Монголын хөрөнгийн биржийн нэгдүгээр ангилалд бүртгэлтэй Сүү ХК-ийн борлуулалтын орлого энэ оны эхний хагас жилд 73.5 тэрбум төгрөгт хүрч өмнөх оны мөн үеэс 38 хувиар өсжээ. Мөн татварын дараах цэвэр ашгийн хэмжээ нь 2.3 дахин нэмэгдэж, 8.8 тэрбум төгрөгт хүрсэн байна.
Өдгөө 65 жилийн ойтойгоо золгож буй Сүү ХК-ийн санхүүгийн үзүүлэлтүүд эрс сайжирсан нь бүтээгдэхүүний өртгийг бууруулсны зэрэгцээ стратегийн томоохон хөрөнгө оруулалтад анхаарч, үйлдвэрлэлийн хүчин чадлаа нэмэгдүүлсний илрэл гэж компанийн зүгээс мэдэгдлээ. Тухайлбал, Миний Монголын сүү үйлдвэрлэх шугам шинэчлэгдсэнээр үйлдвэрлэлийн хүчин чадал хоёр дахин нэмэгджээ. Мөн хүүхдэд зориулсан бүтээгдэхүүн үйлдвэрлэх асептик болон DOYPACK савалгааны шугам суурилуулснаар зах зээлд нийлүүлэх бүтээгдэхүүний нэр төрөл, хэмжээ нэмэгдсэн байна.
Одоогоор тус компани хоногт 200 тонн сүүг малчны хотноос хүлээн авч, өдөртөө 60 тонныг нь хатаан боловсруулах хүчин чадалтай болоод байна. Мөн зайрмагны хольц бэлтгэх хүчин чадал нь гурав дахин нэмэгдсэнээр, бүтээгдэхүүнээ илүү олон нэр төрлөөр үйлдвэрлэх болжээ.
СҮҮ ХК-ИЙН 2023 ОНЫ 1-Р ХАГАС ЖИЛИЙН САНХҮҮГИЙН ГҮЙЦЭТГЭЛ
Түүнчлэн энэ оны эхний хагас жилийн байдлаар Сүү ХК-ийн өөрийн хөрөнгийн өгөөж (annualized) ROE болон нийт хөрөнгийн өгөөж (annualized) ROA нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 2.3 дахин өссөн үзүүлэлттэй байна.
Сүү ХК-ийн үйл ажиллагаа, санхүүгийн голлох үзүүлэлтүүд сайжирсны зэрэгцээ хөрөнгийн зах зээлд эзлэх байр суурь нь улам бэхжиж байна. Тус компани нь 1992 онд Монголын хөрөнгийн бирж байгуулагдахтай зэрэгцэн биржид бүртгүүлсэн Монголын ууган хувьцаат компаниудын нэг.
Энэ оны зургаадугаар сарын 30-ны өдрийн байдлаар компанийн нэгж хувьцааны ханш 391 төгрөг байсан нь хоёр жилийн өмнөхөөс 63.6 хувиар өссөн үзүүлэлт юм. Мөн компанийн зах зээлийн үнэлгээ 136.5 тэрбум төгрөг байгаа нь Монголын хөрөнгийн биржид бүртгэлтэй 180 гаруй компаниас 14-т эрэмбэлэгдэх үзүүлэлт болж байна.
Зах зээлийн үнэлгээгээр банк санхүү, уул уурхайн салбарын хувьцаат компаниуд тэргүүлж байгаа бөгөөд 100 тэрбум төгрөгөөс дээш үнэлгээтэй хувьцаат компаниудын дотор хүнс үйлдвэрлэлийн салбарын хоёр компани байгаагийн нэг нь Сүү ХК байна.
Сүү ХК нь 344 сая ширхэг хувьцаатай, нийт хувьцааныхаа 7.2 хувийг Монголын хөрөнгийн биржээр дамжуулан олон нийтэд нээлттэй арилжаалж байна. Хувьцаа эзэмшигчдийн хувьд, сүүлийн нэг жилийн хугацаанд 2000-аар нэмэгдэж, 9000-д хүрээд байна.
Цаашид Сүү ХК нь импортыг орлох сүүн бүтээгдэхүүний хөгжүүлэлтэд анхаарч, хүүхдийн болон эрүүл мэндийн сүүн бүтээгдэхүүнийг зах зээлд шинээр нэвтрүүлэхээр зорьж байна. Мөн “Хүнсний хувьсгал” хөтөлбөр хэрэгжиж эхэлсэнтэй холбоотойгоор хүнс үйлдвэрлэлийн салбар илүү өсөлттэй байж, энэ салбарт хөрөнгө оруулагчид илүү их өгөөж хүртэх боломж бүрдэнэ гэж хүнс, ХАА-н салбарынхан үзэж байна.
Түүнчлэн тогтвортой хөгжлийн бодлогын хүрээнд, хүүхэд багачуудын оюун ухаан, сэтгэн бодох чадварыг бага наснаас нь хөгжүүлэх, эрүүл чийрэг, хүчирхэг Монгол ирээдүйг бий болгох зорилгоор өсвөрийн шатарчдын “Hi High” тэмцээнийг зохион байгуулсан нь хүүхэд багачуудын төдийгүй эцэг эхчүүдийн талархлыг хүлээгээд байна. Энэхүү тэмцээнд 630 гаруй бяцхан тамирчин оюун ухаанаа уралдуулсан бөгөөд цаашид жил бүр уламжлал болгон зохион байгуулахаа Сүү ХК-ийн зүгээс мэдэгдэж байна.
Энэ оны эхний хагас жилд тус компани нийгмийн хариуцлагын хүрээнд хэд хэдэн томоохон ажил хэрэгжүүлжээ. Тухайлбал, Кристина Нобелийн Хүүхдийн Сангийн дэргэдэх Нархан асрамж халамжийн төвийн хүүхдүүдийн сүү, сүүн бүтээгдэхүүний хэрэглээг хангахаар санамж бичиг байгуулсан байна. Мөн Монголын эмэгтэйчүүдийн холбоотой хамтран “Milk” сүүнийхээ борлуулалт тутмаас найман төгрөгийг эмэгтэй малчдад зориулж, тэдэнд чиглэсэн кампанит ажлыг дэмжин идэвхжүүлэхээр болжээ.
Сүү ХК тогтвортой хөгжил, нийгмийн сайн сайханд чиглэсэн эдгээр ажлуудаас гадна малчид, фермерүүдэд чиглэсэн төсөл хөтөлбөрүүдийг ч тогтмол зохион байгуулж байна. Энэ оны эхний хагас жилд хэрэгжүүлсэн онцлох ажлуудаас дурдвал:
- Хоршоодын хаврын тариалалтад зориулж, 700 сая төгрөгийн хүүгүй зээлийг санхүүжүүлсэн байна.
- Малчдын сүү бэлтгэлийн тогтолцоог хөгжүүлэх ажлын хүрээнд дөрвөн хоршооны дэд бүтцийг өөрийн хөрөнгөөр санхүүжүүлж байгуулжээ. Ингэснээр хоршоодын тоо 14-т хүрсэн байна.
- Малын удмын сантай хамтран хоршоодын бэлтгэн нийлүүлэгчдийг зоо техникч буюу зохиомол хээлтүүлгийн сургалтад үнэ төлбөргүй хамруулжээ.
- Хоршоодын бэлтгэн нийлүүлэгчдийг Өвөр Монголын Хөх хот, Шилийн гол аймгийн малчдаас туршлага судлуулах, танилцах сургалтад хамруулсан байна.
- 2022 оны намраас 2023 оны хаврын улиралд 1.3 сая тонн хивэг тэжээлийг бэлтгэн нийлүүлэгчдэд үйлдвэрийн үнээр нь хүргэсэн байна.
- ISO 17025 стандартаар 10 дахь удаагаа итгэмжлэгджээ.
- Олон улсын Хүүхдийн эрхийг хамгаалах өдөр, Дэлхийн сүүний өдрийг тохиолдуулан М-Март сүлжээ дэлгүүр болон малчид, фермерүүдтэй хамтран 10 мянган хүүхдэд сүүн зайрмаг бэлэглэсэн байна.
Өнгөрсөн жил Сүү ХК нь стратегийн шийдвэр гаргаж, Макс Агро эрчимжсэн үнээний фермийг бүтцийн хувьд нэгтгэн менежментийн шинэчлэл хийсэн. Ингэснээр Макс Агро компанийн бүтээмж сайжирч, 431 га талбайд тариалалт хийжээ. Үр дүнд нь голштейн үүлдрийн үнээний сүүний гарц ч нэмэгдсэн байна.
Сүү ХК-ийн эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэх, нийлүүлтийн сүлжээг боловсронгуй болгоход чиглэсэн ажлууд болон нийгэм, эдийн засагт оруулж буй хувь нэмрийг үнэлэн МҮХАҮТ “Entrepreneur 2022” шагнал гардуулах ёслолын үеэр “Оны шилдэг аж ахуйн нэгж”-ээр шалгаруулсан. Мөн энэ онд Сүү ХК нь жил жилийнхээ жишгээр Монгол Улсын “ТОП-100“ аж ахуйн нэгжээр ахин шалгарсан юм.