Энэ сэдвээр хийсэн подкастыг сонсох бол энд дарна уу
Сайн маркетинг хэрэглэгчээсээ түрүүнд алхдаг
Хенри Форд “Хэрэв хэрэглэгчдээс юу хамгийн хурдан бэ? гэж асуусан бол илүү хурдан морь гэж хариулах байсан. Үнэндээ бодитоор үзүүлэхээс нааш өөрсдөд нь юу хэрэгтэйг хүмүүс ойлгодоггүй” гэж хэлсэн байдаг. Тиймээс маркетинг хэрэглэгчийнхээ ард биш, тэднээс түрүүнд алхаж, манлайлах хэрэгтэй.
Стив Жобс бас ийм зарчим баримталдаг байв. Тэрээр “Хүмүүс өөрсдөд нь юу хэрэгтэйг мэддэггүй учраас би зах зээлийн судалгаа гээчийг хийдэггүй. Бидний гол зорилго бол номын хуудсанд байхгүй зүйлийг олж унших” гэж хэлсэн билээ.
Тухайлбал, Японы Вагю мах бий болсон түүх сонирхолтой. Япон улс бэлчээрээр хомс учраас томоохон хэмжээний эрчимжсэн мал аж ахуй хөгжүүлж, ердийн махаар бусад улстай өрсөлдөж чадахгүй. Тиймээс дэлхий дээрх хамгийн амттай, хамгийн тансаг, хамгийн эрүүл, хамгийн үнэтэй махыг бий болгожээ. Энэ махны чанар генетикийн хүчин зүйлээс гадна үхрийг тэжээх, өсгөх, эцэст нь нядлах гэх мэт нарийн технологиос хамаарна. Хамгийн сайн өвс, үр тариа, бас чанартай шар айргаар тэжээхээс гадна үхрийг стресстүүлж махны чанар алдагдахаас сэргийлж үхрүүдэд тогтмол массаж хийдэг байна. Энэ бүхний үр дүнд, Европ, АНУ-ын зах зээлд нэг кг нь 800 ам.доллароор зарагддаг, тансаг махыг гаргаж авдаг.
Эндээс харахад маркетинг нь бизнесийн стратегитай салшгүй холбоотой, шинэ хэрэглээг бий болгосон, тэр хэрээрээ хэрэглэгчийн асуудлыг шийдэж байдаг үйл ажиллагаа юм. Вагю махны хувьд үхрийн махны тансаг хэрэглээ хэмээх цоо шинэ зах зээлийг үүсгэж, давтагдашгүй үнэ цэнийг бүтээж чадаж байна. Тийм ч учраас алдартай бизнесүүд хэрэглэгчид юу хэрэгтэйг өөрсдөөс нь урьдчилан харж, хэдэн арван жилийн дараах зах зээлийн хэрэгцээг тооцоолж маркетинг хийдэг. Өөрөөр хэлбэл, ирээдүйн бизнест хөрөнгө оруулдаг. Ингэхдээ тэд хэрэглэгчээ бэлддэг, сургадаг, соён гэгээрүүлдэг.
Энэ утгаараа маркетинг бол борлуулалтыг идэвхжүүлэх тухай яриа огт биш, харин бизнесийн стратегийн том хэсэг юм. Тэгэхээр тухайн бизнесийн алсын хараа тодорхойгүй, бүтээгдэхүүн, үйлчилгээ муу, хэрэглэгчийн ямар асуудлыг шийдэх гэж буйгаа мэдэхгүй байвал ямар ч сайн маркетинг тус болохгүй.
Харамсалтай нь, бүтээгдэхүүн бэлэн болсны дараа, эсвэл гаднаас бүтээгдэхүүн оруулж ирсний дараа, маркетингийн мэргэжилтэн ажилд авчхаад “Одоо маркетинг хий” гэх маягаар маркетинг хийх гэсэн уламжлалт хандлага амь бөхтэй байсаар байна. Маркетингийг идэвхжүүлэлтийн арга зам хэмээн харж, зар сурталчилгаатай адилтган авч үздэгээс болж борлуулалт өсөхгүй бол маркетингийн багийг буруутгадаг. Гэтэл маркетер хүн бизнесийн эздийн үгээр ажиллах бус, тэднийг чиглүүлэх учиртай. Эс бөгөөс ийм бизнес хямрал эхлэхэд хамгийн түрүүнд сөхөрдөг.
Уламжлалт төөрөгдлүүдээс үүдэж маркетингийг зар сурталчилгааны агентлагтай хамтран ажиллах төдийгөөр авч үзэж байна. Гэвч маркетинг нь тухайн бизнесийн алсын хараа, бүтээгдэхүүн, үйлчилгээ, хүний нөөц, бизнес загвар, засаглал гээд олон талыг хамардаг ойлголт. Тиймээс маркетер хүн энэ бүхнийг мэдээгүй байхад түүнээс үнийн санал асууна гэдэг нь утгагүй зүйл.
Компани, хэрэглэгч хоёр хамтдаа түүхээ бүтээдэг
Дээр хэлсэнчлэн, маркетинг бол хэдийг зарж, юу борлуулав гэх мэт асуултад хариулах борлуулалтын идэвхжүүлэлт биш юм. Тэгвэл яг юу гэж тодорхойлбол оновчтой вэ? Маркетинг бол харилцаан дээр суурилсан сэтгэл ханамж. Хэрэглэгчтэй үүсгэж буй энэ харилцаа өрнөх явцдаа түүний ямар нэгэн асуудлыг шийдэж байх учиртай бөгөөд эсрэг тохиолдолд маркетинг үр дүн авчрахгүй.
Түүнээс гадна өнөөгийн хэрэглэгч маш ухаалаг болсон. Тэд маш их мэдээлэлтэй, мэдээллийн технологийг төрөл бүрээр ашиглаж байна. Хамгийн онцлууштай нь хэрэглэгч өмнөх шиг зөвхөн мэдээллийг идэвхгүй хүлээж авахаа больж, мэдээллийг өөрөө боловсруулдаг, эргээд цацдаг болж өөрчлөгдсөн.
Тэгэхээр тэд бизнесийн харилцааны нэг хэсэг, бизнесийн хамтрагч болж байна. Тиймээс орчин үед бизнесүүд хэрэглэгчтэйгээ хамтарч маркетинг хийдэг хандлага руу шилжиж байна. Ингэх явцдаа хэрэглэгчтэйгээ хамт хөгждөг, боловсордог, тэднийгээ хүмүүжүүлдэг. Хэрэглэгчээс санаа бодлыг нь тасралтгүй сонссоноор хэрэглэгч өөрөө бүтээгдэхүүн хөгжүүлэлтийн идэвхтэй оролцогч болж хувирдаг.
Хэрэглэгч бизнесийн харилцааны нэг хэсэг, хамтрагч болж байна. Тиймээс орчин үед бизнесүүд хэрэглэгчтэйгээ хамтарч маркетинг хийдэг хандлага руу шилжиж байна.
Ийнхүү компани, хэрэглэгчийн хооронд win-win зарчимд суурилсан урт удаан хугацааны хамтын ажиллагаа бий болж, тэд хамтдаа түүхээ бүтээдэг. Тэгэхээр маркетингийг зөвхөн борлуулалт өсгөх, ашиг олох зорилготой гэж харах нь явцуу юм.
Өнөөдөр хэрэглэгч хаан гэж ярих нь тийм оновчтой биш. Харин хамтрагч, түнш гэвэл илүү тохирно. Энэ мэтээр хэрэглэгчтэй үүсгэж буй харилцааныхаа мөн чанар, зорилгыг ойлгоогүй зарим компани олон нийтэд зориулж маш гоё реклам, сурталчилгаа хийдэг ч яг газар дээр нь очиж үйлчлүүлэхэд харилцааны тал дээр шууд унадаг.
Үүнд өмнө дурдсан Вагю махны жишээг дахин авч үзье. Энэ махны хэрэглэгчид өгч буй хамгийн үнэт зүйл үнэндээ мах биш, түүнээс авч буй мэдрэмж байдаг. Хэрэглэгч уг махыг өндөр үнээр худалдаж авахдаа хүний бие организмд ач тустай ханаагүй өөх тос, омега-3 ба омега-6 тосны хүчлүүдийг илүү хувиар агуулсан гэх мэт үзүүлэлтээс илүү түүнээс бий болох мэдрэмжид мөнгө төлдөг. Маш зөөлөн, шүүслэг, аманд удаан хадгалагдах тэрхүү тансаг амтаар дамжиж бий болох тэр л “мэдрэмжийг бүтээхийг” энэхүү брэндийн үүсгэн байгуулагчид зорьж, бизнес стратегийн бүхий л боломжоо дайчилжээ.
Инфлүүнсэр гэдэг нь заавал олон дагагчтай хүн байх албагүй. Харин тухайн хүний үйлдэл хэрэглэгчийн амьдралд ямар нэг эерэг өөрчлөлт гарахуйц байдлаар нөлөөлж байх учиртай.
Тэгвэл уг брэндийн Монгол дахь хэрэглэгчид рүү чиглэсэн маркетинг хэрхэн хийгддэг вэ? Вагю брэндийг World Premium Wagyu компани Монголд албан ёсны эрхтэйгээр борлуулдаг. Тэд ихэвчлэн инфлүүнсэр маркетинг ашигладаг. Гэхдээ хэрэглэгчээ юу хүсэж буйг мэдэхгүй хэрнээ инфлүүнсэрүүдэд найдаж маркетингийн зардал гаргаад явдаг нийтлэг алдааг тойрч чаддаг. Учир нь инфлүүнсэр гэдэг нь заавал олон дагагчтай хүн байх албагүй. Харин тухайн хүний үйлдэл хэрэглэгчийн амьдралд ямар нэгэн өөрчлөлт гарахуйц байдлаар нөлөөлж байх учиртай.
Вагю брэндийн хувьд энэ зарчмыг баримталж, инфлүүнсэртэй хамтарч буй тохиолдолд нарийн судалж, сонгодог бөгөөд голдуу нийгэмд үлгэр дуурайлал болдог, соёлын түүчээ болсон хүмүүстэй хамтардаг. Тэдний хийх ёстой гол ажил нь вагю махыг идэж, хэрэглэж үзээд мэдрэмжээ хуваалцах.
Түүнээс гадна Вагю брэнд худалдан авалтын дараах харилцагчийн үйлчилгээг маркетингийн чухал хүчин зүйлс гэж үздэг. Томоохон баяр, төрсөн өдөр зэрэг тэмдэглэлт баярын өдрүүдээр нь залгаж, баяр хүргэж мэндчилгээ дэвшүүлэх жишээтэй.
Энэ мэтчилэн мэдрэмж бүтээх бүтээлч шийдлүүд, түүнийгээ хүчитгэсэн харилцагчийн үйлчилгээ, энэ бүхнээс бий болох сэтгэл ханамжаас жинхэнэ маркетинг бүрддэг ажээ.