Гол санаанууд
- Монгол Улс цаашид ноолууран бүтээгдэхүүнээ амжилттай экспортолж, дэлхийн зах зээлд өрсөлдөх чадвараа хадгалж үлдэхийн тулд бэлчээр, усны хэрэглээ, малын үүлдэр угсаа, тэжээл гэх мэтээр ноолуурын гинжин хэлхээг бүхэлд тогтвортой хөгжлийн шаардлагад нийцүүлэх хэрэгтэй болж байна.
- Бэлчээрийн хомсдол, малын үүлдэр угсаа, чанартай холбоотой монгол ноолуурын чанар муудсаар байна.
- Монголчууд ноолуураа ангилан ялгах системийг хөгжүүлж чадаагүйтэй холбоотой ноолуурын чанар доогуур, ноолуураас малчдад очих үр өгөөж бага байсаар байна.
Ямар учиртай арга хэмжээ байв?
“Тогтвортой ноолуур өдөр -2023” хэмээх арга хэмжээг анх удаа зохион байгуулж, малчид, төр, хувийн хэвшил, судлаачид, малчдын ТББ-ууд, олон улсын байгууллагууд оролцов. Тэд текстилийн тогтвортой үйлдвэрлэлд тулгарч буй сорилтууд, чиг хандлага, мөн хүрсэн амжилтуудынхаа талаар ярилцлаа.
НҮБХХ-ийн дэргэдэх “Монголын Тогтвортой Ноолуурын Платформ” болон АДАПТ төслөөс хамтран зохион байгуулсан энэ арга хэмжээний явцад тогтвортой ноолуурын сэдвийг уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох, бууруулах үндэсний бодлого, байгальд ээлтэй бүтээгдэхүүн, үйлдвэрлэлийн зах зээлийн орчинтой холбон илтгэлүүд тавьж, хэлэлцүүлэг өрнүүлэв.
Мөн тогтвортой ноолуурын стандартыг хангахад амжилттай ажилласан малчид, малчны байгууллага болон ноолуурын үйлдвэрүүдийг тус бүр дөрвөн төрөлд шалгаруулав.
Салбарын гол тоонууд ба яагаад тогтвортой ноолуур гэж?
Ноолуур бол манай улсын хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний 80 хувийг эзэлж, нэг сая орчим малчны амьжиргааг тэтгэдэг салбар. Дэлхийн улс орнууд жилд 24 мянга орчим тонн ноолуур үйлдвэрлэдгээс 50 хувийг БНХАУ, 40 хувийг буюу 9600 тонныг Монгол Улс нийлүүлдэг. Харин ноолууран бүтээгдэхүүний зах зээлийн 10 гаруй хувийг манай улс нийлүүлдэг.
Монгол Улс жилдээ 10 мянга шахуу тонн ноолуур бэлтгэдэг бөгөөд 70-80 хувийг угааж, 10 орчим хувийг самнасан байдлаар экспортолж, 10 гаруй хувийг бэлэн бүтээгдэхүүн болгон гадаад, дотоодын зах зээлд борлуулдаг. Нийт бэлтгэсэн ноолуурыг угаавал 7,000 тонн, самнавал 5,000 тонн болдог. 2022 оны эцсийн байдлаар ноолуур, ноолууран бүтээгдэхүүний экспорт 444 орчим сая ам.доллар болсон нь нийт экспортын гурван хувийг бүрдүүлжээ. Хэрэв бүх ноолуураа самнаад экспортолбол 500 сая ам.долларт хүрэх боломж бий. Цаашлаад, боловсруулалтыг дэмжиж, самнасан ноолуураа ээрэх, эцсийн бүтээгдэхүүн болговол орлого 1.5 тэрбум ам.долларт хүрэх бололцоотой.
Монголын ноолуур нь голдуу хөгжингүй орнуудын дундаас дээш болон тансаг хэрэглээний сегментэд зориулагддаг. Гэвч уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй хүчин зүйлсийн улмаас цаашид Монголын ноолуурын чанар улам муудах хандлагатай болж, манай ноолуурын өрсөлдөх чадвар буурахаар байгаа учраас ноолуурын салбарыг тогтолцоогоор нь шинэчлэх шаардлагатай байгаа. Үүний тулд бэлчээр, ус, хог хаягдлын менежмент, малын үүлдэр угсаа, чанар, нүүрсхүчлийн хийн ялгарал, эрчим хүч, нийлүүлэлтийн сүлжээ гэх зэрэг олон асуудлыг цогцоор нь авч үзэх хэрэгтэй болж байна. Хэрэв энэ бүгдийг хайхрахгүй бол монгол ноолуурыг хөгжингүй орны хэрэглэгчид тоохоо больж, дээр дурдсан таамаглал улам буурах магадлалтай.
Хэн юу хэлэв?
“Тогтвортой ноолуур өдөр -2023” арга хэмжээний хэлэлцүүлгийн явцад дурдагдсан гол санаануудыг сийрүүлье:
Европын ХАҮТ-ийн захирал Клаартже Гернбурге
Европын зах зээлд ноолууран бүтээгдэхүүн экспортлохын тулд тухайн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэсэн процессыг мөшгөх боломжтой байх ёстой. Өөрөөр хэлбэл, Монгол Улс цаашид ноолууран бүтээгдэхүүнээ амжилттай экспортолж, дэлхийн зах зээлд өрсөлдөх чадвараа хадгалж үлдэхийн тулд нэг бол өөрийн мөшгөх тогтолцоог хөгжүүлэх хэрэгтэй эсвэл тийм тогтолцоог хөгжүүлсэн зах зээл бүхий орны мөшгөх тогтолцооны туршлагыг нутагшуулах хэрэгтэй болно.
Тогтвортой ноос ноолуурын эвсэл/ТННЭ/-ийн зохицуулагч С.Вандандорж
Хэрэглэгч тухайн бүтээгдэхүүнийг шууд авч хэрэглэхгүйгээр бүтсэн түүхийг нь мэдэхийг хүсдэг болсон. Монголын ноолууран бүтээгдэхүүн худалдан авагч хөгжингүй орнуудын зах зээлийн зүгээс тогтвортой ноолууртай холбоотой гурван төрлийн шаардлага тавьж байна. Энэ нь нэгдүгээрт бэлэн бүтээгдэхүүнд хамаатай шаардлага, хоёрдугаарт үйлдвэрлэгчид тавих шаардлага, гуравдугаарт тухайн улсын хууль эрх зүйн орчны шаардлага юм.
“Говь” ХК-ийн Тогтвортой хөгжлийн хэлтсийн дарга Э.Ивгээлт
Европ, Хойд Америкийн хэрэглэгчид улам хэрсүүжиж тогтвортой хөгжлийн шаардлага тавьдаг болж байна. Зарим судалгаагаар хэрэглэгчдийн 80% тогтвортой хөгжил, мөшгөлтийн тогтолцоог харгалзаж худалдан авалт хийдэг болжээ. Тиймээс үйлдвэрлэгчид бүтээгдэхүүнээ тогтвортой хөгжлийн шаардлагын дагуу үйлдвэрлэсэн гэдгээ нотлох хэрэгтэй болсон. Хэрэв энэхүү шаардлагыг нэр төдий биелүүлбэл Green Washing буюу ногоон тархи угаалт болж, 2025 оноос хуулийн хариуцлага хүлээдэг болно.
Малчид, хоршоодын ноолуураа бэлтгэж буй байдал нь үйлдвэрийн түвшин дэх үзүүлэлтүүдэд маш их нөлөөтэй. Учир нь тухайн бүтээгдэхүүний дижитал ногоон гэрчилгээг нийт гинжин хэлхээг нь судалж байж олгодог. Тиймээс “Говь” ХК нь компанидаа мөшгөлтийн тогтолцоог хөгжүүлж байна.
БНХАУ-ын “Консинее Групп”-ийн үйл ажиллагаа хариуцсан захирал Гуанг Жин
“Консинее Групп” нь ногоон шошготой. Зөвхөн бүтээгдэхүүн чанартай байх гэхээс илүү, түүхий эд гарган авч буй хандлага, сэтгэлгээ, процесс гэх мэт нийт нэмүү өртгийн сүлжээ нь тогтвортой хөгжлийн шаардлагад нийцсэн байх хэрэгтэй болж байна. Тухайлбал, усны нөөцийг зөв ашигласан, байгаль орчинд ээлтэй, малд тавтай гэх мэт. Энэ дундаас усны хэрэглээ улам чухал болж, хуурай аргаар будах технологиуд нэвтэрч байна.
Манай компани хүлэмжийн хийн ялгарлыг хэмждэг, тайлагнадаг, бусад компанитай хуваалцдаг тогтолцоог хөгжүүлж байна.
Монголын бэлчээр ашиглагчдын холбооны гүйцэтгэх захирал Б.Бурмаа
Мөшгөх тогтолцоо манай улсад тодорхой хэмжээнд бий болсон. Тухайлбал, “Хариуцлагатай нүүдэлчин зохистой дадлыг нэвтрүүлэхэд тавих шаардлагууд” стандартыг баталж мөрдөж эхэлсэн.
Сүүлийн үеийн судалгаа, тооцоонуудаас харахад Монголын ноолуурын чанар муудсан, үйлдвэрлэгчдийн шаардлагад нийцэхгүй байна. Сүүлийн 30 орчим жил Өмнөд хөрш манай ноолуурыг ямар нэгэн ангилалгүй, ченж нараар дамжуулж тэр чигээр нь худалдан авсаар ирсэн нь манай ноолуурын чанар, нийт салбарт хортой үзэгдэл байсаар ирсэн. Гэхдээ цаашдаа олон улсын шаардлагад нийцсэн үйлдвэрлэлийн бизнес эрхлэхийн тулд ноолуурын гинжин хэлхээг бэлчээрээс нь эхлээд нийтээр нь шинэчлэх шаардлагатай болж байна.
“Ээлтэй Баялаг” дундын хоршоо
“Ээлтэй Баялаг” дундын хоршоо 2017 оноос Францын алдарт #HERMES группийн HTH байгууллагатай хамтран ажиллаж байна. Ингэснээр хоршооны малчин хүн нэг бүрийн ноолуурын чанар, мөшгөх тогтолцоо, гэрчилгээжилтийн тогтолцоог тодорхой хэмжээнд хөгжүүлж чадлаа. “Ээлтэй Баялаг” дундын хоршоо 2017-2023 онд нийт 41 тонн самнасан ноолуурыг экспортолж 17 тэрбум төгрөгтэй тэнцэхүйц гадаад валютыг эх орондоо оруулж ирсэн. Энэ нь Монгол ноолуур чанартай, гарал үүсэл нь тодорхой, байгальд ээлтэй гэдгийг дэлхийн зах зээлд таниулахад үнэтэй хувь нэмрээ оруулж байна.
Ноолуур ба хүлэмжийн хийн ялгарал
“Тогтвортой” гэх үзүүлэлтийн нэгэн чухал хэмжүүр нь нүүрсхүчлийн хийн ялгарал юм. Монгол Улс Парисын хэлэлцээрт нэгдэж, 2030 он гэхэд хүлэмжийн хийн ялгаруулалтаа (ХХЯ) 22.7 хувиар бууруулна гээд Ерөнхийлөгч маань дэлхий нийтийн өмнө үүрэг, амлалтаа өгчихсөн. Хүлэмжийг хийг хувь хүн, өрх гэр, ААН-үүд дор бүрнээ олон замаар ялгаруулдаг. Энэ дундаас ААН-үүдийн ялгаруулж буй хий ихээхэн хувиыг эзэлдэг учраас дээрх амлалтад хүрэхэд тэдний ялгаруулж буй хүлэмжийн хийг бууруулахаас өөр аргагүй.
Гэхдээ эхлээд ялгаруулж буй хийг нь хэмжих ёстой, хэмжихийн тулд хууль эрх зүйн орчин хэрэгтэй. Гэвч манай улсад ААН-үүдийн түвшинд хүлэмжийн хийг ялгарлыг хэмжих, тооцох, улмаар бууруулах ажил хэрэг тун хангалтгүй түвшинд байгаа. Арилжааны цөөн хэдэн банк, мөн гарын таван хуруунд багтах ААН л өөрсдийн үйл ажиллагааны үр дүнд ялгарч буй хүлэмжийн хийн ялгарлаа хэмжиж, тооцож, тайлагнаж байна. Мөн хөрөнгийн зах зээлд хувьцаагаа гаргаж, олон нийтийн болсон хувьцаат компаниуд Тогтвортой хөгжлийн тайлан гаргаж байгаа.
Монголд хүлэмжийн хийн 49 орчим хувийг хөдөө аж ахуйн салбар ялгаруулдаг.
Ноолуурын гинжин хэлхээний хувьд бэлчээрээс эхлээд хэрэглэгчийн гарт бүтээгдэхүүн очих хүртэл мөн л тодорхой түвшинд хүлэмжийн хийг ялгаруулж байгаа ч түүнийг хэмжиж байгаа туршлага бас байхгүй. Тийм учраас дээрх арга хэмжээний үеэр “Консинее Групп”-ийн үйл ажиллагаа хариуцсан захирал Гуанг Жин хүлэмжийн хийн ялгарлыг хэмждэг, тайлагнадаг, бусад компанитай хуваалцдаг тогтолцоог хөгжүүлж буйгаа онцолж байв.
Хэнийг яагаад шалгаруулав?
Энэ арга хэмжээний үеэр малчдыг эдийн засгийн үр ашигтай аж ахуй эрхлэгч гэдэг өнцгөөс харж шалгаруулсан нь уламжлалт “Мянгат малчин”, “Сайн малчин” гэдэг улсын шагналаас өвөрмөц байлаа.
“Бэлчээрийн тогтвортой менежментийг хэрэгжүүлж буй байгууллага”-аар Дорнод аймгийн Цагаан -Овоо сумын “Баянтал” бэлчээр ашиглагчдын холбоог тодруулжээ. Тус холбоо нь малын тоо толгой, сүргийн бүтцийг бэлчээрийн даацад нийцүүлж чаджээ. Мөн тэжээлийн ургамал тариалж гишүүддээ хөнгөлөлттэй үнээр өгдгөөс гадна угаалга, туулгалт, вакцинжуулалт, үүлдэр угсаа сайжруулах ажлыг системтэйгээр хийдэг.
Малын үүлдэр угсаа, түүхий эдийн чанарыг сайжруулж буй гэдгээр нь Баянхонгор аймгийн Шинэжинст сумын малчин Ш.Дэлгэрбатын гэр бүлийг онцолжээ. Тэд зөвхөн Залаажинст-Эдрэн гэх үүлдрийн цагаан ямаа үржүүлдэг бөгөөд ноолуурынхаа микроныг лабораторт илгээж хянуулдаг.
Харин Дорнод аймгийн Цагаан-Овоо сумын малчин И.Отгон-Ишийн гэр бүл нь өвлийн бэлтгэл, малын тавлаг байдлыг хангаж чадсан байна. Тэд малын усалгаа, өвс тэжээл, отор, бэлчээрийн менежментийг оновчтой хийж чаджээ.
Залуу малчны төрөлд Ховд аймгийн Мөст сумын залуу малчин Ч.Лхайсүрэнгийн гэр бүлийг шалгаруулжээ. Тэд хоршоондоо түүхий эдээ тоо ёсоор нь бэлтгэн нийлүүлдгээс гадна сүүлийн таван жил төлийн хорогдол гаргаагүй. Мөн аргаль, янгирт бэлчээр чөлөөлж, нүүхдээ ердийн хөсөг ашигладаг.
Шалгарсан компаниуд:
- Эрчим хүчний зохистой хэрэглээг нэвтрүүлсэн – “Кашмер Холдинг”
- Усны зохистой хэрэглээг нэвтрүүлсэн – “Говь” ХК
- Хог хаягдлын менежмент – “Говь-Эрдэнэ” ХХК
- Нийлүүлэлтийн сүлжээг сайжруулж малчидтай хамтарч ажилласан – “Ханбогд Кашмер”
Сурвалжилсан Г.Даваадорж