Монголын компаниуд томрох тусам татварын эрсдэл өндөртэй гэж ойлгогдож байна. Харин бичил жижиг компаниуд эрсдэлгүй байдаг байх нь. Компаниуд томрох хүсэлгүй байдаг нь эндээс тайлбарлагдаж болох юм биш биз дээ?
***
Хоёрдугаар улирлын аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тайлантай зэрэгцэн Татварын алба шинээр нэвтрүүлж буй “Татварын скоринг” ойлголтоо нэг хэсэг хүчтэй сурталчилж сургалт явуулав.
Энгийн үгээр тайлбарлавал Татварын алба татвар төлөгчдөд дүн тавих гэж байна. Бидний ухамсарт гүн бат шингэсэн онц авах “синдром”-ыг өдөөж байна уу даа гэж би болгоомжлонгуй харж байна л даа.
Хуулиа сайн биелүүлбэл “А” үнэлгээ авна гэсэн мэдээлэл Монголын татварын албаны цахим хуудсаар нийтлэгдэж байгааг та бүхэн олж харсан биз ээ.
Яаж энэ үнэлгээг хийх вэ гэдэг нь маргаан үүсгэх гол асуудал юм. Үнэлгээ хийснээр хэнд, ямар ашигтай байх вэ гэдэг нь дараагийн асуудал болно.
Статистикаас харвал 2022 оны жилийн эцсээр 246 300 орчим аж ахуйн нэгж улсын хэмжээнд байна. Үүнээс 86356 аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулдаг аж. Өөрөөр хэлбэл 35 хувь нь үйл ажиллагаа явуулж татвар төлдөг гэсэн үг.
Татварын албанаас өгч буй мэдээллээр том, дунд, жижиг, бичил гэсэн дөрвөн сегментээр ангилсан нийтдээ 230340 аж ахуйн нэгжид дүн тавьж байгаа аж.
- Том сегментэнд зургаан тэрбумаас дээш татвар ногдуулах орлоготой, 25%-ийн ААНОАТ төлөх, улирал бүр тайлагнах 908 аж ахуйн нэгж,
- Дунд сегментэнд 1.5 – 6 хүртэл тэрбум татвар ногдуулах орлоготой, 10%-ийн ААНОАТ төлөх, 2 удаа тайлагнах 2694 аж ахуйн нэгж,
- Жижиг сегментэнд 50 саяас 1.5 тэрбум хүртэлх татвар ногдуулах орлоготой, 10 болон 1%-ийн ААНОАТ төлөх, хоёр удаа тайлагнах 36201 аж ахуйн нэгж,
- Бичил сегментэнд 50 сая хүртэлх татвар ногдуулах орлоготой 1%-ийн ААНОАТ төлөх, жилд нэг удаа тайлагнах 190537 аж ахуйн нэгж байна.
Аж ахуйн нэгжүүдээс гадна том орлоготой, бизнесийн зорилгоор үйл ажиллагаа явуулдаг иргэдээ мөн үнэлж дүн тавих ажээ. Нийтдээ 893926 иргэн Татварын албанд тайлан ирүүлэх бүртгэлтэй гэсэн үг юм.
- Том сегментэнд 100 иргэн,
- Дунд сегментэнд 200 иргэн,
- Жижиг сегментэнд 1200 иргэн,
- Бичил сегментэнд 892426 иргэн ангилагдсан байна.
Татварын ерөнхий хуулийн наймдугаар бүлэгт “Татварын албаны эрсдэлийн удирдлага” гэсэн цогц ойлголт орж ирсэн. Энэ ойлголтын хүрээнд аж ахуйн нэгжүүдэд үнэ шилжилтийн тайлан гаргах үүрэг бий болсон байдаг. Түүнтэй адилаар эрсдэлийн удирдлагыг таван үе шатаар хэрэгжүүлэх юм байна. /ТЕХ-ийн 35.4 зүйл/
Оны эхнээс цахим тайлангийн системд ЭРСДЭЛ гэсэн шинэ цэс орж ирснийг анзаарсан болов уу. Энэ цэсээр тухайн аж ахуйн нэгж өөрийн эрсдэлийн түвшнийг мэдэх боломжтой болсон юм. Өмнө нь нууц мэт байсан зүйлийг ил болгон өөрсдөд нь харуулж байна гэсэн үг. Яг ямар зүйл дээр эрсдэл үүсэж байгааг харж болно гэж Татварын албаны дарга тайлбарлаж байсан.
Гэвч хэрхэн яаж үнэлсэн байна вэ гэдэгт анхаарал хандуулах хэрэгтэй.
Татварын алба эрсдэлийн үнэлгээний дэлгэрэнгүйг гаргахдаа дараах үзүүлэлтийг цахим татварын систем дээрээ оруулжээ.
- Орлогын албан татварын тайлангийн татвар ногдох орлогод суурилсан дэд оноо
- Орлогын албан татварын тайлангийн татвар ногдох орлогоос хасагдах зардалд суурилсан дэд оноо
- Татварын тайлагнал болон хөндлөнгийн эх үүсвэрийн мэдээллийн зөрүүд суурилсан дэд оноо
- Санхүүгийн тайлагнал, санхүүгийн эх үүсвэрийн мэдээллийн зөрүүд суурилсан дэд оноо
- Регрессийн шинжилгээнд суурилсан дэд оноо
- Салбарын дундаж үзүүлэлтэд суурилсан дэд оноо
Харин энэ үзүүлэлтийг хэрхэн гаргаж буйг тайлбарласан зүйл огт алга. Тиймээс оноо их байх нь сайн уу, бага байх нь эрсдэлгүй гэсэн үг үү? Яг яаж ойлгох вэ гэдэг нь ойлгомжгүй.
Зөвхөн статистик тооцооллын мэргэжилтэн ойлгоно гэж энэ тухай тайлбар хийж буй албаны дарга нь сургалт дээр хэлсэн. Тэгвэл яагаад ойлгохгүй зүйлийг нь олон цагаар суулган нэг бүрчлэн тайлбарлаад байна вэ? Энэ нь дараа нь асуудал үүсэхэд “сургалт хийсэн, танилцуулсан, саналаа тэр үед хэлэхгүй яасан юм бэ” гэх сөрөг мэхэнд оруулах арга юм биш гэж бодоход хүргэв. Тэд өөрсдийн хийсэн аргачлалаа мэдэхгүй хүмүүст тулгаж байна шүү дээ.
Монголын аж ахуйн нэгжүүд дийлэнхдээ В үнэлгээтэй байна. Том, дунд аж ахуйн нэгжүүд нь харин С, D үнэлгээ авдаг байна.
Шинэ ойлголт нэвтрүүлж буй бол яагаад их сургуулиудын статистик тооцоолол хийдэг эрдэмтэд, аль эсхүл эрсдэлээр мэргэшсэн мэргэжилтнүүдэд энэ танилцуулгаа хийхгүй, хэлэлцүүлэхгүй байна вэ?
Яаж эрсдэл тооцож байгааг эрсдэлийн менежментээр мэргэшсэн эрдэмтэд л зөв бурууг нь хэлэлцэх байсан болов уу. Гэтэл юу ч мэдэхгүй нягтлангуудад сургалт гэж дуудаад өөрсдийн хийсэн тооцооллоо тулгаж байгаа нь төдийлөн оновчтой бус хэт яарсан шинэчлэл хийж байна уу даа гэж дүгнэхэд хүргэж байна. Төрд удаан ажиллаж буй туршлагатай мэргэжилтнүүдэд нэг том алдаа ажиглагддаг. Тэд өөрөөс нь өөр мэддэг хүн үгүй мэтээр ажлаа “азаргалан” хийх тохиолдол их байдаг. Ийм “азаргалан” гаргасан шийдвэр нь амьдрал дээр зөрөхөд нийтээрээ “аргалах” далд хэлбэрт шилждэг.
Татварын албанаас явуулсан сургалтад суусныхаа дараа толгой дахь эргэлзээ улам л ихсэв. Сургалтад оролцож буй нягтлангууд компани дээрээ үүсэж буй “өөрсдөөс нь хамаараагүй” асуудлууд тэднийг “эрсдэлтэй” болгон хувиргах нөхцөл үүсгэж байгааг хэрхэн шийдэх талаар асуултад бүрэн хариулт авч чадсангүй. Эрсдэлийн үнэлгээ нь хяналт шалгалт хийх нөхцөл болох тул нягтлангууд асуудлаа тавьж байсан ч тайлагнах системийн алдааг хэрхэн шийдвэрлэх талаар татварын албаны дотоод хэлтэс албад нь хоорондоо шийдлээ гаргаагүй болох нь өгсөн хариултаас анзаарагдсан юм.
Өндөр эрсдэлтэй 556, дунд эрсдэлтэй 9063, бага эрсдэлтэй 31560, хүлээн зөвшөөрөх эрсдэлтэй 203538, эрсдэлгүй 5016 аж ахуйн нэгж байгаа тухай тоон мэдээлэл Татварын албаны дарга танилцуулсан юм.
Энэ тоон үзүүлэлтийг хувилаад үзэхэд л манайд эрсдэлгүй компани гэж хэнийг хэлэх вэ гэсэн асуултад өгөх хариулт нь эргэлзээнд орууллаа л даа.
Том сегментийн 899 компанийн 17 хувь нь өндөр, 63 хувь нь дунд, 13 хувь нь бага, 7 хувь нь хүлээн зөвшөөрөх эрсдэлтэй байна. Төсвийн 70 хувийг бүрдүүлэгч том компаниуд татварын эрсдэл өндөр байна гэдэг нь байнга татварын хяналт шалгалтад орж байх ёстой болохыг харуулж байна.
Том сегментийн 63 хувь нь, дунд сегментийн 66 хувь дунд эрсдэлтэй гэж үнэлэгджээ. Харин жижиг сегментийн 59 хувь нь бага эрсдэлтэй бол бичил аж ахуйн нэгжийн 93 хувь нь хүлээн зөвшөөрөгдөх эрсдэлтэй ажээ. Эндээс юу гэсэн дүгнэлт гарч байна вэ гэвэл том болон дунд аж ахуйн нэгжүүд татварын эрсдэл ихтэй. Бичил сегментийн аж ахуйн нэгжүүд эрсдэлгүй байдаг ажээ.
Монголын компаниуд томрох тусам татварын эрсдэл өндөртэй гэж ойлгогдож байна. Харин бичил жижиг компаниуд эрсдэлгүй байдаг байх нь. Компаниуд томрох хүсэлгүй байдаг нь эндээс тайлбарлагдаж болох юм биш биз дээ?
Үйл ажиллагаа явуулдаггүй гэж статистикаас мэдээлсэн 160000 аж ахуйн нэгж хүлээн зөвшөөрөх эрсдэлтэй бүлэгт буюу бичил сегментэд орсон бололтой. Тэд огт тайлан өгдөггүй, татвар төлдөггүй учир эрсдэлийн үнэлгээ хийхэд хүндрэлтэй байх л даа.
Гэтэл бодит үнэнд энэ үнэлгээ нийцэж байгаа эсэхийг яаж мэдэх вэ?
Статистикийн мэдээллээр нийт 246361 аж ахуйн нэгжийн 86356 нь үйл ажиллагаа явуулдаг гэж мэдээлсэн байдаг. Харин татварын эрсдэлийн үнэлгээ нь энэ тоог баталгаажуулах болов уу гэж харьцуулах гэж оролдсон боловч боломжгүй юм байна. Энгийн ажиглалтаар л эдгээр тооноос үйл ажиллагаа явуулдаг 86356 нь эрсдэлтэй, үйл ажиллагаа явуулдаггүй нь 160000 нь эрсдэлгүй юм байна гэж ойлгогдохоор ажээ.
Эрсдэлийн үнэлгээний энэ зөрүүтэй байдал нь “скоринг” гэх ойлголтыг бий болгоход нөлөөлсөн байж мэдэх юм.
Харин скоринг нь татвар төлөгчдөд тавьж буй дүн учраас “А” авсан оюутанд багш яаж ханддаг билээ татварын алба танд тэгж хандах юм байна гээд хялбархан ойлгож болох юм.
Татварын албаны даргын илтгэл дэх дээрх тооноос ямар нэг дүгнэлт хийх гэж үзье.
Том сегментийн 917 аж ахуйн нэгжийг скоринг оноог харахад 8 хувь нь А, 54хувь нь В, 36 хувь нь С, 4 хувь нь D үнэлгээтэй байна. Том компаниудын хувьд ч бас төдийлөн хууль даган мөрдөлт сайн биш байх нь гэж ойлгогдоно.
Эндээс харахад Монголын аж ахуйн нэгжүүд дийлэнхдээ В үнэлгээтэй байна. Том, дунд аж ахуйн нэгжүүд нь харин С, D үнэлгээ авдаг байна.
Үнэлгээний тооноос л аж ахуйн нэгжүүд томрох тусам л эрсдэлтэй болж, скоринг үнэлгээ нь мөн буурах юм байна даа гэж ажиглагдана.
Скоринг үнэлгээг ямар үзүүлэлтээр гаргаж байна вэ?
- Үндсэн бүртгэл- Татварын хуульд заасан бүртгэлүүд хэрхэн хийгдсэнээр энэ үнэлгээ тавигдана.
- Татвар тайлагнал – Татварын тайлангаа засахгүй өгч байгаа эсэхээс энэ үнэлгээ хамаарна.
- Татвар ногдуулалт – Татварын ногдолд өөрчлөлт үүссэн эсэхээс хамаарна.
- Татвар төлөлт – хугацаандаа төлсөн эсэхээс хамаарна.
- Хяналт шалгалт – Хяналт шалгалтаар нөхөн ногдол хийсэн эсэхээс хамаарна.
- Өмнөх жилийн үнэлгээ – өмнөх үнэлгээнээс хамаарч хасагдуулга орж ирнэ
- Санхүүгийн тайлан- Санхүүгийн тайлан өгдөггүй маш олон компани байдаг. Эдгээр компанид энэ үзүүлэлт нь бууруулах нөлөө болно.
Энэ 7 үзүүлэлт нь тус тусдаа асуудал дагуулна. Аж ахуйн нэгжээс хамаарах ч байна. Хамаарахгүй асуудал олон байгааг нягтлангууд асуусаар байсан. Гэвч системд анх яаж оруулснаас энэ үнэлгээ хамаарах учир нягтлангууд бухимдангуй үлдэж байсан л даа.
Татварын албанаас шинэчлэл хийж байгааг байгааг дэмжиж ирсэн ч өмнөх хийсэн шинэчлэл нь бүрэн төлөвшөөгүй байхад дахин шинэ ойлголт нэвтрүүлэх гэж зүтгэх нь татвар төлөгчдийнхөө нуруун дээр ачаалал нэмж, нягтлангуудын өдөр шөнөгүй зүтгэх ажлын стрессийг нэмэгдүүлсэн алхмууд хийх нь яг үнэндээ хэнд ашигтай байна вэ?
Татвар төлөгчдөд ашигтай ганц алхам нь эрсдэлийн оноо бага, скоринг үнэлгээ сайн бол хэдэн жилээр ч татварын хяналт шалгалтад орохгүй байх боломжтой гэсэн утга. Гэхдээ энэ оноог тавих гэж буй ойлголт нь тодорхойгүй байгаа нь “хиймэл оюун ухаанаар дүгнэсэн” гэсэн нэр бариад өөрсдөө ашигтай хувилбараар үнэлгээ гаргаад байх юм биш биз гэх хардлага бас төрсөөр үлдлээ.
Багш нар оюутнаа дүгнэхдээ, шүүгч асуудлыг шийдэхдээ зөвхөн өөрийн үзэл бодлоор ханддаг шиг татварын албаны удирдлагын үзэмжээр энэ үнэлгээ хийгдвэл төрд гарах, өөрийн нөлөөний хүнээ татварын албанд оруулах дарга болгохыг хүссэн бизнесменүүд ихэснэ. Эсвэл бүгд жижиг, бичил аж ахуйн нэгж болон хувирч “аргалж” үлдэх ганц зам болон зурайх вий дээ.