Товчхон:
- “Өгөгдөл” хэмээх баялгийг оновчтой ашигласнаар бизнесүүд тэлж, энэ хэрээр улс орны эдийн засаг ч хүчирхэгжих боломжтой.
- Өмнө нь компаниуд менежерийн туршлага дээр үндэслэж шийдвэр гардаг байсан бол одоо өгөгдөлд илүү итгэх болж байна.
- Хэрэв компани тайлангаа автоматжуулж, бодит цагийн горимд өгөгдлөө боловсруулаад явбал бүтээмж өсөхөөс гадна, нөхцөл байдлаа зөв тооцож, зардлаа бууруулах боломжтой.
- Байгууллага том, жижиг, дунд ямар ч байж болно. Гол нь өгөгдлийн шинжилгээ хийх технологийн шийдлээ сонгохдоо маш анхааралтай хандах хэрэгтэй.
Дата засаглал, өгөгдөлд суурилсан шийдвэр гаргалтын талаар дэлхий нийт сүүлийн 10-аад жилийн турш тасралтгүй ярьж байна. Харин манай улсад энэ “тренд яриа” 2017 оноос эрчээ авсан гэвэл хилсдэхгүй. Хэдий ийм ч монголчууд өгөгдөлд дүн шинжилгээ хийх чадвараараа дэлхий нийттэй мөр зэрэгцэн алхаж явааг “Data & Analytics Forum 2023” арга хэмжээний үеэр гадны мэргэжилтнүүд онцолж байлаа.
Өгөгдлийн салбарын 180 гаруй мэргэжилтэн нэгэн дор цугларсан энэ форумаас Data Analytics, Open Lakehouse, AI, Data Technologies, Data culture зэрэг салбарын хамгийн сонирхол татам сэдвүүдийг дэлхийд тэргүүлэгч Oracle, Tableau/Salesforce, Cloudera, Thales, Finereport зэрэг компаниудын зочин илтгэгчдээс сонсож болохоор байсан нь олзуурхам байв.
Мөн жил бүр уламжлал болгон зохион байгуулахаар төлөвлөж буй “Data & Analytics Forum” арга хэмжээний зохион байгуулагч Новелсофт компанийн гүйцэтгэх захирал Б.Пүрэвмаа “өгөгдөл бол шинэ цагийн газрын тос” хэмээн тодотгож байв. Ийн тодотгосон нь ч учиртай. Учир нь “өгөгдөл” хэмээх энэхүү баялгийг оновчтой ашигласнаар бизнесүүд тэлж, энэ хэрээр улс орны эдийн засаг ч хүчирхэгжих боломжтой.
Өгөгдлийн “өгөөж” бизнесийн талбарт
Аливаа байгууллага өгөгдлийг ашиглан зорилгодоо илүү дөт замаар хүрэх боломжтой. Нэгдүгээрт, өгөгдөл мэдээллийг боловсруулснаар шийдвэрээ илүү оновчтой гаргах боломж бүрдэнэ. Өмнө нь компаниуд менежерийн туршлага дээр үндэслэж шийдвэр гардаг байсан бол одоо өгөгдөлд илүү итгэх болж байна. Хоёрдугаарт, тайлан мэдээ боловсруулах ажил өмнө нь багагүй ярвигтай, цаг хугацаа барсан ажилд тооцогддог байсан бол тайлангаа автоматжуулснаар энэ асуудал шийдэгдэнэ. Өөрөөр хэлбэл, хэн нэг нь “шаварт унаж” тоотой зууралдаж суудаг байсан бол одоо тэр хүн “эрх чөлөөтэй” болж байна. Байгаа мэдээллээ тархиараа, гараараа нухаж суухын оронд технологид даатгаад өөр ажлуудаа амжуулах нь ажлын бүтээмжид ч эерэг нөлөөтэй. Гэхдээ бодит байдал дээр өгөгдлийг хэрхэн цуглуулж, ямар шийдлээр шинэ цагийн “газрын тос”-оо боловсруулахыг компаниуд тэр бүр мэдэхгүй л байна.
Зарим байгууллага BI(Business Intelligence)tools хэрэглэдэг болсон ч дийлэнх нь Excel дээр тайлангаа боловсруулсан хэвээрээ байгаа нь нууц биш юм. Хуучны арга барилаар өгөгдөл мэдээллээ цуглуулж, боловсруулах нь өнөө цагт хэд хэдэн талаараа танай байгууллагыг хойш татах эрсдэлтэй. Мэдээж хүн л ажиллаж байгаа хойно алдаа гарах магадлалтай. Мөн тайлан гаргаж буй хүний бүтээмжийн асуудал сөхөгдөнө. Яг л алдагдсан боломж гэдэг шиг.
Хэрэв компани тайлангаа автоматжуулаад бодит цагийн горимд өгөгдлөө боловсруулаад явбал бүтээмж өсөхөөс гадна, нөхцөл байдлаа зөв тооцож, зардлаа бууруулах боломжтой. Мөн өгөгдөлд суурилсан технологийн шийдлүүдээ илүү хөгжүүлж, хиймэл оюун ухаанд түшиглэсэн платформуудыг ашиглавал ажлын процесс бүр л сайжирна. Тухайлбал, байгууллагын журмаа хиймэл оюун ухаанд суурилсан платформд орууллаа гэж бодьё. Асуулт асуухад л танд хамгийн үнэн зөв хариултыг технологи санал болгож чадна. Ийм байдлаар ажлын процессоо дэвшилтэт болгох олон гарц бий.
Энэ мэт технологийн хялбар шийдлүүдийг санал болгодог компаниуд ч эрчээ аван хөгжиж байна. Тэдний нэг нь “Data & Analytics Forum” арга хэмжээний зохион байгуулагч Новелсофт компани. Тус компани хамтрагч байгууллагууддаа өгөгдөлтэй холбоотой үйлчилгээг санал болгодог. Мөн аливаа байгууллагын өгөгдөл гэдэг “нүдний цөцгий” мэт чухал зүйл учраас аюулгүй байдалд нь онцгой анхаардаг гэж компанийн гүйцэтгэх захирал Б.Пүрэвмаа онцолж байсан юм.
Новелсофт компанийн гүйцэтгэх захирал Б.Пүрэвмаа: Миний хувьд, харилцагчдадаа нэг л зүйлийг онцгойлон зөвлөдөг. Танай байгууллага том, жижиг, дунд ямар ч байж болно. Гол нь технологио сонгохдоо маш анхааралтай хандах хэрэгтэй. Танай байгууллага өсөж тэлэхэд, сонгосон шийдэл тань тэр өсөлтийг дагаад шаардлагыг тань хангах уу, найдвартай юу гэдгийг мэргэжлийн хүмүүстэй хамтарч тодорхойлох нь чухал. Мөн хэдийнэ танигдчихсан технологийн шийдлүүдийг ашиглах нь илүү оновчтой. Манай зүгээс ч дэлхийд танигдсан шийдлүүдийн харилцагч нартаа санал болгодог.
Үүнээс гадна өгөгдлийн талаар мэргэжлийн байгууллагатай хамтран ажиллахдаа компаниуд бага зэрэг болгоомжилдог. Өгөгдөл, мэдээллээ алдах вий гэсэн айдас байдаг юм шиг санагддаг. Тэгвэл үнэн хэрэгтээ бид тухайн байгууллагын үндсэн дата руу ханддаггүй. Тестийн орчинд хувиргачихсан өгөгдлүүд дээр ажилладаг. Мөн хууль эрхзүйн хүрээнд нууцын гэрээ хийх зэрэг зохицуулалтууд ч бий. Түүнчлэн мэдээллийн аюулгүй байдлыг хангахад төхөөрөмжүүд чухал үүрэгтэй. Бид тухайн байгууллагын л төхөөрөмж дээр ажилладаг. Өөрсдийнхөө төхөөрөмжийг барьж очоод байгууллагын хамаг мэдээллийг нь ухдаг мэтээр ойлгох нь өрөөсгөл юм. Тиймээс өгөгдлийн чиглэлээр салбараа түүчээлж байгаа компаниудтай хамтарч, үйл ажиллагаагаа шинэ шатанд гаргах боломж нээлттэй байгааг онцолмоор байна. Дэлхийн дахины бизнесийн талбарт ч энэ чиг хандлага эрчээ авч байна.
Татварын ерөнхий газрын Эрдлийн удирдлагын газрын дарга Б.Батсайхан: Өгөгдлийн шинжилгээг сайн хийх нь орчин үед бүхий л байгууллагад байх ёстой хамгийн чухал чадваруудын нэг болж байна. Өгөгдөл бүхнийг хэлж өгдөг. Орчин цагийн татварын алба үүсэж хөгжсөнөөс хойш манай салбар технологио тасралтгүй хөгжүүлж ирсэн. Өнөөдөр бидэнд маш их өгөгдөл мэдээлэл цугласан байна. Энэ өгөгдөл дээрээ түшиглэн бид биг дата бүрдүүлэх, өгөгдлийн шинжилгээ хийх ажлыг 2020 оноос хойш Новелсофт компанийнхантай хамтран эрчимтэй хэрэгжүүлээд явж байна.
Одоогоор бид дата аналитикийн загварчлалаа хөгжүүлээд байна. Үүний үр дүнд татвар төлөгчийн борлуулалтын орлого, зарлага, ашгийн мэдээллийг тооцож, санхүүгийн харьцаанууд нь алдагдсан тохиолдолд татвар төлөгчдөд мэдэгдэл хүргүүлэх зэргээр хамтран ажилладаг болсон. Татвар төлөгчийн бизнесийн үнэлгээг хийгээд эхлэхээр байгууллагуудын татварын албатай харьцах эргэх холбоо ч сайжирч байна. Мөн энэ ажлын ач холбогдлыг ойлгосноор өөрсдийн тайлан мэдээллийнхээ үнэн зөв байдалд ч анхаардаг болж байна.
Цаашид бид дата аналитикийн загваруудаа хөгжүүлж, татвар төлөгчидтэй харьцдаг гол гүүр болох “etax” системээ аналитик загвартайгаа холбож, realtime байдлаар датагаа солилцдог болгоход анхаарч байна. Ингэснээр татвар төлөгч тайлангаа бөглөж байх хооронд аналитикийн үр дүнгүүд гарч ирж, тайлангаа үнэн зөв бөглөхөд нь туслах юм.
Оюутолгой компанийн процессын сайжруулалтын мэргэжилтэн Д.Билгүүн: Уул уурхайн салбар өгөгдөл, датаг яг л эрдэс баялаг шигээ чухлаар үзэх болж байна. Бид энэ баялгаа зөв ашигласнаар илүү зөв шийдвэр гаргана. Уул уурхайн өгөгдөл гэхээр хүмүүст тэр бүр төсөөлөгдөхгүй байж магадгүй юм. Уурхайчид газрын гүнээс нүүрс, зэс гээд ямар ч эрдэс баялгийг олборлосон тэр баялгийг агуулах хүдрийг яаж оновчтой гаргах вэ гэдгээ үргэлж тооцож байдаг. Түүнчлэн боловсруулж тээвэрлэх гээд үйлдвэрлэлийн бүхий л процесс нарийн ажиллагаа, тооцооллын үндсэн дээр явагддаг. Зэсийг гэхэд л баяжуулан үйлдвэрлэх технологиор гарган авч байна. Үүний тулд химийн элемент ашиглана. Тэгвэл үүнийг ямар хэмжээнд юу ашиглаж баяжуулах вэ гэдэг нь чухал. Энэ бүхэн дээр цэвэр дата яригддаг. Өгөгдөл мэдээллээ цуглуулж, боловсруулах нь дараа дараагийн үйлдвэрлэлд ахиц авчрах гол түлхүүр болдог. Дэлхийн томоохон уурхайнууд ч энэ жишгээр ажиллаж байна.
Oracle компанийн төв азийн бүс нутгийг хариуцсан мэргэжилтэн Анна Варданянт: Монголчууд дата менежмэнт хийх, өгөгдөл мэдээллийг удирдах, түүнд түшиглэсэн шийдвэр гаргахдаа чадварлаг гэдэг нь анхаарал татаж байна. Банк санхүү, харилцаа холбооны салбарынхан, мөн төрийн байгууллагууд өгөгдөл мэдээллийн найдвартай дэд бүтцийг байгуулсан байна. Цаашид монголчууд хиймэл оюун ухааны шийдлүүдийг хэрэглээндээ нэвтрүүлж, олон улсын зах зээлд технологиороо хөл тавьж чадна гэдэгт итгэлтэй байна.