– Business.MN сэтгүүлийн 2023 оны 05 сарын дугаар (№54) -ын ковер нийтлэл –
Боловсролын салбарт зоригтой шинэчлэл хийж буй Монголын анхны сошиал энтерпрайз ELF Education групп өөрсдийн хөгжүүлсэн хөтөлбөрийг улсын болон хувийн цэцэрлэгүүдэд нэвтрүүлж, 10 мянга гаруй суралцагчтай болоод байна. Дэлхийн хүчирхэг иргэдийг бэлтгэх алсын хараатай ажиллаж буй тус групп монгол хүний оюунаар хөгжүүлсэн уг хөтөлбөрөө олон улсад гаргаж, 2030 он гэхэд 1000 сургуульд нэвтрүүлэхээр зорьж буй. Өнгөрсөн хугацаанд ELF Education группийн харьяа ELF сургуулиудын төгсөгчид Харвард, MIT, Йель, Колумбийн их сургууль зэрэг дэлхийн топ их сургуулиас нийт 51 сая ам.долларын тэтгэлэг хүртжээ. Үүгээр ч зогсохгүй ELF сургуулиудаараа дамжуулан тэд сурагчдынхаа талаас илүү хувьд ерөнхий боловсрол эзэмшихэд нь зориулж, нийт 15 тэрбум төгрөгийн санхүүгийн дэмжлэг үзүүлсэн нь салбартаа онцлох үзүүлэлт юм.
“Боловсрол бол супер хүч. Гагц хувь хүний гэлтгүй айл гэр, улс орны ирээдүйг бүхэлд нь өөрчлөх хүчтэй учраас. Өнөөдөр хүсэж, тэмүүлж, хичээж чадвал бүх зүйл боломжтой болсон. Хүн өөрийн боломж, хүрэх хязгаараа өөрөө л тодорхойлдог” хэмээн Батсуурийн Солонго хэлж байна. Түүнтэй уулзахаар Зайсангийн эцэст, хотын хөл хөдөлгөөнөөс зайдуу байрлах “Хүмүүн” олон улсын сургуулийн кампуст ирэхэд монгол гэрийг санагдуулам дугуй цагаан барилгууд угтав. Өнгөрсөн хэдхэн жилийн дотор бага, дунд, ахлах сургуулийн байр болон урлаг, спортын цогцолбор бүхий дэлхийн жишигт нийцэхүйц кампусыг тэд цогцлоосон нь энэ бөгөөд барилгын ажил одоо ч тасралтгүй үргэлжилж буй. Эндхийн тайван амгалан, нам гүм гадаах орчноос дотогш ормогц сургууль даяар тоглогдох цоглог хэмнэлтэй хөгжим, хүүхдийн шуугиантай хослон завсарлах цаг болж буйг илтгэнэ. Цасан цагаан дотоод засал, байгалийн гэрэл чөлөөтэй тусах цэлгэр том цонхнуудтай саруулхан орчинд хүүхдүүд гэртээ байгаа мэт тухалцгаах аж. Асар том орон зайд тохижуулсан нээлттэй оффис мэт зохион байгуулалт, лаптопоо дэлгэн хичээлээ хийх сурагч, гар утсан дээрээ хөгжим тоглуулан тойрч бүжиглэх хүүхдүүд, цаас дэлгэн багаараа төслийн ажлаа ярилцах багш, сурагчид гээд л эндхийн уур амьсгал ямар нэг технологийн компанид ороод ирсэн мэт сэтгэгдэл төрүүлнэ.
Сургуулийн булан тохой бүрээ хүүхдэд ээлтэй, тав тухтай, бүх талаар хөгжих боломжтой байхаар бодолцон тохижуулж, анги танхимаа ч бүрэн “ухаалаг” байлгахад онцгойлон анхаарсан гэдгээ удирдлагын зүгээс онцолж байв. Харин барилгын архитектурыг бүхэлд нь анзаарвал, уламжлалт дөрвөлжин загвар, хурц өнцгүүдээс зориуд зайлсхийж, дугариг хэлбэрээр шийдсэн нь монгол гэрээс санаа авсных хэмээн тайлбарлалаа. Дөрвөн давхар сургуулийн анги танхмын зохион байгуулалт ч өвөрмөц бөгөөд хүссэн хэн ч хичээллэж буй багш, сурагчдыг ангийн гаднаас харах боломжтой байдлаар дугуй хэлбэрийн том цонхнууд байрлуулсан нь дотоодын өөр ямар ч сургуульд байхгүй шинэлэг шийдэл болжээ.
Б.Солонгын хэлж буйгаар сургуулийн барилга бол зөвхөн нүдэнд харагдах өнгөц хэсэг, харин жинхэнэ амин сүнс нь сургалт хөгжлийн хөтөлбөрт оршдог. Ирээдүйн хүчирхэг хүнийг бэлдэхийн тулд боловсролыг цоо шинээр, бүр үндэс сууриас нь эхлэн шинээр харах хэрэгтэй гэдгийг тэр тодотгов. Ингэхийн тулд сурах бичиг, мэдлэг, мэдээллийн эх сурвалж, заах, суралцах арга барил, сургалтын орчинд анхаарахаас эхлээд “Багш гэж хэн бэ?”, “Сурагчдад мэдлэг, ур чадварыг хэрхэн эзэмшүүлэх хэрэгтэй вэ?”, “Хүүхдэд юу зааж сургах ёстой вэ?” зэрэг асуултад хариулж, бүхнийг шинээр тодорхойлох шаардлагатай болдог. Түүний хамтран үүсгэн байгуулж, удирдаж буй ELF Education групп яг л ийм арга барилаар ажиллаж, боловсролын салбарт цоо шинэ агуулга, өнгө төрхөөр хүч түрэн орж ирсэн билээ.
ELF бол зөвхөн боловсролын байгууллага биш, хүнийг хүчирхэг болгодог нэг төрлийн экосистем гэж ойлгож болно.
ELF Education группт “Эко гэр”, “Хүмүүн өргөө”, ELF Next door цэцэрлэгээс гадна Хүмүүн бага, дунд сургууль, Томүжин альтернатив ахлах сургууль, Томүжин академи, Томүжин технологи, Бит академи тус тус багтдаг. Өдгөө Б.Солонго багийн хамтаар хайбрид (hybrid) буюу хосолсон хөтөлбөр болон биет сургуулиудынхаа хүрээнд 10 мянга гаруй сурагч, 500 орчим багш, ажилтныг нэгтгэсэн экосистемийг үүсгээд байна.
Эдгээр сургууль, цэцэрлэг салбар салбарын төлөөллөөс бүрдсэн мэргэжлийн багийн олон талт судалгааны үр дүнд, дотооддоо бие даан хөгжүүлсэн ELF хөтөлбөрийг нэвтрүүлэн ажиллаж буйгаараа онцлог. Энэхүү хөтөлбөрийн гол зорилго нь холистик буюу бүх талаар хөгжсөн хүчирхэг хүнийг бий болгох. Өөрөөр хэлбэл, академик мэдлэг олгоход төвлөрдөг уламжлалт арга барилыг эвдэж, сурагчид өөрсдөө шийдэл боловсруулж, төсөл хэрэгжүүлэх, багаар ажиллах, асуудал шийдвэрлэх, алдаж онох явцдаа шаардлагатай ур чадвар, мэдлэг, туршлагыг эзэмших сургалтын шинэлэг хэв маяг юм. Хамгийн гол нь энэ бүхнийг сургахад хүүхдийн ачаалал, эрүүл мэнд, сэтгэл зүй, нойр, амралт зэрэг олон хүчин зүйлийг харгалзан үзэх ёстой. Мэдээж хэрэг, эдгээр зорилтыг уламжлалт арга барилаар 24 цаг, 12 жилд багтааж хэрэгжүүлэх боломжгүй. Энэ ч үүднээс ELF -ийн хамт олон тархи судлалын шинжлэх ухааны сүүлийн үеийн ололт, дэлхийн шилдэг технологийн компаниудын өвөрмөц арга барил, топ сэтгэгчдийн туршлагыг хөтөлбөртөө шингээн хөгжүүлснээр шинэ боломжийг бүтээжээ.
ELF сургуулиуд элсэлтийн бодлогоо холистик байдлаар буюу олон төрлийн сонирхол, ур чадвартай сурагчдыг элсүүлж, бие биеэсээ суралцаж, хөгжих нээлттэй, чөлөөт орон зайг бүрдүүлэхэд чиглүүлж байна.
Боловсролын салбарт урьд өмнө байгаагүй сургалтын уг арга барилыг тодорхойлж буй ELF хэмээх нэршил нь Empowering Lives Forever хэмээх үгсийн товчлол бөгөөд хүүхдүүдийн амьдралыг насан туршид нь хүчирхэгжүүлж, хөтөлнө гэх утгыг илэрхийлж буй. Энэ талаар Б.Солонго “ELF бол зөвхөн боловсролын байгууллага биш, хүнийг хүчирхэг болгодог нэг төрлийн экосистем гэж ойлгож болно” хэмээн онцолж байна.
Өнгөрсөн жилүүдэд ELF Education групп 15 тэрбум төгрөгийн санхүүгийн дэмжлэгийг сурагчдадаа олгосны бараг тал хувийг хөдөө орон нутгаас ирж суралцаж буй хүүхдүүд бүрдүүлжээ. Нийт сурагчийн 60 гаруй хувь нь тэтгэлгээр суралцдаг гэсэн сонирхолтой тоог ч мөн танилцуулсан юм. Энд Монголын өнцөг булан бүрээс хүүхдүүд зорин ирж суралцдаг. Хэрэв өргөдлөө өгөөд тэнцсэн тохиолдолд хэний ч өмнө ELF сургуулиудын үүд хаалга нээлттэй. Хамгийн чухал нь хүүхдүүдийн хүсэл эрмэлзэл, потенциаль, сонирхол, цаашлаад хүрээлэлдээ өөрчлөлт, инновац авчирч, эерэг нөлөө, үнэ цэн бий болгож чадах эсэх нь гол шалгуур болдог. Нэг ёсондоо, элсэлтийн бодлогоо холистик байдлаар буюу олон төрлийн сонирхол, ур чадвартай сурагчдыг элсүүлж, бие биеэсээ суралцаж, хөгжих нээлттэй, чөлөөт орон зайг бүрдүүлэхэд чиглүүлж буй.
ELF Education группийн харьяа компаниуд сошиал энтерпрайз буюу нийгэмд ээлтэй хэлбэрээр бизнесийн үйл ажиллагаа явуулдаг учраас олон улс даяар ашигладаг “Робинхүүд” (Robinhood) моделийг нэвтрүүлж, эцэг, эхийн орлогын байдалд үндэслэн төлбөрийн чадвартай хэсэг нь төлбөрөө төлснөөр бусдадаа боломж нээж өгөх системийг амжилттай хэрэгжүүлж байна. Цаашид санхүүгийн дэмжлэгээ нэмэгдүүлж, илүү олон хүүхдэд боломж олгох үүднээс хөрөнгө оруулалтын сан байгуулах ажлыг ч тэд эхлүүлээд байгаа юм.
Чихэнд чимэгтэй бас нэгэн мэдээ бол Томүжин академиас эхтэй College prep хөтөлбөрийн үр дүнд тус академиас гадна Томүжин альтернатив сургууль, Хүмүүн олон улсын сургуулийн сурагчид өнгөрсөн хугацаанд дэлхийн топ их сургуулиудад амжилттай тэнцэж, нийт 51 сая ам.доллартай тэнцэхүйц тэтгэлэг хүртээд буй нь. ELF хөтөлбөрийн дагуу суралцаж, амьдралынхаа чухал алхмыг амжилттай давж, сайн, чанартай боловсрол эзэмших боломжийг өөртөө бүтээсэн эдгээр сурагчийн эцэг, эх, найз нөхөд, сургуулийн хамт олондоо дуулгасан уг баярт мэдээ тус хөтөлбөрийн үр дүнг давхар илтгэнэ. Энэ тухай ELF Education группийн хамтран үүсгэн байгуулагч, ТУЗ -ийн дарга Б.Нямаа “Боловсрол бол хамгийн өндөр үр нөлөөтэй, үр ашиг нь олон дахин үржигдэж ирдэг хөрөнгө оруулалт. Учир нь одоо зарцуулж буй багахан цаг, хөрөнгө оруулалт тухайн хүний ирээдүйд асар их өөрчлөлт авчрах боломжтой” хэмээн хариулж байна. Тэд суурь боловсролд төвлөрөн ажиллаж буй нь ч ийм учиртай.
“Манай хамт олон бол үнэт зүйлээрээ нэгдсэн хүмүүс. Бүгд л боловсролын салбарт шинэчлэл хэрэгтэйг ойлгож, ирээдүйд бий болгох үнэ цэнээ харж чадсан учраас ELF гэр бүлд нэгдсэн хүмүүс бий”.
ELF хөтөлбөр нь эрүүл амьдралын хэв маягийг эзэмшүүлэх хөтөлбөр (Well being), олон төрлийн чадвар эзэмшүүлэх хөтөлбөр (Life skills), амьдралын олон талт туршлага олгох хөтөлбөр (Life experience), академик мэдлэг олгох хөтөлбөр (Life tools), амжилттай амьдралын хэв маяг бүтээх хөтөлбөр (Life style) гэсэн таван үндсэн хэсгээс бүрдэнэ (Академик мэдлэг олгох хэсэгтээ олон улсын International Baccalaureate болон үндэсний хөтөлбөрийг хослуулан ашигладаг). Маш товчоор, хүнийг бүх талаас нь хөгжүүлэх зорилготой цогц хөтөлбөр гэж хэлж болно.
Мөрөөдөл биелүүлдэг “лаборатори”
Хүмүүн дунд сургуулийн нэг давхарт байрлах кофе шопт Б.Солонготой уулзаж суухад нэг ханыг нь “Алдаж байж ононо”, “Зогсолтгүй дотоод мотор”, “Be passionate”, “Гэгээлэг маргаашийг бүтээгч”, “Contribute”, “Эрт эхэл” зэрэг урам зоригийн үгсээр дүүргэсэн нь анхаарал татсан юм. Энэ сургуулийн уриа ч Wisdom and Action буюу “Мэргэн ухаан болон үйлдэл”. Элсэн суралцаж буй хүүхдүүдийг хайрцагнаас гадуур сэтгэдэг, хамгийн гол нь түүнийгээ хэрэгжүүлж чаддаг болгох нь тэдний зорилго, бас хийж чадах зүйл гэдгийг үүсгэн байгуулагч итгэлтэй хэлж байв.
Кофе шоптой залгаа сургуулийн гол танхимыг тойруулан Монголд ховордсон янгир, мазаалай, ирвэс, хавтгай, цэн тогоруу, бөхөн зэрэг ан амьтдын дүрстэй эмблем байршуулсан нь мөн л сонирхол татлаа. Гэтэл амьтан тус бүр нэг хаус (house) -ыг төлөөлж буй аж. Хаус гэдэг нь уламжлалт ойлголтоор бол анги. Харин ELF -чүүд анги буюу үе тэнгийн, цөөн хүрээний хүнтэй төгсөн төгсөтлөө хамт суралцах бус 1-12 дугаар ангийн сурагчдыг босоо системээр хаусуудад хуваарилснаар нас насны, янз бүрийн сонирхол, онцлогтой хүүхдүүд бие биеэсээ харилцан суралцаж, хамтарч ажиллах тогтолцоог илүүд үзжээ. Хаусууд Irve, Maza, Yang, Tsa, Buhu, Khant, Hawt, Tsen зэрэг содон нэртэй. Сургууль бол хүүхдүүдийн ихэнх цагаа өнгөрүүлдэг чухал газар учраас тэд урлаг, спорт, хамт олны гэх мэт академик бус үйл ажиллагаагаа хаусын системээр дамжуулан өрнүүлж, сурагчдын харилцааны болон бусад олон төрлийн ур чадварыг хөгжүүлж, нийгэмших үйл явцыг нь дэмждэг. Хаусууд дотор яг л гэр бүл, ах дүүсийн харилцаа мэт дотно дулаан, насан туршийн нөхөрлөл үүсдэг гэж сурагчид нь ярилаа.
“Ямар ч хөтөлбөр хүүхдийг хөгжүүлэх нэг л зорилготой байдаг. Манай хөтөлбөрийн хувьд Монгол Улсын боловсролын салбарын үсрэнгүй хөгжлийн эхлэл цэг болж байна”.
ELF -ийн дөрвөн үнэт зүйлийн нэг нь contribute to the community буюу хүрээлэлдээ үнэт зүйлсээ түгээх юм. Эндхийн сурагчид зөвхөн авдаг биш, өгдөг соёлд гүнзгий суралцсан нь сайн дурын үйл ажиллагаанд идэвхтэй нэгдэн оролцдог зэргээс харагдана. Тухайлбал, үе тэнгийнхэндээ тэгш боломж байгааг таниулж, “гэрэл асаах” зорилгоор тэд 21 аймаг, есөн дүүргээр тойрч, мэдээлэл хүргэх ажлыг сургуулийн багтай хамтран зохион байгуулж эхэлсэн юм. “21 мөрөөдлийн зүгт” нэртэй энэхүү үйл ажиллагааны хүрээнд ахлах ангийн сурагчид өөрсдөө орон нутгийн хүүхдүүдтэй уулзаж, дэлхийн шилдэг их сургуульд тэнцэж, элсэн суралцах нь алсын мөрөөдөл биш гэдгийг ойлгуулж, мөрөөдлөө хэрхэн бодит болгох арга замыг зааж зөвлөдөг. Өөрөөр хэлбэл, зөвхөн сургууль, багш, ажилтнууд биш, сурагчид нь хүртэл нэгдэж, элит боловсролыг иргэн бүрд хүртээмжтэй болгох боломжийг түгээхийг эрмэлздэг.
Сурагчид сонирхлоороо нэгдэн баг болж, төсөл хэрэгжүүлэхийн зэрэгцээ бие даан ELF Education группийн харьяа компаниудад ажиллах, дадлагажих боломж нээлттэй байдаг нь экосистемийн бас нэг онцлог. Нэг ёсондоо, эндхийн хүүхдүүд уламжлалт байдлаар буюу заавал сургууль төгсөөд бус төгсөхөөсөө өмнө ирээдүйд тэртээ тэргүй шаардагдах ур чадваруудад суралцаж, цаг хожиж чаддаг. Тухайлбал, Б.Солонгын туслахаар ахлах ангийн нэгэн сурагч нь ажиллаж байгаа бол тэтгэлэг авч чадсан үе үеийн төгсөгчид нь ELF Nutrition, ELF Curriculum зэрэг компанид нь ажиллаж дадлага туршлага хуримтлуулсан гээд дурдах түүх олон. Б.Солонго ч өөрөө дунд сургуульд байхаасаа л ажиллаж эхэлсэн бөгөөд өөрийн байгуулсан сургуулиуд шигээ таатай орчинд бус оёдлын үйлдвэрт туслахаар ажлын гараагаа эхлүүлж байсан юм. Тэрбээр “Манай компаниудад ажиллаж, дадлагажих явцдаа хүүхдүүд өөрийн жинхэнэ хүсэл сонирхлоо таньж, ирээдүйд юу хийх ёстойгоо мэдэж авдаг. Ер нь хүн олон зүйл оролдож үзэж байж л өөрийгөө олдог” гэв. Өнгөрсөн 10 гаруй жилийн турш тэрбээр худалдаа, үйлчилгээ, үйлдвэрлэл, барилга бүтээн байгуулалтын салбарт ажиллахдаа олон арван бизнесийг амжилтад хүргэж чаджээ. Хүнс үйлдвэрлэл, худалдаа, түгээлтийн компаниуд эзэмшиж, хэд хэдэн ресторан ажиллуулахын зэрэгцээ орон сууцны хотхоны төслүүдийг ч мөн амжилттай хэрэгжүүлсэн түүний олон төслийг нэгэн зэрэг удирдах чадвар, онцгой эрч хүчтэй байдал нь хүмүүсийн сонирхлыг өөрийн эрхгүй татдаг. Харин энэ бүхнээ “Аливаа ажлыг эхлүүлсэн л бол тултал нь хийхийг хичээдэг” хэмээн тун энгийнээр тэр тайлбарлав. Эрхзүйч мэргэжилтэй Б.Солонгыг олон төрлийн бизнес амжилттай эрхэлж ирснийг хүмүүс мэдэх ч боловсролын салбарт хөл тавихад нь гайхахгүй байж чадаагүй юм. Одоогоос найман жилийн өмнө тэрбээр “Эко гэр” цэцэрлэгийг үүсгэн байгуулснаар энэ салбартай гүн гүнзгий холбогдох эхлэлээ тавьжээ.
Эргэлтийн цэг
Хувийн бизнесүүдээ удирдаж, байнгын завгүй хэмнэлтэй амьдарч ирсэн Б.Солонго ээж болж, түр амсхийсэн нь 10 -аад жилийн өмнө. Түүний толгойд олон шинэ санаа ундарч, ажилдаа орохоор яаравчлав. Гэвч урьд урьдынхаас ялгаатай нь тэр аливааг арай өөр өнцгөөс харах болжээ. Нэг үгээр, эх хүний нүдээр. Тэрбээр Монголд хүүхэдтэйгээ очиж, цагийг хамт өнгөрүүлэх газар ховор байдгийг, эх орон нь ээжүүдэд олон талаар ээлгүй болохыг мэдэрчээ. Ингээд ээжүүдийг тухтай хооллох зуур хүүхдийг нь харж асрах үйлчилгээ, тоглоомын өрөө бүхий анхны органик ресторан “Ингрид”-ээ нээв. Үүгээр зогсохгүй, ээжүүдийн сэтгэл зүйн эрүүл мэндэд ч ноцтой асуудлууд тулгардгийг, жирэмсэн эмэгтэйчүүдэд зориулсан үйлчилгээ огт байдаггүйг анзаарсан тул ирээдүйд энэ чиглэлээр ажиллах ёстойгоо ойлгожээ. Гэхдээ энэ бүхнээс өмнө цэцэрлэгийн насанд хүрсэн охиноо сэтгэл амар үлдээгээд, ажлаа хийх цэцэрлэгийн эрэлд гарлаа. Хувийн, улсын цэцэрлэгүүдийн аль нь ч түүний санаанд нийцсэнгүй. Өдрөөс өдөрт охиных нь өөртөө итгэх итгэл, өөрийгөө илэрхийлэх байдал мэдэгдэхүйц өөрчлөгдөж, нэг л болж өгөхгүй байгааг мэдэрч л дээ. Эндээс тэрбээр Монголд сургуулийн өмнөх боловсрол орхигдсоныг, тэнд алдагдсан том орон зай үүссэнийг ойлгов. Тиймээс өөртэй нь адил олон ээжийн асуудлыг шийдэхийн тулд “Эко гэр” цэцэрлэгээ байгуулжээ.
Судалгаанд дурдсанаар хүний суурь хөгжлийн 80 орчим хувь нь тав хүртэлх насандаа шийдэгдэж, тодорхой болдгийг хүмүүс тэр бүр зөв ашиглаж чаддаггүйгээс ирээдүйн том боломжоо алдах нь түгээмэл байдаг аж. Гэтэл уламжлалт цэцэрлэгүүд зөвхөн хүүхэд асрах үйлчилгээнд төвлөрдөг нь 21 дүгээр зууны хүчирхэг иргэдийг бэлтгэхэд хангалттай бус байгааг тэр анзаарсан учраас үүнийг өөрчлөхийн тулд шилдэг сургууль, цэцэрлэгүүдтэй холбогдож, туршлага судалсаар дэлхийг бараг л тойрчээ. Өөрийнх нь хэлснээр хүрч үзээгүй газар, судалж үзээгүй хөтөлбөр ч гэж үлдсэнгүй. Ингээд бие даасан хөтөлбөр боловсруулахын тулд боловсрол судлалын мэргэжилтнүүдээс гадна хүүхдийн эмч, сэтгэл зүйч болон бусад чиглэлийн цөөнгүй экспертийг урьж, одоог хүртэл хамтарсаар байгаа бөгөөд энэ хооронд хөтөлбөрийг үр дүнтэй хэрэгжүүлэх нөү-хауг ч хуримтлуулж амжжээ. “Судалгаа, хөгжүүлэлтийн ажилд бид маш их цаг, хөрөнгө оруулалтыг зарцуулсан учраас эцсийн дүндээ сайн хөтөлбөр боловсруулж чадсан” хэмээн Б.Солонго энэ талаар тодотгож байна.
“Би бүхнийг тэгээс эхлүүлсэн. Тэг зүйлийг нэг болгох хамгийн хэцүү. Гэхдээ тэр явц дундах жижиг алхам бүр нь амттай, урамтай байдаг юм билээ”.
Гэсэн ч хэчнээн сайн хөтөлбөртэй байгаад багш түүнийг хэрэгжүүлж чадахгүй бол үр дүнгүй болдог. Сургуулийн өмнөх боловсрол хэмээх түүний хувьд цоо шинэ салбарт хөл тавиад Б.Солонго хамгийн түрүүнд багш, боловсон хүчний хүрэлцээ дутмаг, өөрчлөгдөн, хувьсаж буй нийгмийн хөгжилтэй тэд хөл нийлүүлэн алхаж чадахгүй байгааг олж харжээ. Дээр нь багшийн ажил урт хугацаанд үргэлжилдэг учраас хичээл сургалтдаа бэлдэж амждаггүй, үр дүнгээ хэмжихэд төвөгтэй байсаар ирж. Иймээс багшийн ачааллыг хөнгөвчилж, зөвхөн сургалтын үйл ажиллагаанд нь төвлөрүүлэх арга зүйг багийн хамт боловсруулсан байна.
Хүүхдүүдийн хувьд өдрийн ихэнх цагаа хамт өнгөрөөдөг учраас багш нараасаа үлгэр дууриал, урам зориг, мэдлэг, мэдээлэл, зарим тохиолдолд амьдралыг харах өнцгөө ч олж авах нь бий. Тиймээс багшийг ганц заах аргад сургах бус, амьдралын суурь философиос эхлээд ур чадвар, өргөн хүрээний мэдлэг, сэтгэл зүй гэх зэргээр олон талаас хөгжүүлэх TAP буюу Teacher Accreditation Programme хөтөлбөрийг боловсруулж, багшийн хөгжлийн академийг мөн байгуулжээ. Хөтөлбөрийн үр дүнд багш нар ажилдаа дуртай, сэтгэлтэй болохын зэрэгцээ тэднийг шаардлагагүй бичиг цаас, хурал уулзалтын ажлуудаас чөлөөлснөөр хүүхдүүдтэй ажиллах цаг нь нэмэгдэж, хүүхдийн хөгжил эрс сайжирч, эргээд сургууль, цэцэрлэгтээ явах дуртай болох зэрэг олон эерэг өөрчлөлт гарчээ. Үүнийг дагаад эцэг, эхчүүд сэтгэл амар ажлаа хийх бололцоо бүрдэж, хүүхдийнхээ сурч хөгжиж байгааг бодитоор харж, мэдэрч эхэлсэн төдийгүй хамтын оролцоо нь ч нэмэгдсэн байна.
Цаашид Б.Солонго орчин үеийн боловсролын энэхүү цогц шийдлийг зөвхөн өөрийн цэцэрлэгтээ биш, бүх хүүхдэд хүргэх хүсэлдээ хөтлөгдөн Life Tree буюу “Амьдралын мод” хэмээх сургуулийн өмнөх боловсролын бүрэн хэмжээний хөтөлбөр боловсруулжээ. Энэ хөтөлбөрийн гол зорилго нь хувийн өндөр төлбөртэй цэцэрлэгт хэрэгжүүлдэг дэлхийн хэмжээний сургалтын хөтөлбөрийг улсын болон бага төлбөртэй цэцэрлэгүүдэд хэрэгжүүлж, илүү хүртээмжтэй болгох юм. Life Tree хөтөлбөрийн хамгийн том нөү-хау бол дэлхийд шалгарч, хүлээн зөвшөөрөгдсөн сургуулийн өмнөх насны хүүхдийн хөтөлбөрүүдэд ашигладаг storytelling буюу зохиолд суурилсан арга зүйг нэвтрүүлсэн нь юм. Нэг ёсондоо, зохиолоор дамжуулан хүүхдийг шинжлэх ухаан, хэл яриа, кодинг, сэтгэл зүй, тархины хөгжил, харилцааны болон суралцахуйн ур чадвар зэрэг олон чиглэлд хөгжүүлдэг арга зүй гэж хэлж болно. Уг хөтөлбөр нь зөвхөн хүүхдийг хөгжүүлэх бус эцэг, эхийн зөв оролцоог давхар нэмэгдүүлж, гэр бүлийн боловсрол олгох хөтөлбөрийг дотроо багтаасан байдгаараа давуу талтай.
Сурагчид сонирхлоороо нэгдэн баг болж, төсөл хэрэгжүүлэхийн зэрэгцээ бие даан ELF Education группийн харьяа компаниудад ажиллах, дадлагажих боломж нээлттэй байдаг нь экосистемийн бас нэг онцлог.
Яг энэ үеэр БШУЯ сургууль, цэцэрлэгүүдийн хөтөлбөр, боловсон хүчний чанар чансааг тодорхойлох судалгаа хийх явцдаа ELF Education-ий сургуулийн өмнөх боловсролын хөтөлбөрийг онцолж, тэдний нөү-хаугаас туршлага судлахаар болсон нь төр, хувийн хэвшлийн хамтралыг эхлүүлжээ. Ингээд ELF Curriculum компани 2022 оноос улсын цэцэрлэгүүдтэй хамтран Life Tree хөтөлбөрөө нэвтрүүлэх ажлыг эхлүүлэв. Хэдий хувийн салбарт амжилттай хэрэгжсэн хөтөлбөр ч гэлээ улсын цэцэрлэгүүдэд нэвтрүүлэх ажил нь юу болох талаар төсөөлөл тухайн үед Б.Солонгод огт байгаагүй ч, яг цагаа олж энэ салбарт орсон мэт мэдрэмж төржээ. Харин үр дүн нь төсөөллөөс давж, ELF -ийн үйл ажиллагааг гараа өргөн дэмждэг багш, эцэг, эхчүүдийн төлөөлөл улсын цэцэрлэгүүдэд олноороо бий болсон юм. “Life Tree хөтөлбөр маань 2000 гаруй хүүхдэд хүрээд байна. Шинэчилсэн хөтөлбөрийн хувьд хамгийн олон хүнд хүрч чадсан гэсэн үг. 2025 он гэхэд бид уг хөтөлбөрөө улс даяар хэрэгжүүлдэг болно гэсэн том амбицтай ажиллаж байна. Ямар ч хөтөлбөр хүүхдийг хөгжүүлэх нэг л зорилготой байдаг. Манай хөтөлбөрийн хувьд Монгол Улсын боловсролын салбарын үсрэнгүй хөгжлийн эхлэл цэг болж байна” хэмээн тэрбээр итгэлтэй өгүүллээ.
Өдгөө ELF Education групп эх орондоо амжилттай хөгжүүлж, хэрэгжүүлж буй Life Tree болон College prep хөтөлбөрүүдээ олон улсын зах зээлд гаргахаар төлөвлөж байна. Тодруулбал, 2025 он гэхэд Ази тивд салбар цэцэрлэгүүдээ нээж, цааш тив алгасан үйл ажиллагаагаа өргөжүүлэх ажлыг холбогдох байгууллагуудтай хамтран хэдийнэ эхлүүлээд байгаа юм. Хэрэв энэхүү оюуны экспортыг эхлүүлж чадвал Монголоос олон улсад гарч буй анхны сургуулийн өмнөх боловсролын хөтөлбөр болж, салбартаа цоо шинэ хуудас нээнэ.
“Аливаа улс орны ирээдүй залуу үеэс шууд хамаардаг. Хэрэв үнэхээр өөрчлөлт авчрахыг хүсэж байгаа бол хүүхдүүдээс л өөрчлөлтийг эхлүүлэх ёстой. Хүүхдүүдээ өөрчилье гэвэл боловсрол, эрдэм мэдлэг эзэмшүүлэх хуучирсан арга барилаа өөрчлөх ёстой. Тэгж байж л бид том үр дүнд хүрнэ” хэмээн Б.Солонго хэлж байна. Тиймээс ч ELF Education групп өөрсдийн хөгжүүлсэн сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын хөтөлбөрүүдээ зөвхөн ELF сургууль, цэцэрлэгүүдэд хэрэгжүүлэх бус бусад сургууль, цэцэрлэгт нэвтрүүлж, хэрэгжүүлэх, цаашлаад улс орон даяар түгээх ажлыг идэвхтэй хийж буй. “Сургуулиуд сайн туршлагаа хоорондоо солилцож, бие биеэсээ суралцах ёстой гэж би боддог. ELF сургуулиуд маань туршлагаа бусадтай нээлттэй хуваалцах, хамтрах зарчмаар ажиллаж, бий болгосон үнэ цэнээ түгээдэг. Ер нь боловсролын салбарынхан хоорондоо өрсөлдөх бус хамтардаг байх ёстой” гэж үздэгээ Б.Солонго хуваалцлаа.
Технологи бол ирээдүй
Дэлхийн хүн амын нэг хувь л авч чаддаг элит боловсролыг бүх нийтэд хүртээмжтэй болгох нь ELF -чүүдийн алсын хараа. Энэхүү урт хугацааны зорилгодоо хүрэхэд тэдний гол тулах цэг нь технологи байх юм. Өнгөрсөн хугацаанд группийн хэмжээнд хэрэгжүүлж буй төслүүдийнхээ зөвхөн технологийн хөгжүүлэлтэд гурван тэрбум төгрөг зарцуулсан зэргээс эдний үйл ажиллагааны томоохон хэсэг бол технологи гэдгийг хангалттай харж болно. Нөгөө талаар, ELF сургуулиудыг яг л технологийн компани шиг ажилладаг ч гэж болно. Б.Солонго “Бид үйл ажиллагаандаа технологийн дэвшлийг хүчтэй нэвтрүүлж байна. Технологи гэдэг хүн бүрт байх ёстой суурь чадвар болчихлоо. Хүүхдүүдийг багаас нь дижитал хэрэглээнд зөв хэвшүүлж, хорих бус зүй зохистой хэрэглүүлэх, төрөл бүрийн апп, дижитал хэрэгслүүд (tools) ашиглан үр дүн гаргах, өөрт хэрэгтэй мэдээ, мэдээллийг олж авах чадварт сургах нь чухал. Хүн бол технологийн эзэн болохоос боол нь биш. Технологийг хэн илүү эзэмшиж чадна тэр хүн өөрийн бүтээмжийг хэдэн 100 дахин нэмэгдүүлнэ. Цаашид хэрэгжүүлэх хөтөлбөрүүд маань ч ийшээ чиглэнэ” хэмээв. Монголын анхны хайбрид буюу хосолсон сургалттай сургууль болохоор зорьж буй нь ч уг итгэл үнэмшилтэй нь холбоотой. Энэ хүрээнд багш, сурагчдадаа зориулан долоо хоногийн хоёр өдрийг зайнаас буюу байгаа газраасаа хичээллэх боломжийг бий болгохоор хөгжүүлэлтийн ажилдаа оржээ. Яваандаа уг модель хэрэглээнд хэвшмэгц орон нутгийн хүүхдүүдэд ч хүргэхээр төлөвлөсөн бөгөөд ирэх жилүүдэд хосолсон сургалттай сургуулиудын тоог нэмэх зорилготой ажиллаж байна.
“Технологийг хэн илүү эзэмшиж чадна тэр хүн өөрийн бүтээмжийг хэдэн 100 дахин нэмэгдүүлнэ. Цаашид хэрэгжүүлэх хөтөлбөрүүд маань ч ийшээ чиглэнэ”.
Дэлхий ертөнц бүхэлдээ дижитал орчинд шилжиж буй өнөө цагт хүүхдүүдийн анхаарал ч энэ зүгт төвлөрөх болсон. Тиймээс ELF Education групп Tiny Battle хэмээх аппликэйшн хөгжүүлж, хүүхдүүд тоглоом тоглож, хоорондоо “тулалдангаа” математик, англи хэл, түүх, кодинг зэрэг хичээлийн мэдлэгээ тэлэх боломжийг нээж өгчээ. Мөн сургалтын үйл ажиллагаандаа технологийн ололтуудыг нэвтрүүлснээр сурагчид бичсэн эсээгээ хиймэл оюунд суурилсан технологийн тусламжтай сайжруулах болсон юм. Үүний зэрэгцээ төрөл бүрийн дижитал хэрэгсэл ашиглан контент бүтээж үе тэнгийнхэндээ хүргэх боломжтой платформыг ч тэд хөгжүүлжээ. Түүнчлэн код бичихээс эхлээд технологийн суурь чадваруудыг олгох зорилгоор байгуулсан “Бит академи” -ийнхаа хөтөлбөрийг илүү гүнзгий түвшний, нарийн мэдлэг олгох хичээлүүдээр баяжуулж байна.
Дэлхийн хүн амын нэг хувь л авч чаддаг элит боловсролыг бүх нийтэд хүртээмжтэй болгох нь ELF -чүүдийн алсын хараа.
Гэхдээ хүүхдүүдийг хүчирхэгжүүлэх төлөвлөгөөнийх нь амин чухал хэсэг бол багш, ажилтнууддаа эрүүл мэнд, оюуны хувьд хөрөнгө оруулж, хөгжүүлэх гэдгийг ELF -ийнхэн сайн мэднэ. Иймээс ч ELF Hearts аппликэйшныг хөгжүүлж, дотоод үйл ажиллагаандаа ашиглаж эхэлжээ. Энэ нь багш, ажилтнуудын сэтгэл зүй болон эрүүл мэндийн тэнцвэрийг хадгалах, эерэг дадал зуршил суулгах, тав тухтай ажиллах нөхцөлийг бүрдүүлэхэд чиглэсэн платформ юм. Өдгөө ELF сургуулиудын багш нар энэхүү аппликэйшныг ашиглан өглөөг талархлаар эхлүүлж, тодорхой асуулгууд бөглөж сэтгэл зүйн эрүүл мэнддээ анхаарахаас гадна бясалгал хийх, ном унших, дасгал хийх зэрэг дадлыг хэвшүүлснийхээ хариуд кофе, өдрийн хоол, мөнгөн урамшуулал авдаг. Энэ бүхний хажуугаар удирдлагууд багш, ажилтнууддаа итгэл үнэмшил, үнэт зүйлээрээ үлгэрлэх нь юу юунаас илүү чухал гэдгийг Б.Солонго онцолсон юм. Тэрбээр үргэлжлүүлэн “Тухайн байгууллагад удирдлагын итгэл үнэмшил энерги шиг шууд л тардаг. Тийм болохоор би ямар ч тохиолдолд өөрийн байр сууриас ухралгүй, үнэт зүйлийнхээ төлөө хатуу зогсдог. Үг үйлдлээ тэнцүүлж, хэлсэн ярьснаа бодитоор хийж, үлгэрлэхийг хичээдэг. Манай хамт олон бол үнэт зүйлээрээ нэгдсэн хүмүүс. Бүгд л боловсролын салбарт шинэчлэл хэрэгтэйг ойлгож, ирээдүйд бий болгох үнэ цэнээ харж чадсан учраас ELF гэр бүлд нэгдсэн хүмүүс бий” хэмээв.
“Боловсролын салбарт ийм залуу хүн удирдлагаар ажиллаж байна гэж тэдний санаанд буудаггүй. Зузаан нүдний шилтэй, судлаач байрын хүн орж ирнэ гэсэн хүлээлт давамгайлдаг шиг байгаа юм”.
ELF сургуулиудын захирлаар залуу эмэгтэйчүүд голдуу ажилладаг. Тэдний дунд Gen-Z үеийн төлөөлөл ч бий. Олон жилийн туршлагыг үнэлэх уламжлалт хандлага давамгайлдаг боловсролын салбарт энэ алхам бас л шинэ үзэгдэл. Удирдлагын түвшинд ажиллах хүн сонгон шалгаруулахдаа бүх ажилтныхаа дунд нээлттэй зохион байгуулдаг бөгөөд хүссэн хэн ч өрсөлдөх боломжтой. “Манлайллын ур чадварыг хүн суралцаж болдог. Гол нь тухайн хүн потенциалтай, ажилдаа дуртай, сэтгэлтэй, зүтгэлтэй байна уу гэдэг л хамгийн чухал. Бид хүн бүрт тэгш, шударга ханддаг. Хэрэв тухайн ажилтан байгууллагадаа үнэхээр үнэ цэн авчирч чадвал бид ч бас өгөхөд, гараа сунгахад хэзээд бэлэн ажилладаг. Энэ систем маань өөрөө ил тод учраас ELF Education хүн бүрийн ажиллахыг хүсдэг байгууллага болж хөгжсөн байна”.
Ийн ярьсан Б.Солонго тод ягаан пиджак, цагаан өмд, ягаан сникерс хослуулан өмсчээ. Ер нь тод, гэгээлэг өнгөөр тэр хувцаслах дуртай бөгөөд сэтгэл санааг өргөж, эрч хүчтэй ажиллахад нөлөөлдөг хэмээн тайлбарлаж байна. Түүнийг дэлхийн томоохон боловсролын байгууллагуудтай холбогдож, биечлэн уулзах үед нь анхлан дээрээс доош гүйлгэн харсан тохиолдол цөөнгүй. “Боловсролын салбарт ийм залуу хүн удирдлагаар ажиллаж байна гэж тэдний санаанд буудаггүй. Зузаан нүдний шилтэй, судлаач байрын хүн орж ирнэ гэсэн хүлээлт давамгайлдаг шиг байгаа юм” хэмээн Б.Солонго хэлээд инээж байна. Өнгөрсөн хугацаанд тэрбээр боловсролын салбарт эхлүүлсэн зоригтой шинэчлэлийнхээ хариуд ихээхэн шүүмжлэлд өртөж, уламжлалыг сөрснийхөө төлөө харьцуулж, жишсэн том “хана”-тай нүүр тулж байв. Гэвч энэ бүхнийг үл харгалзан урт хугацаанд ирэх үр дүн, ирээдүйн үнэ цэнийг харж чадсан учраас зайлшгүй тохиох бэрхшээл гэж үзээд өмнөх ажилдаа л юу юунаас илүү анхаарч иржээ.
Хүмүүс түүнээс ингэж их эрч хүчтэй ажилладгийнх нь нууцыг байнга асуусаар ирсэн юм. Харин тэрбээр “Ирээдүйд хүрсэн байх үр дүнгээ төсөөлж, утга учир, үнэ цэнийг нь мэдэрдэг учраас өглөө босохдоо ч өөдрөг, эрч хүчтэй орноосоо өндийдөг. Магадгүй өөрийгөө сайн сонсож, ойлгож чаддаг маань энэ бүх ажлыг төвөггүй амжуулахад нөлөөлдөг байх. Би их азтай. Амралтын өдөр ч жаргаж хийх утга учиртай ажил, жинхэнэ сонирхлоо олсон маань том давуу тал” гэж хариулав.
“Энэ салбар өөрөө ашиг олдог болох ёстой. Тэгж байж л хөгжинө, бас шилдэг мэргэжилтнүүд ирж ажиллана, цаашлаад үндэсний том компаниуд хөрөнгө оруулалт хийнэ”.
Сүүлийн 20 гаруй жил олон салбарт цөөнгүй бизнесийг амжилттай босгосон тэрбээр боловсролын салбарыг зөвхөн энэ салбарын мэргэжлийн хүмүүс хөгжүүлэхгүй, харин ч бизнес эрхэлж, алдаж онож үзсэн, аливааг олон талаас харж, бизнес загварт оруулж чаддаг, чөлөөт сэтгэлгээтэй хүмүүс л өөрчилж чадна гэж үздэгээ илэн далангүй ярилаа. Гэвч боловсролын салбарт хийсэн хөрөнгө оруулалтын өгөөж хожуу гардаг, маржин багатай, ажиллагаа ихтэй учраас үндэсний томоохон компаниуд, бизнес эрхлэгчид төдийлөн сонирхдоггүй. Харин Б.Солонго тэднийг энэ салбарт хөл тавиасай гэж хүсдэг. Тиймдээ ч ELF Education группийн харьяа ELF сургуулиудаа сошиал энтерпрайз хэлбэрээр авч явахын сацуу боловсролын салбарт бизнес хийж болдгийг өөрөөрөө үлгэрлэн харуулахыг зорьжээ. “Энэ салбар өөрөө ашиг олдог болох ёстой. Тэгж байж л хөгжинө, бас шилдэг мэргэжилтнүүд ирж ажиллана, цаашлаад үндэсний том компаниуд хөрөнгө оруулалт хийнэ” гэлээ.
“Нөгөө талаар, Б.Солонго гэж хэн бэ?” гэдгийг хоёрхон өгүүлбэрээр тодорхойлъё гээд тэрбээр “Би бүхнийг тэгээс эхлүүлсэн. Тэг зүйлийг нэг болгох хамгийн хэцүү. Гэхдээ тэр явц дундах жижиг алхам бүр нь амттай, урамтай байдаг юм билээ” хэмээн ярианыхаа эхэнд биш төгсгөлд хэлсэн юм. Үргэлж шинэ зүйл хийж байгаагаа мэдрэх нь өдгөө гурван хүүхдийн ээж болоод буй түүний хувьд эрч хүчтэй урагшлах гол хөшүүрэг болсоор иржээ. Тиймээс залуучуудыг аль болох инновацлаг зүйл хийж, том мөрөөдөж, өөрөөр сэтгэхийг, шинийг эрэлхийлэхийг, тэгээд мөрөөдлийнхөө төлөө үйлдэл хийгээсэй гэж хүсдэг. Учир нь туулсан түүх, бүтээж буй ирээдүйгээ тэр яг л энэ зарчмаар бий болгож, уламжлалыг эвдэх ELF төлөвлөгөөгөө улам бүр төгөлдөржүүлсээр байгаа билээ.
– Business.MN сэтгүүлийн 2023 оны 05 сарын дугаар (№54) -ын ковер нийтлэл –
Энэ группийн үйл ажиллагааг Монгол даяараа дэмжиж хөгжүүлээсэй. Ялангуяа хөдөө орон нутагт хүүхдүүдийн оюуны хөгжлийг дээшлүүлж суралцах орчин сайжруулснаар тэд сонирхолтой тухтай орчинд мэдээллийг маш идэвхтэй хүлээн авч оюуны потенциал нь нэмэгдэнэ гэж итгэж байна.