Монгол гэр шинэ зуунтай алхаа нийлэхийн өмнө
Э.Батбаатар, Ж.Энхтүвшин нарын монгол гэрийн зах зээлд хөл тавьсан түүх тун сонирхолтой. Байшин үйлдвэрлэх комбинатын ээлжийн мастер Э.Батбаатар, тухайн үеийн Эх нялхасын эрдэм шинжилгээний төвийн сувилагч Ж.Энхтүвшин нар ерээд оны зах зээлийн шуурганаар хөдөөг зорьсон гэдэг. “Тэр үед ханьдаа маш их санаа зовж байсан. Миний хань чинь унаган хотын хүүхэд. Хөдөө хөхөрч, гадаа гандаж, мал маллаж чадах болов уу гэж дотроо эмээж байлаа. Бид хөдөө арван жил болоход миний хань нэг ч удаа ‘Хэцүү байна’, ‘Буцмаар байна’ гэж хэлж байгаагүй. Түүнд нь маш их баярладаг” гэж Э.Батбаатар ярьсан юм. Харин гэргий Ж.Энхтүвшин нь тэр үеийг дурсахдаа “Үнээ мал саах, хонь ноослох, ямаа самнах, эсгий хийх, дээвэр туурга оёж шидэх, гэрийн бүслүүр томох, ширдэг ширэх гээд бүх л ажил миний сонирхлыг их татаж байсан. Миний ертөнцийг үзэх үзэл хөдөө очоод их тэлсэн. Эрт цагийн өвөг дээдэс минь ямар ч тоног төхөөрөмжгүйгээр, цэвэр оюунаараа, гарын ур дүйгээрээ энэ бүхнийг байгальд ээлтэйгээр цогцлоож байсныг ойлгосон. Ингээд бодохоор монголчууд бид ямар инновацлаг ард түмэн юм бэ гэж гайхан биширч байлаа” хэмээв.
Цаг сайхан болж, хүүхдүүд нь ч сургууль соёлын мөр хөөх цаг ирэхэд Э.Батбаатарынх эргээд Улаанбаатарын айл болжээ. Тэгэхдээ өөрсдийн ахуй амьдралд ойр, хийж чаддаг зүйлээ бизнес болгохоор шийдэж, “Мон хатан” компаниа байгуулж, монгол гэр үйлдвэрлэж эхэлсэн байна. Эднийх 10 гаруй жил уламжлалт монгол гэр үйлдвэрлэж, “Дэлхийн зөн”, “Улаан загалмай” олон улсын байгууллагуудад нийлүүлж, Франц, Канад, Итали улсууд руу экспортолж иржээ. Гэсэн ч монгол гэрт төрж өссөн, монгол гэрт хайртай гэр бүлийн хоёрт нэг л зүйл болохгүй байх шиг санагдаж эхлэв. Өдрөөс өдөрт суурин соёл иргэншилд ууссаар буй нүүдэлчин Монголын үр сад монгол гэрээ ад шоо үзэх болсонд тэдний сэтгэл эмзэглэж байв. Үүний хажуугаар тусламжийн гэр, гэр хороолол, утааны эзэн гэх зэргээр цоллож, монгол гэр ядмаг амьдралтай хүмүүсийн сууц, хотын өнгө үзэмжид сөргөөр нөлөөлж байна гэх хандлага ч нийгэмд хүчээ авч эхэлснийг нуух юун.
Ингээд Э.Батбаатар эр зориг гаргаж, экспортын ажлаа зогсоон, эрсдэл үүрч, цаг хугацаа, итгэл сэтгэлээ зориулан монгол гэрт инновац шингээж, шинэ зууны сууц болгох том зорилго өвөрлөсөн гэдэг. Улмаар монгол гэрийн хөгжилд анхаарал хандуулж, асар олон хүний хөдөлмөр, сэтгэл зүтгэл, оюуны охь шингэсэн найман тулгуурт “Цомцог гэр” -ийн патентыг 2017 онд албан ёсоор авчээ. Эсгий туургат монгол гэр ингэж “Цомцог гэр” болж шинэ зуунд хөл тавьсан түүхтэй.
Инновацыг уламжлал, технологи, хэрэглэгчээс авдаг
“Өнөөдрийн байдлаар бид “Цомцог гэр”-т 10 гаруй инноваци шингээж, сайжруулсан. Цаашид ч улам сайжруулахын төлөө төлөвлөгөө гарган ажиллаж байна. Бид инновацыг хэрэглэгчээс, технологиос, уламжлалаас авдаг” гэж Ж.Энхтүвшин ярьсан юм. “Цомцог гэр”-т хийгдсэн инновацын шийдлүүдээс онцолбол, байгаль экологийг бохирдуулахгүй модон суурь, террас, паркетан шал, гэрлийн шийдэл, тавилга, вакум болон матмал цонх, шалны халаалт, 00 -ийн тусгаарлалт, бохирын систем зэргийг шингээж, суурин соёл иргэншилд бүрэн нийцүүлж чаджээ. Харин “Цомцог гэр” хэмээх нэрний санаагаа түүхэн өв, соёл уламжлалаас авсан байна. Тухайлбал, XIII-XIV зуунд Монголын эзэнт гүрнээр аялж асан Вильям де Рубрук, Плано Карпини нар монголчуудын ахуй амьдрал, эртний гэрийн талаар онц сонирхолтой баримтууд тэмдэглэн үлдээсэн байдаг. Тухайн үед хаад ноёдын язгуур угсаа, зэрэг дэв, нийгэмд эзлэх байр суурь, хөрөнгө чинээний байдлаас шалтгаалан гэрийн хэлбэр хэмжээ өөр өөр байсан байна. Тэр дундаа, Вильям де Рубрукийн тэмдэглэлээс үндсэн санааг авч бүтээсэн гэр тэрэгний зургийг өдгөө бид улсын мөнгөн тэмдэгт дээрээ залсан боловч хэзээ, хэн зурсан болох талаар тодорхой мэдээлэлгүй байдаг. Тэгвэл уг зургийг Италийн зураач Куинто Сенни (1845-1917) Рубрук болон бусад эрт, хожуу үеийн аялагчдын тэмдэглэлээс санаа авч буулган зурсан ажээ.
Харин Цомцог ордон бол одоо зөвхөн Ордост хадгалагдаж буй монгол түүх, соёлын онц чухал дурсгал юм. Цомцог ордныг 700 гаруй жилийн турш эртний хэлбэрийг нь баримтлан сэлбэн зассаар ирсэн учраас эсгий туургатны эрт үеийн орд гэрийн янз байдлыг хадгалж чадсан үнэт өв гэж үзэж болно. Ордосын настангууд “Цомцог бол Богд эзэн бие чилээрхээд сувилж байсан хээрийн аяны ордон юм” гэлцдэг нь монгол түүхэн зурагт олон унаагаар чирүүлж явдаг хааны явуул ордтой ав адилхан байдаг аж. Иймээс Цомцог ордон бол монгол хаадын ордон мөн гэдэг нь гарцаагүй үнэн билээ.
Э.Батбаатар нар “Цомцог гэр”-ийн бүтээн байгуулалтыг зориглон эхлүүлсэн нь хэр зэрэг ач холбогдолтой болохыг дээрх түүхэн баримтуудаас харж болно. Э.Батбаатар энэ талаар “Бид өөрсдийн өв соёлыг эдийн засгийн эргэлтэд амжиж оруулаагүй бол мөн л хятад хүний хоол болохыг үгүйсгэх аргагүй” хэмээн ярьсан юм. Монгол гэрт инновац шингээсэнд талархал илэрхийлж “Та бүхэн монгол гэрийг аварлаа” гэх хүмүүстэй тэд нэг бус удаа таарчээ. Гэвч сайныг дагаж саар гэгчээр “Цомцог гэр” хийнэ гэх “Би чадна”-чууд борооны дараах мөөг шиг элбэгших болжээ. “Цомцог гэр”-ийн эрэлт өдрөөс өдөрт нэмэгдэхийн хэрээр чанарын асуудал брэндийн нэр хүндэд сөргөөр нөлөөлөх вий гэх эмзэглэл Э.Батбаатарын санааг зовооно. Энэ талаар тэр “Бид монгол гэрийн зах зээлд үйл ажиллагаа явуулж буй хүмүүстэй хамтарч ажиллахад нээлттэй. Гэвч өнөөдрийг хүртэл нэг ч хүн бидэнд хандаагүй. Бидний санааг зөвшөөрөлгүй ашиглаж, чанарын шаардлага хангахгүй бүтээгдэхүүн зах зээлд нийлүүлсээр байна” гэв.
Монгол гэрийг үйлдвэрлэлийн дамжлагаар гаргаж эхлэв
“Гэр гэдэг “долоон чавганц”-ын ажилтай бүтээгдэхүүн. Олон жижиг деталь, олон хүний гараар бий болж бүтдэг. Монгол гэрийг хүмүүс ганц хоёр хүн хийдэг гэж боддог юм билээ. Бид бол үйлдвэрлэлийн дамжлагаар бүтээдэг” хэмээн Э.Батбаатар захирал ярив. Товчхондоо, тэд монгол гэрийн зах зээлд үйлдвэрлэлийн зарчмаар ажиллах технологи нэвтрүүлж, шинэчлэл хийжээ. “Цомцог гэр”-ийн үйлдвэрлэл, түүхий эд, бараа материалын хангамж, татан авалт, тээвэрлэлт, нийлүүлэлт, угсралт суурилуулалт, бүтээн байгуулалтын нөр их ажилд хамтран ажилладаг компаниуд, дагаж явдаг туслан гүйцэтгэгчид зэрэг олон байгууллага тус тусын чиглэлээр мэргэшсэн хамт олон болж чаджээ.
Өдгөө “Цомцог гэр” брэнд жуулчны баазуудын нэрийн хуудас болсон үндсэн бүтээгдэхүүн болоод байна. “Оюу Толгой” компаниас гэхэд л энэ зун 11 диаметртэй, рестораны зориулалттай гурван гэрийн захиалга өгсөн аж. Захиалга ихтэй үед эднийх “Цомцог гэр”-ийн хүргэлт, угсралтын 4-5 бригадыг орон нутагт ажиллуулдаг байна.
Цомцог гэрээр дэлхийг чимнэ
“Мон хатан хаус” компани 60-70 хүнийг тогтмол ажлын байраар хангаж ажилладаг. Ингээд бодохоор “Цомцог гэр” брэнд дор хаяж 200 гаруй хүний ахуй амьдралын арыг даадаг нийгмийн хариуцлагатай, зах зээлийн зарчмаар шударга өрсөлдөж буй үндэсний компани юм. “Манай байгууллагын үнэт зүйл бол ажилтнууд маань. Бид ажилтнуудаа тогтвор суурьшилтай ажиллуулахад онцгойлон анхаардаг. Эдийн засгийн нөхцөл байдал, инфляцтай уялдуулан ажилтнуудынхаа цалинг тухай бүрд нь нэмэхийг хичээдэг. Үүний зэрэгцээ намар үр дүнгийн урамшуулал олгоно. Амьдрах байр, унах унааг нь ч өөрсдийнхөө хэмжээнд шийдэж өгөхийг зорьдог” хэмээн Ж.Энхтүвшин ярьж байна.
“Мон хатан хаус” компани урьд нь монгол гэр экспортолж байсан туршлагатай тул хуучны түншүүдтэйгээ эргэн холбогдож, “Цомцог гэр” -ээ дахин экспортолж эхэлжээ. Энэ хүрээнд эхний ээлжинд Япон, Австрали руу 10 гаруй гэр ачуулж, барих хүмүүсээ явуулаад байгаа юм. “Цомцог гэр”-ээ экспортлохын тулд тэд гадаад хийцлэлийг нэлээд өөрчилсөн гэв. Өвөг дээдсийнхээ үлдээсэн өв соёлд инновац шингээж, “Цомцог гэр” -ээр дэлхийг чимэх холын зорилго өвөрлөж яваа Э.Батбаатар, Ж.Энхтүвшин нар компанийнхаа ирээдүйг “Группийн түвшинд ажиллах цаг ирнэ” хэмээн итгэл төгс ярьцгааж байв. “Айл гэрийн, албан байгууллагын гал голомтыг бадрааж явдаг учраас бидний ажил үйлс ч мөн галын дөл мэт өөдөө байх шиг санагддаг” хэмээн Ж.Энхтүвшин бахархаж сууна.
“Мянга сонсохоор нэг үз” гэдэг. Уншигч та “Цомцог гэр”-ийг нүдээр үзэхийг хүсвэл Богд хааны ордон музей, Чойжин ламын сүм музей, жуулчны гудамжийн аль нэгийг зориорой.