“Бизнес Цэнэг” сургалт, хэлэлцүүлгийн сүүлчийн илтгэлийг Хархорум Дижитал Академийн үүсгэн байгуулагч Д.Энхбат “Энтрепренерийн үйлдлийн систем гэж юу вэ?” сэдвээр тавьсныг тоймлон хүргэж байна.
Бизнес бол ажил биш, энэ бол систем
Бизнесээ эхлүүлж буй хүний ажилд олон саад бэрхшээл учрах ч бизнесийн хөгжилд нь хамгийн их хор учруулдаг, нэн түгээмэл тааралддаг зүйл бол бизнесээ өөрийн өмнөх ажил, мэргэжлийн томруулсан үргэлжлэл гэж бодох эндүүрэл юм. Ийм эндүүрэл олон жил, тэр бүү хэл насаараа бизнес эрхэлж буй хүмүүст ч тун элбэг тааралдана.
Тэр хүмүүс ажлаа сайн хийсээр, манлайлан хийсээр, зогсолтгүй зүтгэсээр байвал бизнес нь гарцаагүй хөгжих болно гэдэгт итгэдэг. Гэтэл бизнес бол зөвхөн том ажлын байр биш билээ. Бизнес бол СИСТЕМ юм.
Тиймд системийг нарийн бодож, төлөвлөж, байгуулдаг. Хэрэв бизнес эрхлэгч хүн БИЗНЕСИЙН СИСТЕМЭЭ БАЙГУУЛАХ энэ шинэ үүргээ олж харахгүй бол бизнесээ амжилтай бүтээж, томруулан хөгжүүлэх арга замыг олж мэдэхгүй.
Тэгвэл ийм систем юунаас бүрддэг вэ?
Захирал хүний хийх ёстой хамгийн гол ажил бол ажилтнуудынхаа өмнүүр нь орж юм хийгээд гүйгээд байх бус бизнесээ гаднаас нь харж удирдах юм. Үүний тулд тодорхой элементүүдээс бүрдсэн үйлдлийн системийг хөгжүүлэх ёстой. Үүнийг “Энтрепренерийн үйлдлийн систем” /ЭҮС/ гэж нэрлэе. Энэ нь зургаан хэсгээс бүрдэнэ.
- Алсын хараа
Энэ нь тухайн бизнест ажиллаж буй бүх хүнийг нэг зүгт чиглүүлж, хүч энергийг нь нэгтгэдэг. Өөрөөр хэлбэл, бизнес тань юунд зорьж, тэмүүлж байгаа, түүндээ яаж хүрэх талаар байгууллагын бүх хүн нэгэн ижил, тов тодорхой ойлголттой байхад тусалдаг. Та алсын хараагаа хэдий чинээ тод харна төдий чинээ түүндээ хүрэх боломж ихэснэ. Бүх хүний эрч хүчийг нэг зүгт чиглүүлбэл гайхалтай үр дүн гарна.
Алсын хараа тодорхой болсон цагт түүндээ хүрэхэд зарим арга хэрэгслийг ашиглана. Юуны түрүүнд та бүхэн компанийнхаа үнэт зүйлсийг ойлгомжтой томъёолж бүх ажилтандаа ойлгуулах хэрэгтэй. Энэ бол танай компанид маш чухал, жанжин шугам болох үнэ цэнтэй багц зарчмууд. Жишээ нь, шударга зан, нээлттэй харилцаа, махруу хөдөлмөр, ёс зүй гэх мэт.
Дараа нь та гол фокусаа тодорхойлох ёстой. Энэ нь танай компани ямар бизнест орохоо сайн ойлгосон, түүндээ үнэнч үлдэх тухай яриа. Өөрөөр хэлбэл, та “Хоёр туулай хөөсөн хүн хоосон хоцорно” гэдэг замаар явахгүй байх ёстой юм.
Ямар зах зээлд тоглолт хийхээ ойлгосон нөхцөлд та бүхэн 10 жилийн зорилтуудаа гаргаж, 10 жилийн дараа танай компани ашиг орлого, зах зээлд эзлэх хувь, бүтээгдэхүүний төрөл гэх мэт үзүүлэлтээр ямар байхыгаа тооцоолох ёстой.
Энэ тооцоог гаргасны дараа тэдгээртээ маркетингийн стратеги боловсруулна. Энд таны бусдаас юугаараа ялгарах тань харагдах ёстой.
Энэ бүхнийг тодорхойлсон нөхцөлд ажлуудаа гурван жилээр, жилээр, улирлаар, долоо хоногоор оновчтой төлөвлөх суурь бүрдэнэ.
- Хүн
Гэвч дээр дурдсан бүхнийг амьдрал болгоход гол нөөц нь хүн юм. Харин хүн ажиллуулна гэдэг бол компаниудын толгой өвтгөсөн сэдэв байдаг. Тэгвэл зөв хүнийг тохирох ажилд нь томилж, бүтээмжтэй ажиллуулахын тулд та компанийнхаа соёлд нийцэх хүмүүсийг л ажиллуулах шаардлагатай. Энд бүхнийг мэддэг хүмүүсийн тухай биш, өөрт нийцсэн ажлаа хийж буй Зөв хүмүүсийн тухай ярьж буйг анзаараарай. Зөв хүмүүс бол танай компанийн үнэт зүйлсийг хуваалцдаг хүмүүс юм. Тэд танай соёлд тохирч, өсөн дэвждэг. Та тэдэнтэй хамт байх дуртай, тэд танай байгууллагыг ажиллахад урамтай газар болгодог.
Хэн нэгнийг ажиллуулахдаа та тэр хүн хамгийн сайн хийж чадах ажилдаа очсон уу гэж асуух хэрэгтэй. Хэрэв тийм бол тэр хүн Зөв суудалдаа очсон гэсэн үг. Зөв суудал гэж ажилтан бүр байгууллагадаа өөрийн ур чадвар, хүсэл тэмүүллийг хамгийн тод харуулах хүрээлэлд ажиллаж байгааг хэлнэ.
- Өгөгдөл
Энэ бол “Хэмжиж чадахгүй бол удирдаж чадахгүй” гэдэг агуулга юм. Та бизнесээ хэр амжилттай, ямар түвшинд явааг үргэлж мэдрэхийн тулд байнга мэдэж байх ёстой гол тоонуудаа тодорхойлох ёстой. Энэ нь долоо хоногийн борлуулалт, хэрэглэгчийн сэтгэл ханамж, авлага, өглөг, гэрээний тоо гэх мэт байж болно.
Та нийт компанийн түвшнээс гадна ажилтан, хэлтэс нэгжийн түвшинд тоонуудаа тодорхойлох ёстой. Үүний тулд төрөл бүрийн үнэлгээний хуудас, KPI ашиглаж болно. Тоотой байхын гол ач холбогдол нь таны бизнесийг системийн хувьд доголдолгүй болгож, синхронжуулна.
- Асуудал
Бизнес систем болсныг харуулдаг нэг чухал зүйл бол тухайн компанид асуудлыг шийддэг механизм хөгжсөн байх. Асуудлаа мэддэг ч шийдэж чаддаггүй бизнес цаашаа явах эрчгүй болдог.
Алсын хараа тодорхой, хүмүүс тохирох албан тушаалдаа байгаа, өгөгдлөө удирдаж байгаа бол танай байгууллагыг юу хойш татаж байгааг та гарцаагүй олж харна. Амжилттай компаниуд асуудлыг олон долоо хоног, сар, жилээр сунжрахыг зөвшөөрдөггүй. Тэдэнд асуудлыг гаргаж тавьдаг соёл, хэлэлцдэг арга барил, шийддэг журам, стандарт, шийдсэнийг нь урамшуулдаг тогтолцоо, энэ бүхнээс бүрдсэн инновацлаг уур амьсгалтай байдаг.
- Процессууд
Компани болгонд борлуулалтын, санхүүгийн, үйл ажиллагааны, маркетингийн, үйлдвэрлэлийн, хүний нөөцийн гэх мэт суурь процессууд байдаг ч түүнийгээ зураглаж, албажуулж, стандарт процедур болгож чаддаг нь ховор. Өөрөөр хэлбэл, энэ үйлдлийг хийх нь манай компанид үнэхээр хэрэгтэй юу, хэрэгтэй гэвэл хийх хамгийн оновчтой арга нь юу вэ гэдэг асуултад хариулах ёстой.
Хэрэв та бизнесээ процессжуулж чадахгүй бол та бизнесээ биш бизнес чинь таныг удирдах болно. Та өдөр бүр гал унтраах ажил хийж, маргаан тасалж явсаар ядаргаанд орно. Тиймээс бизнесийнхээ үндсэн процессуудыг тодорхойлж, албажуулж, хүн бүр дагаж мөрдөхүйц замын зурагтай болох хэрэгтэй.
- Уялдаа буюу бизнесийн Эрч
Одоо дээр дурдсан таван элементийн уялдаа холбоог хангавал бизнестээ амжилттай ажиллах Эрчийг өгнө. Өөрөөр хэлбэл, танай компанид хариуцлага, сахилга бат бий болж, гүйцэтгэл, бүтээмж өмнөхөөс шал өөр түвшинд очно. Мөн ажлыг эрэмбэлдэг, хуваарилдаг, төлөвлөдөг, уулздаг, хэлэлцдэг, шийддэг, гүйцэтгэдэг, тайлагнадаг, хянадаг, оролцдог, санаачилга гаргадаг цогц систем бий болох юм.
Системийн 7 давуу тал
- Системийн үр дүн тогтмол, чанартай. Систем болж чадсан бизнесийн үйлдвэрлэл, үйлчилгээ нь арга, хэлбэрээ олж тогтворждог. Тогтворжсон ажлын үр дүн үйлчлүүлэгчийн хүлээлтээс зөрдөггүй.
- Системд ажилтныг сургах боломжтой. Ажил, үйлчилгээг хийж гүйцэтгэх арга замыг тодорхой болгож, баримтжуулж авснаар тухайн ажилд шинэ ажилтныг хурдан, сайн сургах нөхцөл бүрддэг. Ажлыг процедуртай болгосноор ажилтны мэдлэг, туршлагыг хувь хүнээс нь салгаж, цаашид хуримтлуулан хөгжүүлэх, шинэ ажилтнуудад дамжуулан сургах боломжтой болно. Учир нь процедур бол хувь хүний бус, бизнесийн системийн мэдлэг, чадвар юм
- Системийг хэмжих боломжтой. Ажлыг зөв, нарийн хэмждэг болсноор түүнд зарцуулах цаг хугацаа, хүн хүчний тооцоог урьдчилан төлөвлөхөд хялбар болж төлөвлөгөө, гүйцэтгэлийн зөрөө багасна. Буруу төлөвлөлтөөс үүсэх алдагдал багасна.
- Системийг хөгжүүлэх боломжтой. Ажил, үйлчилгээг тогтсон, тодорхой арга замаар хийдэг болсон үед тэдгээрийг хэмжиж, харьцуулж, өөрчлөн туршиж, алхам алхмаар, тасралтгүй хөгжүүлж байх боломжтой болдог.
- Системийг төвөггүй томруулж болно. Нэгэнт бий болсон системд зөвхөн шинэ нөөц нэмэх замаар бизнесийг харьцангуй хурдан, эрсдэлгүй томруулж болдог.
- Системийг автоматжуулах боломжтой. Системийг автоматжуулна гэдэг нь үндсэндээ тогтсон процессыг компьютерын программ хангамжийн тусламжтайгаар хийж гүйцэтгэдэг болно гэсэн үг. Гэтэл системчлэгдээгүй ажлыг автоматжуулах боломжгүй. Чухам энэ шалтгаанаас болж системчлэгдээгүй бизнест МТ-ийн ердийн хэрэглээг ч үр ашигтай нэвтрүүлэх, хэрэглэх боломж хязгаарлагдмал байдаг.
- Системийг зарж болно. Системийн хамгийн чухал давуу тал нь түүний үйл ажиллагааны үр дүн хүнээс бага хамаардагт оршино. Хүмүүс системд орж гарч л байдаг, харин систем тогтмол түвшиндээ ажиллаж чаддаг. Тиймд хөрөнгө оруулагчид тухайн бизнес систем болж чадсан эсэхийг онцгой анхаарч шийдвэрээ гаргадаг. Үнэхээр, бизнес эрхлэгч нь өөрөө ажиллахаа болиход зогсчихдог, эсвэл хэдэн сайн ажилтнаас нь хамаардаг бизнесийг худалдан авах нь өндөр эрсдэл дагуулна. Мөн систем болоогүй бизнес буюу бусдын ажлын байрт өөр хүн хөрөнгө оруулах магадлал тун бага.
ЭРЧ багцыг худалдан авах: https://shop.bookzone.mn/