Манай улсын гурван том сүүний үйлдвэрийн нэг “Витафит милк” компани 2016 онд байгуулагдсан цагаасаа хойш бүтээгдэхүүн хөгжүүлэлтээ тасралтгүй хийсээр өдгөө 14 брэндийн 100 гаруй төрлийн сүү, сүүн бүтээгдэхүүнийг зах зээлд нийлүүлж байна. “Витафит милк” компанийн алсын хараа салбарын зах зээлдээ шинэ жишиг тогтоох, үйлдвэрлэх бүтээгдэхүүн бүрийн орц – чанартай, хэрэглэгчдэд эрүүл мэндийн үнэ цэн өгөхөд чиглэж буй.
Танай компани зах зээлдээ ямар инновацыг бүтээж, ялгарахыг зорьж байна вэ?
“Витафит милк” компани 2016 онд сүүний салбарт хөл тавьсан. Тухайн үед 100 ажилтантай үйл ажиллагаагаа эхлүүлж байсан бол өнөөдөр 500 ажилтантай, салбарынхаа гурван том компанийн нэг болсон байна. Одоогийн байдлаар бид 100 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна. Тэндээс 60 орчим нь сүү, тараг, 30 орчим нь зайрмаг. Олонд танигдсан бүтээгдэхүүн гэвэл “Гоё” тараг, “Өлзий”, “Гэр” элгэн тараг, Өглөө сүү гэх мэт бүтээгдэхүүн бий.
Бид Ковид-19 цар тахлын өмнөхөн тараг бүрэх танкуудаа бүрэн сольж, шинэ үйлдвэр угсарч дууссан. Ингэснээр таргийг бүрэн ариун орчинд бүрдэг Монголын ганц үйлдвэр болж чадсан төдийгүй үйлдвэрийн шинэчлэлийн үр дүнд хоёр инновацлаг бүтээгдэхүүнийг шинээр зах зээлд нэвтрүүлээд байна. Эхнийх нь Монголын анхны L’Casei пробиотик ундаа. Олон улсад ийм төрлийн ундааг 80, 100 мл-ээр голлон савладаг бол бид монгол хүний онцлогт тааруулж эхний ээлжинд 170 мл буюу арай их хэмжээгээр савлан үйлдвэрлэж байна. Энэ бүтээгдэхүүн нь Ковид-19 цар тахалтай зэрэгцэн нэвтэрсэн болохоор хүмүүсийн дархлааг дэмжих шаардлагатай уялдаж, зах зээлд хурдан танигдаж чадсан.
Харин дараагийн бүтээгдэхүүн нь “Балкан” йогурт. Уг бүтээгдэхүүн Монголын нөхцөлд тохирсон шинэ үеийн технологи болох тетрапак савлагаатай. Тасалгааны нөхцөлд хадгалах боломжтой – дэлхийд эрэлттэй савлагааны төрөл. Дараагийн төрлүүд нь гарахад хэдийнэ бэлэн болсон.
2025 он гэхэд шинэ үйлдвэрээ ашиглалтад оруулж, инновацлаг шинэ бүтээгдэхүүнүүд хөгжүүлж, зах зээлд нэвтрүүлэх төлөвлөгөөтэй.
Түүнчлэн Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачлагаар анх удаа хүнсний салбарыг дэмжсэн “Хүнсний хувьсгал” хөтөлбөр хэрэгжиж байна. Энэ хөтөлбөрийн хүрээнд хөнгөлөлттэй олгож буй хөрөнгийн үүсвэрээр бид дахин шинэ үйлдвэр байгуулахаар төлөвлөсөн. 2025 он гэхэд шинэ үйлдвэрээ угсарч, инновацлаг шинэ бүтээгдэхүүнүүд хөгжүүлж, зах зээлд нэвтрүүлэх төлөвлөгөөтэй ажиллаж байна.
Бид шинэ үйлдвэр байгуулахдаа хаягдал усаа дахин шүүж, хэрхэн цэвэршүүлэх вэ, оффисын хэсгийг сэргээгдэх эрчим хүчээр хэрхэн хангах вэ гэдгийг бодолцож, байгаль орчинд ээлтэй байхаар төлөвлөж байна. Сүүлийн гурван сарын турш эдгээр асуудлаар гаднын компаниудтай уулзсаны үр дүнд эхний гэрээ байгуулах ажил арванхоёрдугаар сараас эхэлнэ.
Ер нь цаашдаа технологийн дэвшилтэй уялдаж сав баглаа боодол ямар байх вэ гэдгийг тодорхойлох шаардлагатай болж байна. Хүн гар цүнхэндээ хийж өдөр тутам авч явахад исэж муудахгүй, шууд хэрэглэдэг байхаар савлалтын хэмжээтэй байх хэрэгтэй. Урьдынх шиг 0,5 литрийн шингэн хүнсийг авч явахад тохиромжгүй болсон. Нэг хүнд таарсан хэмжээтэй, дээр нь монголчуудад хамгийн их дутагддаг витамины нэмэгдэлтэй байж болно.
Цаашид бид дэлхийн сүүний зах зээлийн чиг хандлагыг харж хөрөнгө оруулалт хийх төлөвлөгөөтэй. Тухайлбал, зарим улсын бүтээгдэхүүн манай хэрэглээтэй зөрөх тал байдаг бөгөөд бидний огт хэрэглэж байгаагүй жимсний орцтой бүтээгдэхүүн эрэлттэй байж чадахгүй. Жилийн дараа манай компани шинэ үйлдвэрийн угсралтаа эхэлнэ. Энэ хугацаанд шинэ бүтээгдэхүүн хөгжүүлэлт дээрээ ажиллах болно.
Сүү бэлтгэн нийлүүлэх сүлжээг танай компаниас хэрхэн хөгжүүлж байна вэ?
Биднийг анх энэ салбарт орж ирэх үед сүү бэлтгэн нийлүүлэх тогтолцоо гэж бараг байсангүй. Биднийг сүү авч эхлэхэд ханш 400-500 төгрөг байлаа. Тухайн үед үйл ажиллагаа явуулж байсан компаниуд сүү нийлүүлэгчидтэйгээ хамтран ажиллах тал дээр учир дутагдалтай байгааг анзаарсан. Зуны турш сүүний мөнгөө өгөхгүйгээр сүү авч намар л төлдөг байсан тогтолцоог бид халсан. Үүний тулд бид Батсүмбэр, Борнуур, Дархан, Зүүнхараад өөрийн цэгийг байгуулж, орон нутгаас хүмүүс ажиллуулж, уулын амуудад байрлах малчдаас сүүгээ газар дээр нь шинжилгээ хийж аваад оройдоо машинаар хотод хүргэж байв. Бид эхний жилдээ малчдын сүүний мөнгийг бараг өдөр бүр шилжүүлдэг байлаа. Удалгүй бусад компани ч энэ жишгийг дагадаг болсон. Одоо бид долоо хоногт 1-2 удаа малчдын сүүний мөнгийг шилжүүлж байна.
Эрүүл хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг хүн хэзээ ч хямд аргаар ашиг олъё гэж бодохгүй.
Сүүлийн хоёр жилд өөрчлөгдөж буй зүйл нь хоршооны зохион байгуулалт. Манайхтай хамтардаг зарим нэг хоршоо маш сайн ажиллаж байгаа. Хоршоо нь дундын тогтолцоотой учраас малчдын хадлан, тэжээл, сүү цуглуулах гэх зэрэг бүх бэлтгэлийг хамтран хийдэг. Ингэж нэгдэж нийлснээр хамтын үнэ цэнийг бий болгож байгаа юм.
Энэ бизнесийн хамгийн сорилттой тал нь юу вэ?
Үнэнийг хэлэхэд сүүний зах зээл бохир өрсөлдөөнтэй, явуургүй хүмүүс салбарын маркетинг хийж байна. Жил бүрийн хавар манай “Гоё” таргийг хятад тараг болгох гэж оролддог. Ийм өрсөлдөгчтэй учраас бид илүү инновацлаг бүтээгдэхүүн хийх шаардлагатай болж байна.
Мөн манай улс шиг зам харилцаа, сэрүүн сүлжээ (cool chain) сул хөгжсөн нөхцөлд сүүн бүтээгдэхүүн амархан мууддаг. Тэр дундаа, аймаг, сумын төвийн дэлгүүрүүдийн хөргөгч хадгалалтын температурын стандартын дагуу ажиллахгүйгээс бүтээгдэхүүн хурдан мууддаг. Гэтэл энэ нь үйлдвэрлэгчдийн буруу болж хувирдаг. Тээвэрлэлтийн явцад дэлгүүрүүд сүүн бүтээгдэхүүнээ хөргөгчдөө хийлгүй, үүдэндээ өрж алдаа гаргасан ч байж болно. Гэвч энэ бүхнийг тооцолгүйгээр шууд үйлдвэрлэгчийн буруу болгож, муудсан бүтээгдэхүүнээ ав гэж хэлдэг. Харин Европын улсуудад гэхэд л сүлжээ дэлгүүрүүд хариуцлага хүлээдэг. Тухайлбал, Орос улсад үйлдвэрлэгч бүтээгдэхүүн нийлүүлж, худалдаанд хүлээж авснаас хойших асуудлыг тухайн дэлгүүр хариуцдаг. Дэлгүүрүүд өөрсдөө менежмент хийх учиртай. Харин манайд буцаагдсан бүтээгдэхүүдийг бид шууд асгахаас өөр аргагүй болдог.
Та бүхэн үйлдвэрлэлдээ чанарын удирдлагын тогтолцоог хэрхэн нэвтрүүлж ажилладаг талаараа хуваалцахгүй юу?
Чанарын удирдлагын тогтолцоо нь бизнес бүрд байх ёстой зүйл. Бид бүтээгдэхүүн үйлдвэрлэхдээ Чанарын менежментийн тогтолцоо, Хүнсний аюулгүй байдлын менежментийн тогтолцоо зэрэг олон улсын стандартыг нэвтрүүлэн чанартай бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг. Үүний хүрээнд бид жил бүр боловсон хүчнээ чадавхжуулж, сайжруулах зорилгоор сургалт авдаг. Мөн хүйтэн сүлжээгээ сайжруулахын тулд Азийн хөгжлийн банкны төслийн хүрээнд зээл авч, гурван тэрбум төгрөгөөр Японы ISUZU хөргөлттэй 20 машин авсан. Энэ нь стандартаа сайжруулахаар хийж буй ажлын маань нэг хэсэг. Эдгээр машинаа томоохон аймгууд руу илгээдэг.
Компаниа үүсгэн байгуулснаас эхлээд өнөөдрийн түвшинд авчрахад танд хамгийн их тус болсон философи юу байв?
Бид энэ зах зээлд шинэ жишиг бий болгож, үйлдвэрлэж буй бүтээгдэхүүн бүрээрээ хэрэглэгчдэд үнэ цэн өгөхийг зорьдог. Эрүүл хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг хүн хэзээ ч хямд аргаар ашиг олъё гэж бодож болохгүй. Бидний бүтээгдэхүүнийг хэрэглэх хүн бүр эрүүл мэнддээ хэрэгтэй зүйлийг аваасай, бүтээгдэхүүнүүдийн орц чанартай, сайн байгаасай гэж хичээдэг. Бид Орос, Украйны дайнаас өмнө Финлянд улсаас цэвэр модоор хийдэг цаасан сав импортлон авдаг байлаа. Одоо аргагүйн эрхэнд Хятадаас авч байна. Нэг ёсондоо түүхий эд, сав баглаа, боловсон хүчин, тоног төхөөрөмжөө сайн байлгахыг хичээдэг. Тухайлбал, түүхий эдийн найдвартай байдлаа бодож Европын компаниас сонголтоо хийдэг. Агуулагдсан орц зөв бичигдэж, үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн асуудалгүй байх ёстой. Гэхдээ ямар ч тохиолдолд амьд бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаа болохоор бүгд исэж муудна. Үйлдвэрлэлт, тээвэрлэлт, борлуулах дэлгүүрүүдэд алдаа үүсэж болно.
Та компаниа 10 жилийн дараа ямар түвшинд аваачихыг зорьж байна вэ?
Ирээдүйд хүний үнэ цэн нэмэгдэж, тэр хэрээрээ байгууллагын хүний нөөц багагүй асуудалтай тулгарах юм байна гэж хардаг. Тэгэхээр манай компани үйл ажиллагаагаа бүрэн автоматжуулахыг зорьж байна. Бүтээгдэхүүний эцсийн савлах дамжлага хүртэлх бүхий л үе шатыг хүний оролцоогүй хийе гэсэн санаа. Хүний оролцоо багасвал эрсдэл буурна. Тиймдээ ч сүүлийн үеийн бүрэн автомат технологи нэвтэрсэн, монголчуудын очиж үзэх дуртай үйлдвэрүүдийн нэг болоосой гэж бодож, төсөөлж байна.
Та компанидаа ямар соёлыг төлөвшүүлж, хөгжүүлж байна вэ?
Бид хийж буй бүхнээ чанартай байлгахыг зорьдог. Ажилд орохоор ирж буй ажилтан бүрийг компанидаа хэрхэн нутагшуулж авах вэ гэдэг хамгийн том асуудал болж байна. Монголын хүний нөөцийн асуудал дахиад 4-5 жил үргэлжлэх хандлагатай байна. Шинээр ирэх хүн бүрийг халуун дотноор хүлээн авч, компанидаа хэрхэн хурдан дасгах вэ гэдэг манай хүний нөөцийн алба, бидний ярьдаг байнгын сэдэв болж байна. Дунд шатныхан шинээр орж ирж буй ажилтантай болгоомжгүй харьцсанаас болж Z үеийнхэн өнөөдөр ирээд маргааш явчхаж байна. Тэгэхээр сайн технологи шингээсэн, автоматжсан компани байя, хэт их ажилтан нэмэхгүй байя гэсэн чиглэлтэй.
Гэхдээ хөдөө орон нутагт гарцаагүй хүний оролцоотой ажиллана. Тиймээс хотын үйлдвэрээ хэрхэн цэгцтэй болгох вэ гэдэгт илүүтэй анхаарч байна. Гэвч боломжоо тооцоолж жижиг технологийн компаниудаас бүтээгдэхүүн сонгоход Монголын программ хөгжүүлэлтийн компаниудын бүтээгдэхүүнүүд хоорондоо уялдаж өгөхгүй байх нь түгээмэл ажиглагддаг. Энэ утгаараа бүх процессын системийг нэг технологийн компаниас авч, бүх мэдээллээ цуглуулж, анализ хийн ажиллахаар төлөвлөж байна.
Сүүлийн үеийн бүрэн автомат технологи нэвтэрсэн, монголчуудын очиж үзэх дуртай үйлдвэрүүд байгуулахыг зорьж байна.
Үүнээс гадна бидний ирээдүйн асуудал байгаль орчинтой зайлшгүй холбогдоно. Ирээдүйд цахилгааны үнэ хэд дахин өсөхийг таамаглах аргагүй. Өнөөдөр Монгол Улсын цахилгааны үнэ хоёр хөрштэй харьцуулахад илүү өндөр байна. Мянганы сорилтын сангийн хэрэгжүүлж буй төсөл 2025 онд ашиглалтад орсны дараа өнөөгийн усны үнэ хэд дахин өсөхийг мөн таашгүй. Одоо бид жилд 100-150 сая төгрөгийг усны төлбөрт төлдөг. Энэ үнэ тэрбумд хүрвэл үйлдвэрлэл явуулахад ямар бэрхшээл тулгарах вэ гэдэг асуудал үүснэ.
Та ажилтнууддаа хэрхэн үлгэр дуурайл үзүүлж, манлайлдаг вэ?
Би Монголын хүнсний салбарт 26 жил ажиллаж байна. Анх Витафит шилтэй ундаа үйлдвэрлэж байх үеэс эхлээд ундаа, жүүсний үйлдвэрийн өргөтгөлийг бүхэлд нь гардаж хийж байлаа. Үүний үр дүнд, Витафит нь 20 жил ундаа, жүүсний зах зээлд тэргүүлэх үйлдвэр байсаар ирлээ. Манай техник, технологийн мэргэжилтнүүд салбартаа хүлээн зөвшөөрөгдсөн хүмүүс болж чадсан. Өнөөдрийн дунд түвшний компанийн үйлдвэрийн захирлууд миний удирдлага дор ажиллаж байсан хүмүүс. Хамгийн гол нь хүмүүс жил бүр сурч хөгжиж байж урагшилна. Ганц технологи суурилуулчхаад тэндээ 10 жил ажиллавал хүн юу ч сурахгүй. Тэгэхээр инженер, технологийн мэргэжилтнүүд үргэлж хөгжих хэрэгтэй. Учир нь технологио өөрөө мэдэхгүй бол хөрөнгө оруулалтдаа итгэл үнэмшилгүй байдаг. Тухайн шинэчлэлийг хийснээр гурван жилийн дараа юу өөрчлөгдөх үү гэдгийг мэддэг байх ёстой.
Та менежментийн багаа удирдахдаа ямар зарчмыг баримталдаг вэ?
Бүгд үнэнч шударга, нээлттэй байх ёстой. Зарим компани томрох тусам дунд шатандаа зарим асуудал “нуугдаж”, бугших асуудал үүснэ. Энэ байдлыг л задалж нээлттэй болгох хэрэгтэй. Хагас жил, эсвэл нэг жилийн давтамжтайгаар асуудалтай байгаа алба, нэгжүүдийн голлох албан тушаалтан бүртэй уулзалт хийж, хаана асуудал буйг илрүүлж, тэр даруй шийдэж явах нь чухал. Мөн үнэлгээ шударга байж, тухайн хүний хийсэн ажлын үр дүн шууд харагдаж байх нь чухал байдаг.
Үүсгэн байгуулагч, ерөнхий захирал, компанийнхаа алсын харааг зурагладаг хүний хувьд өөрийгөө хэрхэн хөгжүүлж, суралцдаг вэ?
Өдгөө би 50 настай. Компани дээр сургалтууд тогтмол зохион байгуулагддаг учраас тэндээс байнга суралцдаг. Мөн найз нөхөд, харьяалагддаг клубээсээ шинэ зүйлд суралцаж байна. Гол нь энэ бүхнээс мэдлэг, мэдээллийг хэрхэн зөв авч, ангилж ялгах вэ гэдэг маш чухал.