Мэдээлэл технологийн хөгжил асар хурдтай өрнөж буй өнөөгийн нийгэмд ихэнх бизнес дижитал шилжилт хийхээс өөр аргагүй болж байгаа. Мөн үүнийг дагаад бизнесийн шинэ боломжууд ч бий болсоор байна. Энэ өөрчлөлт, шинэчлэлтийн хурд хэр хүчтэй, бас нөлөөтэй байгааг шинэ залуу үеийн өдөр тутмын дадал болсон цахим хэрэглээнээс харж болох юм.
Гэтэл энэхүү боломжийг ашиглан бизнестээ дижитал шийдлүүдийг нэвтрүүлж эсвэл дижитал бүтээгдэхүүн хөгжүүлэхэд компанийн удирдлагууд болон менежерүүдэд мэдлэг, туршлага талаасаа шинэ сорилтууд үүсээд байгаа билээ.
Намайг Батжа гэдэг. Сүүлийн зургаан жил старт-ап болон дижитал бизнесийн талбарт өөрийн гэсэн орон зайг бий болгож яваа жирийн нэг залуу. Энэхүү нийтлэлээрээ өнгөрсөнд дижитал бүтээгдэхүүн хөгжүүлэлтдээ алдсан болон суралцсан туршлагаасаа хуваалцахыг зорилоо.
- Бизнес төлөвлөлт
Бид Дижитал бизнесийг зах зээлд гаргахдаа ТЭЗҮ боловсруулах буюу өөрсдийн дадсан загвараар бүхнийг тооцож эхэлдэг. Гаргасан төлөвлөгөө нь бараг бүтэн ном болдог гэхэд хилсдэхгүй. Үгүй ээ зөв л биз дээ гэж ихэнх нь бодох байх. Гэтэл дижитал бүтээгдэхүүн хөгжүүлж байгаа, тэр дундаа старт-ап зарчмаар зах зээлд гарч ирж байгаа бол ингэж бүхнийг төлөвлөх нь дараах асуудлуудыг ихэнх тохиолдолд дагуулдаг:
- Уян хатан байдал багасаж хөшүүн болдог.
- Нөхцөл байдал төлөвлөгөөнөөс зөрөх үед шинэчлэлт оруулахын тулд ихээхэн хугацаа алддаг.
- ТУЗ-ийн удирдлага дор шийдвэр гаргаж, жилийн төлөвлөгөө боловсруулж явах нь ядаж хамгийн багадаа хоёр жилийн дараагаас эхлэх ёстой.
- Шинийг суралцахад хаалт болдог гэх мэт…
Үүний оронд цөөхөн хуудсанд төлөвлөлтөө хэн ч ойлгохоор, ингэхдээ том зургаараа, хэрэглэгч төвтэйгөөр гаргах нь дижитал бүтээгдэхүүн хөгжүүлж, зах зээлд нэвтрүүлсэн эхний 2-5 жилд олон давуу байдлыг бий болгодог. Учир нь юу хүлээж байгааг мэдэх бараг л боломжгүй, өдөр өдрөөр өөрчлөлт хийх, дасан зохицох хурд шаардсан нөхцөл хүлээж байдаг болохоор тэр.
- Хэрэглэгч төвтэй шийдэл, загвар
Энэ бол алдаа гардаг бас нэг түгээмэл хэсэг. Энд бид бараг бүхнийг буруу хийх гээд байдаг. Бүхнийг буруу хийх гээд байдаг гэдэг нь ер нь л огт хийдэггүй л гэсэн үг. Миний үндсэн мэргэжил программ хангамжийн инженер. Их сургуульд суралцаж байхад төслийн ажлууд дээр багаараа ажиллахад суралцаж, дипломын ажлаа ч багаараа гүйцэтгэсэн хэдий ч дижитал бүтээгдэхүүнийг яг ямар харагдацтай, ямар дизайнтайгаар хэрхэн бүтээх талаар суралцаж, мэдлэг хуримтлуулж байсангүй. Харин сүүлийн хоёр жил хэрэглэгч төвтэй дизайны шийдэл хэчнээн чухал гэдгийг мэдэрч байна.
Хэрэглэгч төвтэй байж чадахгүй бол:
- Хэрэглэгч ойлгохгүй төөрөлдөнө,
- Хэт нүсэр байна,
- Хэрэглэгч хэт олон үйлдэл хийхэд хүрнэ,
- Хөгжүүлэлтийн баг буюу хөгжүүлэгчдэд даалгавар ойлгомжгүй байна,
- Цаашдын хөгжүүлэлт, шинэчлэлтүүд огт явагдах боломжгүй болно
гэх мэт маш олон алдаа гардаг. Үүнээс үүдэн нэг бол төсөл эхэлж чадалгүй бүтэлгүйтэх, үгүй бол эхэлсэн хойноо илүү их зардал болон хэрэглэгчдийн хүлээлтийн үнэгүйдлийн дараа дахин засварлах шаардлага гардаг. Гэтэл үүнийг гүйцэтгэдэг мэргэжлийн баг, компаниуд хэдийн Монголын зах зээлд бий болжээ. Тэдний мэргэжлийн үйлчилгээ, зөвлөгөөг аваад явахад л энэ алдааг гаргахгүй байж болох юм.
- Бүтээгдэхүүн хөгжүүлэлт
Компани удирдахад хамгийн хэцүү зүйл бол хүн удирдах. Хааяа ч “За болих уу даа, ингэж байснаас өөрөө ганцаараа явчихвал …” гэж бодохоор өдрүүд олон тохиолдоно. Тэд ч мэдээж хүн учраас чадвартай, чадвар сул, хурдтай, удаан, дуугүй, нийтэч, хов хор хутгадаг, эвлэрүүлж нэгтгэдэг гээд өөр өөр. Тэр дундаас хөгжүүлэлтийн баг хамгийн хэцүү нь санагдсан.
Яагаад хэцүү гэж үү? Тухайн хөгжүүлэлтийг бүрэн хянаж, ойлгож чадахгүй болохоор л тэр. Хүн мэдлэг хүрэх зүйлээ хангалттай удирддаг бол мэдэхгүй зүйл дээрээ л хянаж, дүгнэж, үнэлж чадахгүй болчих гээд байдаг. Тодруулбал:
- Хөгжүүлэлтийн багт ойлгомжтой даалгавар гаргаж өгөөгүй
- UI дизайн огт байгаагүй
- Багийн гүйцэтгэлийг хянаж чадаагүй
- MVP зарчим баримтлаагүй, бүхнийг нэг дор хийх гэж зүтгэсэн гэх мэт…
Үүний оронд огт туршигдаагүй бүтээгдэхүүний MVP гаргах гэж байгаа бол огт код бичилгүй зах зээлд гаргах эсвэл хамгийн бага зардлаар MVP гаргах нь илүү дээр. Бүр арга ядахад сайн зөвлөх үйлчилгээнд мөнгө төлөөд явах нь эхэндээ зардал мэт боловч явцдаа маш зөв шийдвэр болсон байдаг.
- Нэвтрүүлэлт буюу маркетинг
За ямартай ч дижитал бүтээгдэхүүнээ бэлэн болголоо. Одоо зах зээлд танилцуулах үе эхэлнэ. Энэ шатанд ихэнхдээ бид дижитал бүтээгдэхүүний маркетинг нэвтрүүлэлт дээр ажилласан туршлагагүй, импортын юм уу үйлдвэрлэлийн компанид ажиллаж байсан гэх мэт өөр туршлагуудыг багтаа нэгтгэдэг эсвэл шилжүүлэн томилдог.
Дөнгөж гарч ирж буй дижитал бүтээгдэхүүнд тэдгээр менежерүүд өөрсдийн арга барилаар хандаж гудамжны баннер, постер сурталчилгаа, телевизийн реклам зэрэгт ихээхэн төсөв үрэх хандлага ажиглагддаг. Үүний оронд дижитал маркетингийг маш бага зардлаар хийгээд аажмаар урагш алхах нь илүү зөв шийдэл болно. Энэ бүхэн үнэгүй шахам байж байдаг шүү дээ. Тухайлбал:
- Имэйл маркетинг
- Сошиал дээрх далд маркетинг
- CRM нэвтрүүлэх
- Контент дээр суурилсан инбаунд маркетинг
- Хайлтын оновчлол
гээд дурдаад байвал олон боломж байдаг. Гэхдээ маркетинг хийх гэж яарахаасаа өмнө өөрийн бүтээгдэхүүний сегмент, персонагаа зөв гаргаад COPYWRITING дээрээ анхаарах нь дээрх бүх үйлдлийг үр дүнд хүргэх түлхүүр хүчин зүйл болдог. Яагаад бага зардалтай маркетинг сувгууд сонгоорой гэж зөвлөв гэхээр тухайн бүтээгдэхүүн хэрэглэгчдийн хэрэгцээ шаардлагад бүрэн нийцсэн эсэхэд дараагийн шат буюу хэмжих, суралцах, сайжруулах гэсэн дамжлагаар хүрдэг бөгөөд нэгэнт бүх хэрэгцээг хангахуйц чанартай хувилбараа хөгжүүлсний дараа зардал гаргах нь зөв шийдвэр байдаг.
- Хэмжих, суралцах, сайжруулах
Азаар ч гэх юм уу хэрэглэгчид танаар хэлүүлэлтгүй дижитал бүтээгдэхүүнийг тань ойлгоод ашиглаад эхэлдэг нь гайхалтай. Үүнд сэтгэл ханах нь буруу буюу нийт хэрэглэгчдийн тав хүртэлх хувь нь шинэ соргог бүтээгдэхүүн бүрийг ашиглаж үзэх дадалтай байдаг гэдгийг санах хэрэгтэй. Гэхдээ үүнийг дагаад ихээхэн дата өгөгдөл цуглаж эхэлсэн юм. Үүнд хэрэглэгчдийн анхан шатны мэдээллүүд, худалдан авалтын түүх, сагсны дундаж, бүтээгдэхүүний сонголт, үүн дээр нэмэгдээд цаг хугацаа, орон зай, нас хүйс гэх мэт. Мөн санхүүгийн шинжилгээ хийх шаардлагууд ихээр бий болсон.
Энэ бүх өгөгдлийг анхнаас нь зөв удирдаж, ойлгож байж гэмээн дижитал бүтээгдэхүүнээ хэрэглэгчийн хүлээлтэд нийцүүлэн зөв хөгжүүлэх, цаашлаад үнэнч хэрэглэгчдээ тогтоох, борлуулалтаа өсгөх, болохгүй байгаа юм уу буруу хийсэн хэсгүүдээ засах, сайжруулах, үгүй бол орхих гээд хэзээ ч зогсошгүй гинжин хэлхээ өрнөх болно.
Нэг л зүйлийг маш тодорхой ойлгох хэрэгтэй. Дижитал бүтээгдэхүүнийг нэг л хөгжүүлээд гаргачихад болчихдог зүйл биш өдөр тутамдаа, цаг минут бүрд судалж, ойлгож, шинэчилж байж өнөөгийн өрсөлдөөнд амжилттай явдаг гэдгийг…
- Хөрөнгө оруулалт татах, хурдасгуурт хамрагдах
Энэ бол дарааллаараа хамгийн сүүлд боловч ач холбогдлоороо дээгүүр орно. Яагаад гэвэл эхний таван шатанд дурдсанаас гадна өөр олон мэдлэг, ур чадвар сорьсон сорилтууд тулгарах бөгөөд үүнийг зөвлөх, чиглүүлэх хурдасгуур хөтөлбөрт хамрагдах нь
- Замаа товчлох
- Алдаагаа багасгах
- Хүрээллээ тэлэх
- Нөлөөллөө нэмэгдүүлэх
- Хөрөнгө оруулагчтай холбогдох
гэх мэт олон боломжуудыг нээж өгөх болно. Мөн Дижитал бүтээгдэхүүнээ хөгжүүлэхэд ихэнхдээ эхний хэдэн жил орлого, ашгаас үл хамааран хөгжүүлэлтийн зардал ихээр гаргах тул хөрөнгө оруулагч орж ирэх нь таны бүтээгдэхүүний хурдыг алдаж, өрсөлдөгч бий болохоос өмнө зах зээлийн өрмийг хусахад ихээхэн ач холбогдолтой билээ.
Дээрх алхам бүр хоорондоо уялдаа холбоотой юм. Та аль нэгийг орхиод эсвэл дутуу хийгээд урагшлах бол нэлээд их боломжийг алдаж байна аа л гэсэн үг. Бас та Монголд хөлөө олсон бизнесийн эзэн бөгөөд өөрийн гүйцэтгэх захирлууд дундаас Дижитал бизнес шинээр бий болгож томилох гэж байгаа бол оруулж буй МӨНГӨН ХӨРӨНГӨ, мөн нэмээд САЙН ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРАЛ-аа алдах ч эрсдэлтэй шүү. Учир нь Дижитал бүтээгдэхүүний бизнес таны мэдэх бизнесээс өөр мэдлэг, ур чадвар шаарддаг гэсэн үг. Тиймээс энэ алдааг гаргахгүй байхыг хичээгээрэй.
Энэ бүх асуудлыг нэг дор, ганцхан өдөрт Дижитал бүтээгдэхүүн хөгжүүлэх үе шат болгон дээр хийгээд, туулаад, алдаад, суралцчихсан мэргэжилтнүүд НӨҮХАУ-гаа хуваалцах арга хэмжээг бид зохион байгуулах гэж байна.
Энэхүү арга хэмжээ 4 дэх жилдээ зохион байгуулагдаж байгаа бөгөөд танд болон таны багт хэрэгтэй олон мэдээллийг нэг дор өгч чадна гэдэгт итгэлтэй байна.
Дэлгэрэнгүй мэдээллийг
Вэбсайт: https://www.dpc.mn
Сошиал хуудас: https://www.facebook.com/dpc.mn