Цэнхэр Tэнгис стратеги хэрэгжүүлэхийн тулд салбар, зах зээлийн хязгаарыг тэлж, эрэлтийг нэмэх дараах 6 арга замыг компани судлах хэрэгтэй.
1. Өөрийн салбараас гадуур байгаа боломжийг олох
Харилцагч тухайн бараа, үйлчилгээг хэрэглэхдээ ямар нэг хэрэгцээгээ хангаж байдаг. Кино театр болон ресторан нь өөр төрлийн үйлчилгээ болов ч цагийг сайхан өнгөрөөх гэсэн зорилгыг биелүүлдэг. Жишээ нь Home Depot дэлгүүр нь хувийн орон сууцтай хүмүүсийн засвар хийх хэрэгцээг өөрөө хийж болох багаж төхөөрөмж, түүхий эдээр хангаснаар барилгын салбараас харилцагчдыг нь татаж авсан.
2. Өөрийн сегментээс гадуур байгаа боломжийг олох
Компаниуд ихэнхдээ өөрсдийн зах зээлийн нэгэн булан/сегментэд тоглолт хийдэг. Энэ нь өсөлт, өгөөжийн боломжийг хязгаарлах ба улаан тэнгис уруу улам бүр шахна. Өөр өөр сегментийн харилцагчид тус бүрдээ юуг чухалчилж байна гэж бус, эсрэгээрээ эдгээр харилцагчид юугаараа адилхан байна гэдгийг мэдсэнээр зөвхөн нэг сегментэд зориулсан биш тухайн салбарын бүх харилцагч хүсэж, үнэлэх саналыг тэдэнд хүргэх болно.
3. Өөрийн худалдан авагчдаас гадуур байгаа боломжийг олох
Зах зээлийн хязгаарыг тэлэх гурав дахь арга зам нь бараа, үйлчилгээг худалдан авах шийдвэр гаргагчаас гадна өдөр тутамд тухайн бараа үйлчилгээг хэрэглэгчид, мөн шийдвэр гаргагчдад нөлөө үзүүлдэг хүмүүст үнэлэмж төрүүлэх бараа үйлчилгээг санал болгох явдал юм.
4. Өөрийн бүтээгдэхүүн, үйлчилгээтэй хамт хэрэглэгддэг зүйлээс боломж олох
Дараагийн арга зам нь тухайн бараа, үйлчилгээтэй хамт хэрэглэгддэг, эсвэл хэрэглэхээс өмнө болон дараа нь шаардагддаг зүйлүүдэд анхаарах явдал юм. Унгарын NABI хэмээх автобус үйлдвэрлэгч компани автобус зарагдсаны дараах ашиглалтын зардал хэмнэх арга замуудыг олсноор маш түргэн хугацаанд Америкийн зах зээлийн ихэнх хувийг эзэлж тухайн үедээ дэлхийн хамгийн амжилттай 30 компанийн тоонд орсон байдаг.
5. Хэрэглэгдэхүүн эсвэл мэдрэмжээр харилцагч татах
Зах зээлийн тоглогчид нь ихэнхдээ тухайн салбарт харилцагчдыг хэрэглэгдэхүүн татах уу мэдрэмж татах уу гэдэг дээр санал нийлж нэг л төрлийн зүйлээр харилцагчдыг татах гэж хоорондоо өрсөлддөг. Цэнхэр Тэнгис стратеги Ялгарах байдал дээрээ Төвлөрч харилцагчдад Тодорхой санал болгохыг эрхэмлэдэг тул тухайн салбар хэрэглэгдэхүүнийг эрхэмлэж байвал мэдрэмжийн элемент оруулах бөгөөд бусад тоглогчид мэдрэмжээр харилцагчдыг татдаг бол хэрэглэгдэхүүн дээр анхаардаг. Жишээ нь 1996 онд Токио хотод эхэлсэн QB House нь энэ арга замаар өдгөө олон улсын франчайз болон өргөжсөн. QB House гарахаас өмнө үс засах нь олон шат дамжлагатай хүмүүст “би чухал” гэсэн сэтгэгдэл өгөх зорилготой байсан бөгөөд энэ компани нь 1 цаг болдог байсан үс засах ажлыг шинэчлэн 10 мин болгосноор үнийг нь ч бас 3 дахин бууруулж чадсан байдаг.
6. Ирээдүйн бүтээгдэхүүн, үйлчилгээг гаргаx
Технологийн өсөлт хөгжил, харилцагчдын амьдралын хэв маяг, геополитик, хууль дүрмийн өөрчлөлтүүд бизнест үргэлж тохионо. Тухай бүрдээ шинэ трэнд хандлага дагуулах бөгөөд юу болохыг нь хүлээж суух биш урьдчилж алхах хэрэгтэй. Ирээдүйд болох зүйлсийг таамаглах хүндрэлтэй ч дараах 3 зүйлс зэрэг биелж байвал Цэнхэр Тэнгис стратеги хэрэгжүүлж болно. Үүнд: тухайн трэнд бизнест шууд нөлөөтэй байх, эргэж буцахгүйгээр үлдэх, үргэлжлэл болон төгсгөлийг нь таамаглаж болох байх явдал юм. Жишээ нь ITunes нь хууль бус дуу татдаг сайтууд хөгжсөнөөс үүсэн гарч ирсэн Цэнхэр Тэнгис стратеги юм.