– Business.MN сэтгүүлийн 2023 оны 09 сарын дугаар (№58) -т хэвлэгдсэн нийтлэл –
Хэвлэгдсэн цагаасаа хойш буюу гурван жил тасралтгүй бэстселлер болж буй “Сахар” номын зохиогч Л.Энхзулыг эх орондоо ирээд байх үеэр нь бид урьж ярилцлаа. Английн Лондон хотод гэр бүлийн хамтаар ажиллаж, амьдардаг тэрбээр саяхан хэвлүүлсэн өөрийн хоёр дахь бүтээл “Сахаргүй амттан” номынхоо нээлтийг тохиолдуулан Монголд иржээ. Биднийг ярилцах үеэр “Сахар” номын үргэлжлэл, хэдхэн хоногийн өмнө нээлтээ хийсэн энэхүү шинэхэн бүтээл нь номын дэлгүүрүүдэд хэдийнэ борлогдож дууссан байв. Эрүүл амьдралын хэв маягийг баримталж, сурсан мэдсэнээ сошиал медиа сувгуудаараа бусдад харамгүй түгээхээс гадна онлайн сургалтууд зохион байгуулдаг Л.Энхзул Их Британийн Saint Mary’s University of Twickenham -д шим тэжээл судлалын чиглэлээр суралцаж төгсжээ. Харин өдгөө University of West London -ийн Nutritional Therapy degree курст сурахын зэрэгцээ The British Association for Nutrition (BANTS) -ийн Мэдээлэл харилцааны хэлтэст ажиллаж байна.
Түүний үндсэн мэргэжил сэтгүүлч бөгөөд эрүүл амьдралын хэв маягаар амьдрахыг хичээж, энэ чиглэлээр сонирхон судлах болсноор сонирхлоо улам гүнзгийрүүлж хоёр дахь мэргэжлээрээ сонгох шийдвэр гаргажээ.
Сэтгүүлчээс шим тэжээл судлаач
“Би сэтгүүлч мэргэжилдээ үнэхээр хайртай. Хөрвөх боломж ихтэй мэргэжил. Харин хожим сонгон суралцсан мэргэжил маань шим тэжээл судлаач. Гэр бүлийнхэндээ зориулан шим тэжээл сайтай, олон төрлийн хоол унд бэлтгэж, эрүүл амьдралын хэв маяг бүрдүүлэхийг хичээж эхэлсэнтэй энэ бүхэн холбоотой. Шинжлэх ухааны үндэслэлтэйгээр судалж мэдэх шаардлагатай болсон учраас энэ чиглэлээр, тэр дундаа, олон нийтэд зориулсан шим тэжээл судлалаар сонгон суралцсан. Гэхдээ сүүлийн үед шим тэжээлийн шинжлэх ухаан хувь хүнд илүү чиглэсэн судалгаанд тулгуурлан нарийсан хөгжиж байгаа тул мөн энэ чиглэлээр гүнзгийрүүлэн суралцаж байна.
Хүн бүр адилгүй учраас нэг хүний биед зохицсон шим тэжээл нөгөө хүнд зохихгүй байх нь бий. Жишээлбэл, хэн нэг олны танил, инфлүүнсерийн сурталчилсан витаминыг сайн гэж үзээд шууд авч хэрэглэхэд надад зохихгүй байж болно. Учир нь хүн бүр ген, өссөн орчин, амьдралын хэв маяг гэх мэт олон зүйлээрээ ялгаатай байдгийг харгалзаж үзэх нь чухал”.
Сахараар “хооллох” үзэгдэл
“Монголчуудад, ялангуяа хүүхэд, залуучуудын дунд маш их ажиглагдаж буй нэг зүйл бол энгийн нүүрс ус гэж нэрлэгддэг сахар, чихэрлэг хүнсний хэрэглээ элбэг, түүгээрээ бараг хооллодог үзэгдэл. Өөрөөр хэлбэл, шим тэжээл тун багатай хооллож байна. Хэдий өнөөдөр сөрөг нөлөө нь харагдахгүй, бие махбод асуудалгүй өсөж хөгжөөд явж байгаа мэт боловч 10, 20 жилийн дараа таагүй үр дүн, өвчин эмгэгт хүргэх боломжтой. Дэлхий даяар халдварт бус буюу хавдар, хэт таргалалт зэрэг өвчний тоо хурдацтай өсөж буй нь ч үүнтэй холбоотой. Монголчуудын хооллох хэв маяг ч маш хурдтай “баруунжиж” байна. Улаанбаатарт олноороо нээгдсэн Өмнөд Солонгосын конвиниенс дэлгүүрүүдээр орж үзэхэд дийлэнх нь бэлэн бүтээгдэхүүн байна. Ийм хүнс амин дэм, эрдэс бодис багатай. Хэрэв эдгээрийг авч чадахгүй бол бие махбодод өрнөх ёстой химийн урвалууд зөв явагдахгүй.
Үйлдвэрлэгчид ч борлуулалтаа өсгөхийн тулд хүмүүсийн чихэрлэг амтанд дуртай байдлыг ашиглан бүтээгдэхүүндээ нэмэлт чихэр хийх нь түгээмэл. Мөн сахар аливаа бүтээгдэхүүний хадгалах хугацааг уртасгадаг. Ер нь хүмүүсийн тэр бүр мэдэхгүй, санаанд оромгүй хоол хүнсэнд ч сахар агуулагдаж байдаг. “Би огт чихэр иддэггүй учраас сахарын хэрэглээ надад хамаагүй” гэх хүмүүс бий. Гэтэл бүх төрлийн нүүрс ус биед ороод сахар болж хувирдаг. Жишээлбэл, цагаан будаа, гурил зэрэг хүнсний бүтээгдэхүүн сахарын агууламжгүй хэрнээ биед орж шингэхдээ сахар болдог. Тэгэхээр энэ бол хүн бүрд хамаатай сэдэв”.
Гурван хорын нэг хэмээх нь
Бид сахартай хүнс муу гэдгийг мэддэг ч яагаад гэдгийг төдийлөн сайн тайлбарлаж чаддаггүй. Бидний биед байдаг олон төрлийн нян тэнцвэртэй байх тусам хүн эрүүл байна. Амны хөндий гэхэд л шүлтлэг орчинтой боловч сахартай хүнс идсэн тохиолдолд хүчиллэг болж хувирдаг. Ингэснээр шүдний паалан нимгэрч, эрүүл мэндэд сөргөөр нөлөөлнө. Цаашлаад сахар биед ормогцоо ходоодны хүчил, энзимийн тусламжтайгаар фруктоз, глюкоз гэсэн хоёр нэгж болон задарч, глюкоз нь нарийн гэдэснээс цусанд ордог. Цусан дахь сахарын хэмжээ ихэслээ гэж ярьдаг нь үүнтэй холбоотой. Сахар цусанд нэвчих үед нойр булчирхайнаас инсулин даавар ялгарч эсүүдэд дохио өгдөг. Харин эс цусанд орсон сахарыг энергийн эх үүсвэр болгон ашигладаг. Гэхдээ сахарыг хүлээж авах боломж нь хэмжээ хязгаартай учраас илүүдэл сахар элгэнд очиж, улмаар дараа ашиглагдахаар элгэнд хуримтлагдана. Элэг хангалттай хэмжээнд сахар авсны дараа булчинд очиж нөөцлөгдөнө. Үүний дараа өөхөн эд болж хувирна.
“Сахар бол хүн бүрд хамаатай сэдэв”.
Өөх болгон хувиргах процесст судас оролцдог учраас сахарыг хэтрүүлэн хэрэглэх нь судасны хатуурал, бөглөрөл болж, зүрх судасны өвчинд хүргэнэ. Заримдаа сахартай хүнс хэрэглэхээр тархи сайн ажиллаад байгаа мэт санагддаг. Үнэн хэрэгтээ, сахар тархийг ч өвчлүүлдэг. Харин сахарын хэрэглээгээ бууруулбал тархинд үрэвсэл үүсэх нь багасна. Үрэвсэл үүснэ гэдэг нь мартах, лазантах байдлыг бий болгодог. Мөн сахраас үүсдэг глюкоз арьсны тослогийг нэмэгдүүлж, батгашилт, үрэвсэл үүсэх шалтгаан болдог. Тэгэхээр бидний идсэн уусан, гэдэс дотор юу болж байгаа зэргийн үр дүн арьсан дээр шууд харагддаг. Дээр нь сахартай хүнс өнгө будаг нэмэх зорилготой элдэв нэмэлт бодис их агуулдаг нь гэдэсний өнгөр хэсгийг гэмтээж байдаг.
Өнөөдөр асуудалгүй байна гээд залуучууд сахар хэтрүүлэн хэрэглэсээр байвал 40 наснаасаа л өвчин ярьж эхэлнэ. Учир нь нас ахих тусам бодисын солилцоо удааширч, гаднаас авсан илүүдэл сахарыг боловсруулж чадахгүйд хүрдэг. Инсулины “дөжрөл” ч болно. Сүүлийн үед хүмүүс чихрийн шижингээр их өвдөх болсон нь ч үүнтэй холбоотой. Эрэгтэйчүүд тулай өвчинд нэрвэгдэх болсон нь мөн л сахарын хэрэглээнээс шалтгаалдаг.
Монголчуудын давуу тал
Хүн амын нягтрал ихтэй төв суурин газруудыг эс тооцвол Монгол Улс агаар сайтай, мөн бэлчээрийн мал аж ахуй хөгжсөн учраас монголчуудад давуу тал их бий. Тухайлбал, Английн фермүүдэд махны чиглэлээр өсгөж буй малд “бэлэн” хоол хүнс өгдөг учраас маханд нь Омега-6 давамгайлдаг. Харин Монголд мал сүрэг чөлөөтэй бэлчээрлэж, хоол хүнсээ сонгож иддэг учраас мах, сүү нь хүний биед ашигтай, үрэвслийг дарж, эрүүл мэндийг дэмжих Омега-3 түлхүү агуулдаг. Дээр нь манайд ургаж буй жимс, жимсгэнүүд зэрлэг буюу байгалийн шалгарлаар, өөрийн хүчээр ургадаг, элдэв химийн бордоогоор бордоогүй жинхэнэ эко бүтээгдэхүүн байж чаддаг. Мөн фруктоз буюу чихэрлэг багатайн зэрэгцээ шим тэжээл өндөр. Гэхдээ бид жимс, жимсгэнийг заавал жилийн дөрвөн улиралд хэрэглэх шаардлагагүй. Намар хурааж аваад хэрэглэхэд л авах ёстой шим тэжээлээ бүрэн авна. Үүнээс гадна исэг хүнс буюу тараг, айраг тэргүүтэй цагаан идээнд гэдэсний ашигтай нянг дэмжих бодис ихээр агуулагддаг.
“Эслэг бол байцаа, юуцай, бууцай, брокколи зэрэг ногоон хүнсийг биежүүлж буй мяндаслаг зүйл. Хүний биед шингэлгүй гадагшлах явцдаа гэдэсний нянг хооллож, эргээд биед ашигтай шим тэжээл бий болгодог. Товчоор, дотроосоо шим тэжээл үйлдвэрлэж байна гэсэн үг”.
Монголчууд уургийг махнаас, нүүрс усыг амттан, чихэрлэг хүнс, гурил зэргээс хангалттай авч байна. Харин эслэг авах ногоон хүнс хангалттай хэмжээнд хэрэглэхгүй байгаа нь анзаарагддаг. Эслэг бол байцаа, юуцай, бууцай, брокколи зэрэг ногоон хүнсийг биежүүлж буй мяндаслаг зүйл. Хүний биед шингэлгүй гадагшлах явцдаа гэдэсний нянг хооллож, эргээд биед ашигтай шим тэжээл бий болгодог. Товчоор, дотроосоо шим тэжээл үйлдвэрлэж байна гэсэн үг. Мах, гурил гэсэн хооллолтоо төрөлжүүлж, тод өнгөтэй жимс, жимсгэнийн хэрэглээгээ нэмэгдүүлэхийн хажуугаар сахарын хэрэглээгээ багасгаж чадвал манай уламжлалт хоол хүнс бусад улс орныхоос харьцангуй чанартай, эрүүл байдаг.
“Дахиж ном бичихгүй!”
Оюутан байхаасаа л сахарын хэрэглээ өндөртэй байсан Л.Энхзул үүнийхээ уршгаар арьсны асуудалтай байнга нүүр тулна. Тогтсон дадал зуршлаараа чихэрлэг зүйл их хэрэглэх тусам арьсны асуудал нь даамжирсаар байв. Ингээд Англид очсоныхоо дараахан энэ асуудлаа цэгцэлж, учрыг нь нэг мөр олохоор эрс шулууджээ. Тэндхийн эмчид үзүүлээд хооллолт, тэр дундаа сахарын хэрэглээндээ анхаарах ёстойг ойлгож, багасгахыг хичээсэн ч санаснаар нь болж өгөхгүй л байв. Ингэж явсаар шинэ он гарахын өмнөхөн зорилгоо тодорхойлох явцдаа “Сахарын хэрэглээгээ танах” гэж тодоор бичсэн нь яваандаа бодитоор хэрэгжиж, бүр Фэйсбүүкт “Чихрээ танасан тэмдэглэл” нэрээр хуудас үүсгэн өөрийн туршлагаа хуваалцаж эхэлжээ. Хүмүүсээс ч асуулт их ирэх болж. Үүнээс үүдэн өөртөө болон хүмүүст зориулан энэ талаар илүү их судлах болсон юм. Энэ явцад “Сахар” номоо бичих санаа төрсөн бөгөөд санаагаа бодит болгохын тулд гурван жилийг хугацааг зарцуулсан аж. Аливааг чанартай хийж байж санаа амардаг хүн тул бүх анхаарлаа номондоо төвлөрүүлэх нь гэр бүл, үр хүүхэдтэй хүний хувьд нэлээд сорилт болсон хэмээн тэрхүү гурван жилийг Л.Энхзул дурсаж байна. Энэ бүхний дараа тэрбээр “Дахин ном бичихгүй” гэсэн бодолтой үлдсэнээ мөн хуваалцав.
“Сахаргүй амттан”
“Сахар” номын сэдэв яг одоо Англид ч мөн халуун сэдэв болж байгаа. Ингэж сэдвээ урьдчилан харж чадсандаа маш их баярладаг. Уншигчдадаа ч мөн талархдаг. Урам зориг орсон учраас дахиж ном бичихгүй гэсэн шийдвэрээсээ буцаж, дараагийн номын ажилдаа шуударсан даа” хэмээн Л.Энхзул ярьж байна. “Сахараа танаарай, хэрэглээгээ багасгаарай” гэж бичсэнийг уншаад хүмүүс “Тэгвэл одоо юу идэх вэ?” гэсэн асуултаар түүнийг булж, элдэв жор сураглах болсон аж. Харин тэрбээр “Чихэрлэг амт бол амьдралд байх зүйл. Гол нь зөв хэрэглэх хэрэгтэй” гэж хариулаад антиоксидант, эслэгээр баялаг эрүүл амттаны жор бүхий номоо бичиж эхэлжээ. Ингэхдээ номын зургуудаа өөрөө авч, халуун дулаан түүхүүдээр баяжуулсан аж. Үүгээрээ шинжлэх ухааны үндэслэл, судалгаа шинжилгээнд тулгуурлан бичсэн анхны номоос нь илүү бүтээлч болсон гэж тэрбээр онцолсон юм.
“Сахар” номын сэдэв яг одоо Англид ч мөн халуун сэдэв болж байгаа. Ингэж сэдвээ урьдчилан харж чадсандаа маш их баярладаг.
Хүмүүсийн дэлгүүрээс цуглуулдаг амттаны гол орц нь цагаан сахар байдаг. Өөрөөр хэлбэл, цусан дахь сахарын хэмжээг шууд ихэсгэнэ гэсэн үг. Тэгвэл “Цусан дахь сахараа өсгөхгүйгээр хэрхэн амтлаг зүйл идэж болох вэ?” гэсэн асуултад “Сахаргүй амттан” ном хариулах юм. Л.Энхзул Монголд ирээд зоогийн газарт хөлд ороогүй хүүхдийг зориулалтын суудалд суулгаад урд нь кола тавьсан байхыг харсан нь дараагийн номын сэдвээ бодож олоход нөлөөлсөн бөгөөд Англид очмогцоо бичиж эхлэхээр төлөвлөснөө хуваалцсан билээ.
– Business.MN сэтгүүлийн 2023 оны 09 сарын дугаар (№58) -т хэвлэгдсэн нийтлэл –