“Өсөлттэй бизнес” булангийн энэ удаагийн зочин Капитрон банкны Байгууллагын банкны газрын захирал Д.Зоригт банкныхаа тогтмол өсөлтийн нууцыг харилцагчдын итгэл, эрсдэл даах чадвар гэсэн хоёр агуулгаар тайлбарласан юм. Учир нь тэрбээр “Банк бол санхүүгийн зуучлал үзүүлдэг байгууллага. Тиймээс харилцагчийн итгэлийг баталгаажуулж, эрсдэл даах чадвараа нэмэгдүүлэх нь чухал” гэдгийг онцоллоо. Бусдын нүдэнд үл үзэгдэх ч бизнесийн амин чухал зарчим болсон итгэлцэл, харилцан ашиг, хамтын тус, холбоо хамаарлаар эрхэмлэгдэн хэмжигдэх түүний ажлын талаар хүүрнэсэн ярилцлагаа хүргэе.
-Капитрон банкны Байгууллагын банкны үйлчилгээний онцлог юу вэ гэдгээс ярилцлагаа эхэлье.
-Манай багийн хувьд бусдаас ийм зүйлээр давуу, тийм зүйлээр онцгой гэх зэргээр асуудалд ханддаггүй. Байгууллагын зах зээлд үзүүлж байгаа Монголын банкуудын бүтээгдэхүүн үйлчилгээнд онцын ялгаатай зүйл ховор. Иймд бид цөөн хэдэн зарчим барьж ажиллахыг хичээдэг.
Нэгдүгээрт, ёс зүйтэй, тууштай, мэргэжлийн байх Хоёрдугаарт, харилцан ашигтай, нээлттэй хамтын ажиллагааг эрхэмлэдэг. Харилцан ашигтай, харилцан эрсдэлээ бууруулсан, мэдээллийн урсгал болон ойлголт бүхий л төвшинд ижил байх нь чухал. Ингэж чадаагүй бол урт хугацаанд хамтран ажиллах тухай ойлголт төвөгтэй. Гуравдугаарт, хамтрагчдынхаа тус тусын онцлогийг ойлгож, тусгайлан зориулсан бүтээгдэхүүнийг санал болгодог. Банкны тогтсон бүтээгдэхүүн, үйлчилгээ харилцагчид санал болгох нь цаашид улам төвөгтэй болно. Харилцагч бүрийн зах зээлийн, компанийн нөөцийн, менежментийн онцлог болон шийдвэр гаргах урьдач нөхцөл харилцан адилгүй. Иймээс банк харилцагчаа таньж мэдэж байж зохих бүтээгдэхүүнийг санал болгох боломжтой.
Эрсдэлээ харилцагчтайгаа хамтран удирдахын төлөө бид хичээж ажилладаг.
Дөрөвдүгээрт, манай улсын бизнесийн орчин бизнес эрхлэгчдээс хурдтай шийдвэр гаргахыг өдөр тутамд шаардаж байдаг тул харилцагчтайгаа илүү нягт хамтарч ажиллах, мэдээллийн урсгалыг хурдтай байлгахыг зорьдог.
-Банкны салбарын томоохон зээлдэгч нь мэдээж аж ахуйн нэгж, байгууллага байдаг байх. Танай банкны томоохон харилцагчид ямар ямар чиглэлээр үйл ажиллагаа явуулж байна вэ?
-Манай банк уул уурхай, дэд бүтэц, гадаад худалдаа, эрүүл мэнд, хөдөө аж ахуй гэх зэрэг бүхий л салбарт харилцагчтай, 500 гаруй ажилтантай, 40 гаруй салбар нэгжээр дамжуулан үйлчилгээгээ үзүүлж байна. Манай банкны Эрcдэлийн удирдлага, Хөрөнгийн удирдлага зэрэг мэргэжлийн нэгжүүд харилцагч, хадгаламж эзэмшигч, олон улсын болон дотоодын мэргэжлийн сангуудын бидэнд итгэж байршуулсан мөнгөн хөрөнгийг зөв зохистой удирдах, эрсдэлгүй байлгах онцгой үүргээ чамбай гүйцэтгэдэг. Энгийнээр хэлбэл, бид нэг сагсанд бүх өндгөө хэзээ ч байршуулдаггүй.
-Капитрон банкны актив сүүлийн зургаан жилд найм дахин өсөхөд гол нөлөөлсөн үзүүлэлт нь ЖДҮ болон томоохон аж ахуйн нэгж байгууллагуудад зээлийн багцыг жигд олгох стратеги баримталсантай холбож ярьсан байна. Энэ талаар дэлгэрүүлэхгүй юу?
-Банк гэхээр зөвхөн зээл олгох тухай ойлголт биш юм. Банк бол санхүүгийн зуучлал үзүүлдэг байгууллага. Тийм учраас бид харилцагчдынхаа итгэлийг улам баталгаажуулах, эрсдэл даах чадвараа жил бүр нэмэгдүүлсээр ирсний дүнд манай банкны нэр хүнд зах зээлд аажим өсөж байгаагийн илрэл нь таны дурдсан активын өсөлтөөр гарч ирж байна.
Манай банк жил бүр санхүүгийн тайлангаа олон улсад нэр хүнд бүхий Ernst & Young компаниар аудит хийлгэж ирсэн. 2022 оны санхүүгийн тайландаа мөн л олон улсад нэр хүндтэй KPMG компаниар аудит хийлгэсэн. Олон улсын үнэлгээ тогтоодог томоохон хоёр компанийн нэг болох Moody’s агентлагаар тогтмол үнэлгээ хийлгүүлж байна. Ингэснээр манай банкны санхүүгийн тайланд харилцагчид маань эргэлзэх хэрэггүй болж байгаа юм.
Мөн мэдээллийн аюулгүй байдлын шилдэг ололтуудыг банкандаа нэвтрүүлж байна. 2023 онд банкны дижитал шилжилтийн хүрээнд шинэ бүтээгдэхүүн танилцууллаа гэх зэргээр манай банкны хамт олны уйгагүй хөдөлмөрийг харилцагчид маань мэдэрч, биднийг дэмжиж буйн илрэл юм.
Манай банк үндэсний хөрөнгө оруулалттай. Иймээс бид анхнаасаа баялаг бүтээхийг зорилго болгосон харилцагчдыг илүүтэй дэмжиж, хамтран хөдөлмөрлөж, хамтдаа амжилтаа ахиулсаар ирсэн. Үүний үр дүнд, олон үйлдвэр, төсөл амжилттай хэрэгжиж Монгол Улсын эдийн засагт үр өгөөж өгч байна. Бид цаашид дотоодын эдийн засагт эерэг нөлөө үзүүлэх ЖДҮ эрхлэгч, томоохон аж ахуйн нэгжүүдээ дэмжих үндсэн стратеги хэрэгжүүлсээр байх болно.
-Хариуцлагатай, ёс зүйтэй, санхүүгийн сахилга баттай зээлдэгчдийг яаж таньж мэдэх вэ?
-Санхүүгийн бүтээгдэхүүн биет бүтээгдэхүүнтэй адил шууд чанар нь танигдах боломжгүй. Дэлхий даяар л банкууд харилцагчаа таньж мэдэх, үнэлэх арга аргачлал хөгжүүлсээр ирсэн боловч төгс арга олоогүй байна. Иймд цаашид энэ чиглэлд илүү судалгаа шинжилгээ хийгдсээр байх нь гарцаагүй. Тиймээс банк бүр дэлхийн шилдэг туршлагаас судалсны үндсэн дээр өөрсдийн онцлогт тохирсон эрсдэлийг удирдах аргуудыг хэрэглэдэг. Капитрон банк ч энэ жишгээр өөрсдийн туршлага, бусад тэргүүлэх улс оронд нэвтэрч буй шинэлэг инновацыг соргогоор хүлээн авч өөртөө шингээх замаар урагшилж байна.
-Хариуцлагатай зээлдэгчдийг бэлтгэхийн тулд та бүхэн хэрхэн анхаарч байна вэ?
-Капитрон банкны хувьд тухайн харилцагчийн бизнесээ харж буй алсын хараа, зах зээлийн багтаамж, бизнестээ хандаж байгаа хөрөнгө оруулагч, удирдлагын багийн хандлага чухал байдаг. Тухайлбал, байгууллагын банкны газрын тухайд өөрсдийн туршлагадаа тулгуурлан харилцагчидтайгаа зөвшилцөж, харилцан суралцаж, хамтдаа хөгжихийг эрхэмлэдэг.
-Чанаргүй зээлийн хэмжээг бууруулах талаар авч хэрэгжүүлдэг үйл ажиллагааныхаа талаар хуваалцахгүй юу?
-Харилцагч маань эрсдэлд орно гэдэг банк эрсдэлд орж байна гэсэн үг. Иймд хүндрэлтэй нөхцөл байдалд орсон шалтгаанаа харилцагчидтайгаа хамтдаа тодорхойлохыг эрмэлздэг. Шалтгаанаа зөв тодорхойлбол хүндрэлийг хамтран давах аргыг олж, үүний тулд талуудаас гаргах хүчин чармайлтыг тодорхойлох боломжтой. Эрсдэлгүй зүйл хаана ч байхгүй. Биднээс үл хамаарах цар тахал, эдийн засгийн уналт гэх зэрэг орчны эрсдэл ч бий болдог. Бид зээлд бүтцийн өөрчлөлт хийх, хүүгийн хөнгөлөлт үзүүлэх зэрэг олон арга замаар харилцагчидтайгаа хүндрэлтэй нөхцөлүүдийг хамт даван туулсаар ирсэн. Мөн харилцагчтай эрсдэлээ хамтран удирдахын төлөө бид хичээж ажилладаг.
-Та компанидаа 10 гаруй жил ажиллажээ. Ажил болон компани тань ямар үнэ цэнийг өгсөн гэж та үздэг вэ?
-Миний хувьд салбарын эдийн засагч, салбарын захирал, Эрсдэлийн удирдлагын газрын захирлаар ажиллаж байгаад одоо Байгууллагын банкны газрын захирлын албыг хашиж байна. Хариуцаж байсан ажил бүр маань өөр өөрийн онцлог, суралцах зүйлтэй. Ажлын байр бий болгож, татвар хураамж төлж, эдийн засгийн өсөлтийн түлхүүр, Монгол Улсын хөгжлийн тулгуур болж байгаа олон аж ахуйн нэгжийн хэрэгжүүлж буй төсөл, санхүүжилтэд банкны хамт олонтойгоо хамтран оролцож байгаа нь миний ажлын хамгийн таатай хэсэг. Мөн нийгэмдээ оруулж буй хувь нэмэр гэж үздэг. Монгол орон даяар Капитрон банкны оролцсон бүтээн байгуулалт, бүтээгдэхүүн, үйлчилгээ байдаг. Тэр бүхнийг харж, хамт олноороо бахархаж, баярлаж явдаг.