ДДэш контентын үйлчилгээний дараагийн шат руу орж, контент үйлдвэрлэх төслүүд хийдэг болсон.
ДДэш-ийн түүхийг товчхон эргэн харцгаая
ДДэш компани 2008 онд байгуулагдсан, DTH /Direct-To-Home/ буюу сансрын хиймэл дагуулаар телевизийн олон суваг болон кино, контентын үйлчилгээг орон даяар дахин дамжуулах үйлчилгээ үзүүлдэг компани юм. Тус компани үйл ажиллагаа явуулж эхэлснээр монголчууд дэд бүтцийн хөгжлөөс хараат бусаар буюу Монгол орныхоо өнцөг булан бүрээс телевиз, радиогийн сувгуудыг хүлээн авах боломжтой болсон нь манай улсын харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарт гарсан томоохон дэвшил болсон.
Тухайн үед үзэгчид телевизийн дөрвөн сувгаар зургаан телевиз хүлээн авч үздэг байлаа. Хоёр суваг нь шууд явдаг, үлдсэн хоёр суваг дээр дөрвөн телевиз ээлжилж гардаг байв. Сансрын хиймэл дагуулын үйлчилгээ гарснаар 18 сувгийг шууд дамжуулах нөхцөл бүрдэж, төв сууринаас хол үзэгчдийг мэдээллийн хоцрогдлоос арилгаж, хүн бүрд мэдээлэл авах тэгш боломжийг олгож эхэлсэн билээ.
Энэ жил ДДэш ТВ ХХК -ийн 15 жилийн ой тохиож байна. 2015 оноос эхлэн кино контентыг түгээх, дамжуулах үйлчилгээгээ эхлүүлжээ. Харин өнөөдөр энэ зах зээл эрчимтэй хөгжиж байгаа учраас тэд контентын үйлчилгээний дараагийн шат руу орж контент үйлдвэрлэх төслүүд хэрэгжүүлж байна. Өөрөөр хэлбэл, зохиол бичих, бүтээх, түгээх гэх мэтээр эцсийн хэрэглэгчдэд очих бүх шатанд ажилладаг болсон юм.
Өнгөрсөн 15 жилийн хугацаанд ДДэш хүн бүрийн оюуныг гэрэлтүүлэх мэдээлэл, контентыг өргөн цараа, өндөр чанар, шинэлэг шийдлээр түүчээлэн хүргэх эрхэм зорилгодоо хүрч чадсан билээ.
ДДэш кино, контентын зах зээлд өнөөдөр ямар байр суурь эзэлж, цаашид хэрэглэгчдэдээ ямар үнэ цэн бүтээхийг зорьж байна?
Олон сувгийн үйлчилгээ үзүүлэгч компаниудын үндсэн хоёр гол бүтээгдэхүүн болох олон сувгийн үйлчилгээ борлуулалт, кино, контентын борлуулалтаас ашиг орлогынхоо ихэнх хувийг бүрдүүлж байна. Монголд энэ үйлчилгээ хөгжихийн хэрээр кино, контент үйлдвэрлэгчдийн итгэл, найдварыг төрүүлсэн хамтрагч байгууллага болсон.
Бидний хувьд 2015 оны арванхоёрдугаар сард “Кино театр” үйлчилгээг нээсэн нь малчны хотноос Улаанбаатар хотын өрх бүрд хүрч буй контентын хөгжилд томоохон эргэлтийг бий болгосон. Монгол орон даяар дэлхийн шинэ, шилдэг кино контентыг албан ёсны эрхтэйгээр, монгол дуу оруулалттай, дуу, дүрсний өндөр чанартайгаар хүлээн авах боломжийг хэрэглэгчдэдээ олгосон.
Түүнчлэн Монголын уран бүтээлчид зөвхөн кино театраас орлого олдог байсныг илүү тэлж, сүүлийн жилүүдэд дистрибьютор компаниудад буюу олон суваг дамжуулагч компаниудад өгч кино санд байршуулж орлого олох шинэ боломжууд нээгдэж эхэлсэн. IPTV-ийн орлого дээр нэмээд манай “Кино театр” үйлчилгээнээс орлого олох боломжийг бий болгосон. Энэ бол контент бүтээгчид хөгжихөд томоохон түлхэц болсон алхам гэж үздэг.
Монголын уран бүтээлчид кино театрууд, IPTV-ийн орлого дээр нэмээд манай “Кино театр” үйлчилгээнээс орлого олох боломжийг бий болгосон.
ДДэш бол кино контентыг түгээж буй дистрибьюторын зах зээл дэх томоохон тоглогчдын нэг. Цаашид бид зөвхөн кино контент түгээх биш үйлдвэрлэлээс түгээлт хүртэлх бүх процесст оролцох зорилготой байгаа. Контент бүтээх процесст түгээгч компани оролцоно гэдэг маань киноны зохиол, хийц гэх мэт үе шат болгон дээр тодорхой хэмжээний стандарт шаардлагууд тавьж, цаашид илүү чанартай контент бүтээх хөшүүрэг бий болно.
Тэгвэл контент бүтээх бизнест шинээр хөл тавьж байгаагийн хувьд ямар гол сорилтууд тулгарч байна вэ?
Нэгдүгээрт, Монголын зах зээл хангалттай том биш, бид жүжигчин, найруулагч, зохиолчийн байнгын хомсдолтой нөхцөлд ажилладаг. Авьяасын хомсдол бол контент бүтээгчдийн хамгийн том сорилт.
Хоёрдугаарт, хүмүүс нэг үеэ бодвол төлбөртэй контент үздэг соёлд суралцаж байгаа ч оюуны өмчийн хулгай оршсоор байна. ДДэш компани 2015 онд кино сантай болсноор 10 мянга гаруй гадаад, дотоодын кино контентыг албан ёсны эрх, оюуны өмчийн зөвшөөрөл, дуу, дүрсний өндөр чанартайгаар хэрэглэгчдэдээ хүргэж байна. Дэлхийн студиудээс Disney, Warner bros, Universal pictures, Paramount, дотоодоос Nomadia, Hulegu, Fantastic, Seventeen гэх мэт олон студийн кино контентуудыг албан ёсны эрхтэйгээр хэрэглэгчдэдээ хүргэдэг. Үүний зэрэгцээ оюуны өмчийн тал дээр хэрэглэгчдэдээ боловсрол олгохыг зорьж байна.
Жишээлбэл, энэ жилээс эхлэн нийгмийн хариуцлагын хүрээнд хөдөө орон нутагт бидний хэрэгжүүлж буй “Соёлын элч” хөтөлбөрийн хүрээнд 50 сумын иргэд яг одоо кино театрт гарч буй шинэ киног сумынхаа соёлын төвд хүлээн авч үзэх боломжтой болж байгаа. Ингэснээр интернэтэд хулгайгаар тавигдсан чанар муутай бичлэг бүхий киног үзэх шаардлагагүй болно гэсэн үг. Цаашдаа хэрэглэгчдийнхээ оюуныг гэрэлтүүлэх “Соёлын элч” хөтөлбөрөө илүү олон суманд хэрэгжүүлэхээр төлөвлөж байна.
Танайх шиг мэргэжлийн продюсингийн багууд бий болсноор уран бүтээлчдэд ямар боломж бий болж байна вэ?
Контентын зах зээл өмнөхөө бодвол харьцангуй төрөлжиж, зохиолчид, найруулагчид, жүжигчид гэх мэтээр уран бүтээлчид бусад ажил руу оролцохгүйгээр зөвхөн уран бүтээлээ хийгээд явах боломжтой болж байна. Өмнө нь зохиол бичихээс эхлээд зарах хүртэлх бүх процесст өөрөө оролцдог байсан бол одоо бүтээлдээ илүү төвлөрөх боломжтой болсон.
Мөн продюсингийн компаниуд гарч ирснээр тухайн контентын төслийг санхүүжүүлэх асуудалд санаа зовохооргүй болж, улмаар контентын салбар илүү хурдацтай хөгжиж байна. Үр дүнд нь бүтээлийн чанар сайжирч байна. Контент гэдэг зүйл илүү мэргэжлийн, системжсэн үйлдвэрлэлийн шинжтэй болж байгаа. Хуучнаар уран бүтээлч өөрөө санхүүжилт олох гэж их хугацаа ордог, тэр хэрээрээ уран бүтээл гарах нь хойшилдог байсан бол одоо санхүүжүүлэгчид гарч ирснээр богино хугацаанд олон кино зэрэг гарч байна. Олон контент гарч ирэхийн хэрээр хэрэглэгчдэд сонголт бий болж, илүү чанартай контент үзэх бололцоо бүрдэнэ.
Контентын зах зээл Шинэ жил, Цагаан сар, Наадам зэрэг баяруудаар оргил үедээ очдог. Тэндээс хэнийг нь илүү үзэх вэ гэдэг продюсинг хийж буй багийн ажлаас шалтгаална. Мэдээж зохиол, найруулга, жүжигчний ур чадвар, цаг үеийн тохироо нь сайн байвал тэр л контентыг илүү үзнэ.
Танай компанийн уран бүтээлийн сан хэр зузаарч байна?
Одоогоор бид нийт 15 бүтээлд продюсинг хийгээд байна. Эндээс онцолж ярих ёстой бүтээл бол бидний хамгийн сүүлд хийсэн “Монгол” хэмээх уран сайхны кино. Кино театруудаар гараад саяхан буусан. “Монгол” кино маань өнгөрсөн дөрөвдүгээр сард нээлтээ хийсэн бөгөөд кино театруудаар хамгийн удаан хугацаанд гарсан бүтээл болж чадлаа. 2017-2023 онд кино театрт гарсан Монголын уран сайхны кинонуудын үзэлтийн судалгаагаар 200 мянган үзэгч давсан найман киноны дөрөвдүгээрт жагссан буюу кино театрт 217,000 гаруй хүн үзсэн өндөр амжилттай байна.
Контентын зах зээлд олон улсын төслүүд дээр ажиллах боломжийг хэрхэн харж байна вэ?
Одоо манай урын сан 10 мянга орчим контенттой. Үүнээс дийлэнхийг гаднын студиудын контентууд эзэлдэг бөгөөд дэлхийн том гэгддэг зургаан студийн контентыг албан ёсны эрхтэйгээр авдаг. Одоо бид бэлэн контент аваад дамжуулдаг ч алсдаа продюсингийн төслүүд маань тэлж, гаднын компаниудтай хамтран контент бүтээх, эсвэл олон улсын кино наадмуудад оролцох чиглэлд түлхүү анхаарах төлөвлөгөөтэй байна.
Түүнчлэн Монголын кино контентын төслүүдэд гаднын хөрөнгө оруулалт татах ч боломжууд гарч ирэхийг үгүйсгэхгүй. Гаднын хөрөнгө оруулалт татсан дотоодын студи, продюсерууд нэлээд бий.
Дотоодын контентын зах зээлийг өрсөлдөөний орчин талаас нь харвал?
Урьд нь хэрэглэгчид үнэ болон сувгийн тоон дээр их ач холбогдол өгдөг байсан бол өнөөдөр үнийн хувьд бүгд ижил төстэй тул давуу тал үүсэхгүй. Харин хэн нь илүү оригинал контенттой, оригинал сувагтай байна гэдгийг харгалзаж үзэгчид сонгож байна. Хэрэглэгчийн зан төлөв суваг гэхээсээ илүү таалагдах контентыг илүүд үздэг болж өөрчлөгдсөн. Үүнийг дагаад дистрибьютор компаниуд ч энэ чиглэлд нэлээд анхаарч ажиллаж байгаа.
2017-2023 онд кино театрт гарсан Монголын уран сайхны кинонуудын үзэлтийн судалгаагаар 200 мянган үзэгч давсан найман киноны дөрөвдүгээрт “Монгол” кино жагсаж, кино театрт 217,000 гаруй хүн үзсэн байна.
Үүнтэй холбоотой сүүлийн 3-4 жилд өрсөлдөөн ширүүссэн. Үүнийг дагаад контент үйлдвэрлэл тасралтгүй шинж чанартай болсон. Тиймдээ ч бид дээр хэлсэнчлэн өөрийн оригинал сувгууд, тэдгээртээ зориулсан оригинал контентуудыг хөгжүүлж байна.
Өмнө нь студиуд жилдээ хэдхэн контент хийгээд дуусдаг байсан бол одоо байнгын захиалгатай ажилладаг болсон. Тэгэхээр энэ зах зээл цаашаа улам хөгжинө гэж харж байна. Мөн киноны зах зээлийнхэн түрүүчээсээ олон улсын кино наадамд хэдийнэ гараад эхэлсэн. Монголын кино урлаг Монголоор хязгаарлагдахаа больсон байна.
Шинэ зах зээлд орж буйтай холбоотой технологийн ямар шинэчлэл, хөрөнгө оруулалт хийсэн бэ?
Олон ажлууд хийгдсэнээс онцлон дурдвал, 2017 онд Korea Sat 5A хиймэл дагуулд анх удаа зөвхөн Монголын газар нутаг руу бүрэн чиглэсэн цацрагийг захиалан хийлгэж хөөргөснөөр ДДэш -ийн дохио чанар, хамрах хүрээ илүү сайжирсан. Энэхүү шинэ хиймэл дагуул руу шилжсэнээр хэрэглэгчид илүү авсаархан жижиг тавган антенаар илүү өндөр дохио, чанарыг хүлээн авах боломжтой болсон. Өөрөөр хэлбэл, байгалийн үзэгдлийн нөлөөнд бага өртөхөөс гадна олон сувагтай болж, илүү дэвшилтэт байдлаар кино, контентын үйлчилгээг хэрэглэгчдэдээ хүргэж байна.
Хиймэл дагуул хөөргөх болон сар бүрийн түрээс гэдэг бол маш өндөр өртөгтэй. Суваг нэмэгдэхийн хэрээр төлөх төлбөр нь ихэсдэг. Энэ нь ам.доллароор хэмжигдэж байдаг. Тэгэхлээр энэ өндөр зардлыг гаргаад хэрэглэгчдээ мэдээ мэдээллээс хоцроохгүй байх боломжийг бүрдүүлж өгч байгаа нь хэрэглэгчдэд маш том үнэ цэнийг өгөхөөс гадна Монгол Улсдаа оруулж байгаа том хувь нэмэр гэж харж байна.
Танай хэрэглэгчдийн бааз суурь ямар хэмжээнд байгаа вэ?
Өнөөдөр ДДэш нь өргөн нэвтрүүлгийн болон арилжааны телевизийн сувгуудаас гадна орон нутгийн телевизийн сувгуудыг дахин дамжуулах болон хиймэл дагуулын технологийн онцлог давуу талууддаа тохирсон технологийн шийдлээр VOD, pay-per-view (кино контент түрээслэн үзэх) зэрэг үйлчилгээнүүдийг үзүүлж байна. Энэ нь хэрэглэгчдэдээ малчны хотноос ч дэлхийтэй хөл нийлүүлэн алхаж, мэдээ мэдээлэл, кино контентын давлагаанаас хоцрохгүй байх боломжийг олгож байна.
IPTV бол шилэн кабелиар хэрэглэгчдэд хүрдэг үйлчилгээ. Харин ДДэш бол Улаанбаатар хотын төвийн цэгээс эхлээд алслагдсан баг, сумдын малчдын хотонд хүрдэг.
Манай компани 2023 оны байдлаар 360 мянга гаруй өрхөд үйлчилгээгээ хүргэж байна. Манай хэрэглэгчдийн тал хувь нь хөдөө орон нутагт суугаа төв суурин газраас алслагдмал хэрэглэгчид. Үлдсэн хэсэг нь төв суурин, хот газрын шилэн кабел ороогүй өрхүүд буюу гэр хороолол, зуслангийн айлууд манай үйлчилгээг авдаг. Монгол орны ямар ч хэсэгт, өнцөг булан бүрд тархан суугаа, хүссэн хүн бүр ашиглах боломжтой нь манай үйлчилгээний хамгийн гол давуу тал юм.
Хөдөө орон нутгийн үзэгч, хэрэглэгчдэд чиглэсэн контентын бодлого гэж бий юу?
Контент бол олон нийтийн оюун санаанд нөлөөлөх хүчирхэг хэрэгсэл. Тиймээс хүмүүс орон зайнаас үл хамаарч мэдээллийг тэгш авч байх нь чухал. Телевизийн олон суваг гараагүй байхад хот, хөдөөгийн хүмүүсийн мэдээллийн хүртээмжид ялгаа их байсан. Харин өнөөдөр бол хамгийн алслагдмал суманд ч хамгийн сүүлийн үеийн кино, дуу хөгжмийг үзэж, сонсдог болсноор мэдээллийг тэгш хүртээмжтэй авч байна. Нийгэмд гүйцэтгэх үүрэг талаасаа манай компанийн гол хийх ёстой зүйл нь энэ ялгааг арилгахад чиглэдэг.
Монголын уран бүтээлчид кино театрууд, IPTV-ийн орлого дээр нэмээд манай “Кино театр” үйлчилгээнээс орлого олох боломжийг бий болгосон.
Орон нутгийн үзэгчдийн хувьд суманд соёлын үрийг тарьж байдаг гол цөм нь соёлын төвүүд байдаг. Үүнтэй холбоотой бид 50 суманд “Соёлын элч” аян хэрэгжүүлж, нэгэн зэрэг Улаанбаатар хотод гарч буй шинэ кино, контентыг аймаг, суманд түгээх зорилготойгоор соёлын төвийг тохижуулсан. Өмнө нь зөвхөн бүжиг, хурал болдог байсан соёлын төвд ДДэш хүүхдийн кино өдөрлөг, ДДэш караоке өдөрлөг, ДДэш дууны уралдаан, амьдралд үнэ цэн авчрах илтгэлүүдийг сонсох зэргээр үйл ажиллагааныхаа төрлүүдийг илүү баяжуулах байдлаар “Соёлын элч” аянаа үргэлжлүүлнэ. Цаашид илүү олон сумыг хамруулах болно. Энэ аян бүх суманд хэрэгжсэнээр сумын иргэд мэдээллээс хоцрохгүй, кино, контентоо Монгол орон даяар зэрэг үзэх боломжтой болж байгаа юм.
Үүнээс гадна соёлын өвийг хамгаалж үлдэх зорилготой контентууд хийхээр судалж байгаа. Ялангуяа, соёлын биет бус өв тухайн тээгч нь амьд сэрүүн байхад л хадгалагддаг учраас хальсанд буулгаж олон хүнд өвлүүлж үлдээх нь маш чухал байдаг.
Сувгийн үйлчилгээгээ цаашид хэрхэн хөгжүүлэх вэ?
ДДэш-ийн оригинал сувгуудыг хөгжүүлж байна. Зөвхөн манай хэрэглэгчид үзэх боломжтой хүүхдийн, киноны, зохиолын дууны, спортын зэрэг нийт 12 суваг одоогоор гардаг.
Үзэгчид манай DDish Social сувгийг үзэх дуртай. DDish Social сувгийг хөгжүүлж буй гол зорилго бол нэгдүгээрт, дата авах боломжгүй, хоёрдугаарт, сүлжээнээс алслагдмал хэрэглэгчдэд өгөөжтэй контентуудыг хүргэхэд оршино. Хамгийн сүүлийн үеийн, нийгмийн сүлжээнд трэнд болж буй боловсролын болон эрүүл мэндийн контентуудыг бид худалдан авч, хэрэглэгчдэдээ хүргэж байна. Өөрөөр хэлбэл, эдгээр хэрэглэгч нэмэлт зардал гаргахгүйгээр сошиал орчны контентыг адилхан авах болно.
2023 оны байдлаар 360 мянга гаруй өрхөд үйлчилгээгээ хүргэж байна.
Өөр ямар ч телевизийн сувгаар эдгээр контентыг хүлээн авч үзэх боломжгүй. Сошиал медиа платформуудаас контент үзэхэд хязгаарлагдмал хэрэглэгчид маань энэ сувгийн “Artger”, “Бажи & Ялалт”, “Ideree’s podcast” зэрэг контентыг үзэх маш дуртай.
Гэхдээ нийгмийн сүлжээнд байгаа бүх контентыг тавихгүйгээр шүүлтүүртэй, үнэ цэнтэй мэдээлэл хүргэхийг зорьдог. Тухайлбал, номын подкастууд, сэтгэл зүй, эрүүл мэнд, эрүүл зөв хооллолт гэх мэт үзэгчдэд ашигтай мэдээлэл хүргэдэг контент бүтээгчидтэй хамтардаг. Цаашид бид DDish Kids, DDish Music гэх мэтээр энэ сувгуудаа илүү төрөлжүүлж, чанаржуулна.
ДДэш өдөр тутамдаа олон мянган хэрэглэгчтэй харилцаж мэдээлэл өгдөг. Харилцагчийн үйлчилгээндээ менежментийн ямар арга барил ашигладаг вэ?
Тухайн хэрэглэгчийн суурь асуудлыг олж, бүтээгдэхүүнээ суурь үндсээр нь сайжруулах алхмуудыг хийж байгаа. Хуучин хэрэглэгч багцаа сунгаад зарим тохиолдолд 1-2 хоног хүлээдэг байсан бол одоо бүтээгдэхүүнээ шинэчилж сайжруулснаар хэрэглэгч цэнэглэлтээ хийсэн тэр даруйд багц нь сунгагддаг, эсвэл хэрэглэгч үйлчилгээгээ дуусгахад сар бүр банк орж банкны үйлчилгээгээр багцаа сунгадаг байсан бол автомат сунгалт гэдэг үйлчилгээ нэвтрүүлснээр багц нь дуусмагц хэрэглэгчийн дансанд мөнгө байх юм бол хэрэглэгч ямар ч үйлдэл хийхгүйгээр багц нь байнга сунгагддаг гэх мэт аль болох харилцагчийн үйлчилгээ авах процессыг нь цөөрүүлж, бүтээгдэхүүнээ илүү шинэчилж сайжруулж байгаа гэсэн үг. Хэрэглээг нь илүү хялбаршуулж, энгийн ойлгомжтой байх, бага үйлдэл хийхэд илүү анхаарч ажиллаж байгаа.
Таны карьерын түүх?
Би Баянхонгор аймагт төрсөн, тэндээ 10 жилийн сургуулиа дүүргэж, МУИС-ийн ЭЗС-ийг 2011 онд төгссөн. 2012 оноос Юнител ХХК -ийн Бизнес хөгжил, төлөвлөлтийн газрын Бүтээгдэхүүн хөгжүүлэлтийн хэлтэст ажиллаж байгаад, 2019 онд ДДэш ТВ ХХК-д бүтээгдэхүүн, контент хөгжүүлэлтийн хэлтсийн менежерээр ажилд орсон. 2023 оноос Бизнес хөгжил, төлөвлөлтийн албаны захирлын албан тушаалд дэвшин ажиллаж байна.
Контент хөгжүүлнэ гэдэг байнгын бүтээлч байдал шаардана. Ийм салбарт баг яаж ажилладаг нь сонирхолтой байна?
Манайх дотроо маркетинг, бүтээгдэхүүн хөгжүүлэлт, контент хөгжил гэж хуваагдана. Энэ бизнес рүү орж ирснээр миний хувьд зөвхөн бүтээгдэхүүн хөгжүүлдэг байснаа больж контент хөгжүүлдэг болсон. Өмнө нь би кино үздэггүй байсан хүн шүү дээ. Харин өнгөрсөн гурван жилд нэлээд контент үзсэн. Үзэхдээ энгийн хэрэглэгчийн нүдээр бус, зохиол, найруулга, жүжигчдийн ур чадвар гээд шүүмжлэгчийн нүдээр үздэг болсон. Учир нь контент хөгжүүлж буй хүн салбараа маш сайн ойлгодог, мэдэрдэг байх хэрэгтэй.
Манай баг сар бүр кино театрт очиж хамгийн сайн кинонуудыг үздэг. Монголын IPTV, OTT болон Netflix гэх мэт гаднын платформууд дээр гарч байгаа сайн контентуудыг ч үзэх шаардлагатай. Зарим хүний хувьд кино үзээд л сууж байдаг жаргалтай хүмүүс мэт харагдах ч ажил гэдэг үүднээсээ маш хариуцлагатай. Өөрөөр хэлбэл, ийм байдлаар судалгаа хийхэд багагүй хүчин зүтгэл хэрэгтэй.
Зах зээлээс гадна түүний цаана ямар техник, технологийн хөгжүүлэлт хийгдэж буйг давхар судалж явах шаардлагатай болдог. Дээр нь мэдээж бэлэн болсон контентоо ямар сувгуудаар, хэрхэн маркетинг хийх вэ гэдгийг нарийн төлөвлөнө.
Багаа ямар арга барилаар удирддаг вэ?
Багаа удирдах арга барилын хувьд багт янз бүрийн зан, харилцаа, хандлага, гүйцэтгэлтэй хүмүүс байдаг учраас тухайн хүний зан төлөвийг ойлгож, хувь хүний алсын харааг байгууллагын зорилттой уялдуулан ажиллуулахыг хичээдэг. Ажилтныхаа гэр бүлийн болон хувийн үнэт зүйлст нь хүндэтгэлтэй хандаж, үүрэг даалгавар өгөхдөө ойлгомжтой, тодорхой, хэрэгжүүлэх цаг хугацаатай, үр дүнг хэмжих хэмжүүртэй байлгахыг зорьдог. Мөн ажилтнуудаа байнга сургаж хөгжүүлж, олон талын ур чадвартай болгохыг чармайдаг. Шийдвэр гаргах үедээ аль болох сэтгэл хөдлөлөө дарж, логиктой хандахыг хичээдэг. Хурал уулзалт хийхдээ анхаарлаа бүрэн төвлөрүүлж, тухайн цагтаа илүү их төвлөрч ажиллахыг хичээдэг.
Таны ажилд тус болдог сайн зуршлууд юу вэ?
Байнга ном уншин мэдлэгээ тэлж, тэр хэрээрээ сониуч байж, шинийг олж мэдэхэд тэмүүлдэг. Мөн дээр хэлсэнчлэн ажлаа сайн төлөвлөх хэрэгтэй. Жил бүрийн эхэнд нэг дэвтэр нээгээд түүнийгээ бүтэн жилдээ бариад дуусгадаг. Долоо хоног, өдрөөр төлөвлөгөө гаргаж, яг хугацаанд нь хийж дуусгахад анхаардаг. Ажлаа ач холбогдлоор нь ангилж, хамгийн чухал болон төвлөрч хийх шаардлагатай ажлуудаа өглөөний эхний хоёр цагт хийдэг.
Бүтээмжээ сайжруулах тал дээр Рomodoro timer буюу 25 минут төвлөрөөд таван минут амардаг техникийг хэвшүүлж байна.
Ном уншдаг зуршлынхаа талаар дэлгэрүүлбэл?
Гурван ном зэрэг уншдаг. Учир нь нэгийг дуусгаад нөгөө рүү орно гэхээр жаахан уйдах гээд байдаг. Нэг номоо гэртээ орны хажууд байлгаж унтахаасаа өмнө уншдаг.
Хоёр дахийг нь байнга цүнхэндээ авч явж хүн хүлээх, автобусанд явахдаа уншдаг. Өөрөө машин барьж явахаас илүү ном унших цаг гардаг болохоор автобусаар зорчих дуртай. Машин барих хэрэгтэй болсон үедээ подкаст сонсдог.
Гурав дахь номыг ажил дээрээ байлгана. Төвлөрөл саараад эхэлсэн үед, эсвэл цайны цагаар барьж авч уншдаг. Энэ байдлаар хоёр сардаа гурван ном уншиж дуусгадаг.
Зөвхөн энэ чиглэлийн ном уншина гэж хязгаарладаггүй. Ажил дээр ажилтай холбоотой ном, гэр болон автобусанд тодорхой тоо, судалгаатай, эрүүл амьдралын чиглэлийн ном уншдаг.
Та ажлынхаа юугаар нь бахархдаг вэ?
Гадаад, дотоодын бүхий л шилдэг контентыг цаг алдалгүй айл бүрийн хойморт хүргэж, хэрэглэгчдийнхээ мэдлэг, мэдээллийг нь тэлж байдаг. Айл бүрд, хүн бүрд хүрч, оюуныг гэрэлтүүлдэг контент бүтээдэг гэж бодоход сайхан санагддаг.