– Business.MN сэтгүүлийн 2023 оны 07 сарын дугаар (№56) -ын ковер нийтлэл –
Казүхиса Фүжимотог “Буянт-Ухаа” олон улсын нисэх онгоцны буудлаас Улаанбаатар хотын төв хүртэл зорчих зуур сэлүүхэн замаар тоолж болохуйц цөөн машин зөрж, цонхоор уул, тал цэлийн үзэгдэх нь соньхон. Хотын гудамжаар алхахад ногоон талбай ихтэйн дээр дэргэдүүр нь өнгөрөх хүмүүс өчүүхэн ч яарч сандарсан шинжгүй айвуу тайван алхах нь “Ямар гээчийн амар амгалан улсад ирчихэв ээ?” гэх сэтгэгдлийг түүнд эрхгүй төрүүлнэ. Энэ бол 1996 оны зургаадугаар сар. Фүжимото олон улсын хүчирхэг тоглогч, Японы олон жилийн түүхт “Марүбэни” группийн (“Худалдааны компани”) ажлаар Монголд анх хөл тавьснаа ийн дурссан юм.
Харин өнөөдөр 14 давхар дахь түүний албан өрөөний цэлгэр цонхоор Сүхбаатарын талбай, машин зайгүй эгнэх төв зам, барилга байшин, олон хүн хөлхөх гудамж сэлт үзэгдэнэ. Даваа гарагийн үд дунд, шинэ долоо хоногийн эхлэл. Энэ бол нийслэлийн төв орчмын өнөөгийн дүр зураг. Сүүлийн 20 гаруй жилийн турш манай улсад өрнөсөн хөгжил дэвшил, өөрчлөлтийг Фүжимото дэргэдээс нь харж, цэлгэр талбай, өргөн чөлөөнүүдэд хэрхэн өндөр барилга, орон сууцууд эгнэж, үзвэр, үйлчилгээний газруудын тоо нэмэгдэн хөл хөдөлгөөн ихэсч, түүнийг дагасан замын түгжрэл, хот төлөвлөлтийн асуудлууд ар араасаа босож ирснийг хоёр улсын хооронд ирж очин ажиллахдаа нүдээр үзжээ.
Монгол орны дүр төрх эрс өөрчлөгдсөн шиг Фүжимотогийн анх ирсэн хэрэг зориг ч цагийн эрхээр өөрчлөгдсөн юм. 40 жилийн карьерынхаа бараг тэн хагасыг манай улстай ажил хэргийн шугамаар холбогдон өнгөрүүлсэн тэрбээр сүүлийн 14 жилийн турш Улаанбаатарт суурин ажиллаж, амьдарч буй. Эхний дөрвөн жил нь “Худалдааны компани” -ийн Монгол дахь төлөөлөгчөөр ажилласан бол удаах 10 жилд нь санхүүгийн түрээсийн үйлчилгээнд төвлөрдөг “Ти Ди Би Лизинг” компанийн захирлаар тасралтгүй ажиллажээ. Энэ жил тус компанийн 10 жилийн ой тохиож, тэрбээр хамт олонтойгоо өнгөрснөө дүгнэж, ирээдүйгээ төлөвлөж сууна.
“Өнгөрсөн 10 жилийн хугацаанд бид 900 тэрбум орчим төгрөгийн санхүүгийн түрээсийн гэрээ байгуулсан. Үүнд, уул уурхайн салбар жин дарж буй ч хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрлэл, эрүүл мэнд зэрэг цөөнгүй салбарт үйлчилгээгээ хүргээд байна. Тэр дундаа, түгээлтийн машин, ачааны вагон, агаарын хөлөг, нүүрс тээвэрлэх чиргүүлээс эхлээд бусад тээврийн хэрэгсэл, ноолуур сүлжмэлийн машины санхүүжилтийг шаардлагатай аж ахуйн нэгжүүдэд, автомашин болон орон сууцны санхүүжилтийг хувь хүмүүст олгож, Монгол Улсын эдийн засгийн хөгжилд зохих хувь нэмэр оруулсан гэж бид үзэж байгаа” хэмээн Фүжимото хариуллаа. Үнэхээр ч уул уурхайн бүтээн байгуулалтыг дагасан гадаадын хөрөнгө оруулалт манай улсын эдийн засгийн хөгжилд үлэмж түлхэц үзүүлсэн билээ. Ганцхан жишээ дурдахад, “Ти Ди Би Лизинг” компани зөвхөн “Эрдэнэс Тавантолгой” ХК -ийн туслан гүйцэтгэгч “Моннис Майнинг”, “Кэй Эй Майнинг”, “Овоот Толгой Ресурсес” тэргүүтэй компаниудад гэхэд л уул уурхайн хүнд даацын 90 гаруй тоног төхөөрөмж буюу нийт 300 тэрбум гаруй төгрөгийн санхүүжилтийг олгосон нь “Эрдэнэс Тавантолгой” ХК нүүрс олборлолт, экспортын хэмжээгээ өсгөхөд, цаашлаад Монгол Улсын валютын нөөцийн санг нэмэгдүүлэхэд тодорхой хувь нэмэр оруулжээ.
“Өнгөрсөн 10 жилийн хугацаанд бид 900 тэрбум орчим төгрөгийн санхүүгийн түрээсийн гэрээ байгуулсан. Үүнд, уул уурхайн салбар жин дарж буй ч хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрлэл, эрүүл мэнд зэрэг цөөнгүй салбарт үйлчилгээгээ хүргэж, Монгол Улсын эдийн засгийн хөгжилд зохих хувь нэмэр оруулаад байна”.
“Ти Ди Би Лизинг” компани үүсгэн байгуулагдах үедээ санхүүгийн түрээсийн багцын хэмжээгээ 60 сая ам.доллар болгох зорилт тавьж байсан бол үйл ажиллагаа явуулж эхэлснээс хойш долоон жилийн дараа буюу 2020 онд энэ зорилтоо давуулан биелүүлж, нийт 80 сая ам.долларын түрээсийн хөрөнгөтэй болж чаджээ. Гэсэн ч сүүлийн жилүүдэд Ковид-19 -ийн хямралын улмаас бизнесийн цар хүрээ нь тодорхой хэмжээнд хумигдсан аж. Цар тахлын хямрал нүүрлэж, улс орны эдийн засаг базаахгүй болсон энэ хүнд үед бусад гадаад захирал, суурин төлөөлөгч, экспатаас ялгаатай нь Фүжимото Монголоос огт гаралгүй ажлаа үргэлжлүүлж, хатуу хөл хорионы үеэр ч оффистоо өдөр бүр ирж ажиллаж байв. Ирэх гурван жилийн хугацаанд тэрбээр дахин төлөвлөлт хийж, цар тахлаас үүдэлтэй хоцрогдлоо нөхөх, оролцогч талуудтай хамтын ажиллагаагаа сэргээх, хүний нөөцөө чадавхжуулж, тогтвортой ажиллуулах, санхүүгийн бүртгэл, зээлийн судалгааг хурдасгах зорилгоор дотоод үйл ажиллагаагаа автоматжуулахыг зорьж, баг хамт олноо чиглүүлж байна. “Бид төлөвлөгөөндөө хүрч, Монголын эдийн засагт гарах өөрчлөлтийг урьдчилан харж, уян хатан байдлаар хандаж чадвал, ирээдүйд харилцагчидтайгаа хамт хөгжиж дэвшинэ гэдэгтээ итгэлтэй байна” хэмээн тэр онцлов. Фүжимотогийн хэлсэн үг “Ти Ди Би Лизинг” компанийн алсын харааг тодорхойлсон өгүүлбэрт ч бичээтэй бий. “Харилцагчидтайгаа цуг хөгжиж, хөгжил дэвшлийн зүг хамтдаа тэмүүлэх найдвартай, үнэ цэнтэй санхүүгийн түрээсийн түнш байх”.
“Ти Ди Би Лизинг” компани үүсгэн байгуулагдах үедээ санхүүгийн түрээсийн багцын хэмжээгээ 60 сая ам.доллар болгох зорилт тавьж байсан бол үйл ажиллагаа явуулж эхэлснээс хойш долоон жилийн дараа уг зорилтоо давуулан биелүүлж, нийт 80 сая ам.долларын түрээсийн хөрөнгөтэй болж чаджээ”.
Тус компанийн нэрэнд системийн нөлөө бүхий таван банкны нэг Худалдаа, хөгжлийн банк (TDB буюу Trade and Development Bank) -ны нэрийн товчилсон хувилбар багтсан байгааг та анзаарсан байх. 2013 онд Худалдаа, хөгжлийн банк (ХХБ) болон Mizuho Marubeni Leasing Corporation -ийн хамтарсан хөрөнгө оруулалтаар байгуулагдсан “Ти Ди Би Лизинг” компани санхүүгийн түрээсийн үйлчилгээ үзүүлэх зорилгоор үйл ажиллагаагаа эхлүүлж байв. Тус банктай хамтрах болсон шалтгаанаа Фүжимото “ХХБ бол корпорейт зах зээлийн хүчтэй тоглогч. Бид корпорейт зах зээлд чиглэж, томоохон дүнтэй санхүүгийн түрээс авах харилцагчдад хүрч ажиллах зорилготой байсан учраас ХХБ -тай хамтрах шийдвэрийг гаргасан” хэмээн тайлбарлалаа. Тухайн үед томоохон компаниудад дээд хязгааргүй, өндөр үнийн дүнтэй санхүүгийн түрээс олгох нөхцөл нь “Ти Ди Би Лизинг” компанийн гол давуу тал болж байв. Товчхондоо, тэд зах зээлд анхдагч болж чадсан юм. Мөн тухайн үе уул уурхайн салбарын үсрэнгүй хөгжилтэй давхацсан учраас уг салбарын компаниудад чиглэсэн үйлчилгээг түлхүү хүргэж иржээ. Өнөөдрийн байдлаар тус компанийн нийт багцын 60-70 хувийг уул уурхайн салбарт төвлөрсөн санхүүгийн түрээс бүрдүүлж буй нь ч үүнтэй холбоотой.
“Монголыг танин мэдэх тусам Төв Азийн гүн дэх энэ улсад улам бүр сэтгэл татагдах болсон. Тиймээс ч дахин ажиллахаар энд ирсэн”.
Тэд үйл ажиллагаагаа эхлүүлэхээр хоёр жил орчмын хугацаанд хамтрагчаа сонгохоос эхлээд Монголын хууль, эрх зүйн орчин, татварын тогтолцоо, нягтлан бодох бүртгэл, мэдээлэл технологи зэрэг салбарыг оролцуулан нэлээд өргөн хүрээг хамарсан зах зээлийн судалгаа хийжээ. Үүнд үндэслэн бизнес төлөвлөгөөгөө боловсруулсан бөгөөд энэ ажлыг гардан хийсний хувьд Фүжимото Монголд хууль, эрх зүйн орчин нь шинэ, мөн энэ төрлийн үйлчилгээг хөгжүүлэх өргөн боломжтой, эрэлт хэдийнэ үүссэнийг олж харсан байв. 2011 онд Японы талаас Монголд ажиллах хүнийг сонгохоор хэлэлцэхэд эртнээс манай улстай холбогдон ажиллаж ирсний хувьд Казүхиса Фүжимото хамгийн түрүүнд нэрлэгджээ. “Тухайн үед энэ саналаас татгалзах боломж надад байсан ч анх ирснээс маань хойш арван хэдхэн жилийн дотор Монгол орон маш хурдацтай өөрчлөгдөж, хөгжсөн. Санхүүгийн түрээсийн үйлчилгээнээс эхлээд Японд хэдийнэ өндөр хөгжсөн ч Монголд хараахан бий болж амжаагүй олон зүйл, шийдэх асуудлууд байсан. Эх оронд маань бараг өдөр бүр адилхан, хөгжил нь тогтвортой байдаг бол Монголд тийм биш. Энэ бүхэн Монгол Улс боломж ихтэй, тун сонирхолтой зах зээл гэдгийг хэлээд байсан хэрэг. Гэхдээ эдгээрийг үл харгалзан Монголыг танин мэдэх тусам Төв Азийн гүн дэх энэ улсад улам бүр сэтгэл татагдах болсон. Тиймээс ч дахин ажиллахаар энд ирсэн дээ” хэмээн Фүжимото өгүүллээ.
“Ти Ди Би Лизинг” -ийн үзүүлдэг санхүүгийн түрээсийн үйлчилгээг банк болон банк бус санхүүгийн байгууллага (ББСБ) -ын үйлчилгээний хооронд оршдог гэж үзэж болно. Банкнууд үл хөдлөх хөрөнгө, тусгай зөвшөөрөл зэргийг барьцаалан бага хүүтэй өндөр дүнтэй зээл олгодог бол ББСБ -ууд өндөр хүүтэй харьцангуй бага дүнтэй зээл олгодог. Эдгээр зах зээлийн үүсгэдэггүй боломжийг санхүүгийн түрээсийн үйлчилгээ бий болгодог нь тусгай зөвшөөрөл барьцаалах боломжгүй уул уурхайн туслан гүйцэтгэгч компаниуд, өөрийн гэсэн үл хөдлөх хөрөнгөгүй байгууллагуудад ихээхэн ач холбогдолтой. Өөрөөр хэлбэл, санхүүгийн түрээсийн үйлчилгээ авахад банктай харьцуулахад бага зэрэг өндөр хүүтэй ч ББСБ -ынхаас бага, дээр нь үл хөдлөх хөрөнгийн барьцаа шаардахгүй, зөвхөн түрээсийн зүйлийн зах зээлийн үнэлгээнд суурилсан санхүүжилтийг тэд олгодог. Үүгээрээ дотоодын эдийн засгийн хэрэгцээ шаардлагад гойд нийцдэг тул “Ти Ди Би Лизинг” компанийн зах зээлд эзлэх байр суурь байгуулагдсан цагаасаа хойш тасралтгүй тэлсээр байгаа юм. “Бид харилцагчидтайгаа уулзаж, бизнесийнх нь нөхцөл байдлыг сайтар судалж, ойлгосны үндсэн дээр зөвхөн тухайн харилцагчид зориулсан үйлчилгээний уян хатан нөхцөлийг боловсруулдаг. Манай компани харилцагчдынхаа бизнесийг дэмжиж, үйл ажиллагаагаа өргөжүүлэхэд нь дэмжлэг үзүүлж санхүүгийн түрээс олгодог бол харилцагчид маань авсан санхүүгийн түрээсээ эргээд хугацаанд нь төлж барагдуулах үүрэг хүлээдэг. Энэ ч утгаараа санхүүгийн түрээсийн бизнес хоёр талын цэвэр итгэлцэлд тулгуурлан өрнөдөг онцлогтой. Тиймээс бидний хувьд итгэлцэл гэдэг тун чухал” хэмээн гүйцэтгэх захирал Казүхиса Фүжимото тэмдэглэж байна. Санхүүгийн түрээсийн хугацаа нь дунджаар 3-5 жил бөгөөд 20 ба түүнээс дээш хувийн урьдчилгаа төлбөр төлсөн тохиолдолд үйлчилгээ авах нөхцөл бүрдэнэ. Улмаар тухайн түрээсэлж буй тоног төхөөрөмжөө барьцаалж, тодорхой хугацааны дараа төлбөрийг бүрэн төлж барагдуулснаар өмчлөх эрхийг харилцагчид шилжүүлэх нөхцөлтэй бизнес юм. Энэ утгаараа урт хугацаанд тогтвортой үйл ажиллагаа явуулахаар төлөвлөж буй компаниудад тохиромжтой үйлчилгээ гэдгийг тус компанийнхан хэлж байна.
Өнгөрсөн 10 жилийн хугацаанд санхүүгийн түрээсийн компаниудаас гадна банкнууд ч энэ төрлийн бизнест хөл тавьсан учраас тэд ялгарал үүсгэхийн тулд тун саяхнаас оперейтинг лизинг (operating lease) хэмээх шинэ үйлчилгээг Монголд анхлан хүргэхээр зорьж эхэлжээ. Оперейтинг лизинг нь тухайн тоног төхөөрөмжийн өмчлөх эрхийг шилжүүлэхгүй, зөвхөн түрээсийн хугацаанд ашиглуулах нөхцөлтэй байдгаараа санхүүгийн түрээсийн үйлчилгээ (finance lease) -ээс ялгардаг. Ирэх жилүүдэд “Ти Ди Би Лизинг” компани уг үйлчилгээгээ нэвтрүүлж, өргөжүүлэх зорилготой ажиллаж байна. Мөн сүүлийн жилүүдэд автомашины лизингийн үйлчилгээ буюу хувь хүнд илүүтэй чиглэсэн үйлчилгээг хүргэх болсон юм. Ингэхдээ өөрсдийн онцлогт тохируулан хувь хүмүүстэй тулж ажиллах бус автомашин лизингийн компаниудад санхүүжилт олгох байдлаар ажиллах шийдэлд хүрчээ. Үүнээс гадна хилийн чанад дахь монголчууддаа зориулан орон сууцны санхүүгийн түрээсийн үйлчилгээг зах зээлд шинээр нэвтрүүлэх зэргээр үйл ажиллагааны цар хүрээгээ аажим аажмаар тэлсээр байна.
Монголчуудтай “танилцсан” түүх
Монголын зах зээлд анхдагч байх, цаашлаад үйл ажиллагаа явуулахад ямар бэрхшээл тулгардаг талаар Казүхиса Фүжимотогоос асуухад “Монголд санхүүгийн түрээсийн бизнес эрхлэхэд хамгийн их санаа зовоодог хоёр хүчин зүйл бий” гээд дараах байдлаар нэрлэлээ. Нэгдүгээрт, зах зээлийн судалгаа хийхэд нэгдсэн мэдээллийн сан, дата бүхий систем бүрэлдээгүй байсан нь ажлаа урагшлуулахад ихээхэн бэрхшээлтэй байж. Системийн нөлөө бүхий банктай хамтран ажиллах болсон шалтгаануудын нэг нь ч үүнтэй холбоотой. Америк, Япон тэргүүтэй өндөр хөгжилтэй улсад компаниудын санхүүгийн болон санхүүгийн бус мэдээлэлд нэгдсэн дүн шинжилгээ хийж, мэдээллээр хангах үйлчилгээ үзүүлдэг компани, зээлийн мэдээллийн агентлаг байдаг бол Монголд 10 -аад жилийн өмнө ч, одоо ч энэ төрлийн компани байхгүй. Дээр нь Монголын дийлэнх компани татварын албанд өгөх тайлангаас гадна дотооддоо давхар тайлан гаргадаг тул аливаа компанийн санхүүгийн бодит мэдээллийг авахад хүндрэлтэй байж болох талтайг ч Фүжимото яриандаа онцолсон юм.
Хоёрдугаарт, хууль, эрх зүйн орчин хангалттай ойлгомжтой биш байгаа нь шүүхийн шатанд шүүгч лизингийн харилцааг зөв тогтоохгүй байх нөхцөлийг үүсгэж, бизнес эрхлэхэд хүндрэл учруулдаг аж. Тухайлбал, Монголын санхүүгийн түрээсийн эрх зүйн орчин нь зээлийн эрх зүйн орчинтой харьцуулахад шинэ бөгөөд 2006 онд Санхүүгийн түрээс /лизинг/ -ийн тухай хууль батлагдсан ч өнөөг хүртэл нэмэлт өөрчлөлт ороогүй байгаа юм. Уг тусгайлсан хуульд тодорхойгүй зохицуулалт олон, мөн лизингийн харилцааг бүрэн зохицуулж чадахгүй байгаагаас зээл болон санхүүгийн түрээс хоорондын үндсэн ялгаа, лизингийн онцлогийг бүрэн ойлгоогүй шүүгчдээс эхлээд ойлголтын зөрүү үүсэж, шүүх дээр эрх ашгаа бүрэн хамгаалуулж чадахгүй байх бэрхшээл тулгардаг байна.
Хэдийгээр уг хуулийг шинэчлэн найруулах төслийн ажил эхлээд хэдэн жил өнгөрсөн ч Сангийн яамнаас одоог хүртэл дорвитой ажил хийхгүй байгаа нь цаашлаад гадаадын хөрөнгө оруулалт татах, лизингийн үйлчилгээг олон улсын төвшинд хөгжүүлэхэд төвөгтэй нөхцөл байдал үүсгэсээр байгаа юм. Тиймээс Санхүүгийн түрээс /лизинг/ -ийн тухай хуулийг яаралтай шинэчлэн найруулах шаардлагатай гэдгийг Фүжимото тодотголоо.
Үүнээс гадна түүнийг “Ти Ди Би Лизинг” компанийн үйл ажиллагааг хариуцан удирдаж эхлэхэд өөр нэг томоохон бэрхшээл үүссэн нь Монгол дахь бизнесийн үйл явц, харилцагчдын нөхцөл байдлыг япон талд тайлбарлаж ойлгуулах байв. Энэ бүхэн монгол, япон хүмүүс тэс өөр арга барилаар ажилладгаас үүдэлтэй бөгөөд Монголд итгэлцлээр бизнес өрнөдөг бол Японд цаасан дээр буусан тоо, бичгээр тэр бүхэн баталгаажиж байж сая ажил хэрэг болдог. Нэг ёсондоо, Монголд ажиллаж буй тал хэдий тухайн харилцагчтай уулзаж, ярилцаж, бизнестэй нь биечлэн танилцаж, найдвартай гэдгийг тогтоосон ч япон талаас найдвартай зээлдэгч мөн эсэхийг магадлахад хангалттай баталгаа, нотолгоо үгүй тул ажил цааш үргэлжлэх үйл явцад бэрхшээл учруулдаг аж.
Фүжимото цааш үргэлжлүүлэн “Япончууд алсын хараа, урт хугацааны зорилгоо тодорхойлсны дараа түүндээ хүрэхийн тулд хийх алхмууд, шат дараатай ажлуудаа төлөвлөж, шаардлагатай бүхнийг урьдчилан бэлтгэдэг. Тэгж байж л үндсэн ажил руугаа орно. Харин монголчууд яг эсрэгээрээ ямар ч байсан эхлүүлчихсэн байхад аяндаа болно гэх байдлаар хандаж, аливааг нарийн төлөвлөгөөгүй эхэлдэг. Хэдий зорилго бий боловч тэр нь хэт ерөнхий, тодорхой бус, бүдэг бадаг байх нь элбэг. Энэ бол соёлын маш том зөрүү. Эхэндээ дасахад хэцүү байсан” хэмээв.
Гэлээ гээд монгол хүнээс асар их зүйл шаардах нь бэрхшээлтэй байсан тул харилцагчдаасаа ажлын явц, зорилго, бэлэн байдал зэргийг нь зүгээр л асууж, ярилцаж эхэлжээ. Асуултад хариулахын тулд цаад тал илүү нухацтай хандаж, бодож эхэлнэ. Ингэж өөрсдийгөө дагуулан хөгжүүлэх арга барилаар ажиллаж эхлэхээс өөр сонголт байгаагүй хэмээн тэр учирлаж байна. Түүний ажигласнаар монголчууд төлөвлөгөө гаргадаг ч бүх ажлаа цагийг нь тулгаж байж гэнэт хийж эхлэх нь нийтлэг. Эсвэл өмнөх ажлаа хийсээр урт хугацаанд амжуулах ёстой бусад ажлаа орхигдуулчихна. Энэ талаар Фүжимото “Дийлэнх монголчууд ажлуудаа хугацаанд нь хэрхэн менежмент хийж, үе шаттай урагшлуулах тухайд огт төлөвлөдөггүй. Маш сайн төвлөрч чаддаг тул хугацаа нь тулсан ажлыг яаж ийгээд амжуулах чадвартай ч дутуу зүйл их байх нь бий. Өөрөөр хэлбэл, ажлыг хийх явцдаа тайлагнах, хянуулах процессыг алгасч, хугацаагаа тулгаж хийж дуусгаснаар түүнийг нь эргээд нягтлах, сайжруулах гэсээр анх төлөвлөсөн хугацаанаасаа хойшлох, цаг үрэх асуудал түгээмэл. Тиймээс эцсийн төлөвлөгөөт хугацааг хүмүүст наашлуулж хэлэх байдлаар зохицуулдаг. Гэхдээ энэ бүхэн зөвхөн Монголд ажиглагддаг үзэгдэл биш. Хөгжиж буй улсын иргэд голдуу энэ мэт тун тайван, аливааг маргааш гэж хойшлуулж, алгуурлах хандлагатай байдаг” гэв.
Монголд суурьшихаасаа өмнө Фүжимото “Худалдааны компани” –ийн төлөөлөгчөөр Пакистан улсад ажиллахаас эхлээд санхүүжилт шаардлагатай томоохон хэмжээний шинэ төслүүд болон хөрөнгө оруулагч компаниудын менежментийг хариуцан дэлхийн өнцөг булан бүрд хүрч ажиллаж иржээ. Тухайлбал, Ойрхи Дорнодын улс орнууд, Энэтхэг, мөн Африкийн зарим орны нэхмэлийн үйлдвэрүүдэд Японд үйлдвэрлэсэн машин техник экспортлох, түүнтэй холбоотой санхүүжилтийн ажил, цаашлаад Индонез, Бангладеш болон АНУ-д өр төлбөр барагдуулах ажлуудыг хариуцан ажиллаж байв. Ингэхдээ зөвхөн техник технологи нийлүүлж, санхүүжилтийг шийдээд орхих бус зарим тохиолдолд суурилуулж ажиллуулах, үйлдвэрлэлийн хэмжээг тодорхойлох, эцсийн бүтээгдэхүүний чанарыг баталгаажуулах гэрээг байгуулах зэрэг үйл ажиллагааны бүтэн мөчлөгийг хариуцаж байсан юм. Энэ утгаараа худалдаа, даатгал, санхүү гэхчлэн олон салбарын өргөн мэдлэг туршлага, нөү-хауг хуримтлуулж чаджээ.
Энэ туршлага нь хожим Монголд “Ти Ди Би Лизинг” компанийг үүсгэн байгуулалцаж, санхүүгийн түрээсийн үйлчилгээг цоо шинэ зах зээлд нэвтрүүлэх ажилд нь ихээхэн тус нэмэр болсон байдаг. Тэрбээр “Би “Худалдааны компани”-д ажиллаж эхэлснээсээ хойш 14 жилийн турш өөрт оногдсон ажилдаа л бүрэн төвлөрч, худалдаа арилжааны үйл ажиллагааг бүтээлчээр хийхийг зорьж байсан. Харин 15 дахь жилдээ компанийн менежментийн чиглэлээр нэг жил суралцах хүсэлтийг удирдлагадаа тавьж, улмаар “Худалдааны компани” -ийн нэгэн охин компанид томилогдон захиргаа, хүний нөөц, зээлийн судалгаа гэх зэргээр өмнөхөөс өөр талбарт ажиллах боломж бүрдсэн. Хэдий ганцхан жил суралцсан ч энэ туршлага маань “Ти Ди Би Лизинг” компанийг тэгээс эхлүүлж, зах зээлд амжилттай байршихад чухал нөлөө үзүүлж чадсан. Цаашлаад лизингийн бизнестээ бүтээлч байдал, төлөвлөлт, харилцаа холбоо үүсгэх болон түүнийгээ ашиглах, хэлэлцээр хийх, хариуцлага хүлээх чадвар, гүйцэтгэлийн мэдрэмж зэрэг урт хугацаанд эзэмшсэн ур чадваруудаа одоо ч ашиглаж байна” хэмээлээ.
Хөлбөмбөгчнөөс мэргэжлийн CEO
Хувь, хувьсгалын шугамаар нийтдээ 40 гаруй улсад ажиллаж, аялж байсан Фүжимото “Өнгөрсөн хугацаанд би олон газраар явахдаа япончуудын соёл, сэтгэлгээ, хэв маяг дэлхийн улс орнуудынхаас эрс ялгаатайг хүчтэй мэдэрсэн. Тэр ч утгаараа улс, үндэстэн хоорондын соёлын ялгаа, аливааг үнэлэх үнэлэмж тэс өөр гэдгийг ойлгож хүлээн авах нь тун чухал болохыг эрт ойлгосон. Энэ бүхэн цааш цаашдын олон зүйлд хэрэг болсон гэж боддог” хэмээн хариуллаа. Тийм болоод ч тэр үү томилолтоор ирж очин ажилласан хийгээд суурин ажиллаж, амьдарсан хугацааг нь тооцвол нийт 20 гаруй жил монголчуудтай хамтран ажилласан түүнийг олон хүн “Фүжимото захирал бараг монгол хүн юм чинь…” гэж хэлэх нь бий. Энэ тухай дурдаад тэрбээр “Хэдий хувийн үзэл баримтлал минь тухайн улсын соёл, үнэлэмж зэрэгтэй уялдан өөрчлөгдөж байж болох ч цаг баримтлах, дандори буюу аливаа зүйлийг амжилттай хийхийн тулд урьдчилан бэлдэж, зохион байгуулах чадвар, харилцаж буй хүнээ хүндэтгэх сэтгэл минь хэзээд хэвээрээ л байдаг” гэсэн юм.
Түүний ажил, амьдралын хэв маягт ч огт өөрчлөгдөөгүй зүйлс бий. Тухайлбал, 20 жилийн өмнө удирдах албан тушаалд анх томилогдсоноосоо хойш өглөө бүр зургаан цагт босож, ажил дээрээ хүмүүс цуглахаас нэг цаг орчмын өмнө ирж, сүүлийн үеийн мэдээ үзэж, тухайн өдөр амжуулах ажлуудтайгаа танилцаж, шат дарааллыг нь бодож, бэлтгэснийхээ дараа дуусгаагүй орхисноосоо эхэлж хийх нь түүний ажиллах арга барилын хөдөлшгүй хэсэг. Ингэж өглөө эрт төвлөрөл шаардсан, голлох ажлуудаа нугалах нь түүний хувьд тухайн өдрийн ачааллаа хөнгөвчлөх гол арга юм. Ер нь Фүжимото ажил, амьдралын алинд ч аливаа ажлыг эхлүүлэх, эсвэл шийдвэр гаргахдаа аль асуудал ихтэйгээс нь түрүүлж барьж авах зарчмыг баримталдаг аж. Залгуулаад ажилтнууд, харилцагчидтайгаа уулзах уулзалтууд, шийдэх ёстой асуудлууд ундарснаар ажлын өдөр нь албан ёсоор эхэлнэ.
Корпорейт карьер хөөхөөсөө өмнө Фүжимото Казүхисо хөлбөмбөгийн спортоор хичээллэж, улмаар мэргэжлийн багт тоглох санал хүлээн авч байв. Гэвч “Марүбэни” групптэй ажил, амьдралаа холбосноор хөлбөмбөгийн карьертаа цэг тавьжээ.
Корпорейт карьер хөөхөөсөө өмнө тэрбээр эх орондоо хөлбөмбөгийн спортоор хичээллэдэг байжээ. Улмаар мэргэжлийн хөлбөмбөгийн багаас өөрийн багт урьж тоглуулах санал ч ирж байв. Гэсэн ч тэрбээр тамирчны замналыг сонголгүй, Васедагийн их сургуульдаа үргэлжлүүлэн суралцаж төгсөөд “Худалдааны компани” -тай ажил, амьдралаа холбосноор хөлбөмбөгийн карьертаа цэг тавьж, 50 настайдаа бэртэл авах хүртлээ хобби хэлбэрээр авч үлджээ. Өдгөө 63 настай Фүжимото чөлөөт цаг гарвал гольф тоглохын зэрэгцээ Япон ТВ суваг эргүүлж, Netflix -ээр К-драма үздэг хэмээн ярих нь сонирхолтой.
“Оюутан байхдаа би байнга хөлбөмбөг тоглож, ихэнх цагаа энэ спортод зориулдаг байсан болохоор худалдааны компанийн ажлын талаар ямар ч мэдлэггүй ажилд орж, англи хэл сурахаас гадна санхүү, худалдаа, гэрээ хэлцэл хийх зэрэг ур чадвар, туршлагад аажмаар суралцсан. Тиймээс шинэ ажилтнууддаа аливааг гүйцэтгэхдээ яарах шаардлагагүй, хурдтай хийсэн ч төгс байж чадахгүй гэдгийг мэддэг учраас тухайн ажлыг хэрхэн хийх талаар нэг бүрчлэн зааж, тайлбарлаж өгдөг. Хэрэв ажилтан өөрөө санаачлагатай байж, хурдтай суралцаж чадвал энэ бүхэн ирээдүйд маш том хүч, давуу тал болно гэдгийг ч захидаг. Шинэхэн ажилтан маань бага багаар сайжирсаар ажлаа 100 хувь, бүрэн дүүрэн хийж чаддаг болох процессыг харах нь тун сонирхолтой санагддаг” гэж тэр өгүүлсэн юм. Түүний удирдлага дор удаан хугацаанд ажилласан нэгэн ажилтан нь “Захирал хүнийг загнаж, зандрахаас илүү өөрийн биеэр харуулж, үлгэрлэхийг чухалчилдаг хүн. Бүх ажлаа маш сайн мэддэг учраас бүгдийг эхнээс нь нэгд нэгэнгүй хэлж, зааж зөвлөхдөө огтхон ч төвөгшөөдөггүй. Заримдаа гэнэтийн ажил гарч ирэхэд бид хийж амжихгүй бол өөрөө судалгаагаа хийх гэх мэтээр жижиг зүйлд ч үйлдлээрээ их үлгэрлэдэг” хэмээн хэлж байна.
Япон компаниудын хувьд борлуулалт, ашгийн төлөвлөгөө жилийн эцэс гэхэд заавал 100 хувь биелэх ёстой гэсэн итгэл үнэмшлээр ажилладаг. Энэ ч үүднээс Фүжимото зөв хүнийг зөв газарт зөв менежментээр чиглүүлж, үр дүн, үнэ цэн бий болгохыг чухалчилдаг. “Манлайлагч хүн аливааг санаачлагатайгаар эхлүүлж, баг, хамт олныхоо хөгжил дэвшилд хувь нэмэр оруулах ёстой spirit гэж би боддог. Гэхдээ зөвхөн дээд албан тушаалтан манлайлах бус багийн гишүүн бүр үнэ цэн бий болгохын тулд тодорхой хэмжээнд манлайлж, хамтын үр дүнд хүрснээр тухайн баг илүү хүчирхэгжиж, байгууллага бүхэлдээ идэвхждэг. Хөлбөмбөгөөр зүйрлэвэл, хамгаалалт, довтолгоонд багийн гишүүн тус бүр үүрэг гүйцэтгэж, ялалт байгуулахын тулд ур чадвараа сайжруулж, өөрөө сэтгэж тоглодогтой адил. Товчхондоо, ямар ч баг компанийн жижигрүүлсэн хувилбар байдаг” хэмээн тодотголоо.
“Нэгэнт болоод өнгөрчихсөн тул өөрчлөх боломжгүй зүйлийн араас бухимдахын оронд яг одоо юу хийх вэ гэдэгтээ л төвлөрөх хэрэгтэй. Гэхдээ менежмент хийж, хичээдэг гэхээс илүүтэй төрөлх мөн чанар маань энэ бүхэнд нөлөөлдөг гэвэл илүү ононо”.
Дийлэнх япончуудын адил Фүжимото нэг компанидаа насан туршдаа ажилласан нэгэн. Түүнийг залуу байхад сайн сургууль төгсөж, сайн компанид ажилд орж чадвал тухайн компани хүний нөөцөө сайтар хөгжүүлж, ур чадварыг нь усалж өгдөг тул тогтвортой орлоготой болж амар тайван амьдарна гэх нийтлэг ойлголт Японд түгээмэл байв. Үүнийг дагаад япон хүнд компаниа гэх үнэнч сэтгэл аяндаа бий болдог. Тиймээс Фүжимото энэ л жишгээр замнаж, ажиллаж буй компанидаа өөрийн хувь нэмрийг оруулахыг юу юунаас илүү чухалчилж иржээ. “Ажлаа үргэлжлүүлэн тогтвортой хийх тусам улам сонирхолтой болж ирсэн тул “Худалдааны компани” -д 40 жилийн турш ажиллаж байгаад энэ жилийн гуравдугаар сард тэтгэврийн насанд хүрч “Худалдааны компани” -ийн харьяаллаас гарлаа” хэмээн өгүүлсэн боловч түүний хувьд өмнөө тавьсан зорилго, зорилтууд нь улам бүр тодорч буй тул амран суух бодолгүй байгаа нь лавтай. Ажилд ороод “чөлөөнд суутлаа” нэг л компанидаа ажиллах онцлог бүхий насан туршийн хөдөлмөр эрхлэлтийн тогтолцоотой Япон улсаас ирсэн түүнд монгол ажилтнуудын компаниа гэхээс илүү өөрийн карьерын өсөлт хөгжилд эн тэргүүнд санаа тавьдаг хандлага босгож буй бизнесээ тогтвортой авч явахад хүндрэл учруулах нь бий. Энэ талаар Фүжимото “Хэдий өөрийн туршлагаас харамгүй хуваалцаж, зөвлөж, зааж сургамаар байдаг боловч хэзээ ажлаас гарах нь мэдэгдэхгүй тул зааж сургаад ч яах билээ гэх харамсалтай бодол үе үе төрдөг” хэмээн бидэнд илэн далангүй ярьсан юм.
Харин ажилтнууд нь түүнээс үлгэрлэдэг олон сайхан чанарыг ам уралдан хуваалцаж байна. Тухайлбал, ямар ч хүнд нөхцөл байдалд орсон аливааг тун тайвнаар хүлээн авч, зөвхөн шийдэх боломж, хэрэгжүүлэх алхмуудыг эрэлхийлдэг нь заримдаа ажилтнуудыг нь гайхширахад хүргэдэг аж. Тэд 10 жил хамт ажиллахдаа уурлаж уцаарлахыг нь нэгээхэн ч удаа олж хараагүй гэх нь тийм ч элбэг тааралдах дүгнэлт биш билээ. Харин Фүжимотогийн хариулт их энгийн. “Нэгэнт болоод өнгөрчихсөн тул өөрчлөх боломжгүй зүйлийн араас бухимдахын оронд яг одоо юу хийх вэ гэдэгтээ л төвлөрөх хэрэгтэй. Гэхдээ менежмент хийж, хичээдэг гэхээс илүүтэй төрөлх мөн чанар маань энэ бүхэнд нөлөөлдөг гэвэл илүү онох байх”.
Арлын орноос эх газрын Монгол Улсыг зорин ирж, амжилттай бизнес цогцлоох явцдаа тэрбээр Японы бизнесийн соёлын мөн чанарыг монголчуудад давхар таниулсан юм. Хэрэв Фүжимотод бизнес жор гэж байдаг бол орц нь ёс зүй, төлөвлөгөө, уян хатан чанар, хүндлэл, итгэлцэл, бас мэдлэг байх нь эргэлзээгүй.
– Business.MN сэтгүүлийн 2023 оны 07 сарын дугаар (№56) -ын ковер нийтлэл –