Хайрт ээжийнхээ дурсгалд зориулсан хайлаас модны түүх
Н.Оюунчимэгийн гэр бүлээс ээждээ зориулж тарьсан хайлаас мод энэ жил гурван нас хүрчээ. Анх тарих үед 50 см өндөртэй суулгац байсан бол өнөөдөр “хөөрхөн” өндөр болчихсон байгааг нь Treelings аппликейшнээс хараад тэр баярлаж сууна. Бас болоогүй “С 85” дугаартай бяцхан суулгац нь өөрийнхөө хэмжээнд 130 кг нүүрсхүчлийн хийг шингээсэн байх юм. Ээждээ зориулж суулгасан мод нь удахгүй гараас гарч, хэр баргийн салхи шуурганд ажрахгүй том мод болоод эх дэлхийг “анагаах” их үйлсэд хувь нэмрээ оруулж эхэлнэ гэж бодохоор нэн таатай.
Central park 11 давхар
Монголчууд бид нэг мод тарьвал нэг насны буян хэмээн жил бүрийн хаврын энэ л өдрүүдэд өөртөө буян санаж мод тарьдаг “мода” дэлгэрсэн. Гэвч ирэх намар гэхэд хаана, хэдэн мод тарьсан, өнөөх мод нь ургасан эсэхийг мартчихдаг гэмтэй. Тэгэхээр мод тарина гэдэг бултаараа нэг өдөр бужигнаад дуусдаг ажил биш аж.
Эл чиглэлээр буюу мод тарьж, ургуулахад технологийн цоо шинэ шийдлийг хөгжүүлэн хэрэглээнд нэвтрүүлсэн Treelings төслийг бид энэ удаа онцоллоо. Ингээд блокчэйн эко парк гэгдэх Treelings -ийн бүтээгдэхүүн хөгжүүлэлтийн менежер Б.Цолмонтой уулзсан юм. Тэрбээр Япон улсад бизнесийн удирдлагаар бакалавр, Өмнөд Солонгос улсад магистрын зэрэг хамгаалжээ. Ажлын гараагаа банкны салбараас эхэлсэн ч нэг л мэдэхэд IT салбарт хөрвөж ажиллах болсон байна. Тэр дундаа Монголд төдийлөн сайн хөгжөөгүй аппликейшн, вэбсайт гэх зэрэг технологийн бүтээгдэхүүнийг хариуцан ажиллах болсон юм.
Б.Цолмон арлын Японд технологийн хүчээр нийгмийн олон асуудлыг шийдвэрлэж байгааг нүдээр үзэж, гар бие оролцож явсны хувьд эх орондоо, энэ салбарт ажиллахаар эргэлт буцалтгүй шийдсэн гэдэг. Монголдоо хүнд хэрэгтэй технологийн шийдэл хийх юм сан гэж бодож явсан тэрбээр “Мизорн технологи” компанийн захирал Б.Манлайтай танилцаж, ажлын санал хүлээн авснаар Treelings аппликейшныг хөгжүүлэх ажилд ханцуй шамлан орсон түүхтэй.
Treelings ургуулж, үлдээе
“Дэлхийн дулаарал, уур амьсгалын өөрчлөлт, агаарын бохирдол, усны хомсдол, цөлжилт гээд олон асуудал хүн төрөлхтний санааг зовоох болсон. Мод бол энэ бүх асуудлыг, байгаль дэлхийг өөрөөр нь анагаах хамгийн төгс шийдэл юм. Үүнийг хүн бүр ухамсарлаж, мод тарьдаг. Хүмүүсийн цаг зав, сэтгэл зүтгэл, хөлс хөдөлмөрөө зориулж тарьсан нэг ч гэсэн модыг ургуулж үлдээе гэж бид зорьсон. Гэхдээ бид өөрсдөө мод тарихгүй. Харин мод тарих туршлагатай томоохон төслүүдтэй хамтран ажиллаж, модны ургалтыг найдвартай хянадаг байх технологийн шийдлийг нэвтрүүлээд байна. Бид хиймэл дагуулын зураг ашиглан хиймэл оюуны тусламжтай моддыг таньж, тоолох ажлаас эхэлсэн.
Өнгөрсөн жилийн долдугаар сард манай аппликейшны анхны хувилбар гарсан бөгөөд одоогийн байдлаар бид 10 мянган мод тоолоод байна.
Үүний дараа тоолсон моднуудаа хэний тарьсан, ямар мод, хаана ургаж байна гэх мэт мэдээллээр баяжуулж, блокчэйн технологи ашиглан бүртгэсэн. Ингээд тоолж, бүртгэсэн моддын ургалтыг хянахад дрон буюу зайнаас тандан судлах шинжлэх ухааны арга ашиглаж, хавар, намартаа тухайн модны зургийг авч ургалтыг өмнөх жилийнхтэй нь харьцуулах юм. Ингэж бид мод нэг бүрийн өсөлтийг хянах боломжтой болсон” гэж Б.Цолмон ярьлаа.
Тогтвортой хөгжил – Бидний үнэ цэн
НҮБ -ын тогтвортой хөгжлийн 17 зорилтыг мэдэхгүй хүн гэж үгүй.
Дэлхий нийтээрээ тогтвортой, урт удаан, эрүүл, байгаль орчинд ээлтэй байдлыг эрхэмлэх боллоо. Энэ ч утгаараа том ч бай, жижиг ч бай компани бүрээс олон нийт ESG буюу тогтвортой хөгжлийн тайланг шаарддаг жишиг тогтсон.
Тогтвортой хөгжлийн тайлан гэдэг бол товчхондоо, тухайн компани байгаль орчиндоо, нийгэмдээ хэр ээлтэйгээр ашиг олж байгаа вэ гэдгийг харуулдаг гэхэд болно. Тэр бүү хэл, хөрөнгө оруулагчид, худалдан авагчид цаашлаад тухайн компанийн ажилтан, албан хаагчид хүртэл компанидаа хөрөнгө оруулах, худалдан авалт хийх, хамтрах эсэхээ тогтвортой хөгжлийн бодлого, тайлангаас хамаарч шийдвэрлэх болжээ. Үнэхээр ч дэлхий нийт хүссэн хүсээгүй ногоон хөгжил рүү хараагаа чилээх болсон юм.
Манай улсад үйл ажиллагаа явуулж буй “Оюу толгой”, “Тавантолгой”, MCS зэрэг томоохон компани бүгд дэлхийн жишигтэй хөл нийлүүлж, дотооддоо ESG -ийн нэгж хэлтэстэй, тогтвортой байдлын бодлого боловсруулдаг, тайланг нь бэлддэг мэргэжилтнүүдтэйгээр үйл ажиллагаа явуулдаг. Тэдгээр хүмүүс компанийнхаа үнэ цэн, эрхэм зорилго, алсын хараатай уялдуулан бодлого, төлөвлөгөөгөө боловсруулж, хэрэгжүүлэх арга зам, хэрэгслүүдтэй байдаг аж. Энэ талаар Б.Цолмон ярихдаа, “Манай улсад үйл ажиллагаа явуулж буй жижиг, дунд байгууллагууд эхнээсээ л энэ чиглэлээр анхаарч, зөв төлөвлөн өөрсдийн гэсэн тогтвортой байдлын бодлоготой, ESG -ийн хүрээнд хийж, хэрэгжүүлэх ажилтай байх хэрэгтэй. Ер нь тогтвортой байдлын тайлантай бол санхүүгийн болон шинэ хэрэглэгчийн тухайд олон боломж бий болдог.
Яг энэ чиглэлээр Treelings төслийн баг маань компаниудтай хамтран ажиллах бүрэн боломжтой. Албан байгууллагууд тарьсан модоо манайхаар хянуулбал хүлэмжийн хийтэй холбоотой бүх стандарт, тоо баримт, тогтвортой хөгжлийн тайлан мэдээллийг бид боловсруулж өгөх давуу талтай” гэв.
Мод бүрийг эхийн сэтгэлээр арчилж ургуулна
“Treelings бол ерөөсөө л хяналтын систем. Мод бүрийг хариуцлагатайгаар ургуулж чаддаг төслүүдтэй хамтарч ажиллах нь бидний нэг давуу тал. Жишээлбэл, “Байгальд хайртай хүн бай” уриатай “Шамбала 2056” төсөл Дорноговьд хэрэгжиж эхлээд багагүй хугацаа өнгөрөөд байна. Эндхийн 24 цагийн харуул хамгаалалт, таван жилийн усалгаа, арчилгааг байнгын ажилтнууд нь хариуцан ажилладаг. Уг төслийн залуус мод нэг бүрийг байгалийн жамаараа ургаж чаддаг болох хүртэл нь эхийн сэтгэлээр арчилж байна гэсэн үг. Тэгэхээр бид эхний ээлжинд “Шамбала 2056” төслийн 3000 модыг бүртгэж, баталгаажуулж, хяналтдаа авсан. Яг л энэ зарчмаар бид ажиллах юм.
Дараагийн хэрэгжүүлэх “Орших хүрээлэн” төслийг TJN Forestry компанитай хамтран Налайх дүүргийн гуравдугаар хорооны нутаг дэвсгэрт ажил хэрэг болгохоор бид ажиллаж байна. Нийслэлтэй ойр байршилд хэрэгжих тул уг төслийн хүрээнд бид технологийн олон сонирхолтой туршилт, шинэчлэлийг хийхээр төлөвлөөд байна.
“Орших хүрээлэн” агропаркт нэрийн модоо тариулах хүмүүс Treelings аппликейшнээ татаж, улмаар гэр бүл, хамт олноороо төгөл тариулах боломжтой. Мод нэг бүрийн үнэд 3-5 жилийн арчилгаа, ургалтын баталгаа болон блокчэйн модны бүртгэл, цахим гэрчилгээ, ургалтын хяналтын зургийг жилд хоёр удаа авах зэрэг олон ажил багтаж байгаа.
Цаашлаад хүмүүс гэр бүл, хамт олноороо амралтын өдөр агаар салхинд гарахдаа өөрсдийн суулгасан модыг харж, үр хүүхэддээ модны ашиг тусын талаар ярьж өгдөг байгаасай гэж хүсэж байна” хэмээн Treelings төслийн менежер Б.Цолмон хэлж байна.