Компанийн стратеги, бизнес төлөвлөлтийг хэрэгжүүлэхэд олон хүчин зүйл нөлөөлдөг. Тэдгээрийн дотроос энэ удаагийн нийтлэлээр санхүүжилтийг онцолж байна. Ирэх жилүүдийн бизнес төлөвлөлтийг зохиож, олон төсөл хөтөлбөр хэрэгжүүлдэг ч, дараа нь гүйцэтгэлийн хувь анх бодож байснаас доогуур байх тохиолдол олон. Ихэнх нь шалтгаан нь санхүүжилтийн дутмаг байдал.
Тэгвэл мөнгөн эх үүсвэрийг бий болгох хэд хэдэн арга бий:
- Эзний хөрөнгө оруулалт,
- Банк, санхүүгийн байгууллагын зээл,
- Хувьцаа, бонд гаргаснаас орох хөрөнгө оруулалт,
- Илүүдэл хөрөнгөө борлуулсны орлого,
- Үндсэн үйл ажиллагаанаас олох ашгаа эргүүлэн бизнестээ оруулах гэх мэт.
Дээрх аргуудыг өөрөө удирдан, хэрэгжүүлэх боломжоор нь ангилан харвал хамгийн боломжтой нь үйл ажиллагаанаас олох ашгаа эргүүлэн бизнестээ оруулах арга юм. Цэвэр ашгийн томьёогоо эргэн саная.
Борлуулалтын орлого – Борлуулсан бүтээгдэхүүний өртөг- Бүх зардал=Цэвэр ашиг |
Дээрх ялгаврын утга:
- бизнестээ хөрөнгө оруулах дүнгээс багагүй байлгах талаар,
- хамгийн боломжит хэмжээнд их байлгах талаар бизнес эрхлэгчид бодож, тунгааж, туршиж байдаг.
Ялгаврын утгыг их байлгах хоёр арга байна. Үүнд:
- Хасагдагч буюу борлуулалтын орлогын дүнг нэмэгдүүлэх,
- Хасагч буюу өртөг, зардлуудыг боломжит хэмжээнд хүртэл бууруулах,
Эхний аргыг зах зээлийн боломжууд ихтэй, нийш зах зээл ихтэй, хэрэглэгчийн эрэлт хэрэгцээ өсөж байгаа тохиолдолд ашиглахад тохиромжтой бол, зах зээлийн ихэнхэд нэвтэрсэн, эзлэх хувь өндөртэй, боломжууд хязгаарлагдмал, хэрэглэгчийн эрэлт хэрэгцээ буурч байгаа эсвэл ханасан тохиолдолд хоёр дахь аргыг хэрэглэнэ.
“Борлуулалтын орлогоо өсгөн нэмэгдүүлснээр үйл ажиллагааны ашгаа нэмэгдүүлж, бизнестээ хөрөнгө оруулах арга”
Компани борлуулалтыг өсгөн нэмэгдүүлэхэд бүтээгдэхүүн, үйлчилгээг хэрэглэгчдийн хэрэгцээнд илүү нийцүүлэх, чанар стандартыг хангах, харилцагчийн үйлчилгээгээ сайжруулах, тогтоон барих хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх, давтан худалдан авалтыг урамшуулах, борлуулалтын ажилтнуудаа дадлагажуулах, сургах гээд олон арга хэрэглэдэг. Эдгээрийн дундаас борлуулалтын баг болон ажилтнуудад “ДАДАЛ” бий болгох нь байнгын тасралтгүй орлогыг нэмэгдүүлдэг. Зөвлөхүүдтэй ажиллаж байх хугацаанд компанийн удирдлага, ажилтнууд өөрчлөгдөж, урам зоригтой урагшилдаг. Гэвч зөвлөх үйлчилгээ дууссаны дараа өөрчлөлт саарсаар, нэг жилийн дараа ихэнх нь тэр үедээ гацсан эсвэл буцаад хуучин байдалдаа очдог тохиолдол цөөнгүй.
Тиймээс борлуулалтын ажилтнуудад дараах дадлыг бий болгож чадвал борлуулалтын багаар дамжин асуудлууд аажмаар сайжрах боломжтой Дадлыг хэрхэн бий болгох вэ? Борлуулалтын ажил асдаг, унтардаг ажил биш тасралтгүй үргэлжилж байх ёстой.
- Эхлэл
Борлуулалтын багийн ахлагчаас эхэлнэ. Борлуулалтын багийн ахлагч өөртөө, борлуулж байгаа бүтээгдэхүүндээ, бүрдүүлсэн багтаа 100% итгэдэг байх. Хэрэв хуучин багийг удирдаж эхэлж байгаа бол шинэчлэх боломж, эрх мэдлийг олгох хэрэгтэй. Борлуулалтын багийн ахлагчаар алсын хараатай, сэдэлжүүлэгч, даалгавруудыг болон хүмүүсийг хооронд нь холбож чаддаг, нэгтгэх, нийцүүлэх чадвараар бусдаас онцгой нэгнийг сонгох шаардлагатай.
- Ажиллах, үр дүнгүүдийг гаргах
Багт ажиллах боломжийг гаргахад багийн ахлагч багаа хэмнэлтэй удирдана. Хэмнэлийг бий болгохдоо багийг 3, 7, 14, 30, 60, 90 хоногоор бага багаар ахиулан дасгалжуулж, сургана. Энэ үед багийн гишүүдийн суурь үзэл баримтлал, хүмүүжиж, ажил хийж эхэлснээс үүсэж, суусан дадал маш чухал байдаг. Эдгээрийг бүгдийг нарийн мэдэрч удирдахад багийн ахлагчийн ур чадвар маш чухал. Жишээ нь, бага балчир наснаасаа ямар нэг зүйлээр тасралтгүй, тогтмол хичээллэсэн хүнд шинэ дадал суулгахад хялбар.
Мөн багийн эзэн буюу компанийн шийдвэр гаргах дээд албан тушаалтан багийн эрх мэдэл, ажлын хариуцлага, шахалт болон дэмжлэгийг тэнцвэржүүлэн удирдах ёстой. Жишээ нь, үйлчлүүлэгчтэй кофе уух төсвийг батлах, багийн уулзалтуудад өөрөө оролцож шийдвэрүүдийг шуурхай гаргаж өгөх, зарим тохиолдолд багийн гүйцэтгэлийг илүү эрчимжүүлэх шахалтуудыг үзүүлэх гэх мэт.
Энэ үед л борлуулалтын баг үр дүнтэй ажиллаж, хоорондын ойлголцол сайжирч, баг нягтарч эхэлнэ. Буруу удирдаж эхэлбэл үр дүн байхгүй, асуудал, “хэл ам” үүсэж, баг задрахад хүрдэг.
Борлуулалтын багт дадал бий болгоход хамгийн том хөшүүрэг бол “борлуулалтын үзүүлэлтүүд” байдаг. Компанид нэн тэргүүнд сайжруулах шаардлагатай борлуулалтын үзүүлэлтүүдээр дадлыг бий болгож болдог. Жишээ нь, Б компанийн харилцагч нарын давтан худалдан авалт муу байгаа бол багийн гишүүн бүр өдөрт хоёр удаа хуучин харилцагч нартай утсаар ярьж болно. Үүнийг 3, 7, 14, 30, 60, 90 хоногоор давтахад юу өөрчлөгдөх вэ? Танай компани таван борлуулалтын ажилтантай бол 14 хоногийн дараа 140 харилцагч танай давтан худалдан авалтын талаарх мэдээллийг хүлээн авсан байна. Үүний 20 хувь нь л давтан худалдан авалт хийхэд 28 харилцагч давтан худалдан авалт хийсэн байна. Ингэж хуучин харилцагчаа халамжлах дадал бий болгохын зэрэгцээ борлуулалтаа өсгөнө.
- Төгсгөл, сайжруулалт, шинэ эхлэл
Энэ үед өмнөх үзүүлэлтүүд сайжирснаар компанид, багт, хувь хүнд өгөөж өгсөн байхаар тохируулгуудыг хийнэ.
- Компанид борлуулалт өсөж, ашигт ажиллагаа сайжирсан,
- Баг хамтран ажиллаж, шинэ сорилтуудын ард гарч нягтарч нэгдсэн, хүсэл тэмүүлэл, алсын хараа, зорилгоо ойлгож, ухамсарлаж нэгдсэн, ямар ч асуудал үүссэн тодорхойлж шийдэх чадамжтай, нээлттэй, харилцан туслах, бие биеэ дэмждэг харилцаа бий болсон байна.
- Хувь хүний хувьд өсөж хөгжсөн, итгэлцэл бий болсон, зорилгодоо чиглэх, олон арга замыг олж тодорхойлох, цаг хугацааг мэдэрч, анхаарах, алдаагаа илрүүлж сайжруулах ур чадвар төлөвшиж өөдрөг үзэлтэй болсон байдаг. Мөн дараагийн даалгавартаа төвлөрөх нь сайжирсан байдаг.
Дараагийн шатанд шилжихийн өмнө сайжруулалтуудыг хийж, компанийн борлуулалтын асуудлуудыг алхам алхмаар цэгцэлж шийднэ. Зөв, иж бүрэн төгсгөл, сайжруулалт, шинэ эхлэл бол багт бий болгох дадал юм.
Борлуулалтын гүйцэтгэлийг ахисан түвшинд гаргах төлөвлөгөөг хэрэгжүүлэх үед хэрэглэгчийг компанитай холбож байгаа борлуулалтын багийн гүйцэтгэл эрчимжиж эхэлснээр борлуулалтын орлого, ашиг өсөх төдийгүй нэгжүүдийн хамтын ажиллагаа, уялдаа холбоо, харилцан ойлголцол сайжирна. Бүтээгдэхүүн, үйлчилгээний чанар, стандарт сайжрах, хэрэглэгчдийн сэтгэл ханамж өсөх, давтан худалдан авалт нэмэгдэх гээд олон давуу тал үүсдэг. Ерөн өдрийн төлөвлөгөөг жилдээ хоёр удаа давтан хэрэгжүүлж чадвал компанийн борлуулалт тасралтгүй сайжрах ба эзэд, гүйцэтгэх захирал хөтөлбөрийг хэрэгжүүлэгч нь байна. Дадал бий болгох өдрийг сонгохдоо 3, 5, 7, 14, 30, 60, 90 гэх мэтчилэн бага багаар уртасгаж дасгалжуулах нь хамгийн тохиромжтой.
Содура консалтинг ХХК 2023 он