Flamme Complexe худалдаа, үйлчилгээний салбарт, тэр тундаа гоо сайхны бүтээгдэхүүний зах зээлд ямар ялгарал, онцлогтойгоор оршин тогтнож байна вэ. Давуу талаа та хэрхэн тодорхойлох вэ?
Бидний хамгийн том ялгарал бол үйлчлүүлэгч төвтэй харилцаа, хандлагад оршдог. Тиймдээ ч борлуулалтад төвлөрөхөөсөө илүүтэй хэрэглэгчдэдээ бага ч болов мэдлэг, мэдээлэл хүргэе гэж бид зорьдог. “Та сүүн шингэнээ хөвөнгөөр арчаад байгаа юм биш биз?”, “Арьсаа заавал гуужуулах гэсний хэрэггүй ээ”, “Бүтээгдэхүүнийг комоор нь л хэрэглэвэл сайн гэх ойлголт өөрчлөгдсөн шүү дээ” гэх мэтээр яриад, зөвлөөд эхлэхээр үйлчлүүлэгчид маань бидний яриаг сониучирхан сонсдог. Үйлчлүүлэгчдээ шинэ мэдлэг өгье гэж хичээдэг энэ байдал маань бусдаас ялгарах хамгийн том давуу тал гэж боддог. Мөн арьс арчилгааны зөв дадал, зөв соёлыг түгээх ажлуудад бид дуртайяа нэгддэг. Нүхжилт, сэвх нөсөөний талаар мэдмээр байвал TomYo Skills платформоос энэ талаарх хичээлийг маань үзсэн ч болно. Өөр нэг давуу талаа бид “шинийг эрэлхийлэгч” гэж тодорхойлно.
Манай хамт олон бүтээгдэхүүн, үйлчилгээнийхээ нэр төрлийг сайжруулахын тулд дэлхийн брэндүүдийг судалж, хамгийн сайныг нь монголчууддаа хүргэдэг. Одоогоор бид 50 гаруй брэндийн 2500 орчим нэр төрлийн бүтээгдэхүүнийг хэрэглэгчдэдээ санал болгож байна.
Онцолж дурдвал, Европын зах зээлд түгээмэл нэвтэрсэн Bio Balance брэндийг бид албан ёсны эрхтэйгээр оруулж ирж байна. Ази арьсанд ази бүтээгдэхүүн л тохирно гэсэн ташаа ойлголтыг энэ брэнд няцаадаг. Канадын Clinico ч мөн тун үр дүнтэй. Бид энэ брэндийн албан ёсны борлуулагчаар ажилладаг. Энэ мэтчилэн санал болгох маш олон брэнд бий. Азиас гэвэл Өмнөд Солонгосын Needly брэндийг бид албан ёсны онцгой эрхтэйгээр оруулж ирж байна.
Арьс арчилгааны ментор үйлчилгээ ч мөн шинийг эрэлхийлэгч байсны илрэл болов уу. Энэ төрлийн үйлчилгээг бий болгож, хөгжүүлэх санаа анх яаж төрсөн юм бэ?
Анх 2016 онд компаниа байгуулсан. Харин дараа жилээс нь би үйлчлүүлэгчдэдээ арьс арчилгааны талаар зөвлөгөө өгч эхэлсэн юм. Зөвлөгөө өгөөд бүтээгдэхүүн санал болгоод байхаар “Чи яг хэн бэ? Эмч үү?” гэх асуулт их ирдэг л дээ. Гэтэл би чинь анагаах ч төгсөөгүй. Олон улсын эрхзүйч мэргэжилтэй хүн. Ингээд би хийхийг хүссэн зүйлийнхээ мөн чанарыг тунгааж эхэлсэн. Миний хийхийг хүссэн зүйл эмч, худалдааны зөвлөхүүдийн хийдэг ажлаас тэс өөр зарчимтай байсан л даа. Тиймээс өөрийгөө хэн гэж тодорхойлох вэ гэдгээ ч эргэцүүлж байлаа. Эцэст нь “ментор” гэдэг нэршил илүү тохирох санагдсан. Одоо энэ нэршлийг оюуны өмчөөр батлуулах үйл явц ч ид өрнөж байна.
Менторууд бүтээгдэхүүний орц найрлагын хоорондын хоршил, түүнийг хэрэглэх дараалал, арьс арчилгааны шинэ чиг хандлагын талаар цаг алдалгүй судалж мэддэг. Энэ нь менторуудын эмч, зөвлөхүүдээс ялгарах гол шинж гэж тодорхойлж болох юм. Эмч нар өвчлөл, эмчилгээнд илүү төвлөрөн ажилладаг. Тиймээс бүтээгдэхүүн санал болгохдоо нийтээр хэрэглэж заншсан “аюулгүй” гэх бүтээгдэхүүнийг л зөвлөдөг. Энэ нь нэг талаар хэрэглэгчдэд хязгаарлагдмал байдлыг үүсгэдэг. Гэтэл илүү үр дүнтэй, тохиромжтой сонголтууд олон бий шүү дээ.
Миний хувьд, 2020 онд ОХУ-ын Новосибирскийн их сургуульд дерматологийн чиглэлээр сар орчмын хугацаанд цахим сургалтад хамрагдсан юм. Тэр үед би арьсны эмч болон менторын ялгааг бүр ч тодоор мэдэрсэн. Ментор бол хүнийг арьс арчилгааны дадал, соёлд сургах чадвартай хүн байх ёстой. Өөрөө ямар нэг бүтээгдэхүүн зах зээлд санал болгож байсан ч өөр дэлгүүрийн өөр брэндийг судлаад, үүнийг манай энэ бүтээгдэхүүнтэй ингэж хоршуулбал зүгээр юм байна гэдгийг ч таньж чаддаг байх ёстой. Бид үйлчлүүлэгчээ зөв бүтээгдэхүүнээр арьсаа тогтмол арчилж сургахын тулд менторын үйлчилгээг хөгжүүлж байна.
Одоогоор танай компанид хэчнээн ментор байна вэ?
-Ментор бэлтгэх нь маш их цаг хугацаа шаардсан ажил. Одоогоор надтай нийлээд таван ментор байна. Гоо сайхны үйлчилгээ бол хүн бүрийн анхан шатны хэрэглээ биш. Тэгвэл ментороос үйлчилгээ авах нь үүнээс ахиад нэг шат ахисан үйлчилгээ болчихоод байгаа юм. Одоогийн нөхцөлд VIP гэхүйц үйлчилгээ болоод байна гэсэн үг л дээ. Магадгүй хэдэн жилийн дараа арьсны менторын талаарх хүмүүсийн ойлголт улам өргөжин тэлж хөгжих байх. Би өөрөө ч хөгжил дэвшилд нь хамгийн ихээр гар бие оролцох болно.
Менторын хувиар та монголчуудын арьс арчилгааны түгээмэл алдаанаас нэрлэхгүй юу?
10 жилийн өмнөх нийтлэг алдаанууд одоо ч хэвээрээ. Арьс арчилгааны зөв дараалал руугаа ч орж чадаагүй байна. Яагаад олон төрлийн серум хэрэглэх ёстойг, яагаад өдөр бүр нарны тос түрхэх шаардлагатайг ойлгоогүй байна.
Хүмүүс бүтээгдэхүүнийг ком /багц/-оор нь л авах гээд байдаг. Дан чийгшүүлэх бүтээгдэхүүнээс бүрдсэн багц хэрэглээд байвал үрчлээ, нүхжилтийн асуудлыг яаж шийдэх вэ? Бүтээгдэхүүний багцад молекул бүтцээрээ өөр боловч орц найрлага нь төстэй 5-6 бүтээгдэхүүн ордог. Харин илүү олон асуудлыг нэгэн зэрэг үр дүнтэйгээр шийдэхийн тулд өөрийн гэсэн цоо шинэ багц бүтээгдэхүүнийг бүрдүүлэх нь зөв. Дэлхий нийтэд ч энэ чиг хандлага түгээмэл болж байна.
Бид идэж байгаа зүйлээ солонгоруулъя, илүү олон төрлийн шим тэжээлтэй зүйл хэрэглэе гэдэг шиг арьсандаа ч бас ингэж хандах ёстой. Манай үйлчилгээний бас нэг онцлог нь зөвхөн тэр хүнд л тохирох гоо сайхны багц бүрдүүлж өгдөгт оршдог. Бидний бүрдүүлсэн багц зөвхөн үнэтэй брэндүүд л сайн гэж боддог хүнд хямдхан санагдаж болно. Харим заримд нь үнэтэй ч санагдаж болно. Гэхдээ бид сайн бүтээгдэхүүнийг боломжийн үнээр санал болгодог гэдэгтээ бүрэн итгэлтэй байна. Нэг багц бүтээгдэхүүн авчихсан байлаа гэхэд түүнийгээ 3-4 сар хэрэглэнэ. Мөн үр дүнг бид амлаж чадна. Түүнчлэн манай хэрэглэгчид нас насныхан байдаг учраас өсвөр насныхандаа зориулаад ойролцоогоор 180 мянган төгрөгөөр 6-7 бүтээгдэхүүнтэй багцыг ч санал болгодог.
Брэндүүдээс сайныг нь танина гэдэг амаргүй байх. Бүтээгдэхүүнээ сонгохдоо юуг голчлон анхаардаг вэ?
Цаг хугацаа өнгөрөх тусам энэ салбар хувьсан өөрчлөгдөж, маш хурдацтай тэлж байна. Зарим брэнд шинээр бий болж байгаа бол зарим нь зах зээлээс арчигдаж байна. Бидний сайн мэдэх Skin Food л гэхэд татан буугдчихлаа. Харин энэ зах зээлд хөл тавьж буй брэндүүдийн хувьд, илүү цэвэр орц найрлага, байгальд ээлтэй байдалд илүү анхаардаг болсон байна. Үйлчилгээний үр дүн өндөртэйгөөс гадна сав баглаа боодлоо илүү ногоон, дахин ашиглах, боловсруулах боломжтой байдлаар шийдэж байна. Тиймээс бид ч мөн илүү “ногоон” брэндүүдийг оруулж ирэхэд анхаарч байна.
Бүтээгдэхүүнээ сонгохдоо бид маш их эрэл хайгуул хийдэг. Дараа нь хамгийн тохиромжтой гэж үзсэн бүтээгдэхүүнээ цөөн тоогоор оруулж ирээд орц найрлага бүтцийг нь нарийвчлан судалдаг. Өөрсдөө ч хэрэглэж үзнэ. Хүмүүст шинэ бүтээгдэхүүнээ санал болгож, хэрэглэж үзэхийг ч зөвлөдөг. Тэдний санал, дүгнэлт ихэнхдээ эерэг байдаг. Энэ бол бүх талаас нь сайтар судалсны үр дүн гэж боддог. Түүнчлэн үнийн хувьд ямар байх, зах зээлд өрсөлдөх чадвартай эсэх, бусад брэндээс юугаараа онцлог зэргийг нь судалж үзээд хамтрах эсэхээ шийддэг.
Бизнесээ хэрхэн эхлүүлж байсан түүхээсээ хуваалцахгүй юу?
Анх 22 насандаа дөнгөж сургуулиа төгсөөд ажил ч хийж үзэлгүй гэртээ хүүхдээ харангаа хувийн бизнестээ хөл тавьж байсан. Надад ер нь аливаа зүйлийг борлуулах чадвар байдаг л даа. Ингээд 2016 онд нүүр будалтын бүтээгдэхүүнээр бизнесээ эхлүүлж байлаа. Би өөрийгөө ч бараг make-up artist гээд хэлчихэд буруудахгүй байх. Шинэ жилээр маш их будалтын захиалга авдаг байсан. Тэр үед Kylie брэнд жинхэнэ трэнд болж, онлайн дэлгүүрүүд Америкаас төрөл бүрийн бүтээгдэхүүн оруулж ирдэг байсан. Харин миний хувьд, хүмүүс хүссэн бүтээгдэхүүнээ бодитоор мэдрээд аваасай гэж хүссэн учраас анх эхлэхдээ 15 сая төгрөгөөр бараагаа татаж байсан. Ингээд “Хүүхдийн 100”-д жижигхээн дэлгүүр нээж бизнесээ эхлүүлж байлаа. Тэр үед хүүхэд маань найман сартай байсан ч дуртай зүйлээ эхлүүлж байсан учраас бүхнийг амжуулах гэж хичээдэг байсан. Яваандаа үйлчлүүлэгчдээс “арьс арчилгааны бүтээгдэхүүн борлуулаач ээ” гэсэн санал хүсэлтүүд ирж, би ч бүтээгдэхүүнээ төрөлжүүлэх ажилд ханцуй шамлан орсон. Нэг л мэдэхэд 2017 онд нүүр будалт, арьс арчилгааны 200-аад нэр төрлийн бүтээгдэхүүн борлуулдаг болчихсон байсан. Гэр бүл, эцэг эх маань намайг хуулиараа явна. Нэг, хоёр жил будаг шунх зарж, хоббирч байгаад болих байх гэж бодож байсан юм билээ. Гэтэл 2019 он болоход би ирээдүйгээ илүү томоор харчихсан байсан. Ерөөсөө л гоо сайхны нэгдсэн их дэлгүүр болъё гэж зорьж, хичээж ажилласны үр дүнд хүмүүс ч Flamme -ийг сонголттой, чанартай, найдвартай гэж итгэн үйлчлүүлдэг болсон байна.
Ирээдүйгээ хэрхэн төсөөлж байна вэ?
Өнгөрсөн хугацаанд юм болгоноо амжуулах гэж эрвийх дэрвийхээрээ зүтгэж ирсэн. Харин одоо үүсгэн байгуулагчийн хувиар 5-10 жилийн дараа ямар байх вэ гэдгээ төлөвлөж ажилладаг болсон. Flamme ойрын 10 жилдээ дэлхийд гарна гэсэн зорилготой байна. “Монголын” гэх гоо сайхны брэндийг олон улсын зах зээлд нэвтрүүлнэ.
Бид энэ хугацаанд дэлхийн шилдэг брэндүүдийн орц найрлагыг судалж хангалттай туршлага хуримтлууллаа. Цаашид ч туршлага хуримтлуулсаар байх болно. Хүмүүс юу юуны туханд хүрэлгүй брэнд гаргаад эхэлдэг бол бид өнгөрсөн долоон жилийн хугацаанд том зорилгынхоо зөвхөн суурийг нь л цутгасан. Магадгүй ойрын жилүүдэд ч мөн энэ сууриа бат бэх болгоно. Гоо сайхны бүтээгдэхүүн хүний элгэнд хүртэл нөлөөлдөг учраас маш хариуцлагатай хандах ёстой.
Мөн бид 2025 он гэхэд таван салбартай болох зорилготой байна. Одоогоор бид хоёр салбартайгаар үйл ажиллагаа явуулж байгаа. Хэтдээ гэрээт борлуулагчидтай болох, франчайз эрх олгох байдлаар хүрээгээ тэлэх төлөвлөгөөтэй байна. Өнгөрсөн хугацаанд Flamme олон нийтэд харьцангуй сайн танигдаж чадсан. Тиймээс энэ нэр хүндээ унагахгүйн тулд ирээдүйн хамтрагчдадаа тодорхой шаардлага тавьж, урагшилна. Бид мөн ISO 9001 үйлчилгээний стандартыг нэвтрүүлсэн. Дотоод менежментээ сайжруулахад ч онцгой анхаарч байна.
Бизнесийн замналд баримталж байсан хамгийн гол зарчим тань юу байсан бэ?
Бизнес үүсгэн байгуулагчтайгаа шууд холбоотой. Үүсгэн байгуулагчийн дотоод үнэт зүйл, зарчим ямар байна компани бүхэлдээ тийм л байдаг. Үүсгэн байгуулагч холыг харж чадахгүй бол байгууллага ч мөн өнөө маргаашаа аргацаасан байдлаар урагшилна. Миний хувьд, алсаа илүү тодорхой зураглаж, төлөвлөж ажиллахыг зорьдог.
Мөн үнэн байх нь хамгийн чухал зүйл. Өнгөрсөн долоон жилд бүтээгдэхүүн борлуулахдаа ч, зөвлөхдөө ч, бусадтай хамтран ажиллахдаа ч үнэн байх зарчмыг баримталсан.
Бас хариуцлага чухал. Бизнес, үйлчилгээ болсон хойно алдаа гарч болно. Ихэнх үйлчилгээний газар алдаагаа хүлээн зөвшөөрөх дургүй байдаг бол бид үйлчлүүлэгчээ гомдолгүй, сэтгэл ханамжтай байлгахыг хичээдэг. Хэрэв тэгж чадаагүй бол алдаагаа хариуцлагатайгаар шийдэж чаддаг байх ёстой.
Ахиж дэвших гэсэн хүсэл эрмэлзэл ч чухал. Өнөөдөр би хөгжил ярихгүйгээр хоёр салбараараа хангалттай амьдарч чадна. Гэхдээ соёл төлөвшүүлье, хүмүүст мэдлэг түгээе, цаашлаад бүр үйлдвэрлэгч болъё гэсэн хүсэл эрмэлзэл тээж явна. Ийм хүсэл эрмэлзэл л өсөлтийг дагуулдаг.
Тэгвэл энэ хугацаанд тохиолдсон хамгийн том бэрхшээл юу байсан бэ?
Төлөвлөгөөтэй, тооцоотой хүн гэж өөрийгөө боддог. Тийм ч учраас хүндрэлийг тойрч гарч чаддаг юм шиг санагддаг. Гэхдээ цар тахлын үед айдастай тулгарч байсан. Яах бол гэсэн таамаглашгүй нөхцөл байдал удаан үргэлжилсэн ч даваад гарсан хойно шинэ зүйл сурчихсан байсан. Цар тахлын үеэр цахимаар захиалга хүлээн авах, захиалсан барааг хэрэглэгчдэд хүргэх тал дээр маш том ахиц гаргасан. Борлуулалтын орлого ч өссөн. Одоо манай www.flamme.mn вэбсайтаар дамжуулан хүссэн бүтээгдэхүүнээ захиалж авах боломжтой.
Бас хүн хүндээ итгэх, итгэл даах гэдэг бизнесийн талбарт хамгийн үнэ цэнтэй зүйл гэдгийг ойлгосон. Хүний нөөцийн асуудал эхэндээ их сорилт дагуулдаг байлаа. Бүхий л салбар хүний нөөцийн дутагдалтай байна. Ийм үед хүнээ таних, зөв хүнтэйгээ хамтрахад асуудал гардаг байсан. Харин одоо харьцангуй туршлагатай болж байна.
Гоо сайхны бүтээгдэхүүний зах зээлд онлайн худалдаа эрхлэгчид борооны дараах мөөг шиг л олширч байна. Ер нь аливаа брэндийг албан ёсны онцгой эрхтэй газраас худалдан авах нь ямар давуу талтай гэж та онцлох вэ?
Албан ёсны эрх бол хариуцлагатай гэдгээ илэрхийлж буйн хамгийн том хэлбэр. Бусад оронд зарагддаггүй, хориотой орц найрлагатай бүтээгдэхүүнийг хэн дуртай нь оруулаад ирэхэд манай зах зээл түүнээс татгалзах “дархлаа”-гүй. Харин Flamme -ийн хувьд, ёс зүйтэй. Хэдий ашиг олж болохоор байсан ч судалгааны явцад ямар нэг таагүй зүйл илэрвэл бид шууд л боломжгүй гэж дүгнэдэг.
Бүтээгдэхүүний орц найрлага тун чухал. Брэндүүд янз бүрийн хугацаа уртасгагч хэрэглэдэг. Үүнээс хамгийн органик бус, хямдууд нь хорт хавдар үүсгэдэг. Ийм найрлагатай бүтээгдэхүүнээс бид шууд татгалздаг. Гэвч худалдаа эрхэлж байгаа хүн бүр ийм биш. Компани бүр ёс зүйтэй ажилладаггүй. Орц найрлагаас гадна тээвэрлэлтдээ ч анхаардаггүй. Ямар нь мэдэгдэхгүй каргогоор л шийдчихдэг.
Харин албан ёсны эрхтэй компаниуд гэрээнд тусгасны дагуу бүтээгдэхүүнээ тээвэрлэдэг. Логистикийн компанитай албан ёсоор хамтарч, зун бол хөргүүртэй машинаар, өвөл бол хөлдөөхөөргүй машинаар тээвэр хийнэ. Мөн гаалиар бүх зүйлээ мэдүүлээд, татвараа төлөөд оруулж ирдэг.
Онцгой эрхийг маш өндөр хариуцлага дагалддаг. Гэрээнийн үнийн дүн ч төдий чинээ өндөр. Тухайлбал, бидний албан ёсны онцгой эрхтэйгээр оруулж ирдэг Needly брэндийг ямар нэг байдлаар олон нийтийн сүлжээгээр дамжуулан сурталчилж, худалдаалж болохгүй. Зар сурталчилгаа хийх эрх нь Needly болон манайд л бий. Гэвч дийлэнх хүн энэ талаарх зохицуулалтыг мэддэггүй. Эрхзүйн зохицуулалт ч манай улсад дутмаг байна. Энэ нь эргээд бизнесийн талбарт шударга бус, ёс зүйгүй байдал газар авахад нөлөөлж байна.
Судалж судалж, хайрлан байж оруулж ирчихээд, бас зах зээлд таниулах өчнөөн маркетингийн ажлууд хийчихээд брэндээ алдах тохиолдол түгээмэл байдаг. Энэ бол гомдмоор мэдрэмж.
Бизнесийн ёс зүйг сайжруулах, ёс зүйтэй бизнесийг дэмжих хөшүүрэг нь тэгвэл юу байх вэ? Бодлогын түвшинд ямар зохицуулалт хийх шаардлагатай гэж та үзэж байна?
Хуулиар сурч төгссөний хувьд хариулмаар байна. Манай улсад дэлхийн дийлэнх улс оронд байдаг худалдааны хууль алга. Иргэний хуулиар л энэ харилцааг зохицуулж байна. Бидний мэдэх худалдах, худалдан авах гэрээ бол гомдол маргаанаас урьдчилан сэргийлэх, түүнийг шийдвэрлэх зохицуулалт биш. Худалдааны хуульгүйгээс онцгой эрхээ хамгаалахын тулд Мадридын зохицуулалтаар бид өөрсдийгөө хамгаалах гэж оролдож байна. Гэтэл энэ зохицуулалтыг мэдэж байгаа хүн бараг байхгүй. Азаар бид оюуны өмчийн тал дээр маш чадварлаг хуульчтай хамтран ажилладаг учраас өөрсдийн хэмжээнд асуудлаа шийдэж чадаж байгаа. Энэ мэтчилэн өрөвдмөөр, эрх хөндөгдөх асуудал бишгүй л байна.
Ганц гоо сайхны бүтээгдэхүүн гэлтгүй бүхий л бүтээгдэхүүн дээр ийм асуудал гардаг. Хувцас, цүнх, гутал дээр гэхэд л “A copy нь шүү” гэж зарлан тунхаглаж байгаад зарж борлуулах боломж манайд нээлттэй байна. Хүмүүс хүртэл яадаг юм, би үнэтэйг нь авч чадахгүй юм чинь дууриамлыг нь авна гэсэн хандлагатай байна шүү дээ.
Гоо сайхны бүтээгдэхүүний зах зээл, энэ салбарын үнэ цэн, ач холбогдлыг та хэрхэн тодорхойлох вэ?
Гоо сайхны бүтээгдэхүүний зах зээлд асар их мөнгө эргэлдэж байна. Энэ бол эдийн засгийг солонгоруулах хамгийн “потенциал”-тай салбаруудын нэг. Манай улс энэ салбарын үйлдвэрлэлээр Өмнөд Солонгос, Японтой харьцуулахад олон жилийн хоцрогдолтой байж болох ч үйлдвэрлэлийг хөгжүүлэх нөөц боломж нь хангалттай бий. Гол нь зөв бодлогоор дэмжих хэрэгтэй.
Нөгөө талаар, гоо сайхны бүтээгдэхүүний зах зээл бол мөнхийн эрэлттэй, өсөлттэй салбар. Маш олон алдартан өөрийн брэндээ хөгжүүлж, энэ бизнест хөл тавиад байна. Дэлхий дахин энэ салбарын үнэ цэн, өсөлттэй байдлыг хэдийнэ мэдэрчихээд байна шүү дээ. Тиймээс бид ч мөн өсөлттэй, ирээдүйтэй салбарыг анхааралдаа авч, боломжуудыг эрэлхийлэх хэрэгтэй.
Бидний урилгыг хүлээн авч ярилцсан танд баярлалаа.
Баярлалаа.