Монгол Улс 2030 он гэхэд хүлэмжийн хийн ялгаруулалтаа (ХХЯ) 22.7 хувиар бууруулах үүрэг, амлалтыг дэлхий нийтийн өмнө авсан. Тэгвэл ААНБ-уудын ХХЯ-ын бууруулж байж энэ зорилтод хүрэх боломжтой. Өөр арга зам байхгүй.
****
Дэлхий нийтэд тулгараад буй хамгийн том сорилт бол уур амьсгалын өөрчлөлт. Харин уур амьсгалын өөрчлөлтийн гол шалтгаан нь хүн төрөлхтний үүсгэж, агаар мандалд үлдээж буй хүлэмжийн хий (долоон төрлийн хий бий) юм.
Бид (хувь хүн, өрх гэр, аж ахуйн нэгж байгууллага, улс орон) өдөр тутамдаа олон замаар хүлэмжийн хий ялгаруулж байдаг. Тиймээс хүлэмжийн хийн ялгаруулалтыг бууруулах, удирдах стратегийг энэ дөрвөн түвшинд ялгаатай байдлаар тодорхойлж, хэрэгжүүлсээр байгаа. Харин манай улсад энэ ажил тун идэвхгүй явагдаж буй.
Сонирхуулахад, та болон танай гэр бүл хэр хэмжээний хүлэмжийн хий ялгаруулдгаа дараах холбоосоор орж, мэдээллээ бөглөөд сонирхож үзээрэй. Та лав гайхширна даа. https://www.carbonfootprint.com/calculator.aspx
Монгол Улс 2030 он гэхэд хүлэмжийн хийн ялгаруулалтаа (ХХЯ) 22.7 хувиар бууруулах үүрэг, амлалтыг дэлхий нийтийн өмнө авсан. Тэгвэл ААНБ-уудын ХХЯ-ын бууруулж байж энэ зорилтод хүрэх боломжтой. Өөр арга зам байхгүй.
Тэгэхээр тун удахгүй ААНБ-уудад ХХЯ-аа хэмжих, бууруулах үүрэг, хууль эрхзүйн орчны шаардлага хэлбэрээр гарч ирэх гэж мэргэжилтний хувьд бид таамагладаг. Мэдээж бүх ААНБ биш л дээ, харин ХХЯ ихтэй ААНБ-уудад энэ үүрэг нэн түрүүнд тавигдах болов уу?
Манай улсад ААНБ-ын түвшинд ХХЯ-аа хэмжих, тооцох, улмаар бууруулах ажил хэрэг тун хангалтгүй түвшинд байгаа.
Бидний хийсэн судалгаагаар арилжааны цөөн хэдэн банк, мөн гарын таван хуруунд багтах ААНБ л өөрсдийн үйл ажиллагааны (түвшин 1 болон 2) үр дүнд ялгарч буй ХХЯ-аа хэмжиж, тооцож, тайлагнаж байна. Мөн хөрөнгийн зах зээлд хувьцаагаа гаргаж, олон нийтийн болсон хувьцаат компаниуд Тогтвортой хөгжлийн тайлан гаргаж байгаа ч, энэхүү тайланд ХХЯ-ын хэмжээ тоон утгаар орохгүй байна. За бусад ААНБ-ын хувьд энэ сэдэв бүр яригдаж ч эхлээгүй байна.
Монгол Улсад ААНБ-ын түвшинд ХХЯ-ын менежмент ийнхүү хангалтгүй байгаад шинжилгээ хийж үзэхэд дараах үндсэн шалтгаанууд нэрлэгдсэн юм.
Эдгээр шалтгаан нь мэдээж хоорондоо уялдаа холбоотой. Нэг хүчин зүйл бусад шалтгаанаа нөхцөлдүүлж байгаа нь уг шинжилгээнээс харагдана. Жишээлбэл, ХХЯ-ыг хэмжиж, тооцох, тайлагнахыг хуулийн үүрэг болгоогүй байгаа нь маш олон шалтгааны суурь хүчин зүйл болж буй бөгөөд ХХЯ-ын эко системийг бүрдүүлэхэд ч гол хөшүүрэг болохоор байна. ХХЯ-ыг бууруулснаар санхүүгийн үр ашиг хүртэх боломжийн талаар ойлголт, мэдлэг хангалтгүй байгаа нь мөн энэ салбарын экосистемийн хөгжлийн удаашралын нэг шалтгаан болж буй.
Цөөн хэдэн банк, мөн гарын таван хуруунд багтах ААНБ л өөрсдийн үйл ажиллагааны (түвшин 1 болон 2) үр дүнд ялгарч буй ХХЯ-аа хэмжиж, тооцож, тайлагнаж байна.
Мэргэжлийн зөвлөх үйлчилгээний байгууллагын хувьд бид дараах хоёр шалтгаанд чиглүүлэн өөрсдийн хэмжээнд хүчин чармайлт гарган ажиллаж байна.
- ААНБ-ууд өөрсдийн ХХЯ-аа тооцох, хэмжих, тайлагнах ухамсар, мэдлэг ойлголт бага,
- ХХЯ-ыг хэмжих тооцох, тайлагнах чадамж бий болоогүй.
Эхний шалтгаантай холбоотой бид Эрчим хүчний менежментийг сайжруулах ISO 50001 хэрэгжүүлэх, Эрчим хүчний дүн шинжилгээ хийх (energy review), ХХЯ-ын талаарх сургалт явуулах зэрэг үйлчилгээг хөгжүүлэн ААНБ-ууд болон экосистемийн бусад оролцогч талд санал болгож байна.
Хоёр дахь шалтгаантай холбоотой бид өөрсдийн түнш байгууллага болох ХБНГУ-ын TUV Rheinland байгууллагатай хамтран ХХЯ-ыг тооцох, бууруулах арга хэмжээ хэрэгжүүлэх, улмаар түүнийгээ баталгаажуулах зэрэг цогц үйлчилгээг санал болгож буй.
Мөн бид энэхүү экосистемийн оролцогч талуудад дараах саналыг дэвшүүлж байгаа юм. Үүнд,
- ХХЯ-ыг тооцох, хэмжих, тайлагнах талаарх хууль эрхзүйн эко орчныг бүрдүүлэх
- Хөрөнгийн зах зээлд хувьцаа гаргасан олон нийтийн өмчит (ХК) болон төрийн өмчит компаниуд ХХЯ-н тайланг гаргадаг болох.
Гэвч дүгнэж хэлэхэд ХХЯ-ын хэмжилт, тайлагналын асуудал нь хууль, эрхзүйн орчинд шаардлага бий болохыг хүлээж суух асуудал нэгэнтээ биш болсон гэдгийг оролцогч талууд ухамсарлан ойлгох нь зүйтэй. Олон улсын хэмжээнд ХХЯ-ын экосистем нэгэнт бий болсон тул ААНБ-ууд сайн дураараа, ухамсар, манлайллыг үзүүлэн бодит үйлдэл хийх боломж хэдийнэ бий болжээ.
Суут сэтгэгч Л.Түдэв агсны хэлснээр “Бүү алгуурла, алгуурлаваас сааль алдмой” гэх үг үүнд сайн тохирох хариулт мөн. ХХЯ-ын асуудал бол нэгэнт ирсэн ирээдүй.