Говь нутагт газар тариалан, фермерийн аж ахуй эрхэлж, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн үйлдвэрлэж экспортлох боломжийн талаар “Радикс системс” ХХК нэгэн сонирхолтой үр дүнг өнгөрсөн сарын 28-29-нд болсон Өмнөговь аймгийн хөрөнгө оруулалтын чуулганд танилцуулав. Өмнийн шаргал говь газрын хэвлийн эрдэс баялгаас гадна экспортын ач холбогдолтой, үнэ цэнтэй хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэх газарзүйн өгөгдөлтэй аж. Энэ талаар судлаач М.Чимэддоржтой ярилцлаа.
-Хөрөнгө оруулалтын чуулганаар Өмнөговь аймаг уул уурхайгаас бусад салбартаа хөрөнгө оруулалт татаж, эдийн засгаа солонгоруулахад их анхаарч байгаа нь ажиглагдлаа. Та бүхний судалгааны үр дүн яагаад говьд хөдөө аж ахуй эрхэлж, хөрөнгө оруулах боломжтойд хариулт өгч чадах болов уу?
-Юуны өмнө, Өмнөговь аймгийн эдийн засаг бусад аймгийнхтай харьцуулшгүй том. Аймгийн төсөв тэлж, тэр хэрээр улсын төсөвт оруулж буй хувь нэмэр ихээс гадна, эндэхийн компаниудын цалин улсын дунджаас өндөр. Энэ суурь хүчин зүйлүүдээс болж ард иргэдийнх нь хадгаламж, хэрэглээ өсөх, капиталын илүүдэл бий болох хандлагатай байна.
Үүнээс гадна, тодорхой бараа үйлчилгээний хувьд мэргэжлийн худалдан авагчтай. Тухайлбал, Оюутолгой төслийн худалдан авалт гэхэд бараа бүтээгдэхүүнд олон улсын стандарт тавьж, өөрийн гэсэн бодлого, дүрэм журмаар явагддаг. Өмнөговь аймагт үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүнд худалдан авалтын бодлогоороо давуу тал бий болгодог механизмтай.
Мөн Цогтцэций сум дахь Тавантолгойн бүлэг ордод үйл ажиллагаа явуулдаг уурхайнууд, баруун тийшээ Нарийн сухайтын бүлэг ордод Монголын Алт МАК, Өсөх зоос, SGS гэх мэт том худалдан авагчид бий. Тэгэхээр энд үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүн тогтвортой зах зээлтэй гэсэн үг. Тиймээс зах зээлийн энэхүү боломжийг ашиглан аймгийн удирдлагууд говьд үйлдвэрлэл, үйлчилгээ хөгжүүлэхээр зорьж байгаа. Ер нь аль ч хөрөнгө оруулагч, үйлдвэрлэгчийн хувьд энэ их их том боломж юм.
-Та бүхэн Өмнөговь аймагт ямар төрлийн бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэх нөөцтэй гэж үзсэн бэ?
-Өнгөрсөн жил аймгийн ЗДТГ-ын захиалгаар, “Говийн оюу – хөгжил” сангийн санхүүжилтээр Өмнөговь аймгийн уул уурхайн бус салбарт үйлдвэрлэлийг хөгжүүлэх ямар нөөц байгааг судалсан. Нөөц гэдэгт, чадварлаг ажиллах хүчнээс гадна байгалийн нөөц, цаг уурын орчин нөхцөл, одоо байгаа бараа бүтээгдэхүүний тоо хэмжээнээс эхлээд олон зүйлийг авч үзсэн.
Хөгжих боломжтой хэд хэдэн салбарыг онцолмоор байна. Юуны өмнө, барилгын материалын үйлдвэрлэлийн нөөц Өмнөговь аймагт байна. Ялангуяа, өнгөлгөөний болон дулаалгын материалын үйлдвэрлэлийг хөгжүүлэх боломжтой. Даланзадгад, Ханбогд, Цогтцэций гэсэн хүн амын төвлөрөл дагасан сум сууринд барилгын материалын эрэлт хэрэгцээ өсөж байгаа.
Мөн говь нутаг төдийгүй Монголын маш өвөрмөц брэнд болох боломжтой бүтээгдэхүүн бол ингэний сүү. Монголын нийт тэмээн сүргийн тэн хагас нь Өмнөговь аймагт байдаг. Нутгийн баруун, зүүн, хойд сумдаар тэмээн сүргийн нягтаршил өндөр байна. Ингэний сүү бол дэлхийн зах зээл дээр хамгийн өндөр үнэтэй. Ойрх дорнод болон АНЭУ бол ингэний сүүний үйлдвэрлэлээр дэлхийд тэргүүлэгч зах зээл. Сүүлийн үед АНУ руу ингэний сүү экспортолдог болсон. Америкт өндөр үнэтэй ингэний сүү уудаг хэрэглэгчид байна. Австралид гэхэд ингэний сүүний ферм байгуулж, тэмээгүй байсан газар тэмээтэй болж байна. Өмнөд хөршид гэхэд ингэний сүү манайхаас гурав дахин өндөр үнэтэй байдаг.
-Малын гаралтай түүхий эдээр сүү, сүүн бүтээгдэхүүн хийхэд айл болгон өөр өөрийн сурсан арга, технологитой тул энэ жигд биш байдал нь эцсийн бүтээгдэхүүний чанарт нөлөөлдөг нь үйлдвэрлэгчийн хувьд их том асуудал байдаг. Ингэний сүүний үйлдвэрлэлийн хувьд та фермерийн аж ахуйн санал болгож байна уу, эсвэл өөр хувилбар бий юу?
-Мэдээж айл болгоны боловсруулсан сүүг аваад явна гэдэг эрсдэлтэй. Гэхдээ ингэний сүүний үйлдвэрлэлд хөрөнгө оруулалт хийгдээд явж байна. ТЭСО корпорац гэхэд Ханбогд орчимд нэмүү өртгийн хэлхээ бий болгож, саасан сүүг шууд хөргүүрээр дамжуулан татан төвлөрүүлэлт хийж байгаа. Улаанбаатарын зах зээл дээр шинэ бүтээгдэхүүний маркетинг хийгээд эхэлсэн байх жишээтэй. Ингэний сүүний нөөц маш их байгаа. Тэмээний аж ахуйг хагас эрчимжсэн болгох замаар бүтэн жилийн турш сааль авах боломжтой байдаг нь маш онцлог юм.
-Ингэний сүүний зах зээлийн багтаамжийг хэрхэн харж байгаа вэ. Үйлдвэрлэлийн нөөц нь зах зээлийнхээ хэд орчим хувьтай тэнцэх бол?
-Хоормог хэлбэрээр буюу уламжлалт технологиор боловсруулсан ингэний сүү 1 литр нь 12-14 мянган төгрөг байна. Гэсэн хэдий маш хурдан зарагдаад дуусдаг бүтээгдэхүүн тул зах зээлийнхээ багахан хэсэгт л хүртэж байна. Гэтэл экспортод гаргавал бүр л бага шүү дээ. Өмнөговь аймгийн тэмээн сүргийн хоёр бүсээс саалийнхаа 60-70 хувийг авна гэж тооцоход жилийн 20 тэрбум төгрөгөөр хэмжигдэх боломж бий. Литрийг нь 8500 төгрөгөөр тооцоход шүү дээ. Бодит зах зээлийн ханш үүнээс 20-30% өндөр байна.
-Говийн бүс нутаг ямаа ихтэй. Ноолуураас гадна ямааг түшиглэсэн ямар нөөц байна вэ?
-Аж ахуй дээр суурилсан үйлдвэрлэлийг хөгжүүлэх боломж бий. 10 айл дундаа нэг технологи, нөү-хаугаар нэг брэнд гаргах боломжтой үйлдвэрлэл бол ямааны сүүний бяслаг (сыр). Манай улсын бяслагийн хэрэглээ жилд 40 хувиар өсөж байгаа. Гэтэл энэ зах зээлд импортын бүтээгдэхүүнүүд зонхилдог. Дотоодын үйлдвэрлэгчид маш бага хувийг эзэлдэг, голдуу үнээний сүүгээр бяслаг хийж байна. Өмнөговь аймгийн баруун сумууд болох Ноён, Сэврэй, Гурвантэс, мөн Булган, Хүрмэн суманд ямаан сүргийн төвлөрөл маш өндөр байна. Үүнд суурилаад бяслагийн үйлдвэрлэлийг хөгжүүлбэл дотоодын зах зээлд шингэн сүүнээс даруй гурав дахин өндөр үнэтэй бүтээгдэхүүн нийлүүлэх боломж байна. Хилийн цаад талд бас маш хурдтай өсөж яваа ямааны бяслаг хэрэглэгчид байгаа. Европын бяслагийг БНХАУ руу зөөж байна шүү дээ.
Бяслагийн нөү-хау бол Монголд цоо шинэ салбар. Гэхдээ Швед, Грек, Итали, Франц гэх мэт бяслагийн уламжлалтай орнууд олон байдаг. Тэндээс олон жил явж ирсэн уламжлалт нөү-хауг бүлээр дамжуулан бага багаар нутагшуулж чадвал бидэнд сүүний буюу түүхий эдийн маш том нөөц бий. Ямааны сүүний бяслаг бол дэлхийн зах зээл дээр үнэтэй бүтээгдэхүүний нэг.
-Сая таны дурдсан бяслаг үйлдвэрлэгч орнууд чийглэг зөөлөн уур амьсгалтай, бас бяслагаа хадгалах зоорьтой. Говийн уур амьсгал бяслаг хийхэд арай эрс тэс биш үү?
-Бяслагийг насжуулдаг агуулах байдаг. Түүнийг одоо үед эрчим хүч л байхад чийгшил, агааржуулалт, температур, гэрлийн орчныг нь бүрдүүлж, байнга хянах боломжтой болсон. Манай уур амьсгал бага зэрэг хуурай боловч орчин үед энэ бүхнийг шийдвэрлэхэд ямар ч асуудалгүй болтлоо технологийн боломж хөгжсөн.
-Говьд газар тариалан эрхэлдэг айл өрх, байгууллага бусад аймагтай харьцуулахад маш бага байсан. Энд мал аж ахуйгаас гадна газар тариалангийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх хэр зэрэг боломжтой вэ?
-Хүмүүс говь нутагт газар тариалан эрхэлнэ гэдэгт итгэхгүй байж магад. Гэхдээ энэ бол цоо шинэ санаа биш. 1980-аад оноос Өмнөговь, Дундговь, Өвөрхангайн өмнө хэсэг, Баянхонгор, Говь-Алтай аймгийн урд хэсэг дулааны баланс өндөртэй газруудад туршилт судалгааны төвүүд байгуулагдан судалгаа хийгдэж байсан. Өмнөговьд нутагшсан Булган сумын улаан лооль байдаг. Монголдоо хамгийн гоё амттай лооль шүү дээ. Говьд улаан лоолийг задгай талбайд тарьдаг, орчин нь бүрдсэн, дулааны баланс нь хүрдэг тул хүлэмжид үйлдвэрлэснээс хямд байдаг.
БНХАУ-ын Шинжаан Уйгурын бүс нутагт дэлхийн нийт улаан лоолийн 20 хувь буюу жилд 56 орчим сая тонныг тариалж байна. Яг манай говийн дулааны бүсэд багтдаг газар нутаг шүү дээ. Тэгэхээр энэ бүсэд улаан лооль задгай талбайд тариалбал маш бага зардлаар өндөр ургац авах боломжтой.
Байгалийн энэ хүчин зүйлийн тусламжтай мөн бүх төрлийн чинжүү, японы сүшинд хэрэглэдэг васаби зэрэг ургамлыг тариалж болно. Маш үнэ цэнтэй, үнэтэй газар тариалангийн бүтээгдэхүүнүүд яг энэ бүсэд ургадаг.
Тиймээс ирээдүйд Өмнөговийн хөдөө аж ахуйн салбарт том потенциал байна гэж харж байгаа. Булган, Хүрмэн, Баян-Овоо суманд хөв цөөрмүүд байгуулж, багахэн хэмжээний усалгаатай газар тариалан эрхлэх боломж бүрдсэн байна. Булган суманд 1 га талбайгаас 10 тн улаан лооль авч байгаа. Дэлхийн дундаж 50 тн байдаг. Өөрөөр хэлбэл, 1 га-аас авч буй ургацын хэмжээг тав дахин нэмэгдүүлэх боломж байна. 250 га-с улаан лооль тариаллаа гэхэд 20 гаруй тэрбум төгрөг олох боломжтой. Үүнд эргэлзээд хэрэггүй. Дэлхий дээр ийм том газар нутгийг хамарсан дулааны бүс байхгүй. Өмнөговь аймагт яагаад үүнийг онцлоод байна вэ гэвэл, Орхон-говь гээд усны төсөл амжилттай болвол Онгийн голын сав газар бүхэлдээ энэ дулааны баланс дотор буюу Өвөрхангай аймгийн Баянгол сумаас эхлээд Өмнөговь аймгийн Мандал-Овоо сум хүртэлх бүс нутагт өндөр үнэтэй, маш үнэ цэнтэй, экспортын бүтээгдэхүүн тариалах нөөц байгаа гэсэн үг.
-Ийм потенциалыг яагаад одоо болтол ашиглаагүй байсан юм бол. Судалгаа хийгээгүй болохоор уу, эсвэл өөр шалтгаан байна гэж та харж байна уу?
-Судалгаа дутуу байсан болов уу. Бидний судалгаа бол газарзүйн эдийн засгийн хоёр том суурь онол дээр боловсруулсан. Тиймээс байгаль цаг уурын нарийвчилсан судалгаа дахиад шаардлагатай. Тухайлбал, Дундговь аймгийн Сайхан-Овоо сумын салхины жилийн дундаж хурд нь сул тал байж болох бол Баянгол суманд дулааны баланс нь хүрэх үү, үгүй юу гээд илүү нарийвчлан судлах хэрэгтэй. Гэхдээ зөвхөн нэг сумын нутагт гэхэд 20 км үргэлжилсэн голын сав газарт улаан лооль тариална гэж үзвэл тухайн суманд 6-7 мянган ажлын байр бий болох боломжтой нь харагдаж байна. Эцсийн бүтээгдэхүүн нь дэлхийн зах зээл дээр өрсөлдөх боломжтой байна.
-Газар тариалан нь цаг агаараас хамааралтай, эрсдэлтэй бизнес. Дээрээс нь говьд усны эх үүсвэр татахгүй л бол ер нь хэцүү биш үү?
-Мэдээж ус маш чухал. Гэхдээ говьд усжуулалтаа шийдсэн байхад бусад нь тийм том эрсдэл биш. Яагаад гэвэл, бидэнтэй зэрэгцээд яг нэг дулааны бүсэд байгаа улс орнууд жилдээ 56 сая тонн улаан лоолийг тариалаад экспортлоод байна. Тиймээс бидэнд ч ялгаагүй боломж байгаа.
-Энэ потенциалыг ашиглая гэвэл дунджаар хэдий хэмжээний хөрөнгө оруулалт шаардлагатай бол?
-Хөрөнгө оруулалтын хэмжээ гэхээс илүү эдгээр үйлдвэрлэлийн аль нэг шатанд нь хүний нөөц, нөү-хауг шингээж ашиглах нь илүү чухал. Улаан лоолийн зах зээлд өрсөлдөхөд бидэнд газар тариалангийн мэргэжил, ур чадвар сул байгаа. Тэгэхээр энэ сул талаа хэдий хугацаанд яаж бэхжүүлэх, хүнээ хэрхэн бэлтгэх вэ гэдэг нь чухал. Бяслаг ч ялгаагүй. Хэдийгээр бид саалиа авч чадаж байгаа ч юуны урьд сүүгээ татан төвлөрүүлдэг систем хэрэгтэй. Дараа нь бяслаг үйлдвэрлэх, хадгалах, зах зээлд гаргах маркетингийн үйл ажиллагаа зэрэг нарийвчилсан ур чадварууд хэрэгтэй. Тиймээс хамтын хөрөнгө оруулалт хэрэгтэй байна. Васаби судалж, туршиж байгаа компаниуд байна. Улаан лоолийг ч ялгаагүй. Мэдээж хэрэг капиталын дутагдал байгаа ч Өмнөговь өөрөө капиталын илүүдэлтэй байна. Иргэд өөрсдөө тэрхүү компанийн хувьцааг худалдаж авах потенциалтай болсон байна.
Ярилцсан З.Цэлмэг