. Өнөөдөр үр хүүхдүүд маань эрдмийн мөр хөөж, том судлаач нар болсон байна. Хүүхдэд багад нь сонгодог ном зохиол уншуулах, уншиж өгөх нь эргээд 60 наснаас бодоход тархи тэлэх том хичээл болдог юм байна.
Таны амьдралд байнга тус болдог дадал зуршил юу вэ?
Манай аав ардын багш, 65 жил их сургуульд багшилсан. Намайг мэдээ ороход аав маань өдөржин тоо бодоод суучихдаг, өдрийн тэмдэглэл хөтөлдөг хүн байсан. Одоо 90 нас хүрсэн ч тоо бодсон хэвээр, гурван ном эхлүүлчхээд сууж байна. Аавынхаа өдрийн тэмдэглэл хөтлөхийг багаасаа харж өссөн учраас тэр дадал нь надад суусан. Аав хэлэхдээ нэг өдрийн амьдралаа тоочиж биш, харин дүн шинжилгээ хийж өдрийн тэмдэглэл хөтлөх хэрэгтэй гэж хэлдэг байсан. Өнөөдөр уулзсан хүнийхээ тухай бичсэн тэмдэглэлийг олон жилийн дараа эргүүлээд уншихад тухайн үеийн мэдрэмж, бодлууд сэргэх нь тун сонирхолтой. Их бичих нь чухал биш, анализтай бичих нь чухал. Бичээд байх тусам тэмдэглэл чанартай, цомхон болоод байдаг.