Өнгөрсөн жилүүдэд Монголд финтек компаниуд цар хүрээгээ тэлж, мөн шинээр компаниуд нэмэгдэж, бүтээгдэхүүн, үйлчилгээ нь бидний амьдралын салшгүй нэг хэсэг болж чадсан. Тухайлбал, төлбөр тооцоо хийх, зээл авахаас эхлээд такси дуудах, онлайн худалдан авалт хийх, төрөл бүрийн үйлчилгээ авах зэрэг өдөр тутмын үйлдлээ бид финтек суурьтай аппуудын тусламжтай хялбархан гүйцэтгэх болсон билээ. Тэгвэл эдгээр компанийг нэгтгэсэн мэргэжлийн холбоо болох “Монголын финтекийн холбоо” тун удахгүй Frontier Fintech Summit 2023 чуулганыг зохион байгуулж, салбарын ололт амжилт, сорил бэрхшээл, боломж, бодит туршлагаа хоёр өдрийн турш хэлэлцэх гэж байна.
Энэ жилийн тухайд Silk Road 2.0 буюу “Торгоны зам 2.0” уриан дор Монголын финтек салбарын гол төлөөллүүд, төрийн холбогдох байгууллагуудаас гадна Япон, Сингапур, Хонконгоос олон улсын туршлагатай экспертүүд оролцож, финтекийн ертөнцөд трэнд болж буй чухал сэдвүүдээр ярилцаж, бодит туршлага, боломжийн талаар илтгэл, хэлэлцүүлэг өрнүүлэхээрээ онцлог. Ингээд 9 -р сарын 18, 19-нд Шангри-Ла Ballroom -д болох уг арга хэмжээний талаар “Монголын финтекийн холбоо” -ны гүйцэтгэх захирал М.Бямбасүрэнтэй дэлгэрүүлэн ярилцлаа.
Frontier Fintech Summit 2023 арга хэмжээ өмнөх жилүүдийнхээс ямар онцлогтой зохион байгуулагдах вэ?
2019 онд “Монголын финтек холбоо” байгуулагдаж, тухайн жилдээ Frontier Fintech Summit анхдугаар чуулганыг зохион байгуулж байсан. Тухайн үед манай улсад финтек гэдэг харьцангуй шинэ ойлголт байлаа. Харин түүнээс хойш финтек компаниудын тоо хурдацтай өссөөр байна. Манай холбооны хувьд үүсгэн байгуулагдсан цагаасаа хойш идэвхтэй үйл ажиллагаа явуулж, Ковид-19 цар тахал дэгдсэн 2021 онд ч чуулганаа онлайн хэлбэрээр амжилттай зохион байгуулсан. Өнгөрсөн хугацаанд Frontier Fintech Summit арга хэмжээг хоёр ч удаа зохион байгуулахдаа бид финтекийн хууль, эрх зүйн орчин, зохицуулалт болон финтек компаниуд хоорондоо хэрхэн хамтарч ажиллах талаар гол төлөв ярилцаж, санал солилцож ирсэн байна. Өөрөөр хэлбэл, гишүүддээ чиглэсэн үйл ажиллагаанд түлхүү анхаарч байлаа.
Цахим засаглалын багц хууль батлагдсан нь зөвхөн финтек гэлтгүй, нийт технологийн салбарынхны хувьд хөгжлийн шат ахих боломж бүрдсэн.
Харин энэ жилийн чуулганаа бид Silk Road 2.0 уриан дор зохион байгуулах гэж байна. Сүүлийн жилүүдэд дотоодын финтек салбарт хангалттай потенциальтай компаниуд бий болж, гадаадад салбар компаниа байгуулах, бүтээгдэхүүн, үйлчилгээгээ нэвтрүүлэх, хөрөнгө оруулалт татах зэргээр маш амжилттай ажиллах болсон. Нэг үгээр, манай финтек компаниуд дотоодын зах зээлд амжилттай байршиж, цаашлаад Төв Азийн бүс нутагтаа жишиг болохуйц бизнес моделийг хөгжүүлж чадсан байна. Тэгвэл Frontier Fintech Summit 2023 чуулганаар Монголын финтекүүд цааш хэрхэх, ямар алхмууд хэрэгжүүлэх талаар хэлэлцэх юм. Мөн өмнөх арга хэмжээнүүд гишүүдэд илүү төвлөрсөн байдлаар зохион байгуулагддаг байсан бол энэ жил финтек салбарын оролцогч бүх талыг урьж оролцуулж буйгаараа онцлог. Үүнээс гадна дэлхийд ид яригдаж, трэнд болж буй сэдвүүдээр гадаад, дотоодын экспертүүд итгэл танилцуулж, хэлэлцүүлэг өрнүүлнэ.
Энэ жилийн чуулганд уригдан оролцож буй олон улсын экспертүүд ямар туршлага, үнэ цэнийг оролцогчдод өгөх вэ?
“Монголын финтекийн холбоо” байгуулагдсан цагаасаа эхлэн “Японы финтек холбоо” -той харилцан ойлголцлын санамж бичиг байгуулж, нягт хамтран ажиллаж ирсэн. Хэдий цар тахал дэгдэж, зогсонги байдалд орсон ч энэ жил бид гадаад харилцаагаа өргөжүүлж, идэвхжүүлэхэд голлон анхаарч ажиллаж байна. Энэ утгаараа Frontier Fintech Summit 2023 -т “Японы финтек холбоо” -ны ерөнхийлөгч Такаши Кэто өөрийн биеэр ирж оролцоно. Тэрбээр 2021 оны чуулганд онлайнаар оролцож, RegTech буюу технологийн салбарын зохицуулалтын тухай салбар хэлэлцүүлэгт сэндбокс зохицуулалтын талаар илтгэл тавьж байсан.
Мөн манай чуулганы ивээн тэтгэгчээр ажиллаж буй мэдээллийн аюулгүй байдлын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг Сингапурын VerifyVasp компанийн төлөөлөл ирж оролцоно. Ер нь Сингапур бол финтек салбарын хөгжлөөрөө дэлхийд хүлээн зөвшөөрөгдөж, гол модель болж буй төв цэг. Үүний зэрэгцээ Хонконгоос C14 компанийн төлөөлөл оролцож, “Ногоон финтек” сэдвээр хэлэлцүүлэг өрнүүлнэ.
Түүнчлэн датаг түлхүү онцлох болсон өнөө үед data mining -ийн чиглэлээр Монголд арвин туршлага хуримтлуулаад зогсохгүй гадаадын компаниудтай ч энэхүү туршлагынхаа хүрээнд шинэ шийдэл боловсруулж, амжилттай хамтран ажиллаж буй MLUB community өөрсдийн нөү-хаугаа хуваалцахаар зэхэж байна. Үүний зэрэгцээ дотоодын зах зээлд машин сургалт, скорингийн чиглэлээр амжилттай ажиллаж буй NikoAutoML платформынхоо талаар AND Global -ийн залуучууд туршлагаасаа хуваалцахаас гадна, сэтгэлзүйд суурилсан зээлийн үнэлгээ (credit scoring) тогтоох аргачлалыг нэвтрүүлсэн Zeely аппликейшны олон жилийн туршлагад тулгуурласан сонирхолтой кейсээс хуваалцах болно. Мөн дижитал санхүүгийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор Монголын хамгийн анхны цахим мөнгөний тусгай зөвшөөрлийг авсан Мобифинанс ББСБ (MonPay) нь цахим төлбөр тооцооны сорил бэрхшээл, шийдлийн талаар оролцогчдод нээлттэй хуваалцаж Frontier Fintech Summit -д тус тус оролцохоор байна.
Frontier Fintech Summit 2021 арга хэмжээний үеэр.“Монголын финтекийн холбоо” байгуулагдаад тав дахь жил рүүгээ орсон байна. Өнгөрсөн хугацаанд хийж гүйцэтгэсэн ажлуудынхаа хүрээнд ямар ахиц дэвшил, үр дүнд хүрсэн гэж үзэж байгаа вэ?
Тухайн үед финтек компаниудын тоо одоогийнхоос хавьгүй цөөн байсны зэрэгцээ хууль, эрх зүйн орчин огт бүрэлдээгүй байсан. Харин өнгөрсөн жил Цахим хөгжил, харилцаа холбооны яам байгуулагдаж, Цахим засаглалын багц хууль батлагдсан нь технологийн салбар, тэр дундаа, финтекийн салбар хурдацтай хөгжихөд ихээхэн түлхэц болж байна.
Өнгөрсөн жилүүдэд манай холбооны гишүүд өөрсдийн эрх ашгийг хамгаалж, нэгдсэн байр суурьтай болох, цаашид хамтран ажиллах, хууль, эрх зүйн орчныг бүрдүүлэхэд төвлөрөн анхаарч ажилласан. Тухайлбал, Санхүүгийн зохицуулах хорооноос банк бус санхүүгийн байгууллага, финтекүүдэд зориулсан “Банк бус санхүүгийн зээлийн үйл ажиллагааны журам” -ыг батлахад мэргэжлийн холбоодыг төлөөлж “Монголын финтекийн холбоо” -ноос санал оруулж, хамтран ажиллаад байна. Нэг ёсондоо, бид гишүүдийн хүрээнд анх үйл ажиллагаа явуулж байсан бол өнөөдөр финтек салбараа хэрхэн хөгжүүлэх талаар шийдвэр гаргах түвшинд бодитой алхмуудыг эхлүүлж, дараагийн шатанд шилжсэн.
Тодорхой зохицуулалтын орчин бүрдсэн гэлээ. Үүнтэй холбоотой бий болсон өөрчлөлт, ахиц дэвшлүүд, мөн тулгамдаж асуудлууд юу вэ. Энэ талаар Frontier Fintech Summit 2023 -ын үеэр хэрхэн авч хэлэлцэхээр төлөвлөж байна вэ?
RegTech буюу технологийн салбар дахь зохицуулалтын орчин бол финтек салбарынхны хувьд байнга яригддаг сэдэв. Манай салбарын хөгжлийн гол тулгуур ч гэж хэлж болно. 2019 онд зохион байгуулсан Frontier Fintech Summit анхдугаар чуулганы үеэр бид тухайн үед манай улсад бий болоогүй байсан сэндбокс зохицуулалтын орчны талаар ярилцаж, хэлэлцэж байсан бол өнөөдөр биелэлээ олж Санхүүгийн зохицуулах хороо, Монгол банк, Санхүгийн яам, Хадгаламжийн даатгалын корпорацийн хамтарсан тушаалаар “Сэндбокс зохицуулалтын орчны журам” -ыг баталж, хэдийнэ хэрэгжиж эхэлсэн байна.
“Монголын финтекийн холбоо” гишүүдийнхээ хүрээнд анх үйл ажиллагаа явуулж байсан бол өнөөдөр финтек салбарын дуу хоолой болж, цаашид салбарын оролцогч нарыг бүхэлд нь хамарсан бодитой алхмуудыг эхлүүлж, дараагийн шатанд шилжсэн.
Мөн Цахим засаглалын багц хууль батлагдсанаас финтек компаниудын өдөр тутмын үйл ажиллагаанд илүү хамааралтай нь Цахим гарын үсийн тухай хууль, Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хууль, Кибер аюулгүй байдлын тухай хууль. Эдгээр хуулийн тодорхой заалтыг дагалдах журмууд өнөө хэр батлагдаагүй байгаа нь тодорхойгүй нөхцөл байдал, удаашрал үүсгээд байна. Тиймээс бид шинээр батлагдсан хуулийн хүрээнд оролцогч талуудтай хэлэлцүүлэг өрнүүлэх бөгөөд Цахим хөгжил, харилцаа холбооны яамнаас ч үүнийг идэвхтэй дэмжин ажиллаж байна. Ер нь Цахим засаглалын багц хууль батлагдсан нь зөвхөн финтек гэлтгүй, нийт технологийн салбарынхны хувьд хөгжлийн шат ахих боломж бүрдсэн гэж харж байгаа.
Ковид-19 цар тахлаас хойш финтек салбарын орчин хэрхэн өөрчлөгдсөн гэж дүгнэж байгаа вэ?
Цар тахлын үеэр уламжлалт бизнесүүд алдагдал хүлээсэн бол технологийн салбарынхан эсрэгээрээ асар хурдацтай өссөн. Олон улсад ч сонирхолтой тоон үзүүлэлтүүд ажиглагдаж эхэлсэн байдаг. Тодорхойгүй нөхцөл байдалд технологийн дэвшлийг хэрхэн ашиглаж харилцагчдадаа зайнаас бүтээгдэхүүн, үйлчилгээгээ хүргэх вэ? гэсэн сорилтыг шинэ шийдлүүд нэвтрүүлэн амжилттай даван туулж, шат ахиж чадсан. Харин цар тахал намжсан энэ үед финтекийн салбарынхан цааш ямар байдлаар ажиллах, дараагийн түвшинд яаж гарах, санхүүгийн бүтээгдэхүүн, үйлчилгээгээ хэрхэн төрөлжүүлэх вэ зэрэгт түлхүү анхаарч байна. Frontier Fintech Summit 2023 чуулганы хүрээнд ч эдгээр асуудлыг хөндөж, олон улсад ид трэнд болж буй сэдвүүдээр ярилцах гэж буйн нэг нь “Ногоон финтек”. Өмнө нь компаниуд технологид суурилсан санхүүгийн үйлчилгээг хэрхэн хүргэх вэ гэдэгт анхаардаг байсан бол одоо харилцагч болгоны хүсэл сонирхолд нийцсэн дараагийн бүтээгдэхүүнийг санал болгохоос гадна хэрхэн илүү “ногоон” буюу байгальд орчинд ээлтэй хэлбэрээр үйл ажиллагаа явуулж, харилцагчдадаа өгөөж бий болгоход төвлөрч байна. Энэ бол ердөө ганц л жишээ. Цаашлаад бид финтек дэх жендэрийн тэгш байдал, бүх хэрэгцээг нэг дороос хангах супер аппын хөгжил, блокчэйн, мэдээллийн аюулгүй байдал зэрэг олон сэдвээр ярилцана.
Өмнө нь компаниуд технологид суурилсан санхүүгийн үйлчилгээг хэрхэн хүргэх вэ гэдэгт анхаардаг байсан бол одоо харилцагч болгоны хүсэл сонирхолд нийцсэн дараагийн бүтээгдэхүүнийг санал болгохоос гадна хэрхэн илүү “ногоон” буюу байгальд орчинд ээлтэй хэлбэрээр үйл ажиллагаа явуулж, харилцагчдадаа өгөөж бий болгоход төвлөрч байна.
Frontier Fintech Summit 2023 арга хэмжээг зохион байгуулснаар бий болох үр дүн, мөн Silk Road 2.0 буюу “Торгоны зам 2.0” урианыхаа талаар дэлгэрүүлэхгүй юү?
Энэ удаагийн арга хэмжээний зочид Ази тивээс ирж оролцоно. Өөрөөр хэлбэл, бид хамтран синержи үүсгэж, Ази тивээс бусад тив рүү технологийн тусламжтай “зам татаж”, нэгдэн нийлж байна гэсэн мессэжийг өгөх гол зорилготой. Үүгээрээ ч арга хэмжээний уриагаа Silk Road 2.0 гэж тодорхойлсон. Мөн АНУ-ын Худалдааны танхим (AmCham), Европын холбооны худалдааны танхим (EuroCham) нар энэ жилээс холбооны удирдах зөвлөлд орж ирсэнтэй холбогдуулан АНУ болон ЕХ -ны улс орнууд руу энэхүү агуулга бүхий мэдээллийг түгээж эхэлсэн. “Монголын финтек холбоо” маань жил ирэх тусам өргөжин тэлж, гишүүдийн тоо ч нэмэгдэх хандлагатай байна. Тиймээс энэ жилийн Frontier Fintech Summit 2023 -ийн үеэр хууль, эрх зүйн орчноос гадна төр, хувийн хэвшил цаашид хэрхэн хамтарч, зохицон ажиллах талаар идэвхтэй ярилцаж, хамтын шийдэлд хүрнэ гэсэн хүлээлттэй байгаа.
Түүнчлэн Silk Road 2.0 уриатайгаар зохион байгуулж буй гэдэг утгаараа өмнөх жилүүдийнхээс сэдвийн хувьд ч, оролцогчдын хувьд ч өргөн хүрээнд хийхээр төлөвлөсөн. Тухайлбал, энэ жилийн Frontier Fintech Summit -д 500 гаруй хүн хоёр өдрийн турш чуулна гэж харж байна. Энэхүү арга хэмжээнд оролцсон хүмүүс нэгт, Монголын финтек салбарын хөгжил хаашаа чиглэж байгааг, хоёрт, ирэх таван жилд энэ салбарт ямар алхмууд өрнөх, ямар боломжууд бий болох талаар ойлголт, төсөөллийг авч чадна. Үүнээс гадна Exhibition zone хэсгийг тусгайлан засаж, гадаад (Япон, Сингапур, Хонг Конг, АНУ), дотоодын зочдод оролцогч компаниудын үйл ажиллагааг шинэлэг, сонирхолтой хэлбэрээр таниулах онцгой орчныг бий болгох юм. Энэ утгаараа финтекийн салбар дахь цорын ганц томоохон эвент Frontier Fintech Summit бол технологийн салбарт ажилладаг, энэ салбарт бизнес эрхэлдэг, ирээдүйд хөл тавихаар зорьж буй хэн бүхний зайлшгүй зорьж ирэх эвент гэж итгэлтэй хэлнэ.