Марокко улс үлэмж том талбайг хамарсан, дэлхийд тэргүүлэгч нарны цахилгаан станцуудаараа алдаршиж байна. Гэхдээ эдгээр мега төсөл уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг тус улсын авч хэрэгжүүлэх арга хэмжээний зөвхөн эхлэл юм.
***
Марокко уур амьсгалын өөрчлөлттэй амжилттай тэмцэж буйгаараа олон улсад нэр хүнд олж байна. Тус улс нийт цахилгаан эрчим хүчнийхээ тавны хоёр хувийг сэргээгдэх эрчим хүчнээс гаргаж авч, малтмал түлшинд олгодог татаасыг үе шаттай халж, дэлхийн хамгийн том цэвэр эрчим хүчний зарим төслийг хэрэгжүүлж буй. Нүүрсхүчлийн хийг бууруулах тал дээр тус улс дэлхийн бусад орны талархал сайшаалыг хүртэх болов.
Хэдий Марокко улс ийм алдар нэрийг хүртэх бүрэн эрхтэй ч халуун дулаан бүсэд байрладаг газар зүйн нөхцөл байдлаасаа шалтгаалж, уур амьсгалын өөрчлөлт хэмээх томоохон сорилттой тулгарч эхэллээ. Мөн малтмал түлшний хараат байдлаас ангижрахыг хичээж буй ч эрчим хүчний хэрэглээ нь хурдтай нэмэгдэж байна.
Хэдий энэ мэт сорилтууд бий ч Марокко улс нар, салхи, уснаас цахилгаан гаргаж авах байгалийн маш их нөөцтэй юм. Тус улс уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг тэмцэх зорилгоо 2000-аад оны дундаас тодорхойлж, бүс нутагтаа цэвэр эрчим хүчний тэргүүлэгч болох, сэргээгдэх эрчим хүчний томоохон төслүүд хэрэгжүүлэхээр шийдвэрлэсэн. “Энэхүү үлэмж хэмжээний өөрчлөлт нь ирээдүйд эдийн засгийн өрсөлдөх чадвараа сайжруулах, малтмал түлшний импортын хэт хамаарлаас зайлсхийх, эрчим хүчний аюулгүй байдлаа хангахад онцгой ач холбогдолтой гэж тус улсын удирдагчид үзсэн” хэмээн Касабланкад төвтэй Africa Climate Solutions зөвлөх фирмийн захирал Мохамед Алауи өгүүлэв.
Тод гялалзана
2020 онд эрчим хүчний нийт суурилагдсан хүчин чадлын 42 хувийг сэргээгдэх эрчим хүчнээс гаргаж авах тун амбицтай төлөвлөгөөг Марокко улс 2009 онд баталжээ. Үүний үр дүнд салхи, нарны цахилгаан станцыг олноор байгуулж, 2020 он гэхэд нарны хавтангийн нийт хүчин чадлыг 16 дахин, салхиныхыг зургаа дахин өсгөхөөр төлөвлөсөн. Мөн 3000 га талбайг эзэлсэн дэлхийн хамгийн том нарны цахилгаан станц болох Noor-Ouarzazate цогцолборыг барьж байгуулжээ.
Гэсэн ч Марокко улс эл амбицтай зорилгодоо хүрээгүй агаад 2020 оны байдлаар нийт эрчим хүчний 37 хувийг сэргээгдэх эрчим хүчнээс гаргаж авч байв. Гэвч тус улс олон жилийн өмнө тавьсан зорилтоо улам ахиулахыг чармайж буй бөгөөд 2030 онд сэргээгдэх эрчим хүчнээс нийт эрчим хүчний 52 хувийг гаргаж авах шинэ зорилго тавиад байна. Тодруулбал, тус бүр 20 хувийг нар, салхинаас, 12 хувийг усан цахилгаан станцаас гаргаж авахаар төлөвлөсөн. Энэ бүхний үр дүнд тус улс дэлхийн дулаарлыг 1.5 хэмд барих дэлхийн хэмжээний зорилгод хүрэх хамгийн өндөр боломжтой улсын нэгд тооцогдож байгаа гэж Climate Action Tracker судалгааны бүлэг үзжээ. Мөн уур амьсгалын өөрчлөлт болон нийгмийн шударга бус байдалтай тэмцэхэд чухал нөлөөтэй хүйсийн ижил тэгш байдлыг хангах зорилготой томоохон өөрчлөлтийг тус улс 2011 онд Үндсэн хуульдаа оруулсан.
Малтмал түлшинд зориулдаг байсан татааснаас хэмнэсэн мөнгийг Марокко боловсролын салбар болон эрүүл мэндийн даатгалын санд зориулдаг.
Гэхдээ газрын тосны бүтээгдэхүүнд олгодог санхүүгийн дэмжлэг нь их хэвээр буюу Мароккогийн төсвийн алдагдлын гуравны хоёр хувьтай (3.4 тэрбум ам.доллар) тэнцүү байгаа юм.
2002-2015 оны хооронд жилд дунджаар 6.5 хувиар өсөн нэмэгдэж буй эрчим хүчний хэрэглээг хангахын тулд тус улс маш их цахилгааныг импортолсон хэвээр байна. Импортоор авч буй эрчим хүчний ихэнх нь малтмал түлшнээс гаралтайг дурдах хэрэгтэй. Сэргээгдэх эрчим хүчний үүсвэрүүд нэмэгдэж байгаа ч нүүрсээр ажилладаг цахилгаан станцууд тус улсын эрчим хүчний 40 хувийг нийлүүлсэн хэвээр байна. Гэхдээ нүүрсээр ажилладаг цахилгаан станц шинээр барихгүй гэж 2021 онд Глазгод болсон СОР26 уур амьсгалын бага хурлын үеэр амласан 20 улсын нэг нь Марокко юм.
Жижгээр сэтгэ
Нүүрсхүчлийн ялгарлыг бууруулахын тулд нүүрс бага ашиглах ёстойгоос гадна зөвхөн мега төсөлд бус жижиг төслүүдэд Мароккогийн эрх баригчид анхаарах ёстой гэсэн санал гарсаар буй. Энэ нь ялгаатай эрэлт хэрэгцээ, газарзүйн байрлал бүхий хот, суурин, мужуудад зориулж шийдэл гаргах боломжийг энтрепренерүүдэд олгох билээ. “Тунис, Египет зэрэг улстай харьцуулбал бид макро төслүүдийн хувьд асар ахицтай, илүү өндөр хөгжсөн. Харин хувь хүн, салбаруудыг авч үзвэл бидэнд зохицуулалт дутагдаж байна. Манай улс Уур амьсгалын хуультай боловч сэргээгдэх эрчим хүчний төсөл хэрэгжүүлэх боломжийг хүмүүс, аж ахуйн нэгжүүдэд олгосон дүрэм журам алга” гэж Мохамед Алауи өгүүлсэн.
Харин зарим хүн Noor зэрэг цэвэр эрчим хүчний том төслүүд нь Мароккогийн иргэдэд бус хөрш орнуудад илүү их ач тусаа өгсөн гэж шүүмжилдэг. Марокко нь Европ руу сэргээгдэх эрчим хүч экспортлох цэвэр эрчим хүчний хааб болохоор тэмүүлж байгаа бөгөөд Испанитай холбосон цахилгааны хоёр шугамтай. Мөн Их Британитай далай доогуур холбогдох төсөл санаачилжээ. Гэвч Noor мэтийн том төслүүд нь усаар хомс тус бүс нутагт усыг их хэмжээгээр ашиглахад хүргэж байна гэж Ойрхи Дорнод, Хойд Африк дахь Greenpeace-ийн идэвхтэн Мохаммед Тазрути шүүмжлэв. “Эрчим хүч экспортолж л байгаа бол ус экспортолж байгаа гэсэн үг. Ингэснээр бусад суурин, иргэдийн усны хэрэглээ хомстоно” гэж тэрбээр нэмж хэлсэн.
Сэргээгдэх эрчим хүчийг хувь хүн эзэмших, борлуулах явцыг хүнд суртал багатай хялбар болгох, жижиг хэмжээний сэргээгдэх эрчим хүчний системүүдийг цахилгааны төв шугамд холбох боломж олгохын тулд Сэргээгдэх эрчим хүчний хуулиа шинэчлэхийг тус байгууллага Марокко улсад уриалж буй.
Усны асуудал
Марокко улс өөрөө уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөг мэдэрч эхлээд байна. Тус улсад агаарын хэм 2060 он гэхэд 1.1-ээс 3.5 хэмээр нэмэгдэх боломжтой гэсэн судалгаа бий. Дэлхийн бөмбөрцгийн Хойд хэсэг дэх улсууд Марокко зэрэг Өмнөд хэсгийн улсуудад илүү их хөрөнгө оруулах ёстой гэж Greenpeace-ийн М.Тазрути үзэж байна. “Уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөнд эн тэргүүнд өртөж буй, сөрөг үр дагаврыг нь нэгэнт амсаж эхэлсэн Өмнөдийн улсууд, сул хөгжсөн болон ядуу орнуудад маш их тусламж хэрэгтэй байна” хэмээн тэрбээр хэлсэн. Гэхдээ Марокко улс уур амьсгалын өөрчлөлтийн сөрөг нөлөөг бууруулахад зориулж баян орнуудын өгсөн санхүүжилтээс 2018, 2019 онд 600 сая ам.доллар (наймдугаарт орох үзүүлэлт) авсан юм.
“Уур амьсгалын нөлөөнд өртөмтгий улс, арал, ядуу орнуудад туслахад бидэнд төлөвлөгөө, олон улсын санхүүгийн тусламж шаардлагатай. Мароккогийн тухайд усны зохицуулалт хийх, дахин ашиглах, хэрэглэх бодлого хэрэгтэй. Ган, гал түймрээс сэргийлсэн уур амьсгалын даатгалтай болох шаардлага ч үүссэн. Мөн бидэнд тогтвортой, ухаалаг хөдөө аж ахуйн салбар шаардагдана” гэж М.Алауи өгүүлэв.
Хөдөө аж ахуй болон бусад салбарт ашиглах усны нөөц ихээхэн хомсдолд ороод байгааг The World Resources Institute байгууллага Мароккод анхааруулсан. Энэ зууны эцэс гэхэд тус улсад бороо орох давтамж 20-30 хувиар буурч магадгүй аж.
Хөдөө аж ахуй голлосон эдийн засагтай тус улсад усны нөөц хангалтгүй байгаа учраас ус нөөцлөх боломж хомсдож, энэ нь дамаа иргэдийн дунд уур бухимдал үүсгэж эхэлжээ. Мароккогийн өмнөд хэсгийн Загоро зэрэг хотуудад иргэд нь сүүлийн жилүүдэд усны хомсдолоос шалтгаалж эсэргүүцэл илэрхийлэх болсон.
Өргөн хүрээнд авч үзвэл, тус улсын биологийн олон янз байдлыг харгалзаж үзсэн байгаль орчны шинэчлэл, үйлдэл хэрэгтэй гэж Мароккогийн Ус, ой хариуцсан дээд комиссар Абделадим Эль Халфи үзэж байна. “Гэхдээ 1960-аад оноос хойш усны хомсдолын эсрэг Мароккогийн хэрэгжүүлсэн бодлогууд нь алсын хараатай байж чадсан. Жишээлбэл, олон тооны том далан барьсны үр дүнд гангийн үеэр хүнсний хомсдолоос сэргийлэх боломжтой байлаа” гэж тэрбээр нэмж хэлэв.
Уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицохын зэрэгцээ усны асуудлыг нэгэн зэрэг шийдэх боломжтой гэж Тангьерт төвтэй байгаль орчны идэвхтэн Х.Хамличи үзэж байна. Ус цэвэршүүлэх байгууламжаас гарсан усыг усжуулалтад ашиглах, шинэ далангууд барих, сэргээгдэх эрчим хүч ашиглаж далайн усыг цэвэршүүлэх зэрэг олон төсөл, хөтөлбөр нь Марокко улсыг зөв чиглэлд хөтөлж байгаа хэмээн тэрбээр онцолсон.
Гэхдээ Марокко сэргээгдэх эрчим хүчийг хөгжүүлэх анхны хөтөлбөрөө цаашид тэр чигээр нь үргэлжлүүлэх боломжгүй гэж Moroccan Youth Center for Sustainable Energy-ийн Рачид Эннасири дүгнэв. Нүүрсхүчлийн хийн ялгарлыг бууруулах анхны төлөвлөгөө гаргасан 2009 оныг тэрбээр онцлоод “2022 он бол 2009 он биш. Сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрийг нэмэгдүүлэхийн тулд томоохон шинэчлэл хэрэгтэй” гэж өгүүлсэн юм.
Эх сурвалж: www.bbc.com/future