Монгол улс 1990-ээд оноос хойш зах зээлийн нийгэмд шилжиж, иргэн, аж ахуйн нэгж байгууллагууд хувийн өмч, хөрөнгөтэй болох боломжтой болсны дараа тэдгээр өмч, хөрөнгөө хамгаалуулах хэрэгцээ шаардлага гарч ирсэн. Аюулгүй байдлын үйлчилгээний сэдвээр “Аравт Секьюрити Сервис” ХХК -ийн ерөнхий захирал, жүдо, самбо бөхийн олон улсын хэмжээний мастер Б.Төрмөнхтэй ярилцлаа.
-Та өөрийгөө товчхон танилцуулахгүй юу?
-Намайг Бадрахын Төрмөнх гэдэг, 36 настай. 2000 оноос эхлэн Жү-до, Самбо бөхөөр хичээллэсэн. Боловсролын тухайд нийслэлийн 62 дугаар сургуулийг 2003 онд, Хүнсний технологийн коллежийг мах, сүүний технологичоор 2006 онд, Соёл-Эрдэм дээд сургуулийг аялал жуулчлалын менежер бакалавр 2012 онд, Удирдлагын академийг Бизнесийн удирдлагын магистар 2016 онд тус тус төгссөн.
-Хэдэн настайгаасаа ажил хийж, бизнесийн гараагаа эхэлсэн бэ? Яагаад Аюулгүй байдал, харуул хамгаалалтын салбарыг сонгож ажиллах болсон бэ?
– Бидний үеийн хүүхдүүд дийлэнх нь багаасаа ажил хөдөлмөр хийж зуны амралтаараа зүгээр амардаггүй хар, бор ажил, худалдаа наймаа хийх зэргээр мөнгө хуримтлуулж, өөрийн хэрэгцээ, сургалтын төлбөрөө олдог байсан. Энэ салбарыг сонгож ажилласан тухайд бол тухайн үед тамирчин байсан болохоор надад хамгийн ойр байсан нь харуул хамгаалалтын байгууллага байлаа. Анх 2008 онд “Бамбай секьюрити сервис” компанид сургалтын багшаар ажиллаж эхэлсэн бөгөөд 2010 оноос “Аравт секьюрити сервис” ХХК-ийг үүсгэн байгуулаад өнөөдрийг хүртэл тасралтгүй үйл ажиллагаа явуулж байна.
-15 жил энэ салбарт ажилласан туршлагатай хүний хувьд харуул хамгаалалтын салбарын үүх түүх, ажлын онцлог, мөн бэрхшээлтэй талын тухайд та юу хэлэх вэ?
-Монгол улс 1990-ээд оноос хойш зах зээлийн нийгэмд шилжиж, иргэн, аж ахуйн нэгж байгууллагууд хувийн өмч, хөрөнгөтэй болох боломжтой болсны дараа тэдгээр өмч, хөрөнгөө хамгаалуулах хэрэгцээ шаардлага гарч ирсэн. Анх 2000 оны нэгдүгээр сарын 20 ны өдөр Гэрээт харуул хамгаалалтын тухай хууль батлагдаж гэрээт харуул хамгаалалтын компаниуд байгуулагдаж эхэлсэн түүхтэй. 2023 оны байдлаар цагдаагийн байгууллагын мэдээлснээр Монгол улсад бүртгэлтэй 470 гаруй гэрээт харуул хамгаалалтын байгууллага байна. Энэ олон гэрээт харуул хамгаалалтын байгууллага бий болсноор гэмт хэргийн гаралт, тэр дундаа хулгай дээрмийн гэмт хэрэг эрс багасахад бодитоор нөлөөлж байна. Тухайн хамгаалж байгаа объектынхоо хүрээнд гэмт хэргээс урьдчилан сэргийлж таслан зогсоох, гаднын гэмт халдлагаас үйлчлүүлэгчийн эд хөрөнгийг хамгаалж, аюулгүй байдлыг нь хангаж, тодорхой хэмжээгээр хууль сахиулан ажиллаж буй учраас цагдаагийн байгууллагын туслах байгууллага ч гэж ойлгож болно.
Харуул хамгаалалтын үйлчилгээтэй холбоотой нийгэмд тогтсон ташаа ойлголтууд байдаг. Тухайлбал, нэг хэсэг нь манаач гэж хардаг, зарим залуус хамгаалагч хийж байгаа гэж хэлэхээсээ ичдэг ч тохиолдол бий. Үүний шалтгаан нь Монгол улсад харуул хамгаалалтын үйлчилгээ хөгжөөд удаагүй байна, нөгөөтээгүүр хамгаалалтын албадын дунд энэ мэргэжлийн нэр хүндийг унагаадаг чанаргүй байгууллагууд байдагтай ч холбоотой байх. Уг нь бол аюулгүй байдал, харуул хамгаалалтын ажил маш үнэ цэнтэй. Аюулгүй байдал хамгаалалтын үйлчилгээг, тэр дундаа биечилсэн хамгаалалтын үйлчилгээг хэн дуртай нь авч чадахгүй. Хийж бүтээсэн зүйлтэй, өөрийн гэсэн эд хөрөнгөтэй иргэн, аж ахуйн нэгж байгууллагууд, баялаг бүтээгчид энэ үйлчилгээг авдаг.
-Танай байгууллагад хэчнээн хүн ажилладаг вэ?
Бид тоо гэхээсээ илүү чанарыг эрхэмлэн ажиллахыг урьтал болгодог. Манай компани энэ салбартаа харьцангуй залуу баг бүрэлдэхүүнтэй. Түүнчлэн цагдаа, арми, хүчний байгууллагад ажиллаж байсан туршлагатай хүмүүсээр багаа бүрдүүлсэн.
Бид энэ оны байдлаар 168 хүний бүрэлдэхүүнтэй ажиллаж байна. Улирлын чанартай ажилладаг үйлчлүүлэгчдийн тооноос хамаарч ажиллах хүчний тоо хэлбэлздэг.
-Монголд аюулгүй байдал, харуул хамгаалалтын ажлын чанар ямар байна вэ?
-Цагдаагийн ерөнхий газраас аюулгүй байдал, харуул хамгаалалтын байгууллагуудын үйл ажиллагаанд хяналт тавьж ажилладаг. Саяхнаас энэ салбарын холбоод нэгэн дээвэр доор нэгдэж Монголын аюулгүй байдал, харуул хамгаалалтын холбоо гэсэн нэртэйгээр байгуулагдаад үйл ажиллагаагаа явуулж байна. Тус холбоонд “Аравт секьюрити сервис” ХХК нь Удирдах зөвлөлийн гишүүнээр сонгогдож Стратеги, менежментийн хорооны бодлого дээр ажиллаж байна. Төрийн байгууллага, мэргэжлийн холбоо, их дээд сургууль, эрдэмтэн судлаачид, бизнес эрхлэгчид нэгдэж байж салбарын хөгжил, чанарыг тодорхойлох байх. Манай компани зөвхөн өөрийн үйлчилгээний чанарыг сайжруулахаас илүү салбарын бодлого, хөгжилд манлайлж, түүчээлэн оролцохыг эрмэлздэг.
Дашрамд хэлэхэд, 2021 оны зургаадугаар сарын 30-ны өдөр Стандарт, хэмжил зүйн газрын даргын С/27 дугаар тушаалаар “Хэрэглэгчдэд зориулсан үйлчилгээ, Аюулгүй байдал, хамгаалалтын ажил үйлчилгээнд тавих ерөнхий шаардлага” MNS 6908:2021 стандарт батлагдсан.
-Танай байгууллагын алсын хараа юу вэ, ямар зарчим баримталж ажилладаг вэ?
-Бид аюулгүй байдал, харуул хамгаалалтын салбарын үйлчилгээг олон улсад өрсөлдөх чадвартай болгох зорилготой. Энэ чиглэлээр мэргэшсэн залуучуудыг олон улсад ажиллуулах нөхцөлийг бүрдүүлэхийн төлөө ажиллаж байна. Манай улсын цэрэг, цагдаа, армийнхан олон улсад тэсвэр тэвчээр, ур ухаан чадвараараа гайхагддаг шүү дээ.
Олон улсын түвшиндээ бол АНУ-д Аюулгүй байдал, харуул хамгаалалтын үйлчилгээ хамгийн сайн хөгжсөн, Азидаа бол Япон улс энэ чиглэлд тэргүүлдэг. Энэ мэтээр хөгжингүй орнууд дэлхийд франчайз хэлбэрээр харуул хамгаалалтын үйлчилгээ үзүүлж байна. Бид яг л тэр жишгээр ажиллахын тулд алсын хараагаа тодорхойлсон.
-Дотоодын зах зээлд хэчнээн гол тоглогч байгууллагууд байна? Танай компани зах зээлдээ ямар байр суурь эзэлдэг вэ?
-Энэ салбарт олон жил ажиллаж байгаа ууган байгууллагууд бий. Бид аюулгүй байдал,харуул хамгаалалтын салбартаа манлайлж ажиллахыг хичээж байна. Энэ зах зээлд эзлэх байр суурийн хувьд ашиг орлого, нийгэмд эзлэх байр суурь, өнгө төрх, үйлчилгээний чанар гээд олон зүйлээс хамаарах байх. Бидний хувьд салбарынхаа бусад байгууллагатайгаа өрсөлдөх гэхээсээ илүүтэйгээр хамтарч ажиллах, салбарын нийгэмд эзлэх байр суурь үнэ цэнийг нэмэгдүүлж, хөгжлийн дараагийн түвшинд гаргах хүсэлтэй байна. Энэ салбарт чадвартай хүмүүс ажиллах ёстой. Бид их дээд сургуулиудтай хамтарч ажиллах хүчийг бодлогоор бэлдэхэд анхаарах хэрэгтэй.
-Урт хугацаанд хамтарч ажиллаж байгаа зарим харилцагчаа дурдаж болох уу?
-Уул уурхай, барилга бүтээн байгуулалт, үйлдвэр, худалдаа үйлчилгээ гээд бүхий л салбарын байгууллагуудад аюулгүй байдал, хамгаалалтын үйлчилгээ үзүүлж байна. Байгууллагын нууцтай холбоотой асуудал байдаг учраас үйлчлүүлэгчдийн мэдээллийг тэдний зөвшөөрөлгүйгээр хэвлэл мэдээллийн байгууллагад өгөх боломжгүй байна.
-Танай үйлчилгээний гол онцлог, бусдаас ялгарах давуу тал юу вэ?
-Бид олон жилийн туршлага, брэнд болсон нэр хүнд, технологийн шийдлүүд, чанартай үйлчилгээгээр өөрсдийн үнэ цэнийг бүтээдэг. Монгол улсад хувийн хамгаалалтын чиглэлээр буюу бие хамгаалагчийн үйлчилгээ үзүүлдэг цөөхөн тооны байгууллага байдгийн нэг нь манайх юм. Энэ үйлчилгээг тансаг зэрэглэлийн авто машин түрээсийн үйлчилгээтэй хослуулан зах зээлд нэвтрүүлээд ажиллаж байна.
Бид үйлчилгээний онцлог, бусдаас ялгарах давуу талыг дараах байдлаар тодорхойлж болох юм.
- Чанарын бодлого ба ISO9001:2015 Олон улсын чанарын удирдлагын стандарт нэвтрүүлсэн.
- Эрсдэлийн баталгаажуулалт буюу байгууллага, мэргэжлийн хариуцлагын даатгалтай.
- Стандартчилагдсан үйлчилгээний горим ба эрсдэлд суурилсан аюулгүй байдлын үйлчилгээтэй. /Объектын эд хөрөнгө дээр эрсдэлийн үнэлгээ гүйцэтгэдэг. Тухайн эрсдэлийн үнэлгээ дээр үндэслэн хэрэгжүүлэх ажлын төлөвлөөг гаргадаг/
- Үйлчлүүлэгч талыг тухай бүр мэдээ, мэдээллээр хангах систем ба программын хөгжүүлэлт хийгдэж байна.
- Дэвшилтэт техник, технологийн шийдлийг тогтмол судалж үйлчлүүлэгч талд санал болгодог. Хамтран нэвтрүүлж ажилладаг.
- Боловсон хүчин бэлтгэх бааз суурь, сургалтын хөтөлбөр, сургагч багш нартай.
- Бие даасан алба нэгжийн тогтолцоо буюу тогтмол хөгжүүлэлт, сайжруулалт хийж гүйцэтгэх менежментийн баг бүрэлдэхүүнтэй.
–Салбарын болон танай байгууллагад мөрдөгддөг гол зарчмууд юу вэ?
-Аюулгүй байдал, харуул хамгаалалтын байгууллага нь хагас цэргийн зохион байгуулалтад суурилсан үйлчилгээний байгууллага юм. Манай байгууллагад ёс зүйн дүрэм гэж бий. Бид үйлчлүүлэгчийн эд хөрөнгө үнэт зүйлсийг хамгаалдаг учраас үргэлж ёс зүйтэй байж, өөриймсөг үзлээр хандахыг чухалчилдаг. Бидний өдөр тутмын үйл ажиллагаа дүрэм, журам, стандарт, горим, процессын дагуу явагддаг.
Бидний хувьд салбарынхаа бусад байгууллагатайгаа өрсөлдөх гэхээсээ илүүтэйгээр хамтарч ажиллах, салбарын нийгэмд эзлэх байр суурь, үнэ цэнийг нэмэгдүүлж, хөгжлийн дараагийн түвшинд гаргахыг зорьдог.
-Танай байгууллага хүний нөөцөө ямар байдлаар хөгжүүлж, тогтвортой байдлыг хэрхэн хангаж байна вэ?
-Зөвхөн манай салбар гэлтгүй бүхий л салбарт ажиллах хүчний хомсдол асуудал болж байгаа байх. Манай байгууллагын хувьд ажилтнуудынхаа дунд төрөл бүрийн тэмцээн уралдаан зохион байгуулж, сурч хөгжих, ахиж дэвших боломжийг эрх тэгш олгодог. Дунд шатны удирдлагуудыг сонгохдоо гаднаас биш дотроосоо карьер төлөвлөлтийг хийхийг урьтал болгодог. Манайх хагас цэргийн зохион байгуулалттай ажилладаг учраас дэд хамгаалагч, хамгаалагч, ахлах хамгаалагч, тэргүүн хамгаалагч гэсэн цолтой бөгөөд үндсэн цалин дээр цолны нэмэгдэл, удаан жилийн нэмэгдэл гэх мэтчилэн шагнал урамшууллыг олгодог.
-Техник технологийг энэ салбарт яаж ашиглавал зохимжтой вэ, танайх ямар хэрэгслүүдийг ихэвчлэн хэрэглэдэг вэ?
-Хүний оролцоотой ажлыг аль болох багасгаж, технологийн шийдлүүдийг нэвтрүүлэх хандлагатай болж байна. Манай байгууллагын хувьд өндөр хөгжилтэй орнуудын аюулгүй байдал, хамгаалалтын байгууллагуудын сүүлийн үед хэрэглэж байгаа дохиолол, камер, төрөл бүрийн хяналтын систем, техник технологийг нэвтрүүлэхийг зорьж ажилладаг. Үйлчлүүлэгчийг цаг тухайд нь мэдээллээр хангаж, ажлаа хялбаршуулахын тулд программ хангамж хөгжүүлж байна.
-Салбарын хууль батлагдаад 23 жил болжээ. Таны бодлоор одоо юуг нь шинэчлээсэй гэж боддог вэ?
-Энэ салбарт 11 000 гаруй хүн ажиллаж байна. Аюулгүй байдал, харуул хамгаалалтын байгууллагууд гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох үйлсэд бодитой хувь нэмэр оруулж аюулгүй нийгмийг бүтээлцэж байна. Ийм учраас энэ салбарыг төрөөс дэмжиж ажиллахыг хүсдэг.
Энэ салбарт ажиллаж байгаа байгууллага, ажилчдын эрх ашиг хөндөгддөг асуудлууд бас бий. Хууль эрх зүйн орчныг сайжруулах шаардлагатай. Энэ салбарт ажиллах боловсон хүчин, сургалт, хяналт гээд анхаарах, сайжруулах зүйлс олон байна. Төрийн байгууллагаас зохион байгуулдаг сургалт нь хүрэлцээ муу, сургалтын хөтөлбөр, чанарын хувьд төдийлөн оновчтой, сайн биш учраас яг аюулгүй байдал, хамгаалалтын ажилтан бэлтгэх сургалтыг мэргэжлийн холбоонд нь даатгаад харин төр хяналтаа сайн тавиад ажиллавал зүгээр санагддаг. Төрийн эрх бүхий байгууллага энэ салбарт ажиллаж байгаа чанаргүй, татвараас зайлсхийдэг байгууллагуудын үйл ажиллагаанд тавих хяналтаа сайжруулж, харин хуулийн дагуу ажиллаж хариуцлагатайгаар татвараа төлдөг байгууллагуудаа дэмжиж, хамтран ажиллаасай гэж боддог.
PAGE ХАЯГ : https://www.facebook.com/tusgaiaravt YOUTUBE ХАЯГ: https://www.youtube.com/watch? v=DAnoPZE26Qw Утас: 7677-1010, 9699-1010 Мэйл: marketing@aravtgroup.mn