Сүү, цагаан идээг орлуулах хүнс хаана ч байхгүй. Сүү, цагаан идээнд уураг, өөх тос, нүүрс ус, амин дэм, эрдэс бодис агуулагддаг учир өдөр тутамдаа хэрэглэх нь зүйтэй.
***
Монголчууд хоол хүнсээ тухайн цаг улиралд нь тохируулан хэрэглэж ирсэн уламжлалтай. Тухайлбал, жилийн дөрвөн улирал, өдрийн цаг, тухайн хүний нас, хүйс, бие махбодын онцлог, бодисын солилцоо, энергийн хуримтлал зэргээс хамааран хоол ундныхаа төрөл зүйл, хэмжээг нь тохируулсаар иржээ. Жишээлбэл, бид өвөл, хаврын цагт мах, махан бүтээгдэхүүнээ түлхүү хэрэглэж, харин зун, намрын цагт сүү, цагаан идээгээ иддэг нүүдэлчин ард түмэн. Тэгвэл бид суурин соёл иргэншилд дасахын хэрээр хооллох хэв маягаа ч дагаад зөв болгох хэрэгтэй болжээ. Уншигч та бүхэнд эмчилгээний хоол зүйч, Монгол Улсын олимпын шигшээ багуудын хоол зүйчээр ажилладаг С.Мөнхтуулын эрүүл зөв хооллолтын талаар Business.MN подкастад ярьсан зөвлөгөө мэдээллийг товчлон хүргэж байна.
- Монголд насанд хүрэгчдийн тал нь, хүүхдүүдийн 30 хувь нь жингийн илүүдэлтэй
Сүүлийн нэг жилд эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг эрчимтэй явагдаж байна. Үүнээс ажиглахад 50 ажилтантай байгууллагад цоо эрүүл хүн гарын арван хуруунд ч багтахгүй байсан. Бид турахдаа хэтэрхий анхаараад эрүүл мэндийн асуудлаа орхигдуулдаг. Мөн турахдаа эрсдэлтэй замыг сонгож эрүүл мэндээ хохироодог тул мэргэшсэн хүнээс өөртөө тохирсон зөв хооллолтын зөвлөгөө авах нь зүйтэй.
- Өглөөний цай уудаггүй хүний цөс өтгөрдөг
Монголчууд хоолны өндөр соёлтой ард түмэн байсан. Хүнсний сонголт нэмэгдсэнээс шалтгаалж, сүүлийн 30 -аад жил цаг уурын байдалдаа тохируулж иддэг байсан уламжлалаа алдаад байна. Үүний хамгийн том жишээ бол өглөөний цай болон усыг тогтмол уудаггүй байдал. Энэ нь цөс өтгөрөх гол шалтгаан болдог.
- Зөв найруулсан /сахаргүй, хуурай сүүгүй/ кофег өдөрт 250 граммыг 17 цагаас өмнө уухад хэвийн
Хүн шөнийн цагаар бүтэн нойроо авч маргаашийн ажилдаа биеэ бэлддэг. Өглөө босоод бүлээн ус ууж ходоодоо бэлдээд араас нь өөртөө тохирсон хоолыг идэх ёстой. Гэтэл хүмүүс өглөөний цайгаа уулгүй найруулдаг кофе уудаг нь маш буруу зуршил. Уг нь чанасан цэвэр кофег зөв зохистой хэмжээгээр хэрэглэж сурвал зүрх судасны үйл ажиллагааг дэмжих, цаашлаад ажиллах сэргэлтийг өгдөг давуу талтай. Мөн нэг аяга кофе уусан бол дараа нь заавал хоёр аяга ус уух ёстой юм.
- Шөнийн цагт хамгийн багадаа хоёр цаг гүн нойрсож чадвал нойргүйдэхгүй
Оройн 22 цагаас эхлээд биднийг унтахыг дэмждэг даавар болох мелотонин ялгарч эхэлдэг. Энэ цагт орондоо ороод шөнийн хоёр цагт аль хэдийн гүн нойр авч байх ёстой. Хамгийн багадаа хоёр цаг гүн нойрсож чадвал нойргүйдэлтэй тулгарахгүй. Гэтэл бид 17 цагаас хойш кофе уух, хүнд хоол идэх, утас ухах зэрэг алдаа гаргадаг. Мөн оройн цагаар дэндүү их илчлэгтэй хоол идэж шөнө хар дараад маргаашийнхаа хүчийг нөөцөлж чадахгүйн улмаар стресстдэг. Энэ зуршлуудаа одоо л өөрчлөхгүй бол та хөгшрөх тусам одоо зарцуулж буйгаасаа илүү мөнгийг эрүүл мэнддээ зарцуулна.
- Өдөр бүр заавал үр тариа, мах, сүү, жимс, ногоо, өөх тосыг зохистой хэмжээгээр идэх хэрэгтэй
Дээрх нэр төрлийн хоол хүнсийг өдөр тутамдаа хэмжээг нь тохируулан хэрэглэх нь зүйтэй. Өөх тосыг огт хэрэглэхгүй бол зөнөгрөх өвчин тусаж болно. Хоол ихэдвэл өвчин, багадвал бас өвчин болдог. Өөх тос ч адилхан. Мөн маалинга, хулуу болон чиагийн үрнүүд нь цэвэр өөх тосны бүлэгт ордог. 1960-1970-аад оны үед АНУ-д хэсэг хүмүүс өөх тосыг маш муу гэж үзэн улмаар тосыг огт хэрэглэхээ больсон байдаг. Гэтэл 30-40 жилийн дараа нийгмийн эрүүл мэндэд сөрөг нөлөөллүүд буюу зөнөгрөх, мартах өвчин илэрсэн.
- Сүү, цагаан идээ бол хамгийн төгс хүнс
Эхийн сүүг юу ч орлож чаддаггүйтэй адил сүү, цагаан идээг орлуулах хүнс хаана ч байхгүй. Сүү, цагаан идээнд уураг, өөх тос, нүүрс ус, амин дэм, эрдэс бодис агуулагддаг учир өдөр тутамдаа хэрэглэх нь зүйтэй.
- Д витаминыг зөвлөмжийн дагуу тогтмол хэрэглэх нь зөв
Бид Д витаминыг нарны шууд тусгалаар арьсан дээрээ нийлэгжүүлж авдаг. Гэтэл манай улсад зуны цаг богиноссон, мөн Д витамины өндөр эх сурвалжтай хүнс ховор. Тийм учраас Д витаминыг нэмэлтээр буюу тохирсон зөвлөмж хэмжээгээр тогтмол хэрэглэх нь зөв. Тав хүртэлх насны хүүхдэд олон улсын хэмжээгээр 400 мг, насанд хүрсэн хүн 1000 мг уух ёстой. Ер нь дээр дурдсан зургаан нэр төрлийн хүнсээ өдөр тутамдаа хэрэглэдэг бол витамины дутагдалд орохгүй. Ориг витамин бол ердөө л хоол хүнс.
- Кето хоол бол тураах дэглэм биш
Кето хоол бол уналт, таталт өгдөг, саажилттай хүүхэд болон насанд хүрэгчдийн эмчилгээний хоол. Энэ хоолны дэглэмийг мэргэжлийн мэдрэл заслын эмч, сувилагч, эмчилгээний хоол зүйчдийн нэгдсэн баг хамтран онош тодруулж, нарийн тооцоолол хийсний үндсэн дээр 10-14 хоногийн хугацаанд хэрэгжүүлсний дараа дахин биохимийн шинжилгээ хийж, дэглэмийг үргэлжлүүлэх үү, үгүй юу гэдгийг шийддэг. Маш нарийн зохион байгуулалттай гэсэн үг. Кето хоол нь маш их хэмжээний өөх тос, уургийн суурьтай. Нүүрс ус ердөө тавхан хувийг агуулдаг. Энэ дэглэмээр жингээ хасаж болох ч энэ бол тураах амьдралын хэв маяг огт биш. Хэрэв уг дэглэмээр турвал 1-2 жилийн дараа цөсний өтгөрөл, нойр булчирхайн үрэвсэл үүсэж, өтгөн хатаж, маш их ядрах шинж тэмдэг илэрдэг. Тийм учраас хэрвээ та жирэмсэн, эсвэл хөхүүл бол кето дэглэм битгий бариарай гэж зөвлөх байна. Зөв мэдээллээр өөрийгөө цэнэглэж, зөв хооллоод эхлэхэд л турах гэдэг огт асуудал биш.
- Хүүхэд гэдсэнд байхдаа ээжийнхээ идэж байгаа хоол хүнсийг кодолж авдаг
Хэрвээ та жирэмсэн бол ирээдүйд хүүхдэдээ ямар хоол өгмөөр байна түүнийгээ яг одоо сайн идээрэй. Учир нь хүүхэд эхийнхээ идсэн хоол хүнсийг таньж кодолдог. Гэхдээ жирэмсэн байхдаа тухайн хоолыг иддэг байсан ч хүүхэд нь иддэггүй тохиолдлууд бий. Энэ нь аавын генээс, мөн хүүхдийн насны онцлогоос шалтгаалдаг.