Монголчуудын хүч, хөдөлмөрөө хамгийн ихээр зарцуулж буй салбар бол ХХААХҮ-ийн салбар. Энэ салбарт Монгол Улсын нийт ажиллах хүчний тэн хагас буюу 575 мянган хүн хөдөлмөр эрхэлж байгааг ХХААХҮЯ онцолжээ. Гэвч хөдөө аж ахуйн салбар эдийн засгийн ачаанаас хангалттай хүндийг үүрч чадаж байна уу гэвэл эргэлзээтэй.
Энэ оны эхний хагас жилд ДНБ 2015 оны зэрэгцүүлэх үнээр 13.6 их наяд төгрөг болж, 6.4 хувиар өссөн. Гэвч энэ өсөлтийн 3.9 нэгж хувь нь уул уурхай, олборлох салбараас, 3.5 нэгж хувь нь үйлчилгээний салбараас бүрдсэн юм. Харин хөдөө аж ахуйн салбар 1.7 хувиар сөрөг нөлөө үзүүлж, өсөлтөөс бага зэрэг хойш чангаасан байна.
Өнгөрсөн онд манай улсын экспортын орлого 12.5 тэрбум ам.доллар болж, түүхэн дээд хэмжээнд хүрсэн. Энэ орлогын 10.5 тэрбум нь зөвхөн эрдэс бүтээгдэхүүний орлого байсан юм. Харин хөдөө аж ахуйн салбарын экспортын орлого нийт орлогын 5.5 орчим хувийг бүрдүүлжээ.
ХХААХҮ-ийн салбарыг уул уурхайн салбартай харьцуулах аргагүй ч эдийн засгийг солонгоруулах хамгийн “потенциал”-тай салбар гэж үздэг. Гэхдээ энэ салбарын “нуугдсан боломж”-уудыг хөрөнгө оруулагчид хараахан анзаараагүй байгаа нь хөдөө аж ахуйн салбарт инновац нэвтрүүлэх, эцсийн бүтээгдэхүүн экспорлох, эдийн засгийн өгөөжийг сайжруулахад хамгийн том “чөдөр тушаа” болж байна.
Тухайлбал, гадаадын шууд хөрөнгө оруулалтын 70 гаруй хувь нь уул уурхайн салбарт чиглэж байхад ердөө 0.1 хувь нь хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрлэлийн салбарт чиглэж байна. Энэ бол хамгийн санаа зовних зүйл.
Мөнгөний урсгалыг хөдөө, аж ахуйн салбарт чиглүүлж, энэ салбарын эдийн засгийн үр нөлөөг нэмэгдүүлэх нь нэг салбараас хэт хараат байдлыг бууруулах хамгийн боломжит хувилбар. Дэлхийн банкны Монгол дахь суурин төлөөлөгч И Тэхён эдийн засгийн чуулганы үеэр Монгол Улс 70 гаруй сая тоо толгой мал сүрэгтэй ч эдийн засгийн өгөөж тааруу байгааг эрх баригчдад сануулсан. Харин Азийн хөгжлийн банкны Зүүн Азийн газрын Хөдөө аж ахуй, хүнс, байгаль, орон нутгийн хөгжлийн секторын ахлах мэргэжилтэн Шинго Кимүра хөрөнгө оруулагчид, олон улсын байгууллагууд ногоон санхүүжилтэд ихээхэн анхаарах болсныг дурдаад Монгол Улс хөдөө аж ахуйн салбартаа хөрөнгө оруулалт татъя гэвэл хүлэмжийн хийн ялгарлыг бууруулсан, тогтвортой үйлдвэрлэлийг хөгжүүлэх шаардлагатай гэсэн юм.
Таван богд группийн ТУЗ-ийн дарга Д.Хулан уул уурхайн бус экспортын тал хувийг эзэлж байгаа ноолуурын салбарт асар их нөөц боломж байгаа ч энэ боломжийн хажуугаар монголчууд бид нүдээ анин өнгөрч байгааг хэлж байв. Тэрбээр “Манай улс жилд дунджаар 11 мянган тонн ноолуур бэлтгэж байгаа ч 12 хувийг нь эцсийн бүтээгдэхүүн болгож байна. Экспортын дийлэнхийг эзэлж байгаа угаасан түүхий ноолуурт ердөө таван хувийн нэмүү өртөг шингэдэг. Тиймээс хөл дээрээ хэдийнэ тогтсон уул уурхайн салбар ноолуурын салбарт хөрөнгө оруулбал, ноолуурын салбар хөгжиж, уул уурхайн бус экспортын орлого тэр хэрээр нэмэгдэнэ” гэсэн юм.
“Цагаан алт”-аар цахиур хагалах нь
Дэлхийн ноолуурын зах зээлд хоёр гол нийлүүлэгч бий. Нэг нь манай улс бол нөгөө нь БНХАУ. Гэхдээ дэлхийн зах зээлээс шанагадах мөнгөний хэмжээ урд хөрштэй харьцуулашгүй бага байгаа нь ноолуураа нэмүү өртөг шингээж чадалгүй түүхийгээр нь гаргачихдагтай холбоотой гэж энэ салбарынхан халагласаар байна. Тиймээс манай улс “цагаан алт” хэмээн нэрлэгддэг ноолуураа тодорхой хэмжээнд боловсруулж экспортлох нь эдийн засгийн өгөөжийг нэмэгдүүлэх хамгийн гол шийдэл юм.
Дэлхий даяар жилд дунджаар 20 мянга гаруй тонн ноолуур бэлтгэдэгийг олон улсын судалгаануудад дурдсан байдаг. Үүнээс манай улс 40 орчим хувийг, урд хөрш 48 хувийг, харин үлдсэн 12 хувийг Иран, Афганистан зэрэг орнууд бэлтгэн нийлүүлдэг аж. Энэ бол Монгол Улс ноолуурын зах зээл дээрх хамгийн том нийлүүлэгч гэдгийг илтгэх тоо баримт юм.
Түүнчлэн монгол ямаа нь ноолуурын гарц хамгийн сайтайд тооцогддог. Эрс тэс уур амьсгалын нөлөөгөөр монгол ямааны ноолуур илүү урт, нарийн ширхэгтэй болсон байдаг. Мөн байгалиасаа олон өнгөтэй, бохирдол багатай байдаг нь монгол ноолуурын хамгийн гол давуу тал гэж салбарынхан онцолдог. Өдгөө дэлхий дахинд ноолуурын зах зээлд эргэлдэх мөнгөний хэмжээ тэлж, угаахаас дээш түвшний боловсруулалт хийсэн, самнасан ноолуурын эрэлт ихсэж байна.
Манай улсын “цагаан алтны уурхай”-д хэр нөөц байна вэ?
Одоогоор Монгол Улс 71 сая тоо толгой мал сүрэгтэйгээс бараг 40 хувийг нь ямаан сүрэг бүрдүүлж байна. Ялангуяа сүүлийн 10-аад жилд ямааны тоо толгой бараг хоёр дахин нэмэгдэж, 27 саяыг давжээ. Үүнийг дагаад Монгол Улсын жилд бэлтгэдэг ноолуурын хэмжээ ч эрс өссөн үзүүлэлттэй байна.
Гэсэн ч дэлхийн ноолуурын зах зээл дэх гол тоглогч болсон Монгол Улс өнгөрсөн онд ноолуурын салбараас 445 сая ам.долларын орлого олжээ. Хэрэв манай улс ноолуураа эцсийн бүтээгдэхүүн болгож, нэмүү өртөг шингээн экспортолбол энэ салбарын орлого 1.4 тэрбум ам.долларт хүрэх боломжтой.
Өөрөөр хэлбэл, Монгол Улсын валютын албан нөөц 3.8 тэрбум төгрөг гэж үзвэл үүний 37 хувьтай тэнцэхүйц орлогыг зөвхөн ноолуурын салбараас олж болохоор байна.
Мөн энэ оноос эхлэн угаасан ноолуурын экспортыг зогсоож, хялгас ялгахаас дээш түвшний боловсруулалт хийсэн ноолуур экспортлох шийдвэрийг УИХ, Засгийн газраас гаргаад байсан. Гэсэн ч дотоодын ноолуур боловсруулах үйлдвэрүүдийн хүрэлцээ муу, самнах, ээрэх технологи нэвтрүүлсэн компани ховор зэргээс шалтгаалан бодлого тодорхойлогчид шийдвэрээсээ жил гаруйн хугацаанд ухраад байна. Зөвхөн самнасан ноолуур экспортолно гэсэн хатуу байр сууринаасаа түр хугацаанд ухарч байгаа нь малчдын орлогыг хамгаалж буй хэрэг гэж салбарын яам тайлбарласан. Харин ирэх оноос самнасан ноолуураа гадаад зах зээлд гаргаад эхэлбэл экспортын орлого нэмэгдэхээс гадна энэ салбарт 4000 гаруй ажлын байр шинээр бий болох тооцоотой байна. Түүнчлэн ноолуурын талбарт бизнес эрхлэгчдэд тоног төхөөрөмжөө сайжруулахад нь тодорхой дэмжлэгүүдийг үзүүлнэ гэдгээ ХХААХҮЯ мэдэгдээд байна.
Хэрэв манай улс ноолуураа боловсруулбал шингээх зах зээл нь хангалттай бий. Олон улсын худалдааны төвийн гаргасан статистик мэдээнд дэлхийн угаасан ноолуурын хамгийн том импортлогч улсууд нь Итали, Их Британи, Өмнөд Солонгос, Герман, Япон зэрэг улсууд байгаа бол самнасан ноолуурын хувьд Мадагаскар, Итали, БНСУ, Норвеги зэрэг улсуудад хамгийн эрэлттэй байгааг дурджээ.
ХАА-д хүч нэмэх шийдэл
Хөдөө аж ахуйн салбарт ноолуураар хязгаарлагдахгүй олон боломж нээлттэй байна. Тухайлбал, махаа экспортолж, арьс ширээ боловсруулж мөнгөний урсгалыг дотоодод чиглүүлэх боломжтой. Махаа Арабын орнуудад нийлүүлж, арьс ширээ итали гутал, турк нэхий болгоно гээд төсөөлөөд үзээрэй. Яагаад болохгүй гэж…
Гэвч үүнд “чөдөр” болдог нэг шалтгаан бий. Энэ бол малын өвчлөл. Тиймээс Засгийн газраас өнгөрсөн оны 11 дүгээр сард тогтоол гаргаж, мал эмнэлгийн дэглэм бүхий хорио цээрт эрүүл бүс байгуулах ажлыг эрчимжүүлэхээр болсон. Энэ хүрээнд боомт дамнасан дөрвөн байршилд эрүүл бүс байгуулж, тухайн бүсдээ эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэхээр төлөвлөжээ. Эрүүл бүс байгуулснаар махны экспорт нэмэгдэнэ гэсэн хүлээлттэй байна.
Өнгөрсөн онд манай улс 16.9 мянган тонн мах экспортолсон бол энэ оны эхний хагас жилд 38.5 мянган тонн мах экспортолжээ. Цаашид махны экспортыг шат дараатай нэмэгдүүлж, 2025 он гэхэд жилдээ 200 мянган тонн мах экспортлох зорилго тавин ажиллаж байгаагаа салбарын яам мэдэгдэж байна.
Мөн цаашид хөдөө аж ахуйн салбар дахь нийлүүлэлтийн сүлжээг боловсронгуй болгож, “ченжийн сүлжээ”-нээс ангижрах талаар шийдлийг ч эрэлхийлж эхэлжээ.
“Хүнсний хувьсгал”-ын санхүүжилт
Манай улс хүнсний бүтээгдэхүүнийхээ тал хувийг гадаадаас авдаг. 2021 онд л гэхэд Монгол Улс нэг тэрбум ам.долларын хүнсний бүтээгдэхүүн импортолсон байна. Тиймээс гадагш урсаж буй мөнгөний урсгалыг бууруулж, хүнс экспортлогч улс болох эхлэлийг тавихаар “Хүнсний хувьсгал” үндэсний хөдөлгөөнийг хэрэгжүүлж эхэлсэн. Таван жилийн хугацаанд хэрэгжих энэ хөдөлгөөний хүрээнд гол нэр төрлийн 19 хүнсний бүтээгдэхүүний дотоодын хэрэгцээг бүрэн хангахын зэрэгцээ татварын хөнгөлөлт, хямд нөхцөлтэй санхүүжилт татах боломжууд илүү нээлттэй болж байна.
Тухайлбал, мал аж ахуй, газар тариалан, хүнс үйлдвэрлэл, сав, баглаа бодлын үйлдвэрлэл эрхэлж байгаа аж ахуйн нэгжүүд банкуудаар дамжуулан жилийн 5-6 хувийн хүүтэй зээл авах боломж бүрдээд байна. Арилжааны банкнаас бизнесийн болон бусад төрлийн зээл авахад жилд ойролцоогоор 18-19 хувийн хүү төлж байгаа бол “Хүнсний хувьсгал”-ын хүрээнд олгох зээл харьцангуй бага хүүтэй, урт хугацаатай гэдгийг санхүүгийн салбарынхан ч онцолж буй.
Энэ оны хувьд, ХХААХҮ-ийн салбарынханд 982 тэрбум төгрөгийн зээл олгоно гэдгээ салбарын яам мэдэгдээд байгаа. Мөн хүүгийн хөнгөлөлтөд нь 127.7 тэрбум төгрөгийг Засгийн газраас татаас хэлбэрээр олгохоор болжээ.
Гэхдээ шаардлага хангаагүй бизнес эрхлэгчид зээлийн хүсэлт гаргах нь түгээмэл байгааг албаныхан хэлж байсан юм. Бизнес эрхлэгчдийн зээл, санхүүжилт татахдаа бүдэрч буй гол шалтгаан нь барьцаа хөрөнгө болж байгааг тэд тодотгож байсан. Тиймээс барьцаа хөрөнгийн дутагдалтай ч ирээдүйтэй бизнесүүдэд Зээлийн батлан даалтын сан 60 хүртэлх хувийн батлан даалт гаргахаар шийдвэрлэжээ. Мөн цаашид зээлийн батлан даалтын үйлчилгээг илүү боловсронгуй болгохоор ажиллаж байгаагаа ХХААХҮЯ мэдэгдсэн юм.