Ковидын эсрэг хориг, хязгаарлалтаа БНХАУ цуцлаад долоон сар өнгөрөхөд тус улсын эдийн засаг төсөөлснөөс удаан өсөж, удаашралд ороод буй нь хямрал руу ойртож байна гэх болгоомжлолыг төрүүлж байна.
БНХАУ-ын ДНБ-ий өсөлт удааширч буйг долоодугаар сард зарласан бөгөөд дөрөв орчим хувьд тогтворжихоор төлөвтэй байгаа нь тус улсын сүүлийн 20 жилийн гайхалтай өсөлттэй харьцуулахад тун муу үзүүлэлт юм.
Эдийн засгаа сэргээх ямар нэг арга хэмжээ авахаас Бээжин өнөөг хүртэл татгалзсаар байгаа бөгөөд тааруухан эдийн засгаа өөд нь татахын тулд ямар бодлого баримтлах нь ч тодорхойгүй хэвээр байна. Энэ сарын эхээр Хятадын Ардын банк бодлогын хүүгээ сүүлийн гурван сард хоёр дахь удаагаа бууруулав.
Хятадын эдийн засаг үнэхээр сүйрэл рүүгээ явж байна уу? Доор дурдах шинж тэмдэг нь тус улсын өсөлтийн хурд үгүй болсныг илэрхийлэхээс гадна ажиглагчдын санааг зовоож байна.
- Залуучуудын ажилгүйдэл их
Сүүлийн хоёр арваны эдийн засгийн үсрэнгүй хөгжил нь Хятадад шинэ чинээлэг давхаргыг үүсгэж, олон мянган иргэний амьдрах нөхцөл байдлыг сайжруулсан юм. Өнгөрсөн жил тус улс 800 сая иргэнээ ядуурлаа ангижруулсан талаар зарласан билээ.
Гэвч Хятадын ард түмэн болон Хятадын коммунист намын хоорондох нийгмийн бичигдээгүй гэрээ (ардчилсан бус системийг хүлцсэний хариуд эдийн засгийн хөгжилд хүрэх) саяхнаас зөрчигдөж, энэ жил ажилгүй залуусын тоо үлэмж хэмжээгээр өссөн байна.
Тус улсад 16-24 насны ажилгүй залуусын тоо зургаадугаар сард 20 гаруй хувийг давж, түүхэн дээд амжилт тогтоосны дараа БНХАУ залуучуудын ажилгүйдлийн статистик үзүүлэлтийг танилцуулахаа зогсоохоор шийдсэн юм. Тус улсад ажилгүйдлийн ерөнхий түвшин өнгөрсөн сард 5,3 хувь байв.
2. Сул юань, аюулт дефляци
Хятад юанийн ханш өнгөрсөн долоо хоногт сүүлийн 16 жилийн хамгийн доод түвшинд хүрсэн нь дэлхийн хоёр дахь том эдийн засгийн төлөвийн талаар хөрөнгө оруулагчдыг санаагаа чилээхэд хүргэв.
Юанийн үнэгүйдлээс гадна улсынх нь эдийн засаг албан ёсоор дефляцид орсон гэдгийг Хятадын Статистикийн үндэсний хороо зарлаад байна. Учир нь хэрэглэгчийн үнийн индекс өнгөрсөн долоодугаар сард жилийн өмнөхтэй харьцуулахад 0.3 хувиар унасан нь сүүлийн хоёр жилийн анхны бууралт болов.
Коронавирусийн эсрэг бодлогоо албан ёсоор цуцалснаас хойш тус улсын эдийн засаг өндөр хурдаар сэргэж байсан ч дотоодын зарцуулалт удааширсны улмаас өнгөрсөн дөрөвдүгээр сараас эхлэн өсөлт нь зогсонги байдалд орж эхэлсэн.
АНУ зэрэг Барууны улсууд үүний эсрэг бэрхшээл буюу хэт өндөр инфляцтай тэмцэж байгаа бол Хятадын хувьд дефляци нь худалдаа, борлуулалт, үйлдвэрлэл сулрахын дохио болно. Эрэлт буурснаар барааны үнэ дагаад буурч байна.
Түүнчлэн тус улсын худалдаа эргэлт өнгөрсөн сард төсөөлснөөс илүү хүчтэй буурав. Тухайлбал, жилийн өмнөхтэй харьцуулахад импорт 12.4 хувь, экспорт 14.5 хувиар багассан дүнтэй байна. Хятад барааны эрэлт олон улсад буурч байгааг энэ тоонууд харуулж буй.
Хятадын хөрөнгийн зах зээл бүр ч их асуудалтай байна. Өнгөрсөн баасан гарагт Хонконгийн Hang Seng Index баавгай зах зээл рүү шилжиж, үнэлгээ нь нэгдүгээр сарын оргил үетэй харьцуулахад 20 гаруй хувиар буурав.
3. Үл хөдлөхийн хямрал
Сүүлийн хэдэн арваны турш бүүм болж, эдийн засгийнх нь дөрөвний нэгээс илүү хувийг эзлэх болсон Хятадын үл хөдлөх хөрөнгийн салбар цар тахлаас хойш сэхэл авах шинжгүй, харин ч улам гүнзгий хямралд орж байна.
Сүүлийн жилүүдэд эдийн засгийн өсөлт хөгжлийн түүчээлэгч болж байсан үл хөдлөхийн төсөл хэрэгжүүлэгчид (гэхдээ асар их өртэй) нь 2020 оноос хүчин төгөлдөр болсон зээлжилттэй холбоотой шинэ хуулийн улмаас бэрхшээлтэй тулгарав. Уг хууль нь орон сууцны зах зээлийн хурдыг сааруулах, хэт хөөсрөлөөс сэргийлэх зорилготой байсан юм.
Үүний улмаас төсөл хэрэгжүүлэгчид олон жил үргэлжилж буй барилгын төслөө санхүүжүүлэхийн тулд эрсдэлтэй зээл авч, улмаар хөрөнгө оруулагч нарт зээлээ төлөх чадваргүй болж ирэв.
Үүний тод жишээ нь үл хөдлөхийн борлуулалтын хэмжээгээр Хятад улсдаа хамгийн томд орох Country Garden үл хөдлөхийн компани болон 2022 оны эцсийн байдлаар 87 тэрбум ам.долларын санг удирдаж байсан хөрөнгө оруулалтын Zhongrong Trust компаниудын санхүүгийн таагүй байдал юм.
Тодруулбал, энэ сарын эхээр 22.5 сая ам.долларын купоны төлбөрөө хийж чадаагүй Country Garden компани дефольт зарлахад ойрхон ирээд байна. Харин Zhongrong Trust компани хөрөнгө оруулагч нарт 15 сая ам.долларын төлбөрийг хугацаандаа хийж чадаагүй тухай мэдээлэл гарснаар хөрвөх чадварын эрсдэл энэ салбарт үүсэх, улмаар энэ нь Хятадыг хамарсан эдийн засгийн хямралыг дэгдээж магадгүй гэсэн айдсыг дагууллаа.
4. Орон нутгийн засаг захиргааны өр нэмэгдэв
Зах зээл нь удааширснаар үл хөдлөхийн компаниуд хүндхэн байдалд байгаа бол хот, мужууд нь газрын худалдаанаас алдагдал хүлээж эхлэв. Энэ нь өрийн хэмжээ цаашид нэмэгдэх аюулыг дагуулж байгаа юм. Өрийн хэмжээ нэмэгдэх нь Хятадын Төв банканд дарамт учруулж, төрийн үйлчилгээг сайжруулах хот, мужуудын чадамжид сөргөөр нөлөөлж болзошгүй. Энэ нь цаашид санхүүгийн хямралын эрсдэлийг өсгөх магадлалтай билээ.
Газрын худалдаа, борлуулалт нь хот, мужуудын орлогын 40 орчим хувийг бүрдүүлдэг. Хятадын засгийн газрын өрийн үлдэгдэл өнгөрсөн жил 123 их наяд юань буюу 18 их наяд ам.доллар байсан. Үүний бараг 10 их наяд ам.доллар нь “нуугдмал өр” буюу хот, мужуудын баталгаатай санхүүгийн платформуудын санхүүжүүлсэн орон нутгийн засаг захиргаанд хамаарах өр юм.
5. Хүн ам зүйн дарамт
БНХАУ олон зууны турш дэлхийн хамгийн олон хүн амтай улс байсан бол өнгөрсөн дөрөвдүгээр сард эл дээд амжилтаа Энэтхэг улсад алдсан билээ.
Асар их ажиллах хүчнийхээ хүчээр эдийн засгаа хөгжүүлсэн Хятад улсын хувьд энэ бол муу мэдээ юм. Тус улсын хүн амын өсөлт буурч буйгаас гадна ирэх жилүүдэд хүн амын тоо нь хурдтай багасах магадлалтай гэж Вашингтонд төвтэй Brookings Institute ашгийн бус байгууллага мэдээлсэн.
“2011 онд 900 сая болж оргилдоо хүрсэн ажиллах насны хүн амын тоо энэ зууны дунд үе гэхэд 700 сая болж бараг 25 хувиар буурна. Эдгээр хүмүүс нь өнөөдөр 200 сая орчим байгаа ч ирэх жилүүдэд 500 сая болж нэмэгдэх 60-аас дээш насны иргэдийг тэжээх үүрэг хүлээнэ” гэж тус байгууллагын судалгаанд дурджээ.
Өөрөөр хэлбэл, хүн ам зүйн асуудлын улмаас Хятад улс цөөн тооны ажиллах хүчтэй, харин илүү олон тэтгэврийн насны иргэдийг халамжлах ёстой болно.
Хятадын эдийн засаг эргэн сэргэх үү?
“Итгэлтэй хэлэх боломжгүй, гэхдээ эдийн засаг арай бага өсөлт дээр тогтворжино гэсэн магадлал их байна. Нэг талаас, эдийн засгийг сэргээх богино хугацааны хөшүүрэг арга хэмжээ болон нөгөө талаас үл хөдлөх хөрөнгө болон хэт их өрөөр санхүүжүүлдэг өсөлтийн моделийн хоорондох тэнцвэрийг барих гэж Бээжин хичээж байна. Тийм учраас Бээжин эдийн засгаа сэргээх өндөр үнийн дүнтэй арга хэмжээг хэрэгжүүлэх гэж яарахгүй байгаа юм. Гэхдээ эдийн засгаа сайжруулахад чиглэсэн бодлого хэрэгжүүлэх нь гарцаагүй” гэж Asia Society Policy Institute-ийн Center for China Analysis-ийн судлаач Гуонан Ма “Newsweek”-т өгсөн ярилцлагадаа дурдсан.
Brown Brothers Harriman-ий зах зээлийн стратеги хариуцсан тэргүүн Вин Тиний өгүүлж буйгаар Хятад улс одоогийн байдлаар хязгаарлагдмал хэмжээний сэргээх арга хэмжээг авч байгаа аж. “Хэрэв ингэхгүй бол өрөөр тэжээгдсэн өсөлтийн хуучин модель нь эргэн сэргэж дахин аюул дуудах юм” гэж тэр бээр онцлов.
“Хэд хэдэн үл хөдлөхийн төсөл хэрэгжүүлэгч, үл хөдлөхтэй холбоотой ажилладаг баялгийн сангууд сүүлийн хэдэн долоо хоногт төлбөрөө төлж чадаагүй. Их хэмжээний дүнтэй өрийн дахин зохицуулалтыг удахгүй хийх байх. Тэд цаашид олон сар, магадгүй жилийн турш ийм хүнд нөхцөл байдалтай зууралдах байх. Гэхдээ өр/ДНБ-ий харьцаа 300 хувьд дөхөж байгаа учраас Хятад улс энэхүү адармаатай байдлаас тийм амар гарч чадахгүй. Тус улсын эдийн засаг энэ жил таван хувийн өсөлтийн зорилтдоо хүрч чадахгүй гэж би бодож байна” хэмээн тэр бээр эцэст нь дурдсан юм.
Жулиа Карбонаро
Эх сурвалж: newsweek.com