3 гол ойлголт
- Хоёр намын хооронд сэтгэл түгшим сөргөлдөөн олон сар үргэлжилсний эцэст АНУ-ын Сенат зургадугаар сарын 1-нд өрийн таазыг нэмэгдүүлэх шийдвэр гаргаснаар тус улсын төдийгүй дэлхийн эдийн засгийг хүнд байдалд оруулах байсан дефолтын аюулаас АНУ зайлсхийж чадлаа. Өрийн таазны талаар конгресст өрнөсөн дуулиан шуугиантай мэтгэлцээн нь олны санаа бодлыг үймүүлсэн, аюултай “жүжиг” боллоо гэж олон хүн үзэж байсан ч өрийн таазыг бүрмөсөн үгүй хийх санал газар авсангүй.
- Конгресс өрийн таазыг 1917 онд үүсгэснээс хойш уг арга үр дүнгээ өгсөөр ирсэн ч өдгөө ач холбогдолтой эсэхэд нь олон хүн эргэлзэж байна. Улс төрд давамгай байдал олж авахын тулд хууль тогтоогчид өрийн таазыг ашиглах боллоо хэмээн олон хүний санаа зовж буй. Харин зарим нь энэ бол хуваагдсан конгрессийг санал нэгдэх, АНУ-ын төсвийн зарцуулалтын талаар шийдвэр гаргахад хууль тогтоогч нарт байгаа цорын ганц арга хэрэгсэл гэж үзэж байна.
- Өрийн таазыг бүрмөсөн үгүй хийх боломжгүй болов уу. Энэ тал дээр хууль тогтоогчид хангалттай дэмжлэг авч чадаагүйн зэрэгцээ 14-р нэмэлт өөрчлөлтийг ашиглаж өрийн таазыг үгүй хийх оролдлого бүтэлгүйтнэ гэж ихэнх хуульч үздэг юм.
Гол нийтлэл
Хоёр намын хооронд сэтгэл түгшим сөргөлдөөн олон сар үргэлжилсний эцэст АНУ-ын Сенат зургадугаар сарын 1-нд өрийн таазыг нэмэгдүүлэх шийдвэр гаргаснаар тус улсын төдийгүй дэлхийн эдийн засгийг хүнд байдалд оруулах байсан дефолтын аюулаас АНУ зайлсхийж чадлаа. Өрийн таазны талаар конгресст өрнөсөн дуулиан шуугиантай мэтгэлцээн нь олны санаа бодлыг үймүүлсэн, аюултай “жүжиг” боллоо гэж ихэнх америкчууд үзэж байна. Гэхдээ өрийн таазыг бүрмөсөн алга хийх саналууд бүтэлгүйтсээр ирлээ.
Өрийн тааз ямар үүрэгтэй вэ? Давуу болон сул тал нь юу вэ? Өрийн таазыг үгүй хийх боломжтой юу? Эдгээр асуултад шинжээчид ялгаатай хариулт өгч байна.
Өрийн таазны үүсэл болон зорилго
Зээл авах боломжийг нэмэгдүүлэх, уян хатан болгох, өрийн бичиг гаргах процессыг хялбаршуулах, оновчтой болгох зорилгоор АНУ-ын конгресс 1917 оноос өрийн таазыг ашиглаж эхэлжээ. Үүний үр дүнд Сангийн яам хэрэв бонд гаргах ёстой болбол тухай бүр конгрессоос зөвшөөрөл авах шаардлагагүй болсон юм. Энэ нь дайны үйл ажиллагааг санхүүжүүлэх явцыг ихээхэн хялбар болгожээ.
Гэвч удаах жилүүдэд АНУ илүү олон дайнд татагдан оролцсоноор өрийн хэмжээ нь нэмэгдэх болов. Сүүлийн 20 жилд тус улсын өр 25 их наяд ам.доллароор нэмэгдсэн агаад хурааж буй татвар болон бусад орлогоосоо бараг нэг их наядаар давсан мөнгийг жил бүр “үрж” байна. Конгрессийн баталсан төлбөрийг санхүүжүүлэхийн тулд Засгийн газар улам их өр тавихаас өөр аргагүй болжээ. Үүний үр дүнд тус улсын өрийн тааз 31 их наяд ам.доллар даваад байна.
Өр таазандаа (дээд хэмжээндээ) тулвал бэлэн мөнгөгүй болж, өрөө төлөх чадваргүй болох бөгөөд үүнээс шалтгаалж өрийн таазыг нэмэгдүүлэх конгрессийн шийдвэрийг хүлээхээс өөр аргагүй байдалд ордог. АНУ-ын хууль тогтоогчид 1960 оноос хойш өрийн таазны хэмжээг 78 удаа нэмсэн түүхтэй. Гэвч өдгөө конгресс ихээхэн хуваагдмал болсон учир энгийн нэгэн процессыг улс төрийн тоглоом болгон хувиргаж, улсаа дефолтын эрсдэлд оруулах болжээ. Хэрэв тэгсэн бол:
- Нийгмийн халамж, Эрүүл мэндийн даатгал, ахмад дайчдын төлбөрийг Засгийн газар хийх боломжгүй болно.
- Олон улсын санхүүгийн зах зээл хямралд нэрвэгдэж, бодлогын хүү хэт өсөж, АНУ-ын зээлжих зардлыг нэмэгдүүлнэ.
Өрийн таазны давуу тал
Түүхээс харвал өрийн тааз нь улс орны санхүүг хяналттай байлгах, төрийн үйл ажиллагаа, хөтөлбөрийг хэрэгжүүлэхдээ Засгийн газар илүү ухаалаг, үр ашигтай зарцуулалт хийхэд нөлөөлдөг чухал хэрэглүүр байсаар иржээ. Саяхан Бүгд найрамдах нам болон консерватив эдийн засагчид улс төрийн ийм хагаралтай цаг үед өрийн тааз нь ямар үүрэгтэй талаар ихэд маргасан билээ. Тэд үзэхдээ:
- Өрийн тааз бол АНУ-ын төсвийн зарцуулалтыг нухацтай авч үзэх, хууль тогтоогчдын хариуцлагыг сайжруулахад нэн хэрэгтэй хэрэглүүр. Тухайн улсын төсвийн сорилтын талаар ярилцах, шийдвэр гаргах ёстой тодорхой хугацаа, хэмжээг өрийн тааз тогтоож өгдөг.
- Өрийн таазны талаарх хэлэлцээ нь хууль сахиулагч нарыг 2011 онд төсвийн зарцуулалтад хязгаар тогтоох, харин 2017, 2019 онд эл зарцуулалтыг нэмэгдүүлэх шийдвэр гаргахад хүргэж байв.
- Холбооны засгийн газрын зарцуулалтыг хязгаарлах цорын ганц механизм.
Өрийн таазны сул тал
Өрийн таазыг дараах сул талтай гэж үздэг:
- Хялбархан нэмэгдүүлж болдог учраас төсвийн хариуцлагагүй байдлыг даамжруулдаг.
- Тухайн улсын зээлжих зэрэглэлийг бууруулж, өрийн хэмжээг нэмэгдүүлдэг.
- Үндсэн хуультай нийцэхгүй байх боломжтой.
Саяхан Бүгд найрамдах нам болон төв үзэлт эдийн засагчид улс төрийн ийм хагаралтай цаг үед өрийн тааз нь дараах сул талтай гэж үзжээ:
- Улс төрийн тоглоомоос өөр ямар ч үүрэггүй. Хууль тогтоогчид өрийн таазыг улс төрийн давуу байдал олж авах арга, эсвэл зэвсэг болгон ашиглах нь нэмэгдсээр байна. Өрийн таазтай огт холбоогүй асуудлууд дээр Ардчилсан намыг буулт хийхгүй бол улс орноо эдийн засгийн хямралд оруулна хэмээн энэ жил Бүгд найрамдах намынхан заналхийлсэн. Үүнд тэд цаг хугацаа, хүчин чармайлтаа дэмий үрж, АНУ-ын дэлхийн эдийн засгийн тэргүүлэгч байр суурьд эрсдэл авчрав.
- Дефолтын эрсдэлийн нэмэгдүүлнэ. Өрийн таазны талаарх конгрессийн хэрүүл маргаан болон эцсийн мөчид хоёр тал яаж ийгээд зөвшилцөлд хүрэх нь тодорхой гэдэгтэй америкчууд нэгэнт дасаж, эвлэрчээ. Ингэснээр “чоно ирлээ” гэж хашхирах хүмүүсийн тоо нэмэгдэж, хууль тогтоогчид улс орноо дефолт болоход ойртуулж, улмаар шинэ бөгөөд улам зүдэргээнтэй өрийн таазны мэтгэлцээн явагдах болов.
- Төсвийн алдагдлыг хязгаарлаж чаддаггүй. Өрийн таазыг маш олон удаа нэмэгдүүлж ирсэн учраас төсвийн хариуцлагатай байдлыг сайжруулахад хэрэгтэй арга хэрэгсэл мөн эсэхэд нь улам олон хүн эргэлзэх болсон. АНУ-ын өрийн хэмжээ сүүлийн жилүүдэд байнга дээд түвшиндээ хүрч нэмэгдэж байна.
- Төсвийн зарцуулалтын талаар цагаа олсон, шаардлагатай яриа өрнүүлэхэд саад болдог. АНУ-ын эдийн засагт тулгарч буй урт хугацааны сорилтуудыг хөнгөн хуумгай, хаалганы ардах, өрийн хэмжээтэй холбоотой хэлэлцээгээр улам бүр шийддэг боллоо. Үүний оронд конгрессийн хорооны нээлттэй, ил тод хуралдаанаар энэ бүх асуудлыг хэлэлцэх ёстой юм.
Цаашдын төлөв
Өрийн таазны талаарх хууль тогтоогчдын адармаатай, урхагтай яриа хэлэлцээ нь АНУ-ыг эрсдэлд оруулсан гэдэгтэй олон хүн санал нэгдэж байгаа ч өрийн таазыг бүрмөсөн үгүй хийхгүй болов уу. Төлөөлөгчдийн танхим болон Сенат дээр өрийн таазыг үгүй хийх хуулийн төслүүд нь хууль тогтоогчдоос хангалттай дэмжлэг авч чадаагүйн зэрэгцээ 14-р нэмэлт өөрчлөлтийг ашиглаж өрийн таазыг үгүй хийх оролдлого бүтэлгүйтнэ гэж ихэнх хуульч үздэг юм. Дефолт болох гэнэтийн аюул байхгүй учраас өрийн таазны талаарх маргааныг шүүхээр хэлэлцэх шаардлага үгүй. Түүнчлэн гүйцэтгэх засаглал болон хууль тогтоох байгууллагын дундах маргаанд шүүхийн байгууллага хавчуулагдаж, өөрсдийгөө таагүй байдалд оруулахгүй нь лавтай.
Тиймээс өрийн таазны талаарх дараагийн маргаан 2025 оны нэгдүгээр сард эхлэх үед энэ жилийнх шиг төвөгтэй, урхагтай хэлэлцээр болохгүй байх магадлалтай юм.