Зургадугаар сарын 27: Дэлхийн бичил, жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих өдөр. Дэлхийн экспортын чуулганы хоёр дахь өдөр төв талбайд 250 гаруй дотоодын үйлдвэрлэгчид оролцож байснаас гадна Бутан, Лаос, Камбож улс мөн асар зассан байлаа.
Ноолууран бүтээгдэхүүн экспортлоход өндөр татвар төлдөг гэв
Уул уурхайн бус бүтээгдэхүүн дотор томоохон байр суурь эзэлдэг, жилд 500 сая орчим долларын орлого олдог ноос ноолууран бүтээгдэхүүний 40 гаруй компани энд иржээ. Үндэсний ууган үйлдвэрүүдийн нэг, 1934 онд ноос нэхмэлийн үйлдвэр нэртэй үйл ажиллагаа эхлүүлсэн “Mongol textile” компани Итали, Франц руу бүтээгдэхүүнээ экспортолдог гэнэ. Асрын эзэн ноолууран бүтээгдэхүүнийг экспортлоход хамгийн гол хүндрэл бол татварын асуудал. Бид малчдын гараас түүхий эд аваад эцсийн бүтээгдэхүүн болох хүртэл маш их зам туулж, маш олон хүний гар оролцдог. Ажилчдын цалин хөлс, нийгмийн даатгалын шимтгэл дээр татвар нэмэгдэхээр бүтээгдэхүүн нилээн үнэтэй болдог гэв. Эднийх “Говь” зэрэг томоохон үйлдвэрүүдтэй харьцуулахад бүтээгдэхүүн харьцангуй хямд байдаг бөгөөд жижиг үйлдвэрүүдээс загвар дизайн, чанарын хувьд илүү сайн байдаг аж. Мөн удахгүй тэд Канадад дэлгүүр нээхээр зорьж байгаа юм байна.
Олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн лаборатори салбар бүрт шаардлагатай
Монголд төдийгүй, дэлхийд шинэлэг байдлаараа манлайлж буй хонины ноосон бордоо үйлдвэрлэгч “Монпеллетс” компани энд ирсэн байлаа. Тус компанийн гүйцэтгэх захирал Ш.Дэлгэрмаагаас экспортод тулгарч буй асуудлын талаар тодруулсан юм. Тэрбээр, “Маш олон асуудал бий. Салбар бүрт өөр өөр асуудал байна. Бидний хувьд гэвэл, нэгдүгээрт
лаборатори. Монгол Улсад өнөөдөр олон улсад итгэмжлэгдсэн олон улсын шаардлага хангасан хил гаалийн бүсээр нэвтрэхэд тухайн бүтээгдэхүүнийг бүрэн шинжилдэг олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн лаборатори байхгүй. Үүнээс болоод бид экспорт хийх тоолондоо лабораторийн шинжилгээний зардлын мөнгө, олон улсад бүтээгдэхүүнээ явуулахын тулд маш олон гэрчилгээжүүлэлт авах хэрэгтэй болдог. Бельги руу гарахын тулд бид 800 еврогийн шинжилгээ хийлгэж байна. Гэтэл хэрвээ Монгол Улс ийм лабораторитой болчихвол зөвхөн манайх биш маш олон байгууллагууд шинжлүүлнэ. Тэр хэмжээний мөнгө монголд үлдэх ёстой.
Хоёрт, тээвэр. Монгол улс өнөөдөр Хятад Орос хоёр улсын дунд байна. Орос дайнтай болохоор бид гарч чадахгүй болчихож байгаа юм. Хятад болохоор бордоо гаргадагггүй. Тэгэхээр энэ нь өөрөө манай бүтээгдэхүүний хувьд экспортыг хязгаарлаж байна. Бид 400 тоннын захиалга авчихаад 60-хан тонныг гаргаж байна.
Гуравдугаарт, Төрийн дэмжлэг. Бид өнөөдөр бүх юм аа өөрсдөөрөө хийж байна. “Тэрбум мод”, “Хүнсний хувьсгал” гэх мэт төрөөс бодлогоор хэрэгжүүлж буй бордоо хэрэглэх шаардлагатай олон хөтөлбөр үндэсний үндэсний үйлдвэрлэгчдээс бордоо авдаггүй. Оросоос химийн бордоо оруулж ирээд гурав, дөрөв нугалсан үнээр зарж байна. “Түмэн шувуут”, “Бона” гээд үндэсний үйлдвэрлэгчдээс бордоо авахад төр засаг анхаармаар санагддаг” гэлээ.
Махыг экспортлохын тулд махны салбарынхан хамтрах хэрэгтэй
Монгол Улс 70 сая малтай хэдий ч махаа экспортолж чаддаггүй. Тэгвэл энэ салбарын төлөөлөл И-Март сүлжээ дэлгүүрийн мах нийлүүлэгч, “Баяндэлгэр хүнс” компанийн захирал Баярболортой энэ талаар яриа өрнүүлсэн юм. Тэрбээр, “Мах экспортлоход тулгарч байгаа олон асуудал бий. Малын эрүүл мэндийн асуудлыг хүн бүхэн ярьдаг, улиг болчихсон. Малын эрүүл мэнд, махны чанарын асуудлыг шийдлээ гэхэд бас нэг асуудал бидэнд тулгарч байна. Бод малын хувьд хангалттай нөөц байна уу үгүй юу гэдэг нь асуудал юм. 2022 оны жилийн эцсийн тоогоор 5.5 сая үхэр тоологдсон байна. Тэгвэл таван сая үхэрний хэдэн хувь нь эдийн засгийн эргэлтэд орж чадах вэ. Монгол мал чанарын хувьд нэлээн муудсан байна. Тиймээс бизнесийнхэн үүнд хөрөнгө оруулалт хийж байна. Сайн үүлдрийн малыг авчирч, тэжээдэг. Малын тэжээл гээд их хөрөнгө зарцуулдаг боловч эргүүлээд үнэ хүргэж зарж чадахгүй байна. Гайгүй томоохон бизнесүүд махны зах зээл рүү хүчтэй, зоригтой орж ирмээр байна. Тэгж байж, хамтарч түншилж байж бид экспорт руу гарч чадна. Махны чанар дээр зэрэглэл тогтоож, үнэ тарифыг гаргах хэрэгтэй байна. “MCS” махны салбарт орсонд хувьдаа баяртай байгаа. Хэнтий аймагт нэлээн том дэд бүтцийн ажил хийсэн байна лээ. Монгол махыг экспортод гаргахын тулд бид хамтрах шаардлагатай байна” гэж ярьсан юм.
Экспортод гаргахад тээвэрлэлтийн зардал өндөр байна
“Oveda” гоо сайхны бүтээгдэхүүн үйлдвэрлэгч компанийн үүсгэн байгуулагч Л.Нямдолгор экспортод тулгарч буй гол асуудлыг тээвэрлэлт гэлээ. Бид “Экспортыг дэмжих хөтөлбөр”-т бүртгүүлсэн учраас талбайд ирсэн байгаа. Бид энэ чуулганд өндөр хүлээлттэй оролцож байна. Сонирхсон компаниудтай B2B уулзалтад оролцож, экспортлох боломж эрэлхийлж байна. Бид бага хэмжээгээр Европ руу экспортод гаргаад эхэлсэн. Европчууд маш их сонирхож, хүлээж авдаг. Яагаад гэвэл тэнд байхгүй орц найрлагатай бүтээгдэхүүн, боломжийн үнээр байдаг учраас гадныхан маш их сонирхдог. Монгол улс гоо сайхны болон ахуйн хэрэглээний бүтээгдэхүүний 90 хувийг импортоор оруулж ирдэг нэлээдгүй том зах зээл. Зайлшгүй хөгжих ёстой салбарын нэг гэж харж байгаа. Экспортод гаргахад тээвэрлэлтийн зардал маш өндөр байдаг гэлээ.
Арьсан эдлэлийн үйлдвэрүүд жилд миллиард доллар олох боломжтой
Арьс ширэн эдлэлийн салбарт 1989 оноос үйл ажиллагаа явуулж эхэлсэн “Only one” компанийн захирал Т.Энхтөр ингэж ярьлаа. “Экспортыг дэмжих чиглэлд хийе гэвэл аж үйлдвэрийн парк барихаас эхлээд маш их ажил байна. Гадаадын зах зээл дээр тогтвортой үйл ажиллагаа явуулья гэж байвал салбар бүрт “Экспортын нэг цонхны бодлого” гэдэг юм явуулах ёстой. Энэ салбарт үйлдвэр барих, бүтээгдэхүүн үйлдвэрлэх бол асуудал биш болсон. Мөн бид боловсруулах технологи дээр ISO:9001 стандартаа авсан байгаа. Тогтвортой үйл ажиллагаа явуулж буй 40 гаруй компани цаашид тогтвортой экспорт хийгээд явах боломжтой байна. Бидэнд түүхий эдийн нийлүүлэлт ямар ч асуудалгүй. Үйлдвэр барих ч асуудал биш. Гол нь үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүнээ борлуулна гэдэг нь л номер нэг асуудал болоод байна. Тэр бүтээгдэхүүнийг зах зээл дээр зөв үнийг нь тавьж борлуулна гэдэг нь л хамгийн том ухаан болчихоод байна. Тэгэхээр энэ дээр компаниуд үнэхээр сайн ажиллаж чадаж байгаа гэж хардаг. Арьс ширэн эдлэлийн салбарыг бүрэн хүчин чадлаар нь ажиллуулбал жилд миллиард долларын ашиг олох боломжтой. Энэ бололцооны салбар дээр хөрөнгө оруулалт хийхгүй, бодлого хэрэгжүүлэхгүй, хамтарч ажиллахгүй байвал бид энэ их боломжоо алдаад байна гэсэн үг. Төр засаг энэ салбарт анхаарал хандуулж нилээн дорвитой юм хийх ёстой гэсэн юм.