“Бизнес Цэнэг” сургалт хэлэлцүүлгийн “Шинэ үеийн CEO байх нь” сэдэвт хэлэлцүүлэгт оролцсон панелистуудын ярианаас онцлох санаануудыг хүргэж байна.
“Залуу судлаачдыг дэмжих сан” ТББ-ын үүсгэн байгуулагч тэргүүн Д.Жаргалсайхан: Аливаа бүтэлгүйдлийн цаана сэтгэлгээний алдаа байдаг. Орчин үеийн гүйцэтгэх захирал үйл ажиллагаагаа загварт оруулах, юмс үзэгдлийн хоорондын харилцан шүтэлцээг таньж мэддэг байх хэрэгтэй. Ингэж чадвал та өөр өөрийнхөө багш болж алдаа бүрээсээ сургамж авч чадна. Орчин үеийн CEO олон талын мэдлэг, ур чадвартай байх ёстой. Үүнд дараах чиглэлийн суурь мэдлэг, чадвартай байх хэрэгтэй байна. Учир нь гүйцэтгэх захирлын өдөр тутам гаргах шийдвэрт тулгуур ойлголт болж өгнө. Үүнд:
- Сэтгэл зүй
- Хуулийн мэдлэг
- Нийгэм судлал
- Антропологи
- Мэдээллийн технологи
- Системийн онол
- Утга зохиол
- Урлаг
- Логик сэтгэлгээ.
Премиум корпорацийн гүйцэтгэх захирал А.Ганхуяг: 15 жилийн өмнө өөрсдийн мөнгөөр бизнес хийж эсвэл өөрийн бизнес санаа, эрхэлж буй бизнесээ банканд танилцуулж зээл авч үйл ажиллагаагаа өргөжүүлдэг байлаа. Харин өнөөдөр бизнестээ хөрөнгө оруулагчдыг татан оруулж болдог болсон. Гэхдээ ямар тохиолдолд хөрөнгө оруулалт хийж байна, ямар тохиолдолд хөрөнгө оруулахгүй байна гэдэг нь өнөөдрийн бизнес эрхлэгчдийн том сорилт болж түүнд суралцаж явна.
Колл про ХХК-ийн гүйцэтгэх захирал Т. Аягүль: Гүйцэтгэх захирлын албан тушаалд шат дараатай ажиллаад очиход хүн хоорондын харилцаанд ямар асуудал байдаг, газар нэгж хоорондох ажлын процесст ямар алдаа гардаг, эцсийн харилцагчдад ямар хэрэгцээ үүсдэг вэ гэдгийг мэддэг болохоор бүтэн циклээр харж ажиллахад анхаарч, бүтээмжтэй ажиллах нөхцөл болж чаддаг.
Монложистикс холдинг ХХК-ийн гүйцэтгэх захирал Г.Хишигбат: Тээвэр зуучий компани харилцагчийн ачаа барааг найдвартай, аюулгүй, цаг хугацаандаа тээвэрлэж авчирна гэсэн хариуцлага дээр тулгуурлаж бизнесийн харилцааг явуулдаг. Гүйцэтгэх захирал хаана хүрэхээ тодорхойлно. Дотоод үйл ажиллагааг бүтээмжтэй байлгах, харилцагчдад өгөх үнэ цэн, үйлчилгээний сайжруулалтыг жил бүр хийж, стратеги төлөвлөгөө гаргаж ажиллах хэрэгтэй. Гүйцэтгэх захирал компанийн өсөлт, хөгжлийг жолооддог.
CEO хүний анхаарах зүйл
Д.Жаргалсайхан: Аливаа байгууллагын үйл ажиллагаа нь хүмүүсийн оюуны болон биет үйлдэл хийдэг. Оюуны үйлдэл нь хамтын сэтгэлгээг бүтээдэг. Тэгэхээр байгууллагын хамтын сэтгэлгээг бий болгоход үйл ажиллагаандаа ашигладаг үгнүүдээ нэг утгаар хэрэглэж, ойлгож сурах хэрэгтэй. Жишээ нь төлөвлөгөө гэж юу юм, ажил гэж юу вэ гэх зэргээр ижил утгаар ойлгодог байх хэрэгтэй. Дараа нь хэмжүүрүүдийг бий болгох ёстой. Албан тушаалын шат бүрд хэмжүүрүүдийг бий болгож манлайллын чадварыг хэмждэг байх хэрэгтэй. Байгууллага дотор мэдээллийн иж бүрэн цэгцтэй урсгал үүссэн байхад үйл ажиллагаа хаана доголдож буйг мэдэж, хүмүүсээ хянах боломж бүрдэнэ. Үүнийг бид системийн инженерчлэл гэж нэрлэдэг.
Т. Аягүль: Миний хувьд шийдвэр гаргалтдаа шаардлагатай талуудыг бүрэн бүрдүүлж, санал, хэрэгцээг нь сонсож, түүнд тулгуурлаж шийдэхээс гадна мэдрэмжээ сонсдог. Зарим үед шийдвэрүүд алддаг. Аливаа шийдвэрийг гаргахдаа холын зорилгоо харж, асуудлаа жижиг алхмуудад хувааж, хурдтай шийдвэр гаргахыг эрмэлздэг. Жижиг алхмуудад хуваагаад үйлдэл хийхэд буруудах үе үүснэ. Гэхдээ эрсдэл бага гарах болохоор аргаа дахин боловсруулж шийдвэрээ гаргадаг.
А.Ганхуяг: Манай компани олон улсын стандартын дагуу чадварлаг манлайлагчдыг бий болгох зорилготой ажиллаж байна. Тухайн хүн манлайллын ур чадварыг сурчхаад заавал манай компанид насаараа ажиллах шаардлагагүй. Өөрөө компани байгуулах эсвэл өөр компанид ажилд орлоо гэхэд сурсан манлайллын чадамжаа бусдад түгээж яваасай гэж хүсэж байгаа. Энэ хүрээнд бид гадны мэргэжлийн том байгууллагаас мэргэжилтэн авчраад ажиллаж байна. Энэ нь хүмүүс ирээдүйгээ хэрхэн харах ёстой вэ гэдэгт том өөрчлөлт болно гэж бодож байна.
CEO нар өсөн дэвжихдээ хэзээ ч битгий сэтгэл хана, ямагт мэдлэгээр өлс
Т.Аягүль: Гүйцэтгэх захирал болоод тухтай орчиндоо ханаж өсөлт, хурдгүй болж болохгүй. Өөрийгөө хөгжүүлэхэд байнга өлсгөлөн ханд. Хаана ямар боломж байна гэдгийг эрэлхийл. Би ийм хүсэл зорилготой орчноо бүрдүүлэхийг хичээдэг.
А.Ганхуяг: Анхдагчийн сэтгэлгээгээр ажиллах хэрэгтэй. Бид захирлуудын зөвлөлөө олон улсын түвшний зөвлөх хүмүүсээр бүрдүүлж байгаа. Өөрсдийн чадамжаасаа өндөр хүмүүсийг урьж зөвлөлдөө оруулж суралцаж байна.
Г.Хишигбат: Би залуудаа туршлага багатай байхдаа гүйцэтгэх захирал болж байлаа. Компанитайгаа зэрэгцэж, манлайлж явахад илүү их сурч, бусдадаа мөс хагалагч байх үүрэг CEO-д оногддог болохоор төрөл бүрээр өөрийгөө хөгжүүлэхээр ажиллаж байна. Олон улсад чанартай гэсэн сургалтуудад сууж байна. Мөн дээд үеийнхэнтэй уулзалт хийж, зөвлөлдөж, зөвлөгөө авч суралцахаас гадна технологийн хөгжлийг үйл ажиллагаандаа хэрхэн нэвтрүүлэх үү гэдэгт суралцаж байна. Би CEO-гийн хөгжил хаана хүрч дуусна тухай компанийн хөгжил тэнд хүрч хязгаарлагдана гэдэгт итгэдэг.