Монложистикс группийн импортын тээврийн үйлчилгээндээ нэмүү өртөг шингээдэг нэг шийдэл нь харилцагчдадаа 30 хоногийн хугацаатай олгодог хүүгүй зээл юм. Тодруулбал, ихэнх олон улсын тээвэрлэгч компаниуд ачааг тээвэрлэж эхлэх цэгээс төлбөрөө авдаг бол Монложистикс нь захиалагч бараагаа зарж борлуулсан эсэхээс үл хамааран ачааг хүлээн авснаас хойш 30 хоногийн дотор мөнгөө төлөх гэрээ байгуулдаг. Ийм байдлаар ачаа эзэндээ ирэх хүртэлх бүх тээвэрлэлтийн зардлыг санхүүжүүлж, энэ нь худалдааны компаниудад санхүүгийн том хөнгөлөлт болдог байна.
***
Импортын тээвэр ба амьдралын өртөг
Уншигч та дэлгүүрээс 100 мянган төгрөгийн үнэтэй цахилгаан бараа худалдаж авсан тохиолдолд 20-30 мянган төгрөгийг тээвэр ложистикт төлдөг гэдгээ мэдэх үү? Тодруулбал, бидний амьдралын өртгийн бараг дөрөвний нэгийг буюу 20-30 хувийг тээврийн зардал эзэлдэг гэж хэлэхэд болно. Энэ бол дэлхийн улс орнуудтай харьцуулахад маш өндөр тоо. Харин далайд гарцтай АНУ-д энэ тоо 5-8 хувь, Хятадад 6-9 хувь байдаг. Товчоор хэлбэл, монголчууд бүгдээрээ тээвэр ложистикийн хэрэглэгчид, тэр тусмаа хамгийн өндөр үнэ төлдөг хэрэглэгчид юм.
Тэр нь арга ч үгүй. Өнөөдөр Монгол Улс дэлхийн бараг 160 орноос бараа, материал импортолж, импортоор хэрэглээнийхээ 60-70 хувийг гаднаас хангадаг. Импортын тээвэр зогсвол бидний амьдрал бас зогсох аюултайг цар тахлын үеэр сайн ойлгосон. Өөрөөр хэлбэл, монголчуудын амьдрал импортын тээврээс тэр чигтээ хараат.
Гэвч импортын тээвэр нь манай улсын газар зүйн байршил, дэд бүтцийн салбарын хөгжлөөс хамаараад дээр дурдсан 20-30 хувийн өртөг бий болдог. Дэлхийн банкнаас гаргасан ложистикийн гүйцэтгэлийн индексээр Монгол Улс 160 орноос 130-д жагссанаас дэд бүтэц дээр хамгийн бага оноо авдаг.
Энэ нөхцөлд импортын тээвэр нь далай, агаар, төмөр зам, авто замыг хослуулан маш урт зам туулдаг, олон улсын тээвэрлэгч компаниудтай хамтарч, зааварчилгаа өгч, ачаа барааг хэрэглэгчийн гарт найдвартай, түргэн шуурхай хүргэх зорилготой угсармал менежментийн ажил болдог. Энэ л ажлыг бидний мэдэх тээвэр зуучийн компаниуд хийж, зах зээлд өрсөлддөг. Тэгвэл монголчуудын хувьд газар зүйн болоод түүхэн өгөгдөл нь өрсөлдөх чадварыг нь цаанаасаа л сул байлгадаг энэ салбарт хувийн хэвшил чухам ямар үнэ цэн, давуу талыг санал болгож, харилцагчдаа татах вэ гэдэг нь тун ярвигтай хэрэг.
Өнөөдөр Монгол Улс дэлхийн бараг 160 орноос бараа, материал импортолж, импортоор хэрэглээнийхээ 60-70 хувийг гаднаас хангадаг.
Харин 18 жилийн түүхтэй Монложистикс группийн хувьд энэ бол гаршсан ажил нь. Нийт 163 оронд 800 гаруй харилцагч түнштэй уг компани дэлхийн аль ч өнцгөөс Монгол руу бараа материал тээвэрлэн авчрах чадамжийг бүрдүүлж, “Оюу толгой” зэрэг Монгол Улсын топ хэрэглэгч компаниудад зориулан тээвэр ложистикийн цогц үйлчилгээний төрөл бүрийн шийдэл хөгжүүлж байна.
Импортын тээвэрт хариуцлагатай, найдвартай байх нь энэ үйлчилгээний нэмүү өртөг, өрсөлдөх чадварыг бүтээдэг. Тиймээс үнийн өрсөлдөөнд оролцохгүйгээр үйлчилгээний чанараараа бусдаас ялгардаг гэдгийг энэхүү нийтлэлийн гол дүр, тус компанийн гүйцэтгэх захирал Г.Хишигбат онцоллоо. Учир нь өндөр чанартай үйлчилгээ үзүүлэхэд ихээхэн хүчин чармайлт, нөөц шаардлагатай. Үүний тулд дотооддоо эрсдэлийн удирдлагыг өндөр түвшинд хөгжүүлж, харин гадаад орчинд он удаан жил цэгцэрсэн түншлэлийн сүлжээ, даатгалын механизмыг ашиглах зэргээр хариуцлагатай тээвэрлэлтийн туршлагадаа үндэслэн үйлчлүүлэгчдэдээ үнэ цэн өгөхийг зорьдог аж.
Монложистикс группийн импортын тээврийн үйлчилгээндээ нэмүү өртөг шингээдэг өөр нэг шийдэл нь харилцагчдадаа 30 хоногийн хугацаатай олгодог хүүгүй зээл юм. Тодруулбал, ихэнх олон улсын тээвэрлэгч компаниуд ачааг тээвэрлэж эхлэх цэгээс төлбөрөө авдаг бол Монложистикс нь захиалагч бараагаа зарж борлуулсан эсэхээс үл хамааран ачааг хүлээн авснаас хойш 30 хоногийн дотор мөнгөө төлөх гэрээ байгуулдаг. Ийм байдлаар ачаа эзэндээ ирэх хүртэлх бүх тээвэрлэлтийн зардлыг санхүүжүүлж, энэ нь худалдааны компаниудад санхүүгийн том хөнгөлөлт болдог байна.
Энэ мэт бодлого нь тус компани дотоодын 1500 гаруй аж ахуйн нэгжтэй урт хугацааны харилцаа үүсгэх гол хөшүүрэг болжээ. Цаашдаа тэд Евразийн бүс нутгийн төвшинд өрсөлдөх том амбицтай ажиллаж байна. Тиймээс 2019 онд группийн бүтэцтэй болж, алсын хараагаа “Дэлхий рүү тэмүүлэх үндэсний брэнд” хэмээн тунхаглажээ. Үүний эхний алхам болгож 2021 онд ОХУ-ын Эрхүү хотод анхны гадаад охин компаниа “Монложистик Транс Сервис” нэртэйгээр байгуулсан нь Орос, Хятадын хооронд Забайкальск/Манжуураар дамжуулан бараа тээвэрлэх зэргээр Монголтой ямар ч хамааралгүй ачаа тээвэрлэлтийн үйл ажиллагаа явуулж байна.
Экспортын тээвэр ба эдийн засаг
Эдийн засаг дахь цусны эргэлтийг хүчилтөрөгчөөр хангадаг нэг том “судас” бол экспортын тээвэр юм. Энэ судсаар Монгол Улс орлогын гол эх үүсвэр болсон уул уурхайн түүхий эд, тэр дундаа нүүрс тээвэрлэдэг бөгөөд энэ төрлийн экспортын хэмжээ сүүлийн 10 гаруй жилд үлэмж нэмэгджээ.
Хэрэв Монголын нүүрсний уурхайнууд бүрэн хүчин чадлаараа ажиллавал жилд ойролцоогоор 100 сая тонн нүүрс олборлох хүчин чадалтай. Гэвч түүнийг тээвэрлэн экспортлох ложистикийн хүчин чадал нь 40 сая тонноос хэтрэхгүй. Тиймээс жилд 300 сая орчим тонн нүүрс импортолдог Хятадын аварга зах зээлд ядаж 50 сая тонн нүүрс нийлүүлэхийн тулд тээвэр ложистикоо хөгжүүлэхээс өөр гарцгүй.
Энэ үүднээс сүүлийн жилүүдэд Засгийн газар стратегийн уг хэрэгцээг илүү сайн ойлгож, уг салбарт түүхэн хөрөнгө оруулалтууд хийсэн билээ. Монгол Улс өнгөрсөн дөрвөн жилд Ханги, Гашуунсухайт, Зүүнбаян гэсэн гурван чиглэлээр 887 км төмөр зам барьсан нь сүүлийн 70 жил энэ салбарт хийгдээгүй том хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалт болсон юм. Хэрэв Боомтын сэргэлтийн бодлогын хүрээнд тавьсан зорилтууд биелж, дээрх гурван төмөр замынхаа хилийн холболтыг хийгээд, бусад шаардлагатай дэд бүтцийг барьчихвал 2027 он гэхэд нүүрсний экспортын ложистикийн хүчин чадал 80 сая тоннд хүрэх боломжтой аж.
Монголын нүүрсний уурхайнууд бүрэн хүчин чадлаараа ажиллавал жилд ойролцоогоор 100 сая тонн олборлох хүчин чадалтай. Гэвч түүнийг тээвэрлэн экспортлох ложистикийн хүчин чадал нь 40 сая тонноос хэтрэхгүй.
Тээвэр ложистикийн салбар ийнхүү хөгжлийн түүхэн мөчлөгтөө ирээд буйтай холбоотой цаашид хувийн хэвшлийн оролцоо, төр-хувийн хэвшлийн түншлэлийг улам оновчтой болгох амьдралын шаардлага гарч ирсэн.
Тиймээс Монложистикс групп нь салбарынхаа хөгжилд манлайлж оролцох зорилготой гэдгээ Г.Хишигбат онцолж хэллээ. Үүнтэй холбоотой, салбартаа анхлан Ложистикс Форумыг хоёр удаа зохион байгуулж, Орос, Хятад, Монгол гурван улсын экспертүүд болон салбарын бүх оролцогч талыг цуглуулж чаджээ.
Тус компани төмөр замын үйл ажиллагааны арвин туршлагатай бөгөөд Монгол Улсаас уул уурхай, ноос ноолуур, арьс шир гэх зэрэг хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн, бусад экспортын бараа бүтээгдэхүүн тээвэрлэдэг. 2005 онд “Монложистикс Ворлдвайд” нэртэйгээр байгуулагдсанаасаа хойш Хятадын компаниудтай урт хугацааны гэрээ байгуулан, урд хөршийн зах зээлд хамтын ажиллагааны том сүлжээг үүсгэж чаджээ. Үүндээ тулгуурлан ойрын ирээдүйд Хятадад охин компаниа байгуулахаар төлөвлөж буйгаа Г.Хишигбат захирал дуулгалаа.
Транзит тээвэр ба Монголын коридор
Дэлхийн худалдаан дахь бараа материалын урсгалыг харвал өмнө талдаа Хятад, Вьетнам зэрэг үйлдвэрлэгч улс, хойд талдаа ОХУ, Европ тэргүүтэй хэрэглэгч орнууд байдаг. Тиймээс энэ хоёрыг холбосон дэд бүтцийн сүлжээнүүд стратегийн маш том ач холбогдолтой. Харин Монгол Улс ачааны энэхүү урсгалын тэг дунд байгаа нь транзит тээврийнхээ хүчин чадлыг нэмж чадвал орлогын том эх үүсвэртэй болох боломжтой. Сүүлийн жилүүдэд транзит тээврийн орлого өссөн дүнтэй байгаа ч тээвэр ложистикийн хүчин чадлын улмаас Хятад, Европыг холбосон ачааны урсгалын 15 хувь нь л Монголын коридороор дамжиж байна.
Монголын коридорын давуу тал нь усан замаар 30-50 хоног тээвэрлэх ачааг төмөр замаар 15-20 хоногт багтаан Европын томоохон худалдааны хотуудад хүргэх боломжтой. Хэрэв Боомтын сэргэлтийн хүрээнд Монголын баруун, зүүн коридорын төмөр замууд баригдвал транзит тээврийн хүчин чадал одоогийнхоос хоёр дахин нэмэгдэнэ. Ингэснээр Монгол Улс газар зүйн байршлын сул талаа давуу тал болгож, транзит улс болох суурь тавигдана.
Одоогоор транзит тээврийн хэмжээ 3.2 сая тонн орчим байгаа бөгөөд энэ зах зээлийн томоохон тоглогчдын нэгээр мөн л Монложистиксыг нэрлэдэг.
“Транзит тээврийн тухайд Монголын коридор бол манай гол бүтээгдэхүүн гэж үзэх дуртай” гэж Г.Хишигбат ярилаа. УБТЗ -аас бодлогын чанартай тарифын хөнгөлөлт, олон шатлалын хөнгөлөлт үзүүлж буй нь том давуу тал болдог гэдгийг тэрбээр дурдлаа. Уул уурхайн нэгэн адил валютын орлого олдог транзит зах зээлийн сегментэд Монложистикс групп өөрийн охин компаниар дамжуулан хөрш болон бусад улс орноор дамжин өнгөрөх бүх төрлийн ачааны тээвэрлэлтийн ложистик үйлчилгээ үзүүлж байна.
Уг компанийн олон жилийн туршлагаараа манлайлж ажилладаг тээвэр ложистикийн дөрөв дэх чиглэл нь мэдээж дотоод зах зээл дээрх бараа материалын урсгал юм. Үүнд агуулах, терминалаас эхлээд гаалийн үйлчилгээ, хот доторх, хот хоорондын, хөдөө орон нутгийг чиглэсэн хүргэлт, татан авалтууд хамаардаг. Эдгээр үйлчилгээ нь Монложистикс группийн харилцагчдадаа санал болгодог тээвэр ложистикийн цогц үйлчилгээний нэг хэсэг болон хөгжиж байна.
Дэлхий рүү тэмүүлэх үндэсний брэнд
Өнгөрсөн тавдугаар сарын эхээр Investment Expo арга хэмжээний үеэр Монложистикс группийн толгой компани болох “Монложистикс Холдинг” ХХК олон нийтэд нээлттэй компани болох гэж буйгаа албан ёсоор зарласан нь Монголын хөрөнгийн зах зээл төдийгүй тээвэр ложистикийн салбарт содон үйл явдал байлаа. Учир нь манай улсын дэд бүтэц хязгаарлагдмал, олон улсын төвшинд өрсөлдөх чадварын хувьд хангалтгүй тул энэ салбарт үйл ажиллагаа явуулдаг компаниудын өрсөлдөх чадвар ч түүгээр тодорхойлогдох хандлагатай байдаг. Энэ тохиолдолд тухайн компани олон жилийн туршлага, оновчтой засаглал, үйлчилгээний найдвартай байдлаараа л хэрэглэгчдээ татдаг. Харин Монложистиксын хувьд өнгөрсөн 18 жилийн түүхэндээ хуримтлуулсан хамгийн том үнэт зүйл нь туршлага байв.
Компанийн үүсгэн байгуулагчид, эдүгээ группийн ТУЗ -ийн даргаар ажилладаг Л.Ганзоригт, ТУЗ -ийн гишүүн Б.Тэлэнгэд нар нь 1990-ээд оноос үндэсний тээвэр ложистикийн цөөхөн компани байхаас эхлэн салбартаа 30 орчим жил ажиллаж хүндлэгдсэн хүмүүс байдаг. Тэд компаниа өөрсдийн бүтээсэн өндөр ёс зүй, зарчим, соёл дээр үндэслэн “Монложистик Ворлдвайд” нэртэйгээр эхлүүлж хөгжүүлсээр 2019 онд компаниа группийн бүтэцтэй болгохоор шийдсэн нь компанийн засаглалыг илүү оновчтой болгожээ.
Засаглалаа хөгжүүлэхийн тулд бараг есөн жил шаардагдсан гэдгийг Г.Хишигбат захирал ярилаа. Анхны ТУЗ найман жилийн өмнө байгуулагдсанаас хойш Олон улсын санхүүгийн корпорац тэргүүтэй олон улсын байгууллагуудаас зөвлөх үйлчилгээ, аудит авч, компаниа барууны томоохон корпорацууд яаж ажилладаг тэр л стандартаар үйл ажиллагаа явуулдаг болгохыг зорьсон байна. Улмаар 2023 онд олон нийтэд нээлттэй компани болох гэж буй нь компанийг хөгжлийн цоо шинэ шатанд гаргаж, салбартаа түүхэн ач холбогдол бүхий үйл явдал болохоор байна.
Тус компани IPO хийхээр шийдсэн нь тээвэр ложистикийн салбар тэлэлтийн мөчлөг дээр ирсний нэг дохио юм. Тээвэр ложистик нь дэлхийн худалдааны үнэ цэнийн сүлжээнд үр дүнтэй холбогдвол улс орны өрсөлдөх чадварыг огцом дээшлүүлдэг, эдийн засагт цэвэр валют оруулж ирдэг экспортын чухал чиглэл юм. “Энэ салбарын өсөлт, тэлэлтийн давуу талыг ашиглахын тулд хөрөнгө оруулалт шаардлагатай. Учир нь бид компаниа олон жил, бүр зуун жил оршин тогтнох боломжтой гэдэгт итгэдэг” гэж Г.Хишигбат хэллээ.
Хувьцаат компани болох бэлтгэл ажил сүүлийн хоёр жил өрнөсөн бөгөөд туслан гүйцэтгэгчдийнхээ үйлчилгээг ч байнга сайжруулж ирснийг дурдлаа. Энэ бүхний эцсийн зорилго нь Монгол Улсын тээврийн салбарт олон улсын стандартыг нэвтрүүлэх юм. Одоогоор холдингийн харьяанд нийт найман охин компани үйл ажиллагаа явуулж, импорт, экспорт, транзит болон дотоодын тээвэр гэсэн зах зээлийн дөрвөн өөр нөхцөлд, гадна дотнын олон зуун компанитай өрсөлдөж байна.
Группийн толгой компани болон “Монложистикс Холдинг” нь группийн стратеги, судалгаа болон хөрөнгө оруулалтад төвлөрч ажилладаг бөгөөд охин компаниуддаа менежментийн үйлчилгээ болох хүний нөөц, санхүү, мэдээллийн технологи, маркетингийн үйлчилгээ үзүүлдэг байна. Ингэснээр охин компаниуд зөвхөн борлуулалт, гүйцэтгэлдээ төвлөрч харилцагчдадаа илүү үнэ цэн өгөх боломж бүрджээ.
Үүний зэрэгцээ бүтээмж, өрсөлдөх чадвараа дээшлүүлэх үүднээс үйл ажиллагаандаа ашиглах технологийн шийдлүүдийг илүү боловсронгуй болгож байна. Тухайлбал, тээврийн менежментийн систем ашигладаг байснаа ложистикийн менежментийн систем (LMS) рүү шат ахиж, ложистикийг технологийн хувьд цогцоор нь шийдэх шилжилт хийж байна. Яагаад гэвэл тээвэр ложистикийн үйлчилгээний чанар нь бараа материалын урсгалаас гадна мэдээллийн урсгалыг хэр үр дүнтэй удирдахаас шууд шалтгаалдаг онцлогтой.
Өсөлтийн стратегич
“Тээвэр ложистикийн салбарт асар их нөөц бололцоо байгаа гэдгийг бид харсан. Тиймээс би ирээдүйд өсөлтийг бий болгох төсөл хөтөлбөрүүд хэрэгжүүлэхийг зорьдог” гэж Г.Хишигбат хэллээ. Түүний карьерыг харсан ч хувь хүний болон байгууллагын төвшинд үргэлж ийм стратеги баримталж иржээ.
Тэрбээр Монголд дунд сургуулиа төгссөний дараа Их Британи, АНУ-д суралцаж системийн инженер мэргэжил эзэмшжээ. Энэ нь түүнд санхүү, хөрөнгө оруулалт, технологи, эрчим хүч зэрэг олон чиглэлд хөрвөж ажиллах бололцоо өгсөн байна. Ажлын гараагаа Ньюком группт хөрөнгө оруулалтын шинжээчээр эхэлж, “Изинэс Эйрвис” -д төлөвлөлтийн хэлтсийн менежерээр үргэлжлүүлжээ.
Дараа нь хувийн компаниа байгуулж Флоридагийн их сургуульд ашиглаж байсан Learning Management программыг Монголын их, дээд сургуулиудын сургалтын системд нэвтрүүлж, сургалтын үйл явцыг цахимжуулах гэж жил гаруй оролдоод бүтээгүй. Гэхдээ энэ оролдлого түүнд том туршлага болж үлджээ.
Харин 2016 онд Замын-Үүдэд байрлах Монголын хамгийн том буюу 15 МВт хүчин чадалтай нарны цахилгаан станцын төслийг удирдан, Японоос 30 сая ам.долларын хөрөнгө оруулалт татан амжилттай хэрэгжүүлсэн нь түүнийг төслийн чадварлаг удирдагч, стратегич болгох эхлэлийг тавьсан байна. Тэр жилдээ “Монложистик Ворлдвайд” компанийн бизнес хөгжил, санхүү хариуцсан захирлаар томилогджээ. Тухайн үед компани нь импортын тээврийн чиглэлээр арвин туршлагатай, олон үнэнч харилцагчтай болсон байлаа. Улмаар 2019 онд “Монложистикс Холдинг” ХХК -ийнхаа гүйцэтгэх захирал болсон байна.
Түүнээс хойш тэрбээр өмнө дурдсанчлан өсөлтийн стратеги баримталсан нь компани өргөжихөд хүргэж, өнөөдөр IPO хийх түүхэн мөчлөгт авчраад байна. “Банк санхүү, харилцаа холбооны дараа хөгжлийн өндөр төвшинд гарах салбар бол тээвэр ложистик гэдэгт би бүрэн итгэдэг” хэмээн тэр онцолж байв.
Өсөлтөд тэмүүлэхдээ ашигладаг түүний менежментийн арга барил гэвэл энгийн бөгөөд үр дүнтэй. Тэрбээр охин компаниудынхаа захирлуудтай юун түрүүнд нийтлэг зорилго буюу хаана, хэзээ хүрэхээ тохирдог. Харин тухайн хүн яаж хүрэхээ өөрөө шийдэх учир өдөр тутмын ажилд нь оролцох дургүй гэлээ. Үүний оронд бусдыг хүчирхэгжүүлэх манлайллын соёлын зарчмаар дэмжих, зөвлөх, туршлагаа хуваалцах, зарчмын хувьд анхаарах зүйлсийг сануулах байдлаар ажилладаг. Тэрбээр тушаал гаргаад явдаг захирал гэхээс илүү тухайн хүнд ур чадвараа гаргах, потенциалаа хэрэгжүүлэх бололцоо олгох байдлаар замыг нь засдаг байна. Цаашлаад гаргахдаа хоёр зарчим баримталдаг нь нэгдүгээрт, хамт олон, оролцогч талуудын оролцоог бүрэн хангасан эсэх, хоёрдугаарт, тав, арван жил буюу урт хугацаанд харах юм. Энэ тохиолдолд “Лидер гэдэг бол өөрөө шийддэг бус шийдвэр гаргах архитектур хүн байх ёстой” гэж хэлэх дуртай.
Нөгөө талаас бэрхшээл гэдэг СЕО хүний хувьд ажлынх нь салшгүй нэг хэсэг гэж болно. Г.Хишигбат ч урьд өмнө хэзээ ч хийж, оролдож байгаагүй зүйлстэй өдөр тутам тулгардаг ч бэрхшээл амьдралыг улам сонирхолтой болгодог гэлээ. Гэхдээ тэр дундаас хамгийн том сорилт болж байгаа нь Монголд төдийгүй дэлхийд нүүрлээд буй хүний нөөцийн хомсдол юм.
Тиймээс Монложистикс групп хүний нөөцийн тогтвортой байдлын стратеги баримталж байна. Хүний нөөцийн тухайд зөвхөн салбартаа бус үндэсний томоохон компаниудтай өрсөлдөх хэрэгтэй болдог учраас нэгт, сайн боловсон хүчнийг өөртөө татах, хоёрт, компани өөрөө хүний нөөцийн бодлогын хувьд сэтгэл татам байх шаардлагатай. Энэ нь тухайн хүн уг компанид амьдралынхаа үнэт цагийг өнгөрүүлж ажилласнаар амьдралдаа тодорхой үнэ цэн, үнэт зүйлсийг бүтээж мөрөөдөлдөө ойртож чадаж байгаа эсэхээр хэмжигдэнэ. Тэр тусмаа тээвэр логистикийн ажил нь техникийн ур чадвар шаарддаг, шинээр ажилд орсон хүн ажилдаа дадахад багагүй хугацаа ордог нь боловсон хүчнээ тогтвортой байлгах төрөл бүрийн хөшүүргүүд хэрэгжүүлэхэд хүргэдэг.
Монложистикс группд ажилтны санхүү, боловсрол, карьерыг дэмжих хэд хэдэн арга бий. Тухайлбал, урамшууллын тогтолцоог боловсронгуй болгох үүднээс хоёр томоохон хөтөлбөр хэрэгжүүлж байна. Эхнийх нь KESO (Key employee stock option) нэртэй хөтөлбөр. Энэ нь дээд түвшний менежерүүд болон түлхүүр үүрэг гүйцэтгэдэг ажилтнуудад компанийн опционоос тодорхой үнэ болон тоо хэмжээгээр авах эрх олгосон гэрээ гэж ойлгож болно. Хоёр дахь хөтөлбөр ёсоор компани нийт ажилтнууддаа хувьцаа эзэмших эрх олгож, хуримтлалын сан үүсгэж байна. Тухайлбал, нэг хүн 10 жил ажиллаад явахад ойролцоогоор 300-400 сая төгрөгийн хуримтлалтай болно гэх мэт.
Г.Хишигбат цалингийн тухайд залуучууддаа нэг зүйлийг байнга хэлдэг. Тодруулбал, олон газар ажиллаад богино хугацаанд цалингаа өсгөөд явж болох ч энэ нь тухайн хүнийг тогтворгүй, тууштай биш, эхлүүлснээ дуусгадаггүй гэсэн үнэлэмжтэй болгодог. Харин нэг газраа удаан ажиллах нь тухайн хүнийг маш өндөр үнэлэмжтэй болгохоос гадна цалин урамшуулал нь тодорхой хугацааны дараа огцом өсдөг.
Сургалт, хөгжлийн тал дээр ч бусад газарт үлгэр болохуйц цогц бодлоготой. Энэ бодлого нь чадварлаг боловсон хүчнийг эгнээндээ нэгтгэж (Attract), тэднийг хөгжүүлж (Develop), компанидаа хадгалахад (Retain) чиглэдэг. Тухайлбал, 2021 оноос эхлэн ЭЕШ-д 800 оноо авсан сурагчдад тэтгэлэг олгон компанийн дотоод үйл ажиллагаанд хамруулдаг болсноос гадна жил бүр Сингапурын үндэсний их сургуулийн “Манлайллын хөтөлбөрт” шилдэг гурван ажилтнаа сургадаг байна.
Холдингийн хүний нөөцийн бодлого хэрхэн хэрэгжиж буйн хамгийн тод жишээ нь Г.Хишигбат өөрөө юм. Тэр хувь хүний хөгжлөө дөрвөн сегментэд хуваадаг. Эхнийх нь ментал хөгжил буюу ном унших, шинэ мэдээлэл авах. Хоёр дахь сегментэд бие бялдрын хөгжил буюу нойр, бясалгал, эрүүл хооллох, дасгал хөдөлгөөн зэрэг хамаарна. Оюун санааны хөгжил гэдэг нь хүнд туслах, амьдралын эрхэм зорилгоо эргэцүүлэх, өөрийгөө ойлгох зэрэг юм. Эцэст нь тэр сэтгэл хөдлөлийн чадамжаа хөгжүүлэхийг зорьдог байна.
“Яагаад гэвэл ажилтан компанитайгаа хамт өсөж хөгжих ёстой” хэмээн тэр хариуллаа.