Урин дулаан цаг айлчлан ирж амралтын өдрөөрөө дуу чимээ багатай, байгалийн сайханд гэр бүл, найз нөхдөөрөө амрахыг хэн хүнгүй хүсдэг билээ. Тэгвэл бид хотоос 23км-ийн зайд буюу нийслэлийн Хан-Уул дүүргийн 12-р хорооны нутаг дэвсгэр Биокомбинат, Сонгинохайрхан уулын өвөр бэлд байрладаг “Монголика” зочид буудал, ресортыг онцолж байна. Байгалийн сайханд амарч, сургалт семинар цаашлаад мөрөөдлийн хуримаа хийх боломжтой, ая тухтай энэ газрын захирал Ц.Алтангэрэлтэй ярилцлаа.
-“Монголика” зочид буудал, ресорт үйл ажиллагаагаа явуулаад 14 гаруй жил болжээ. Анх зочид буудлаа хэрхэн нээж байсан бэ?
-“Монголика ресорт” зочид буудлыг анх 2009 онд нээж байлаа. Манай амралтын газар Хан-Уул дүүргийн 12-р хороо Биокомбинат буюу хүмүүсийн сайн мэддэг Сонгино амралтын хойхно талд Сонгинохайрхан уулынхаа өвөр бэлд байрладаг. Манайх зочид буудал, зоогийн газар, хурлын заал болон амралтын хэсгүүдээс бүрддэг. Тухайлбал, нэг давхартаа 150 хүний багтаамжтай ресторан, хоёр давхартаа 10-120 хүн хүлээж авах хүчин чадалтай гурван танхимтай, цаашлаад гурав дөрвөн давхартаа зочид буудал харин B1 давхартаа эрэгтэй, эмэгтэй саун бассейнтэй. Мөн гаднаа сагсан бөмбөг, волейболын талбай болон хүүхдийн тоглоомын талбайтай.
– “Монголика” зочид буудал хотоос холгүйхэн 23км-ийн зайд байгалийн сайханд байрладаг юм байна. Хотоос холгүйхэн гэдэг нь хамгийн том давуу тал болов уу?
-Тэгэлгүй яахав. Хамгийн том давуу тал нь хотоос холгүйхэн 23км яваад л хүрдэгт байгаа юм. Улаанбаатар хотын ихэнх хүмүүс аялал амралтаар голдуу Тэрэлжийг зорьдог, ингэхдээ их ч хугацаа зарцуулдаг. Харин манайх байгалийн сайханд нам гүм орчинтой учраас мэддэг хүмүүс нь байнга ирж үйлчлүүлдэг. Мөн манай оронд айлчлан ирж буй гадаадын аялагч, жуулчид манай ресортыг их сонирхон ирж үйлчлүүлдэг. Энэ нь Улаанбаатар хотын түгжрэл болон шинэ нисэх буудалтай ойр байрладагтай холбоотой болов уу. Тухайлбал жуулчдын тухайн өдрийн хөтөлбөр нь цагийн дагуу нарийн төлөвлөгдсөн байдаг бөгөөд замын түгжрэлд ихэнх цагийг өнгөрөөхөөс төвөгшөөн манайхыг зорьж ирдэг.
Түүнчлэн дээр дурдсанчлан манай ресорт нь 10-120 хүртэлх хүний багтаамжтай гурван хурлын танхимтай тул хурал семинарын захиалга ихтэй байдаг. Бид Монгол Улсын Засгийн газар түүний харьяа агентлагууд, Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж буй олон улсын байгууллагууд, Элчин сайдын яамд, Дэлхийн банк, Азийн хөгжлийн банк, НҮБ болон Фрейдрих Эбертийн сан, Конрад Аденуарын сан зэрэг олон байгуулагуудтай хамтран ажилладаг.
-Зочид буудал болон танхимдаа нийт хэчнээн үйлчлүүлэгч хүлээн авах хүчин чадалтай вэ?
-Манайх нийт 25 зочид буудлын өрөөтэйгээс гадна зочид буудлынхаа баруун талд дөрвөн модон хаусыг шинээр бариад байна. Модон хаусууд маань дотроо бие даасан цахилгаан халаалт, ариун цэврийн өрөө, мини гал тогоо, хоёр унтлагын өрөөтэй. Мөн ресторандаа 150 хүний хүлээн авалт зохион байгуулах боломжтой. Харин гадна хуримын асар маань 450 хүний багтаамжтай.
“Монголика” зочид буудал нь хотоос холгүй, 23 км-ийн зайд байрладаг бөгөөд гадна асартаа 450 гаруй хүн хүлээн авах хүчин чадалтай.
-Гадаадын жуулчдад “Монголика” амралтын газрын яг аль хэсэг нь илүү таалагддаг бол?
-Бид сүүлд нэмээд модон хауснууд шинээр барьсан гэж түрүүн дурдсан. Эдгээр модон байшингуудад жуулчид нэлээд дуртай шүү. Учир нь модон хауснууд яг амьд байгаль модон дунд байрладаг, байшингийн материал цэвэр эко мод болохоор хүмүүс их дуртай. Нэг өглөө модон хаусанд хоносон жуулчин ирээд “Ийм сайхан байгальтай газар амьдралдаа үзээгүй. Өглөө сэрэхэд байшингийн урд зэрлэг байгалийн шувууд янз бүрээр жиргэн нисэлдэж байсан. Энэ үнэхээр гайхалтай байлаа” гэж хэлж байсан. Энэ нь бидэнд энгийн мэт санагддаг зүйлс хэдий ч, жуулчдад маш өвөрмөц санагдсан байна шүү дээ.
-Зочид буудлын баруун талд байгаа хуримын асар шууд л нүдэнд туслаа. Өнгөрсөн хугацаанд энд хэчнээн хосууд хуримаа хийсэн бол?
-Энэ хуримын асрыг бид 2019 онд барьсан бөгөөд асраа битүү хийх үү, онгорхой хийх үү гэж их бодсон л доо. Тэгтэл хүмүүс зуны цагт байгаль харагдаж байхаар нээлттэй, гэхдээ тодорхой хэмжээнд бороо ус, нарнаас хамгаалсан тийм асрыг хүсэж байсан. Тийм учраас бид асраа нээлттэй байдлаар шийдэж тохижуулсан хэрэг. Бид 2019 оноос хойш ковидын үеийн сул зогсолтыг оруулахгүйгээр 100 орчим хосын хурим найрыг орчин үеийн тренд болоод байгаа задгай асарт хийж өгөөд байна.
-“Монголика” ресортын хуримын асар бусад газруудаас юугаараа ялгаатай вэ?
-Сүүлийн үед хосууд байгалийн сайханд хуримаа хийх чиг хандлагатай болжээ. Энэ нь Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулдаг газрууд ихэвчлэн танхимаар үйлчилгээ үзүүлдэгтэй холбоотой болов уу. Тэдгээр газрууд үйл ажиллагаагаа тодорхой цагт эхлээд тодорхой цагт дуусгадаг. Мөн угталт, үдэлтийн үйлчилгээг өвөрмөц байдлаар хийх боломж нь хязгаарлагдмал. Харин манайх хуримын үйлчилгээгээ тун өвөрмөц зохион байгуулалттай хийдэг. Тухайлбал, бид хүмүүсийг хурим эхлэхээс нэг цагийн өмнө ирэхийг хүсдэг. Манай ресорт гаднаа 100 машины зогсоолтой учраас хуримын зочид машинаа зогсоол дээр байрлуулан хуримын асар луу алхан орох үед бид угтах үйлчилгээгээр зочдыг угтдаг. Бидний зүгээс хосууддаа 2-3 төрлийн амтат коктейль болон 2-3 төрлийн finger food-ыг угтах үйлчилгээндээ санал болгодог. Байгалийн сайханд задгай агаарт хийж буй хуриманд уригдаж ирсэн зочид ирээд л тайвшралыг олдог. Цаашлаад усан оргилуураа тойруулж хуримлагч хосуудын зургийг тавьж өгдөг. Энэ хэсэг хугацаанд хуриманд уригдаж ирсэн зочид хоорондоо уулзалдан амар мэндээ мэдэлцэж, сонин сайхнаа ярилцах боломжийг олгож байгаа юм.
Хуримаа хийж байгаа хосуудад үнэ төлбөргүй зөвлөгөө өгч, цаашлаад хуримын бялуугаар урамшуулал олгож байна.
-Танайд хуримын баталгаагаа хийх боломжтой гэсэн үү?
-Тийм. Бид хосууддаа Улаанбаатар хотын гэрлэх ёслолын ордонд хийдэг тэр л ёслолыг манай ресортод хийх боломжийг санал болгодог. Манай зочид буудлын гурван давхрын террас дээр, эсвэл модон дотор гэрлэх ёслолд зориулж бэлдсэн талбайд баталгаагаа хийх боломжтой. Ер нь манайд хуримын баталгаагаа хийх нь олон давуу талуудтай. Нэгдүгээрт, та хуримын ордноос гараад Сүхбаатарын талбай, Зайсан толгой гэх мэт газруудаар явах үедээ замын түгжрэлд орлоо гэж яарч сандрах шаардлагагүй бөгөөд хуримлагч хосууд тухайн өдрөө бидний зүгээс бэлэг болгож буй зочид буудлынхаа өрөөнд тухлах боломжтой. Бид хуримаа хийж байгаа хосуудад ямар багц авснаас нь шалтгаалж зочид буудлын өрөөг үнэгүй бэлэглэдэг.
Хурим бол хүний амьдралд ганц л удаа тохиох хамгийн аз жаргалтай мөчүүдийн нэг бөгөөд энэ өдрөө сэтгэл зовнилгүй аз жаргалтай амар тайван хурим найраа хийж чадалгүй стрессдэж байсаар дуусгавал их харамсалтай. Ер нь ажиглаад байхад хуримын өдөр сүйт бүсгүй л хамгийн их стрессдэж бүх юманд санаа зовж байгаа харагддаг. Үс гэзгээ янзлах, нүүрээ будах, хувцсаа солих, зочдын ширээ хуваарилалт, тортны захиалга гэх мэт санаа зовоох асуудал мундахгүй их. Харин та манайхыг сонговол эдгээр олон асуудалд санаа зоволгүй хуримын иж бүрэн үйлчилгээг аван хурим найраа хамгийн сайхан хийх боломжтой юм. Бид үйлчилгээндээ хуримын баталгаа хийх ёслол, угтах үйлчилгээ, хуримын үндсэн үйл ажиллагаа үүний дараа хийгддэг after party зэрэг бүхий л үйлчилгээг санал болгодог. Манай хуримын багцад хуримын иж бүрэн чимэглэл, хөгжим техник аппарат болон лед дэлгэц зэрэг бүгд багтсан байдаг. Түүнчлэн бид хосууддаа хуримын зөвлөгөөг үнэ төлбөргүй өгч цаашлаад хуримын бялуунд мөнгөн дүнгээр урамшуулал олгодог. Сүйт бүсгүйчүүддээ бид цэнхэр, ягаан болон цагаан ногоон хосолсон гэсэн гурван өнгийн сонголтыг санал болгож байна.
Үйлчилгээний байгууллагад мэдрэмж болоод туршлага шаарддаг учраас хэн дуртай нь ажиллах нь зохимжгүй.
-“Монголика” зочид буудал хотын төвөөс тодорхой зайтай байрладаг. Энэ тохиолдолд мэргэжлийн хүний нөөцөө тогтвортой ажиллуулахад хэрхэн анхаардаг вэ?
-Хуучин Биокомбинатад хүн амын тоо харьцангуй бага байсан бол сүүлийн үед нэлээд нэмэгдэж байна. Гэхдээ үйлчилгээний байгууллагад хэн дуртай нь ажиллах боломжгүй. Энэ ажил хүнээс нэлээн мэдрэмж мөн тодорхой хэмжээний туршлагыг шаарддаг. Манайд зуны улиралд ажиллах хүч нэмэгддэг харин өвлийн цагаар ажиллах хүч хомсдолтой. Тийм учраас бид менежер түвшний хүмүүсээ тогтвортой ажиллуулахын тулд цалин болон бусад зүйлс дээр нь ихээхэн анхаардаг.
-Улаанбаатар болон хөдөө орон нутгийн зочид буудал, ресторан үйлчилгээний газрын хөгжлийг та юу гэж хардаг вэ?
-Зочлох үйлчилгээний салбар хөгжиж байна. Олон улсын сүлжээ зочид буудлууд ч орж ирсээр байна. Дотоодын буудал, ресторанууд маань ч дэлхийн хөгжлийг дагаад хөгжиж байна. Мөн зочлох үйлчилгээний салбарт сурч байгаа оюутнуудын тоо өсөж байгаа ч эргээд энэ чиглэлээрээ ажиллаж байгаа боловсон хүчин ховор болж.
-Аль улиралд хүмүүс илүү их үйлчлүүлж байна вэ?
-Хүмүүс Улаанбаатар хотын агаар болон дуу чимээний бохирдлоос дайжин үр хүүхдийнхээ эрүүл мэндийг бодож хүйтний улиралд манайхыг түлхүү зорьдог. Харин зуны улиралд гадаадаас жуулчид их ирдэг.