“Эмэгтэйчүүдэд өөртөө итгэх итгэл хэрэгтэй. Тэд өөрсдийн байгаа боломжоос их даруу байх шиг санагддаг. Тиймээс эмэгтэйчүүдэд багахан хүч өгөхөд л асар их боломж байгааг мэдрүүлэхийн тулд би түүний ментор болсон” хэмээн шарк Т.Энхтүвшин нэгэн бүсгүйн тухай онцолсон удаатай. Тэр хүн бол ээжүүдийн сайн мэдэх “Үр минь” брэндийн үүсгэн байгуулагч А.Уянга. Түүнтэй ярилцаж суухад “Томоор мөрөөдөж чаддаг төдийгүй түүнийхээ араас тэмцэж, зүтгэж чаддаг зоригтой эмэгтэй юм” гэсэн бодол өөрийн эрхгүй төрж байв. Харин тэрбээр энэ тухай “Аливааг мэдэхгүй байна гэдэг том зоригтой байх шалтгаан юм билээ. Эргээд харахад ийм том салбар руу ямар зоригтой орсон юм бэ гэж бодогддог” хэмээн ярьж байна.
Хайр, аз жаргалыг түгээгч
Зүрх сэтгэл юугаар бялхана, түүнийгээ бусдад түгээдэг гэдэг. Одоогоос зургаан жилийн өмнө А.Уянга ээж болж, хайр, аз жаргалаар бялхан байхдаа “Үр минь” брэндээ хөгжүүлж эхэлсэн түүхтэй. Тэр бяцхан үртэйгээ өнгөрүүлсэн мөч, мэдрэмж бүрээ үгээр илэрхийлж, утсаар шагласан төдий. Харин тэрхүү бүтээл нь зуу зуун ээж, аавын зүрх сэтгэлд хүрч, өдрөөс өдөрт “Үр минь” брэнд өргөжин тэлсээр. Анх 500 мянган төгрөгийн санхүүжилт нөхрөөсөө авч, хоёр оёдлын машинтай эхэлж байсан түүний бизнес өнөөдөр 4.5 тэрбумаар үнэлэгдэж байна. 10 метр квадрат талбайд анхны захиалгаа авч байсан бол өнөөдөр 195 метр квадрат талбайд үндсэн үйлдвэрлэлээ явуулсаар. Тэд өхөөрдөм үгс, материалын чанар, үндэсний хэмжээнд анхдагч гэдгээрээ мянга мянган ээжүүдийн хайр талархлыг хүлээж чадсаныг судалгаанаас харж болно.
Чингэлтэй дүүргийн жижиг, дундын бизнесийг дэмжих инкубаторт тэгээс эхэлж байсан “Үр минь” брэнд өнөөдөр 106 мянган дагагч бүхий цахим хуудастай, орон даяар 33 борлуулалтын цэгтэй, 1300 нэр төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг үндэсний томоохон брэнд болж чаджээ.
Эхийн сэтгэлээр урлав
“Манай бүтээгдэхүүнийг худалдан авч буй хүмүүс ээж, аавууд хэдий ч, эцсийн хэрэглэгчид нь өөрийгөө илэрхийлж чадахгүй бяцхан үрс байдаг. Тэр жаахан амьтад энд тэнд холголоо гэхэд тайлаад шидэж чадахгүй. Тухгүй байгаагаа уйлж л илэрхийлнэ. Удаан хугацаанд тухгүй хувцас өмсөөд уйлаад байвал зан авирт хүртэл нөлөөлөх боломжтой. Тэгэхээр тэдгээр бяцхан үрсийн өмнөөс мэдэрч, хамгийн тав тухтай байлгаж чадах бүтээгдэхүүнийг сонгоно гэдэг тун чухал” гэж А.Уянга ярьсан юм.
Нөгөө талаар, хүний биеийн хамгийн том эрхтэн бол арьс. Нярайн арьс насанд хүрсэн хүний арьснаас гурав дахин нимгэн байдаг. Тийм болохоор хамгийн шинэлэг, хүүхдэд ээлтэй, эрүүл даавууг сонгон бүтээгдэхүүнээ үйлдвэрлэхийг тэд эрхэмлэдэг. Хүүхэд унтаж, эсвэл тоглож байхдаа хамгийн сайн өсдөг. Тэгвэл “Үр минь” брэнд яг тэр мөчүүдийг бодолцож, өмсөхөд хамгийн тухтай, хөдөлгөөнд саадгүй, арьс амьсгалах боломжтой байхаар бүтээгдэхүүнээ урлахыг чухалчилдаг. Үүгээрээ тэд ээжүүдийг нэг зүйлд ч болов санаа зовохгүй байхад тусалдаг аж. Мөн тэд хувцсанд шингэж хүүхдэд элдэв харшил, сөрөг нөлөө үзүүлэхгүй хуулган хэвлэлээр бүтээгдэхүүн дээрх өхөөрдөм үгсээ хэвлэдэг. Тиймээс хүүхдүүд хувцсаа өдөр тутам өмсөж, хөлс нэвтэрч, шүлс дуссан ч ээжүүд огтхон ч санаа зовохгүй байх боломжийг олгодог. Энэ бол “Үр минь” брэндээс ээж, аавуудад, бяцхан үрсэд өгч буй үнэ цэн. Эхийн сэтгэлээр урлаж буйн бодит жишээ юм.
Маркетер-Үйлдвэрлэгч-Эзэмшигч
А.Уянга газрын кадастрын чиглэлээр мэргэжил эзэмшиж, бэлчээр судлалаар эрдмийн зэрэг хамгаалжээ. Мөн маркетингийн чиглэлээр оройн ангид суралцаж, эрс тэс салбарыг сонгон суралцсан нэгэн. Тэрбээр их сургуулиа төгсмөгцөө банкны салбарт байгууллага хариуцсан менежерээр дөрвөн жил ажиллаж байгаад ээж болж, үрийн зулай үнэрлэжээ. Удалгүй “Үр минь” брэндийнхээ анхны өхөөрдөм үгсийг өөрөө зохиож, уран бичлэг (калиграф) -ээр дүрсэлж, муугүй маркетер болохоо харуулсан билээ.
Олон улсад бол брэндингийн компани маркетингаа л хийдэг. Хэзээ ч үйлдвэрлэл рүү ордоггүй. Загвараа гаргалаа, гэрээгээ хийлээ, үйлдвэрлэгчид шилжүүллээ. Ийм дамжлагаар ажил өрнөдөг. Харин Монголд ингэж ажиллах нөхцөл боломж хомс. Маркетер А.Уянгад “Би үйлдвэрлэлийн хүн биш” гээд хойш суух эрх байгаагүй. Эрхэм нандин үрсэд зориулж буй бүтээгдэхүүн хайраар урлагдах ёстой учраас үйлдвэрийн байраа маш сайн агааржуулалттай, найман ширхэг том цонхтой, цав цагаан, цэвэр цэмцгэр орчинтой байхаар тохижуулжээ. Ажилтнуудаа ч тав тухтай орчинд сэтгэл хангалуун ажиллах боломж бүрдүүлэхийг хичээсэн нь энэ. Оёдлын үйлдвэрийг хүмүүс ихэвчлэн зоорийн давхарт байдгаар төсөөлдөг бол эднийд зочилсон хүмүүс яг л шоурүүм шиг гэж дуу алдах нь ч цөөнгүй.
Гурван хүүхдийн ээж, өөрийн гэсэн бизнес эрхэлж буй А.Уянгад шөнө 3-4 цагийн л нойр авч, гэрт, гадаагүй зүтгэж явсан үе бий. Хүн л юм хойно мэдэхгүй, чадахгүй зүйлтэй тулгарч явахдаа Т.Энхтүвшин шаркаас зөвлөгөө авсан нь урам зориг өгсөн гэдэг. Шарк Т.Энхтүвшин түүнд, “Мундаг гүйцэтгэх захирлууд олон бий. Гэхдээ тэд бэлэн зүйл дээр ирдэг. Тэд чиний бизнесийг чам шиг сайн мэдэхгүй. Бас яг чам шиг сэтгэл гаргаж ажиллахгүй. Бизнесийн эздийн түгээмэл гаргадаг нэг алдаа бол бусдын зөвлөгөөгөөр явах гэж оролддог. Гэтэл бүх зүйлийн хариулт та нарын дотор бий. Эздүүд, үүсгэн байгуулагчид бол бүхнийг тэгээс эхэлдэг. Тэд мөнгөний, хүний нөөцийн, хувь, хувьсгалын олон асуудалтайгаа нүүр тулдаг. Өөрийн бизнесээ босгох, хөлсний гүйцэтгэх захирал байх хоёр ялгаатай. Тийм болохоор өөртөө итгэ. Өөрийнхөө гүнээс асуултын хариултаа ол” гэж зөвлөж байжээ.
Экспортод тэмүүлэхийн учир
Монгол Улс жилд 1.1 их наяд төгрөгийн хувцас, тэр дундаа 156 тэрбум төгрөгийн хүүхдийн хувцасны хэрэглээтэй. Улсын хэмжээнд 15 мянган оёдолчин бий ч бид дотооддоо даавуу үйлдвэрлэдэггүй тул импортоос бараг 100 хувь хараат гэж болно. Ийм нөхцөлд бэлэн хувцасны зах зээлд дотоодын үйлдвэрлэгч брэндийн түвшинд танигдаж, өөрийн гэсэн орон зайг бий болгоно гэдэг амаргүй. Гэсэн ч А.Уянга үүнийг чадсан. Үүгээр ч зогсохгүй “Үр минь” брэндээ Your Mini нэрээр олон улсын зах зээлд нийлүүлэхээр зориг шулуудаад байна. Ингэхдээ даавууг импортлох бус даавуу үйлдвэрлэдэг улсад бүтээгдэхүүнээ үйлдвэрлүүлж, өөрсдийн шошгыг шигтгэн олон улсад худалдаалах боломжийг эрэлхийлж буй. Өөрөөр хэлбэл, Your mini брэнд хилийн чанад дахь үйлдвэрлэгчидтэй аутсорсинг хэлбэрээр хамтран ажиллаж, олон улсад борлуулалтаа хийж эхэлбэл гол ашиг орлого нь Монголд орж ирнэ гэсэн үг. Ингэж чадвал ажилтнууд нь Монголдоо өндөр цалинтай ажиллаж, гэр бүл, мөрөөдөл, хоббиндоо зориулах цаг, зарцуулах хангалттай орлоготой болж чадах юм. Энэ бол А.Уянгын эцсийн зорилго.